Өвөл нь нүүрсний утаатай, зун нь жорлонгийн утаагаар амьсгалсаар байтал нийслэлд эрүүл хүнгүй боллоо гэхэд хилсдэхгүй биз ээ. Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнгийн сүүлд хийсэн судалгааны дагуу нийслэлийн эргэн тойрны 134 цэгээс дээж авч судалгаа хийхэд хүнд металлын бохирдол буюу хүнцэл, кадми, хар тугалга гэх зэрэг хүний биед хор нөлөө үзүүлдэг бодисууд ихээр илэрсэн байх юм.
Өнөөдөр “Улаанбаатарын гамшиг” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн агаарын бохирдлыг зөвхөн утаа бий болгоогүй. Та бидний хашаандаа ухсан жорлон бүр, амьсгалах агаар төдийгүй хөрс шороог бохирдуулж, гүний усыг хордуулж байна. Улаанбаатар хотын 70 хувийг гэр хороолол эзэлдэг. Гэвч гэр хорооллын газрын 50-60 хувь нь эрүүл хөрсгүй болсон гэсэн судалгаа байх юм. Статистик тоогоор Улаанбаатар хотод амьдардаг 176000 орчим өрх ил задгай жорлон ашигладаг ажээ. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн газрын судалгаагаар нийслэлд 2004 онд 70 мянган ил жорлон байсан бол 2007 оны эцэст 125 мянга, 2010 оны эцсээр 170000 гаруй болж өссөн нь тогтоогджээ. Ил задгай жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Эдгээр бодис нь 18 сар хүртэл хугацаанд цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчний үүсгэгч нянг агуулдаг ажээ.
Ил задгай жорлонгийн хаягдлаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийний төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээр зэрэглэлд багтдаг юм байна. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, гажиг, согогтой хүүхэд төрөх, цаашлаад хүнийг үргүйдүүлэх хор уршигтай. Тиймээс нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах зайлшгүй шаардлага тулгарсаар…
Гэр хорооллынхон өвөл нь бохир усаа гадаа ил задгай асгадаг. Тэр нь хавар, зун газар гэсмэгц агаарт тархаж, халдварт өвчин үүсэх, агаар бохирдох нөхцөлийг бүрдүүлдэг. Халдвартын эмнэлгийн судалгаагаар зургаа, долоо, наймдугаар сард халдварт шар өвчин нэмэгддэг нь хөрсний бохирдлоос үүдэлтэй гэсэн дүгнэлт гаргасан нь хөрсний бохирдол Улаанбаатарт утаанаас илүү аюултай болсныг илтгэнэ.
Уг нь Нийслэлийн удирдлага, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооныхон агаарын бохирдлыг бууруулахад хэдэн тэрбум төгрөг зарцуулдаг. Гэтэл нийслэлчүүдийн нүдэнд харагдах, хамарт мэдрэгдэх үр дүн гарав уу? Жорлонг нь ариутгасан ч үнэр нь дарагдаагүй, хөрс нь цэвэршээгүй хэвээр л байна.
Хөрсний бохирдол ганц ил задгай, модон жорлонгоос ч үүсч байгаа юм биш. Хүмүүс бидний ухамсараас ч шууд хамааралтай зүйлс. Суурин иргэншилд дасаагүй, ухамсар муутай хүмүүс ил задгай хогоо хаядаг. Гэр хороолол, орон сууц гэлтгүй гудамжинд яваа хаа нэг хүмүүс, огтхон ч санаа зовнисон шинжгүй ил задгай хогоо хаяж байх юм. Хүмүүсийн хаясан энэ бохир хөрсийг үхжүүлдэг гэдгийг бүгд л хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Хамгийн сэтгэл эмзэглүүлмээр зүйл нь үйлдвэрүүд хог хаягдлаа ил задгай хаядаг явдал юм. Үйлдвэрийн хаягдал гэдэг химийн бодис ихээр агуулдаг зүйл учраас хүний биед илүү хор нөлөө үзүүлдэг. Улаанбаатар хотын хөрсөн дэх хар тугалгын дундаж хэмжээ байх хэмжээнээсээ 2.4 дахин, цайрын дундаж агууламж 1.2 дахин их гарсан судалгаа буй. Энэ судалгаа гарсанаас хойш Нийслэлийн хөрсний бохирдлыг арилгах талаар дорвитой арга хэмжээ хийгдээгүй өнөөдрийг хүрчээ. Хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд муугар нөлөөлдөг. Гэдэсний халдварт өвчин, балнад, цусан суулга, сүрьеэ, бурцеллез, халдварт шар, цагаан хорхой, сибирская язва, тулеремия зэрэг нь хөрсний бохирдлоос үүсч, тархах магадлал өндөр байдаг аж.
Ямартай ч хөрсний бохирдол ийнхүү газар авсаар байгаа үед дорвитойхон арга хэжмээ авахгүй бол цаашдаа өвс ногоо ургах ч хөрс олдохгүй, хүүхдүүд, хойд үеийхэн минь өвс ногоо, цэцэг цэврүүг мэдэхгүй өсөх вий. http://www.ugluu.mn/5778.html
МУИС сэтгүүл зүйн анги 3-р курс А.Цолмон