Даатгалын нөхөн төлбөр олгох чадавхи нь сайжирч байна

ffd7cef0db8ee0d9bigСанхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга Б.Жавхланттай Монголын даатгалын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Монголын даатгалын зах зээлийн өнөөгийн байдал ямар байна вэ?

-Даатгалын салбар 2004, 2005 оноос хойш тасралтгүй өсөж эхэлсэн. Зөвхөн хураамжийн орлого гэхэд жилд 15-20 хувийн өсөлттэй, нөхөн төлбөрийн хэмжээ  ч бас 15-20 хувийн өсөлттэй гарч байгаа. Үүнтэй зэрэгцээд даатгалын компаниудын санхүүгийн чадавхи ч нэмэгдэж байгаа. Түүнчлэн нөөцийн сан нь ч нэмэгдэж байгаа гэсэн үг. Даатгалын компанийн нөөцийн сан, хөрөнгийн чадавхи нэмэгдэж байна гэдэг маань даатгалын нөхөн төлбөр олгох чадавхи нь сайжирч байна гэсэн үг.

-Яг 2013 оны байдлаархи сүүлийн үеийн тоон мэдээллүүдийг дурьдаач. Хэчнээн тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй байна вэ?

-Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын компанийн хөрөнгийн хэмжээг байнга өсгөх бодлого баримталж байгаа. Дүрмийн сангийн доод хэмжээг жил бүр өсгөж байна. 2012 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд даатгалын компаниуд доод тал нь хоёр тэрбум төгрөгийн дүрмийн сантай байсан. Мөн сард даатгалын компанийн дүрмийн сангийн хэмжээг таван тэрбум төгрөгт хүргэх шаардлагыг шинээр гаргасан байгаа. Даатгалын компаниуд 2016 оны жилийн эцэс гэхэд таван тэрбум төгрөгийн дүрмийн сантай болсон байх ёстой. Тэр хэрээр хөрөнгийн чадавхи нь нэмэгдэнэ гэсэн үг. 2013 оны гуравдугаар улирлын байдлаар 17 даатгалын компанийн 240 салбар Монголд ажиллаж байна. Зургаан төлөөлөгчийн газар байна. Мөн 3447 даатгалын төлөөлөгч, 19 даатгалын зуучлагч ажиллаж байна. Даатгалын хохирол төлөгч 11, жолоочийн даатгалын зөвшөөрөлтэй 16 даатгалын компани үйл ажиллагаа явуулж байна. Хөрөнгийн хэмжээний хувьд 2013 оны гуравдугаар улирлын байдлаар 122 тэрбум төгрөгт хүрсэн байгаа.

-Энэ оноос даатгалын компаниуд хөрөнгийн зах зээлд орох боломжтой болсон. Энэ нь даатгалын салбарт ямар давуу тал бий болгох вэ?

-Компанийн тухай хууль шинэчилж, батлагдаад, хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор даатгалын компаниуд хөрөнгийн зах зээлд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжтой болсон.

-Тодорхой хэмжээ гэдгийг тодруулахгүй юу?

-Даатгалын компаниудын нөөцийн сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага гэж гарсан. Энэ дагуу даатгалын компани хөрөнгийн биржийн А самбарын хувьцаанд 10 хүртэлх хувийн хөрөнгө оруулах боломжтой. Мөн нэг нэгжид таваас илүүгүй хувиар хөрөнгө оруулалт хийх боломжтой болсон байгаа.

-Төрийн бодлогоор даатгалын салбарыг дэмжих хэрэгтэй гэж эдийн засагчид хэлдэг. Яг бодлогоор дэмжих тал дээр Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн ажиллаж байна вэ. Даатгалын компаниудын хувьд ихэвчлэн төрийн дэмжлэг хангалтгүй гэж хэлдэг.

-Даатгалын салбарыг хөгжүүлэхийн тулд Санхүүгийн зохицуулах хорооноос хууль эрх зүйн орчноо сайжруулах ёстой. Түүнчлэн уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотойгоор томоохон уул уурхайн төслүүдийн даатгалууд ихэвчлэн гадаадад шууд даатгагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын даатгалын компаниар дамжихгүйгээр шууд гардаг. Энэ бол ихээхэн хэмжээний мөнгөн дүнтэй даатгал гэсэн үг. Тэр хэмжээгээрээ даатгалын зах зээл орлогоо алдаж байгаа. Хоёрдугаарт, даатгалын компани авсан ч гэсэн давхар даатгалд ихээхэн хэмжээний мөнгө гаргаж байгаа юм. Бид хууль эрх зүйн бодлогын арга хэмжээний хүрээнд албан журмын даатгалын хэлбэрүүдийг олшруулахад ажиллаж байна. Нотариатч, өмгөөлөгчийн хариуцлагын даатгал, Эмчийн хариуцлагын даатгал, Үрийн тариалангийн даатгал, Малын даатгал гэх зэрэг хэд хэдэн хуулийн төслүүдийг боловсруулж байгаа.

-Албан журмын даатгалын хуулиуд гэж үү?

-Тийм. Эдгээр хуулийн төслүүд удахгүй УИХ-аар батлагдах байх. Үүнээс гадна дотоодын зах зээлийг хамгаалах, гадагшаагаа чиглэсэн даатгалын мөнгөн урсгалыг багасгах хүрээнд үндэсний давхар даатгалын тогтолцоог бий болгохтой холбоотой судалгааны ажлыг дэлхийн банктай хамтраад хийж байгаа. Ингэснээр цаашдаа гадагшаа гарч байгаа мөнгийг Монголын давхар даатгалын компани өөрөө өөртөө авч үлдэх боломж бүрдэх юм. Энэ ажил судалгааны шатандаа явж байгаа. Түүнчлэн Сангийн яамтай хамтраад Даатгалын салбарын дунд хугацааны стратегийг боловсруулж байна. Энэ мэтээр даатгалын салбарт бодитой ажлууд хийж байгаа.

-Хэдийгээр албан журмын даатгал хийлгэсэн ч даатгалын компаниуд нөхөн төлбөр төлдөггүй гэх гомдол байдаг. Энэ тал дээр зохицуулах хорооноос хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?

-Даатгалын тухай хуулиар хэрвээ даатгуулагч даатгагчийн даатгалын үйл ажиллагаанд гомдолтой байгаа бол Санхүүгийн зохицуулах хороонд өргөдлөө бичгээр гаргаж өгдөг. Түүнийг нь хороо хүлээж аваад, хянан шийдвэрлээд, шүүхээс өмнөх шатанд урьдчилан шийдвэрлэх боломжтой байдаг. Өнгөрсөн жил гэхэд санхүүгийн зохицуулах хороонд ирж байгаа өргөдлийн тоо хэмжээ гурав дахин өссөн. Жолоочийн албан журмын даатгалын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор даатгалтай холбоотой өргөдөл, гомдлын тоо өснө шүү дээ. 2013 онд нийт 65 иргэнд 500 орчим сая төгрөгийн нөхөн төлбөр олгуулах шийдвэр гаргасан. Үүнээс цааш шүүх рүү давж заалдсан ажил хийгдээгүй байх. Хийгдсэн байлаа ч, манайд тийм мэдээлэл нь ирээгүй байна.

-Ер нь даатгалын салбар хөгжсөнөөр эдийн засаг, нийгэмд ямар үр ашигтай байдаг вэ?

-Даатгалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийг өргөн хүрээнд авч үзвэл, улс орны санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлдэг. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг бий болгосноор цаашлаад улс орны санхүүгийн тогтвортой байдал болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрсдлийг хэзээ ч урьдчилан харж, тооцох боломжгүй. Тэгвэл даатгалын хураамж төлснөөрөө тодорхойгүй эрсдлийг тодорхой төлөв рүү шилжүүлж байгаа юм. Хоёрдугаарт, Мянганы хөгжлийн зорилтын ядуурлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх нь тустай гэж үздэг. Түүнчлэн даатгалын салбар маань өөрөө хөрөнгийн зах зээл дээр ч тэр, эдийн засгийн салбартаа ч интитуционал буюу байгууллагын хөрөнгө оруулагч болдог. Даатгалын хураамж аваад, нөөцийн сан болж банкинд байршсанаараа банкинд томоохон бизнесийг дэмжих эх үүсвэр болж өгдөг. Ингэснээр эдийн засгийн утгаараа хөрөнгө оруулалтыг дэмжих, санхүүгийн үйл ажиллагааны томоохон “тэжээгч” эх үүсвэр болдог. Ялангуяа барууны орнуудад даатгалын компаниуд томоохон хэмжээний хөрөнгө оруулагч болсон байдаг.

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Амар

index

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …