Арлын Японд болж буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи уулзалтын үеэр хамгийн сүүлийн үеийн мэдээлэл агуулсан судалгааны тайланг танилцуулсан байна. НҮБ-ын цаг уурын асуудал хариуцсан шинжээчдийн багийн гишүүдийн мэдээлснээр уг тайлан дэлхийн дулаарлын нөлөөлөл “давагдашгүй” хэмжээнд хүрснийг баталж байна гэжээ. Цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн тогтолцоонуудад асар хүнд ачаалал ирж, хамгийн гол хүн төрөлхтөнд очих нөлөөлөл нь асар хурдтай нэмэгдэж байгаа аж.
Бидний эрүүл мэнд, орон гэр, хоол хүнс, аюулгүй байдал гээд бүгдэд өсөн нэмэгдэж буй агаарын температур заналхийлж байна хэмээн дүгнэлтэд дурджээ. Энэ талаар тус судалгаан дээр голлон ажилласан хүмүүсийн нэг болох доктор Салимул Хак ярихдаа “Өмнө нь бид ийм зүйл болоод байгаа мэддэг байсан. Үл итгэсээр ирсэн хүмүүс ч олон байгаа. Харин энэ удаагийн тайлан бидэнд болж буй процесс бодитой, бүр хэрээс хэтэрчихсэн байгааг баталж өглөө” гэсэн байна.
Дэлхийн цаг уурын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Мишель Жаррод Японы Ёкогама хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Цаг уурын өөрчлөлтийг цаашид мэдээгүй юм шиг царайлж, үл ойшоох аргагүй боллоо” гэжээ. Уг тайланд ирэх 20, 30 жилийн дотор цаг уурын өөрчлөлтийн улмаас байгалийн тогтолцоонд ямар өөрчлөлт орох прогнозыг ч гаргажээ. Дэлхийн температур дахин цельсийн хоёр хэмээр нэмэгдсэнээр, Арктикийн мөс хайлж, цэвэр ус улам хомсдож, далайн хүчиллэг байдал нэмэгдсэнээр шүрэн арлууд үгүй болж, амьтан, ургамал болон бусад төрөл зүйл өндөрлөг хэсэг рүү аажмаар нүүж эхэлнэ гэжээ.
Мэдээж хоол хүнс, усны хомсдол, аюулгүй байдал хүн төрөлхтөнд заналхийлэх хамгийн том аюул болно. 2050 он гэхэд үр тарианы ургац даруй 25 хувиар буурна, харин эсрэгээрээ хүн амын тоо есөн тэрбумд хүрнэ. Тиймээс яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэдэг дээр хурлын үеэр төлөөлөгчид санал нэгджээ. Гэвч Киотогийн гэрээ дуусч буй энэ үед үүнийг орлох гэрээ хэлцэл, зорилт одоо хэр байхгүй байгаа нь томоохонд асуудал болоод байна.
Д.Амар