Монгол Улсын Хөдөө аж ахуйн бирж үйл ажиллагаагаа тогтмол явуулж эхэлсний ачаар малчид ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдлээ. Өнгөрсөн онд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан 403.6 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн бөгөөд өмнө нь ийм хэмжээнийдалд гүйлгээ хийгдэж байсныг ийнхүү ил болгож, энэхүү гүйлгээнээс улсад тогтмол татвар авдаг болсон юм. Малчид биржээр дамжуулан түүхий эдээ арилжаалахын нэг гол давуу тал нь үнийн хувьд хэлбэлзэл багатай, харьцангуй тогтмол байх нөхцөл ажээ. 2013 оны байдлаар нэг кг ноолуурын үнэ дунджаар 67 мянга гаруй төгрөг байлаа. Мөн төрөөс Хөдөө аж ахуйн дундын хоршоо төслийг хэрэгжүүлж байгаа нь нэг ёсондоо брокерын компани гэсэн үг юм. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 2144 хоршоо бүртгэлтэй байгаагаас 44.5 хувь нь буюу 955 нь малчдын хоршоо байдаг байна. Харин тухайн малчин дундын хоршоонд багтаж, түүгээрээ дамжуулан биржээр түүхий эдээ арилжаалснаар тогтмол орлогын эх үүсвэртэй болох нөхцөл бүрдэх аж. ҮХААЯ-ны судалгаагаар нэг жилд нэг малчин өрхийн тогтмол орлого дунджаар зургаан сая төгрөг байна гэж үзэж байгаа бөгөөд энэ нь ипотекийн зээлд хамрагдах тогтмол орлогын эх үүсвэрт тооцогдох юм байна. Үүний үр дүнд урьдчилсан тооцоогоор 2014 онд нийт малчин өрхийн 1.8 хувь нь, 2015 онд 3.7 хувь, цаашилбал 2020 он гэхэд 16.1 хувь нь ипотекийн зээлд хамрагдаж орон сууц худалдан авах боломж бүрдэнэ гэж ҮХААЯ үзжээ. Дашрамд дурдахад Хөдөө аж ахуйн биржийн шинэ долоо хоногийн эхний арилжаа даваа гарагт явагдлаа. Энэ өдрийн арилжаагаар 931 сая 738 мянган төгрөгийн үнийн дүн бүхий хоёр төрлийн ямааны завод ноос арилжсан байна. Нийт 2234 богц ямааны цайвар өнгийн завод ноосыг 177 мянган төгрөгийн дундаж үнэтэйгээр арилжаалжээ. Мөн 160 мянган төгрөгийн дундаж үнэтэйгээр 3352 богц ямааны бараан завод ноосыг арилжсан тухай Хөдөө аж ахуйн биржээс мэдээллээ.
эх сурвалж:Биндэръяа