Автомашины дугуйны хээний тухай

Зураг дээрх  Ланд элснээс амжилттай гарахад машины өөрийн чадлаас гадна дугуйн хээ шууд нөлөөлөх чадалтай. Тохиромжгүй хээтэй дугуйтай бол хичнээн дифференциал байгаад нэмэргүй юм.
Дугуйн хээ нь цаг агаарын ямар ч нөхцөлд дугуйн хөтлөх болон тоормослох шинж чанарыг хадгалах үүрэгтэй. Дугуйг үйлдвэрлэхэд түүний хийц нь дээрх шаардлагуудыг биелүүлэх боломжийг хязгаарлаж байдаг.

image

Macau GP 2012 уралдааны үеэр. Замтай харьцах чадварыг хамгийн их байлгахын тулд ямар ч хээгүй байгааг ажиглаарай.

Хуурай гадаргуутай зам дээр ямар ч хээгүй “халзан” дугуй хамгийн сайн шинж чанар үзүүлдэг. Учир дугуйн харьцалтын талбай хамгийн их байдаг. Уралдааны автомашинд зориулсан ихэнхи дугуй хээгүй байдаг нь ийм учиртай. Гэвч “халзан” дугуйг зам норсон үед ашиглахад хүндрэл учирдаг.

image

Хээгүй эсвэл хээ нь элэгдсэн дугуйтай үед зам дугуй хоёрын хооронд шаантаг хэлбэрийг усан давхарга үүсдэг. Ингэснээр усан гулгалт гэж нэрлэгдэх маш аюултай нөхцөл үүснэ. Энэ үед таны машин жолоодлогогүй  болж замаас хальж болно.

image

Иймээс усан гулгалт хэмээх онц аюултай үзэгдлээс зайлсхийхийн тулд дугуйнд хээ гаргадаг бөгөөд хээний дагуу ус хоёр тийшээ зайлуулагдаж дугуй ямар ч тохиолдолд хээний хэсгээрээ замтай харьцсаар байдаг ажээ.

image

2 мм буюу зам дээр тогтсон хэсэг ус эсвэл хүчтэй борооны үеэр давхих үед:

Хээ элэгдээгүй бүрэн үед таны хурд 2км/цаг бол 100% замтай харьцана, 75км/цаг бол 84%, 100км/цаг бол 79% замтай харьцана. Харин таны дугуйны хээ элэгдэж 0 мм гүнтэй болсон үед (бараг халзан үед) 2км/цаг буюу мөлхөх үед 100% замтай харьцана, 75 км/цаг үед 72% харьцана. 100км/цаг үед 11% буюу замтай харьцах гадаргуу бараг үлдсэнгүй. Өөрөөр хэлбэл хээгүй дугуйгаар та хурдтай давхивал усан дээр гулгаж байна гэж төсөөлж болох нь ээ.

Замын гадаргуу дээрх ус нь дугуй зам хоёрын хооронд шаантаг хэлбэрийн давхарга үүсгэж автомашиныг усны мандал дээр гулгах цана шиг болгодог. Энэ үзэгдлийг усан (шаантаг) гулгалт гэж нэрлэдэг. Усны үе нь дугуйг дээш өргөснөөр дугуйн хөтлөх, тоормослох чадвар бүрэн алдагддаг.
Усан гулгалтыг үүсгэхээс хамгаалж (зуны) дугуйнд хээ гаргадаг. Зам дээр тогтсон усыг дугуйн хээ зүсэж ховилруугаа шахаж оруулснаар дугуй өргөгдөх боломжийг бууруулдаг. Ховил доторхи ус нь дугуйн эргэлтийн дагуу цацагдан гардаг. Хээний товгор хэсгийн доор үлдсэн усны нимгэн давхарга нь хээний зүслэгүүдийн тусламжтайгаар цацагдаж замын гадаргууг уснаас цэвэрлэж өгдөг. Энэ бүхний эцэст усан гулгалт бүрэн арилж, дугуй, зам хоёрын хооронд хуурай харьцалт үүсдэг.

image
Тогтмол устай хавтгай шилэн дээр дугуй (зуны) эргэж байх үеийн зургийг өндөр хурдтай фотокамераар доод талаас авахад зүүн талд үзүүлсэнтэй адилаар харагдана. Ус хээний ховил, зүслэгээр дамжин дугуйн ойр орчимд цацагдаж, дугуй шил хоёрын хооронд харьцалт үүссэнийг дээрх зургаас харж болно.

Автомашины хурд ихсэхэд хээний ховил, зүслэгээр ус цацагдаж, дугуй замын гадаргуугийн хооронд хуурай харьцалт үүсэхэд шаардагдах хугацаа багасдаг. Энэ үед усан гулгалт дахин үүсэж эхэлдэг. Мөн ховилын гүний хэмжээ элэгдлээс хамаарч буурахад усан гулгалт үүсэх хурд багасдаг. Усан гулгалтаас зайлсхийхийн тулд хээний гүний хэмжээ 2мм-ээс бага болсон үед дугуйг шинээр солих шаардлагатай.

Өвлийн дугуйны зуныхаас ялгарах гол онцлог нь түүний хээний хэлбэр байдаг. Мөн “М+S” гэсэн бичлэгээр нь уг дугуйг өвлийн зориулалттай гэж таньж болно. Өвлийн дугуй нь нойтон цас, шавар шавхайтай замаар явахад илүү тохиромжтой. Харин хатуу хучилттай, хуурай замаар явах үед өвлийн дугуйны хээ амархан элэгддэг.

image

Өвлийн дугуйны хээний онцлог нь цасыг 2 тийш цацахаас илүүтэй шанагадах маягтай арагш нь цацах үүрэгтэй байдаг. Яг л блок блокоор нь арагш нь шанагадаж цацаж байгаа мэт.

image

Түүнчлэн цасыг хээнүүдийн завсраар шахаж хээний ирмэг хэсэг нь замтай үргэлж харьцаж байхаар зохиогдсон байдаг ажээ.

Дугуйн резиний шинж чанараас хамаарч дугуйн ашиглалтанд өөрчлөлт гардаг. Дугуйн резин зөөлөн байхад дугуйн хөтлөх чанар илүү сайн, хатуу үед дугуйн хээний элэгдэл бага байдаг. Өвлийн дугуйны резин хүйтэн үед ч хөлдөж, хатуурах нь бага байдаг учир нягтарсан цастай болон мөстсөн гадаргуу дээр гулсах нь багасаж, түүний хөтлөх чадвар хангалттай өндөр хэмжээнд хадгалагддаг.

Эх сурвалж: http://moto.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …