Д.Саруултуяа:Хүүхэд хамгааллын нэг ажлын хэсэг бол сургуулийн орчинд эрүүл, аюулгүй суралцах эрхтэй

Цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэдэг “Амрыг эрье” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар “Хүүхэд хамгаалал” ерөнхий арга хэмжээний талаар бэлтгэлээ.

 Монгол Улсын хүн амын гуравны нэг нь бидний ирээдүй болсон хүүхэд байдаг хэдий ч өнөөдөр хүүхдүүд аз жаргалтай, эрүүл аюулгүй айх айдасгүй орчинд амьдарч чадаж байна уу? гэдэг асуулт хэвээрээ үлдэж магадгүй. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг гэмт хэрэг зөрчилд хохирч холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн яаж ажилладаг вэ?

Хүүхдийн эрхийн тухай хуульд эцэг эх асран хамгаалагчаас эхлээд төрийн бүх шатны байгууллага албан тушаалтнууд хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл нь хамгаална гэж заасан байдаг. Энэ хуульд зааснаар хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхтэй юм. 

Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Батцоож:Улсын хэмжээнд 2021 онд насанд хүрээгүй 921 хүн гэмт хэрэг үйлдэж, 1365 хүн гэмт хэргийн улмаас өртөж хохирсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн тоо 7%-иар буурсан боловч хохирсон хүүхдийн тоо 16.5%-иар өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар 45 хүүхэд гэмт хэрэгт холбогдож, 220 хүүхэд гэмт хэргийн улмаас өртөж хохирсон статистик үзүүлэлттэй байна. Цагдаагийн байгууллагаас 2021 онд хүүхэд болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдын эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд хариу хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Хүүхэд хамгаалал”, “Хичээл эхэллээ” “Нуугдмал” зэрэг дөрвөн ерөнхий арга хэмжээ, 320 удаагийн хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсан. 

Цагдаагийн байгууллагад 2021 оны нэгдүгээр сараас хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо нэмэгдэж, алба хаагчид хариуцсан нутаг дэвсгэрт оршин суух эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд хариу үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, сум дүүргийн хамтарсан баг, нутаг дэвсгэрийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран хүүхэд, гэр бүлд чиглэсэн ажил арга хэмжээ зохион байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулан ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн хошой тэргүүний 62 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Д.Саруултуяа:Манай сургуулийн хувьд бол хүүхэд хамгааллын чиглэлийн ажлуудаа мэргэжлийн байгууллага буюу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс болон хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Хүүхэд хамгааллын чиглэлийн ажлууд дараах үндсэн бүтэцтэйгээр зохион байгуулагдан явагдаж байна. Бид цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон мэргэжлийн зөвлөмж зөвлөгөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг хүргэж байна. Мөн ар гэрийн хараа хяналт сул хүүхдүүдэд мэргэжлийн хамтарсан багтай хамтран судалгаа тандалтын ажлыг хийж байна. Мөн хүүхэд хамгааллын нэг ажлын хэсэг бол сургуулийн орчинд эрүүл, аюулгүй суралцах эрхтэй. Тийм учраас сургуулийн эргүүл буюу “School police” ажиллаж байна. Мөн хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэн “Шар дарцаг” аян хэрэгжиж байгаа бөгөөд  эцэг эхчүүдтэйгээ хамтран сурагчдад зам хөндлөн гарахад анхааралтай байх, дарцгийг барьж гарах гэх мэт зааварчилгааг өгч байна.

Хүүхдүүд хоёр жил гаруй цахимаар, сүүлийн хагас жилийн хугацаанд 5/9 зарчмаар танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээллэж байсан бол Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, цэцэрлэгийн сургалт танхимын хэлбэрт 100% бүрэн шилжсэн. Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн “Хүүхэд хамгаалал” ерөнхий арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүллээ.

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Д.Лхагвасүрэн:

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн хэмжээнд нийт 24 ерөнхий боловсролын сургууль, 24 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Энэ оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн танхимаар 100% хичээл орж байгаатай холбогдуулан нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Эхний ээлжид “Гэрэлтэх ирээдүй” арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд сургуулийн нийгмийн ажилтнуудын группт эцэх эхийн нөлөөлөл, эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, анхаарал халамжаа нэмэгдүүлэх талаар тодорхой хэмжээний сургалтуудыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулж байгаа юм. Мөн хүүхэд гэмт хэрэгт холбогдох, хохирогч болохоос урьдчилан сэргийлж тухайн өдөр ирсэн хүүхэдтэй холбоотой дуудлага мэдээллийг шүүж хамтарсан баг болон хороо хариуцсан баг руу албан тоотоор холбон зуучлаа хариу үйлчилгээ үзүүлж байна. Шаардлагатай тохиолдолд тухайн хүүхдүүдийг хамгаалах байранд авах, эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээнд холбон зуучилж байна.

Монгол улсын консерваторын нийгмийн ажилтан Ч.Мягмар:

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан гурван мэргэжилтэн байдаг. Тус хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд Ковид-19 цар тахлын үед бид цахимаар групп үүсгэн гэр бүлд чиглэсэн, хүүхдүүддээ мэдээ мэдээлэл өгөх зөвлөгөөг өгдөг байсан. Хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчийн орон тоо нэмэгдсэнээр бидэнд маш хэрэгтэй байгаа. Цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд 5/9 зарчмаар хичээллэдэг байх үед манай сургуулийн бага ангийн 200 гаруй сурагчдад эрх зүйн мэдлэг олгох, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх сургалт орсон. Цаашдаа ч байнгын хамтран ажиллах болно.

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн хариуцсан 10-19 хорооны нутаг дэвсгэрт  энэ оны эхний хоёрдугаар сарын байдлаар хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн 40 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 3 дуудлага мэдээллийг гэмт хэрэгт бүртгэгдэж  өмнөх онтой харьцуулахад хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн гомдол мэдээлэл 15.92% өссөн, насан хүрээгүй хүүхэд холбогдсон гэмт хэрэг 6.6 % буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс хүүхдийн эрх зөрчсөн 30 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ тооцсон бөгөөд удаа дараагийн дуудлага өгдөг 15 айл өрхийг хамтарсан багийн хурлаар хэлэлцүүлж гаргасан шийдвэрийн үр дүнг тооцон хяналт тавин ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Батцоож: Насанд хүрээгүй хүүхдүүд ихэвчлэн эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас үүдэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, бусдын эд хөрөнгө хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг болон бэлгийн хүчирхийлэл хамгийн гол нь зам тээврийн осол хэргээс шалтгаалсан гэмт хэрэгт олон тоогоор өртөж хохирч байна. Хүүхдүүд ямар гэмт хэрэгт холбогдоод байна вэ гэхээр бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу бие биетэйгээ зодолдох, бусдын биед гэмтэл учруулах, бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт илүү их холбогдож байна.

Эцэг, эхчүүд /school police/:

Миний хувьд сургуулийн эргүүлээр хоёр удаа гарч байсан. Манай хүүхэд 62 дугаар сургуулийн долоодугаар ангид суралцдаг. Сургуулийн эргүүлээр ажилласнаар хүүхдийнхээ болон бусад сурагчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.

Тус хэлтсийн алба хаагчид дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран айл өрхөөр биечлэн очиж, нөхцөл байдлын болон эрсдэлийн үнэлгээг хийж, шаардлагатай тохиолдолд хяналтад авч хороодын хамтарсан багийн хурлаар хэлэлцүүлэн, холбон зуучлах хариу арга хэмжээг авч байна.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нийгмийн ажилтан Т.Энх-Амгалан:

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо нь 1952 өрхийн түр оршин суугчтайгаа 8000 гаруй хүн амд үйлчилдэг. Он гарснаар 108 дугаарт 12 удаагийн дуудлага ирсэн. Үүнээс найман хүүхдийг хамгаалах байранд хүлээлгэн өгч, гурван хүүхдийг асрамжийн газарт өгөхөөр хариу үйлчилгээг үзүүлж байна.

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, сургууль орчмын бүсэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замтай ойрхон эрсдэл бүхий ерөнхий боловсролын сургуулиудын гадна орчин дахь явган хүний гарц дээр тээврийн хэрэгслийн улсын дугаар илрүүлэгчтэй, өдөр шөнийн хяналтын камерыг  байршуулан ажиллаж байна.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир:

Цагдаагийн байгууллагаас явган зорчигчийн аюулгүй байдал, сургууль орчимд хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр техник технологийн дэвшлийг ашиглан хяналт тавьж ажиллаж байна. Үүний нэг жишээ нь: Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн орчимд сургуулийн эргүүл хэрхэн үүрэг гүйцэтгэж байгаа болон тээврийн хэрэгслүүдийн ирж байгаа хоёр талын урсгалын хөдөлгөөнийг бүрэн таних боломжтой юм. Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 буюу явган хүний гарц дээр, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол жолооч нарт хариуцлага тооцох бүрэн зохицуулалттай болж байгаа. Өөрөөр хэлбэл зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д зааснаар арга хэмжээ тооцох юм. Тус хяналтын камер ажилласнаар явган зорчигч зам хөндлөн гарч буй, сургуулийн эргүүл хэрхэн ажиллаж байна, жолооч замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байна, зөрчил гаргаж байгаа эсэхийг бүрэн баримтжуулж байгаа учир хариуцсан нутаг дэвсгэрийн замын цагдаагийн хэлтэс рүү мэдээллийг явуулснаар холбогдох арга хэмжээг авч ажиллах юм.

Иргэд та бүхэн замын хөдөлгөөний тухай хууль, дүрэм журмыг баримтлан зам хөндлөн гарахдаа бага насны хүүхдийн гараас нь хөтлөх, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, явган зорчигчид зориулсан гарц, гэрлэн дохиотой хэсгээр зам гарах, зам гарахдаа машины хоёр урсгалыг анхааралтай харах, хүүхэд гэрлэн дохио анивчих төдийд сандран замын голд зогсох магадлалтай тул замын хөдөлгөөний боловсрол олгох нь учирч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлнэ.

Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Батцоож:

Цагдаагийн ерөнхий газар нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдэд эргүүл хийх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжин 2019 оноос эхлэн хүүхэд хамгаалагч төслийг хэрэгжүүлж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудад 2017 оноос эхлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан тушаалаар “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийг тус тус ажиллуулж байна. Энэ нь хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд болон хүүхдүүдийн оролцоог ихээр дэмжиж байгаа сайн ажил арга хэмжээ болж байгаа юм. Энэ оны хоёрдугаар сарын 15-аас гуравдугаар сарын 14-ний хооронд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд хариу хамгааллын үйлчилгээ үзүүлэх, тэдгээр эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд болон тэдний эцэг, эх асран хамгаалагч, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаа хүнийг нэг бүрчилсэн хяналтад авах зорилгоор улсын хэмжээнд “Хүүхэд хамгаалал” ерөнхий арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Иймд үр хүүхдээ хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг нь хангах эрхэм үүргээ улам бүр нэмэгдүүлэх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх, ахуйн хүрээнд архидан согтуурахгүй байх, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 


Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …