Толбо: Бид шинэ шахам хувцсаа толбо болмогц шууд л угаалгын машинд хийдэг, угаасны дараа түүнийг хатааж, индүүдэх хэрэгтэй, харин үүний оронд зүгээр л толбыг арилгачихвал цаг бага орно шүү дээ. Ямар толбыг юугаар яаж арилгах хэрэгтэй тухай бичиж, гялгар цаасаар бүрж ил газар, толин дээр, угаалгын өрөөнд өлгөөрэй.
– Тосны шинэ толбыг цэвэрлэхдээ эхлээд уудаг цаасыг хэд давхарлан тавьж, бүлээн индүүгээр индүүд, толбоны доор мөн уудаг цаас тавина шүү. Хэрэв толбо бүрэн арилаагүй бол бензинд хөвөн норгож арч, мөн зориулалтын толбо арилгагчийг хэрэглэж болно. Бензиний толбо үлдэхээс сэргийлж, эхлээд толбоны захыг бензинээр норго, толбоо захаас дотогш арчиж, сүүлд нь уудаг цаас тавин бүлээн индүүгээр дарна.
– Лааны тосны толбыг мөн ингэж арилгана, харин сүүлд нь бензиний оронд денатур спирт хэрэглээрэй.
– Даавуун дээр зэвэрсэн толбо болвол нимбэгийн шүүсээр арчиж, халуун индүүгээр дарж, дараа нь цэвэр усаар угаана.
– Кофе, цай, жимсний шүүсний шинэ толбыг бүлээн усаар угаана, хэрэв боломжтой бол крантны ус гоожуулж хэсэг байлга.
– Хэрэв энгийн ус нэмэр болохгүй бол кофены толбыг соодтой савантай усаар угаа, дараа нь цэвэр бүлээн усаар зайлна.
– Жимсний шүүсний толбыг нашатырын спирт ба усны холимгоор арчина. Цайны толбыг эхлээд шингэлээгүй нашатыраар арчаад дараа нь цэвэр усаар арчина.
– Шар айрагны толбыг спирт ба усыг 1:1 харьцаатай хольж арилгана.
– Цууны өтгөн уусмалаар жимсний толбыг, мөн зах, манжеткны өлөн хир суусныг арчина. Гялайсан ноосон эдлэлийг цуу, устай хольж арчихад шинэ юм шиг болно. Угаалга: Угаалгыг зөв хийх хэрэгтэй, зарим хүн юмаа угаахдаа ариун цэврийг сахихаас гадна стрессээ тайлдаг ажээ. Харин та юм угаах донтой биш бол хурдан угаах урлагт суралцаарай.
– Орой юм угаах хэрэггүй, мөн амралтын өдөр болтол бүү хойш тавь. Сэтгэл зүйчдийн үздэгээр угаах юм их хуримтлагдвал сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг гэнэ.
– Хэрэв юм угаах төлөвлөгөөт цаг болчихсон, харин та жаахан залхуураад байвал маш энгийн арга хэрэглэ, шөнө унтахдаа их халуун усанд цагаан хэрэглэлээ угаалгын нунтагтай хийгээд орхи, өглөө хагас цагийн өмнө босож, угаалгын машины зайлах режим дээр тавь, эсвэл түмпэнд хийгээд ус гоожуулаад орхи, 15-20 минутын дараа /цайгаа уусны/ ирж хөөстэй байгаа эсэхийг шалгаад л болоо. – Хүрэм, хантааз, джинс зэрэг том хувцсыг угаах амархан арга бий. Дуртай номоо аваад угаалгын өрөөндөө орж, ус гоожуулан угаах юмаа тавь, угаалгын нунтаг цацаж, шаахайгаа тайлан, номоо уншингаа юман дээгүүрээ гишгэл. Хэсэг хугацааны дараа юмаа эргүүлж, дахин угаалгын нунтаг нэмж, үргэлжлүүл. Дараа нь зайл, тэгээд өлгүүрт өлгөж, хөөс арилтал усаар шүрш.
– Та маргааш өмсөх цамцаа угаахаа мартчихжээ, мөн угаалгын нунтаг чинь дуусчихсан бол бүү сандар. Цамцаа угаалгын машиндаа хийж, дээр нь ямар ч хамаагүй шампунь хий, ингээд болоо. Харин ердийнхөөс нилээд удаан зайлах байх.
– Толбо болсон хувцасны толбыг эхлээд арилга, усаар угааж, угаалгын нунтаг сайн цац. Жаахан үрээд хонуул. Өглөө угаалгын машиндаа хийж угаа. Хүүхдийн оймс, триконы дотор угаалгын нунтаг хийж сайн угаа.
– Хэрэв та угаах юмаа дэвтээх завгүй бол их бохир болсон хэсгийг барааны савангаар угааж дараа нь угаалгын машинд хийж, нунтаг нэмнэ. Хэрэв хүсвэл хуучин сойзоор бохир хэсгүүдийг үрж угаа, дараа нь угаалгын машиндаа хийж угааж бас болно.
– Хөлсний толбыг арилгахдаа хувцсаа давс уусгасан саванд хийж дэвтээ.
– Маш нарийн эмзэг материалаар хийсэн хувцас угаахдаа тохирох угаалгын нунтаг байхгүй бол шош чанасан ус, эсвэл улаан буудайн хивэг чанасан хандаар угаа. 1 кг шошийг 5 л усанд хийж, дараа нь шүүж аван, 40-500С болтол хөргөнө.
– Их бохирдсон хувцас хунарыг наран цэцгийн тосонд дэвтээ, ялангуяа тосны толботой бол. Түмпэнд халуун ус хийж, дээр нь 1 аяга угаалгын нунтаг, 1 хоолны халбага ургамлын тос нэмж, тэгээд хувцсаа хийнэ. Энэ этгээд арга дэндүү мэт боловч маш үр дүнтэй шүү.
– Шинэ хувцсаа угаахдаа халцрахаас сэргийлж 5-10л усанд чимх давс хий, эсвэл 1 хоолны халбага цуу хийгээрэй.
– Юмаа угаахын өмнө бүх цахилгаан татагдсан эсэхийг шалгаарай, ялангуяа төмөр бол.
– Цамцны ханцуй угаалгын машинд их ороогддог, үүнээ сэргийлж, манжетыг энгэрт нь товчил, оймс, трико зэргийг угаахын өмнө дэрний уутанд хийж угаавал хоорондоо орооцолдохгүй амар. Эмээгийн зөвлөгөө
– Шинэ триког устай саванд хийж, хөргөгчинд хонуулвал удаан эдэлгээтэй.
– Хөшиг, бүтээлгийг индүүдэж цаг их үрэхгүйн тулд зөв хатаа. 2 хувилбар бий. Хөшгөө угаан, чийгтэй байхад нь карнизанд өлгө, гэхдээ шалан дээр алчуур тавихаа мартуузай. Өөр нэг арга гэвэл хөшиг, бүтээлгийг эвхэж олсонд өлгөөд нугалаанд нь саваа модон хийж болно. Тэр хүндийн жингээрээ доош татаж үрчийлгэхгүй хатаана.
– Нэхмэл эдлэл “бөөствөл” сахлын хутгыг ашигла, эсвэл скочоор ав. Скочийн тусламжтайгаар хувцасны тоос, наалдсан нохой муурын үс зэргийг авч болдог.
А.Тамир