-Монголынхоо өв соёлыг сэргээх, хадгалан хамгаалах, өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой үүсгэн байгуулагдсан “Их Хөгсүү” холбооны олон асуудлын нэг болох “Бий биелгээ”-г Геннисийн номонд бүртгүүлэх арга хэмжээний талаар ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгын дарга Ч.Өнөртүвшинтэй ярилцлаа.
-Таныг Увс аймгийн хүн гэдэг хэрнээ Ховд аймагт төрсөн гээд байдаг?
-Эцэг эх маань Увс аймгийн харьяат. Харин би Ховд аймгийн төв Жаргалант суманд төрсөн. 5 настайдаа Увс аймгийн Өмнөговьд суманд ирсэн. Өмнөговь сумынхан намайг “Чингисийн Зэтгэр хүн болохгүй” гэж ярьдаг байсан. Яахав дээ дэндүү дүрсгүй хүүхэд байсан болохоор л тэр. Ю.Цэдэнбал дарга ирнэ гээд Ховд дахь Ард-Аюушийн талбай дээр засчихсан индер рүү авирч гараад цэцэрлэгийн багшийгаа дуудахаар зугтах гээд индэр дээрээс унаж тархи хөдлөөд гурван хоног ухаангүй байсан гэж аав ярьдаг. Ингээд бодохоор нэлээд дүрсгүй хүүхэд байсан биз. Ямар сайндаа л аав намайг дийлэхгүй болоод Увс руу ээж рүү явуулж байхав дэ. –Тэгээд ээж дээрээ ирээд хүмүүжив үү?
-Ээж дээр ирлээ. Гэтэл хаа сайгүй үймүүлээд гүйцэгдэхгүй болохоор нь хөдөө эмээ рүү явуулсан. Найман нас хүртлээ Улиастай багийн Хужирын Цэхээ, Дунд худаг, Хаварзан, Мөст, Мунжив гээд л газруудаар эмээ, нагац ахынхаа хурга ишигтэй хөөцөлдөж хүн болсон доо. Эмээгийнхээ дэргэд өссөн учир үндэсний соёл, Монголын өв соёл, ухааны гайхамшгийг олж авсан. Сургуульд орлоо, нөгөө дүрсгүй жаал хэвээрээ. Ааваасаа өдөрт гурван удаа алганы амт хүртвэл томоотой байсанд тооцогдоно. Харин тав болбол сахилгагүйтжээ гэж ойлгогдоно. –Аав чинь урлагийн хүн. Урлагийн хүний хүүхэд томоотой баймаар юм?
Аав минь Увс аймгийн Өмнөговь суманд хүүхдийн “Залгамжлагч” гэж чуулга байгуулсан. Би тэр чуулгад бүжиглэнэ, лимбэ дарна, 45 хүүхдийн хоор удирдана гээд багагүй нийгмийн идэвхитэй хүүхэд байлаа. Энэ бол аавын намайг хүмүүжүүлэх арга. Өөрийнхөө дэргэд байнга байлгаж, даруулгатай байлгахын тулд бүхий л үйл ажиллагаанд оролцуулдаг байсан.
Намайг 12 настай байхад манай сумын хүүхдийн ”Залгамжлагч” чуулга нийслэлд тайлан тоглолт хийхээр ирсэн. Тоглолт ч боллоо. Тоглолтын дундуур би гэнэт алга болчихсон гэж байгаа. Нэг мэдсэн чинь манай бүжгийн хүүхдүүд гарчихсан бүжиглэж байна. Би тэдний нэг байхгүй юу. Тэгсэн би тайзны дээр нь гарчихсан дээрээс тусгадаг гэрлээр тоглож хүүхдүүд рүү байн байн тусгаад л үймүүлж яваад аавд баригдан нэг сайн алгадуулж аваад уйлчихсан намайг аав минь үнсээд “Миний хүү мундаг юм чинь тайзан дээр гараад үзүүлээд өг” гэхэд нь доголон нулимастай би бүжиглэж байсан хүүхдүүд тайзны хөшиг рүү ойртоход нь нийлээд авлаа. Одоо тэр үеийн доголон нулимстай авахуулсан зураг байдаг юм. Аавынхаа буянаар хүн болж, ухаажсан болов уу гэж ойлгодог.
–Аав тань Увс дахь олон хүүхдийг хүмүүжүүлэгч хүн байжээ?
Ардын урлаг өв соёлын төлөө аав маань зүрхээ өгсөн. Өдөр бүр олон зуун хүүхэдтэй зууралдсаар байгаад сүүлдээ зүрхний импакт болж тал цус харвасан. Хүүхдийн төлөө, Увс аймгийн Өмнөговь сумын төлөө, ардын урлагийн төлөө аав минь зүрхээ өгсөн хүн дэ. Даанч хүмүүс мартаад байхаар нь гомдох юм аа. Би гомдож байгаа юм чинь аавад минь нилээн хэцүү байдаг байхал да. Аав намайг урлагаар хүмүүжүүлээгүй бол би өдий зэрэгтэй амьдраа ч билүү.
Одоо би гурван хүү, хоёр охинтой таван хүүхэдтэй өнөөдрийг хүртэл аз жаргалтай, сайхан амьдарч байна.
–Багадаа авьяастай хүүхэд байж. Тэмцээн уралдаанд их оролцдог байсан уу?
-Аймагт болон улсад олон тоглолт, уралдаан тэмцээнд оролцсон. Москвад болон Польш улсад тус тус болсон олон улсын урлагийн их наадамд лимбэ тоглож түрүүлэн алтан медаль авч байлаа.
Түүний дараахан манай сургууль шатаж би лимбэгүй болсон. Магадгүй тэр үед лимбэ маань шатаагүй байсан бол өнөөдөр би Д.Галсантогтох гуай шиг тогдгор лимбэчин болсон байхыг үгүйсгэхгүй.
–Өөр лимбэ үлээж болоогүй гэж үү?
Би жижигхэн хуруутай болохоор бусад лимбэ надад тохирдоггүй байсан. Дахиж тийм лимбэ ч олдоогүй. –Эхээс хэдүүлээ бэ?
-Хоёулаа. Тухайн үед хоёр хүүхэдтэй айл хөндлөнгийн хүмүүст ачаалалгүй санагддаг байсан байх. Гэтэл нэг нь хөдөө яваад өгөхөөр эвгүй байдаг байсан биз. Тэгээд манайх бага эмэгтэй дүүг өргөж авсан. Охин хүүхэд айлд ямар их аз жаргал авчирдгийг тэр үед л мэдэрсэн. Миний ганц ах бол тухайн үед сурлагатай онцчуудын нэг байсан. Ах бид хоёр 2 насны зөрүүтэй учраас сурлагаараа өрсөлддөг байлаа.
–Цэрэгт явсан түүх…
-Жижигхэн биетэй болохоор хүн бүр л дээрэлхэнэ. Тэгээд л эр хүн болно гээд хоёрдугаар курсэд орсон намраа цэрэгт явсан. Ахлагч цолтой халагдаж байсан. Цэргийн алба хааж байсан хүмүүс мэдэх байх аа. Хугацааны цэрэг ахлагч цолтой халагдана гэдэг бол тухайн үедээ нилээн атаман том гарууд л энэ том цолыг нь авч байсан. Цэргийн ангийнхан маань намайг сүүлдээ офицер бол гэсэн. Гэхдээ би сурах нь хэрэгтэй гээд армийг орхисон.
–Хүмүүсийн ярьдгаар “Жаалчихсан” цэрэг байжээ, тийм үү?
-Очсон өдрөөсөө эхлээд л зодуулсан даа. Цэргийн бүх амьдралыг туулж, даван гараад гурван сар болоод л ахлах байлдагч цол авсан.
Цол авсан дурсамжаа хуваалцъя л даа. Нэг өдөр манай ангийн захирагч дуудаж байна гэнэ. Ороод ангийн захирагчид илтгэлээ. Гэтэл захирагч надаас том цолтой хүн байхад мэдсэнгүй гэж зэмлэв. “Энэ хүн дэслэгч генерал Гаваа” гэв. Би цолын хольж хутгаад илтгэж инээдэм боллоо. Генерал надаас цэргийн хоолонд цадаж байна уу, хал цэргүүдээ зодуулж байна уу гээд цэргийн албанд байдаг бүхий л асуудлуудыг тодруулж асууж байсан. Би эр хүн болох гэж ирсэн болохоор бүгдийг нь “Үгүй, сайхан байна” гэж хариулж байсан юмдаг. Өдөр нь манай ангийн нэгтгэл дээр “Байлдагч Өнөртүвшингөөс бусад нь армийн, ангийн нэр хүндийг баастлаа” гээд л эхэлдэг юм байна. “Өнөртүвшингөөс бусад нь арми хэцүү байна гэсэн. Өнөртүвшингөөс бусад нь нутаг буцмаар байгаагаа хэлсэн. Та бүхэн армид алба хаах гэж ирсэн, эх орноо хамгаалах гэж ирсэн цэрэг хүмүүс” гээд захирагчийн зүгээс шүүмжлэл ирсэн. Ингээд л би гэдэг хүн Ангийн захирагчийн байлдааны машины бүхээгний дарга ахлах байлдагч гэсэн цол хүртсэн.
Гэтэл тэр өдрөөс эхлээд хал цэргүүдэд бүүр илүү дэглүүлж эхэлсэндээ. Шинэ цэрэг очоод гурван сар болонгуутаа шууд л цол авч байгаа юм чинь хал цэргүүдэд дэглүүлэх нь зүйн хэрэг. Би ер нь эр хүний хатуужил, эх оронч үзлийг цэргээс олж авсан.
Монголын өв соёл, ахуй ёс заншлийг гэдгийг эмээгээсээ, ааваасаа урлаг гэж юу вэ, зорилго, хүмүүжил гэдгийг ойлгож суралцсан юм байна.
–Оюутан байхдаа юуны ангид суралцсан бэ?
Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар, инженерийн ангид суралцаж байсан. Оюутан байхаасаа л ардчилалд орсон гэхэд болох юм байна.
Цэрэгт явахаасаа өмнө МОАХ-ны анхны хуралд очоод шууд л элссэн. Тэгээд хурал дээр нь хамгийн залуу гишүүн гэдгээр үг хэлж байлаа. Тэр үеэс л ардчилал руу орж эхэлсэн. Анх МОАХ-ын дарга С.Зориг болж байсан. Би болохоор одооныхоор бол Ардчилсан холбооны үүрийн дарга болж байлаа. Маш олон ч оюутанг элсүүлж байсан юмдаг. 1996 оны Ардчилсан намд хэвлэл мэдээллийн ажилтангаар ажилд орсон. Тэр үед М.Энхсайхан намын дарга байлаа. Тэр жил ардчилсан нам ялалт байгуулаад, намайг УИХ-ын тамгын газарт зөвлөх, зохион байгуулагчаар ажилд оруулсан. Тэнд хоёр жил ажиллах хугацаандаа улс төрийн хүн биш юм байна гэдгийг ойлгосон. Улс төрлүү ороод ирэхээр үзэл бодлын, намын, бүлэглэлийн, санхүүгийн гээд хязгаартай болж эхэлдэг юм билээ. Тэгээд л УИХ-аас гарч гэрэл зураг авч эхэлсэн дээ.
–Гэрэл зурагчин гэдгээр чинь таних хүн олон?
Анхны зургийн багш маань Д.Октябрь гэж хүн бий. Тэгээд л Nikon F50 гэдэг аппарат олж аваад л зурагчин болсон доо. Эхлээд намын зураг авдаг болоод сүүлдээ бизнес хөөж халтуураар зураг авдаг болсон. Ингээд ахиж дэвшсээр байгаад өнөөдөр зурагчдыгаа төлөөлөх чадвартай болоод “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо” байгуулаад ажиллаж байна.
Мөн Батлан хамгаалах яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга, БОАЖЯ-ны сайдын зөвлөх зэрэг ажлууд хийж ирсэн.
–Нутагтаа гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байсан гэдэг билүү?
-Зурагчны хувьд би нутаг орныхоо байгалийн дурсгалт зургуудаар сумандаа болон сургуульдаа үзэсгэлэн гаргаж байлаа. Нийтдээ 6 сая 500 мянган төгрөгийн зардалыг өөрөө гаргаж хийж өгсөн.
Зураг авч явж байхдаа сумын хөгжил их л хоцрогдсоныг харсан. Шөнө орой гэрэлтүүлэггүй байсныг мэдэрсэн. Би өөрөө бага байхдаа урлагаар явдаг, орой болгон давтаад л, шөнө бүхэн гэрлүүгээ явах гэж бөөн л юм болно. Өөрөө айхаас гадна охидуудыг айлган. Тэр дурсамжуудаа бодоод одоо манайхаас хүн байхгүй ч гэсэн сумын тэр олон хүүхдүүд шөнө орой харанхуйгаас айхгүй явах хэрэгтэй гэж бодоод би сумандаа гэрэлтүүлэг хийе гэж цуг төгссөн ангийнханыгаа уриалсан. Ингээд өөрөөсөө 4,5 сая төгрөгийн өртөг гаргаж гэрэлтүүлэг хийсэн. Одоо хүртэл тэр гэрэлтүүлэг байгаа шүү. Харин сумынхан манаь бидний хийсэн гэрэлтүүдэгийг нэмээд хойд урд хороолол хүртэл сунгасан байна лээ. Харахад сайхан мэдрэмж төрсөн шүү.
Ингээд би зөвхөн сумын хэмжээнд биш аймгийн хэмжээнд ямар нэгэн зүйл хийе гэж бодсон. Би Увс аймгийнхаа төлөө юм хийх ёстой. Удмаараа тэр нутаг амьдарсан болохоор нутагтаа бид өртэй хүмүүс. Ачийг нь хариулах ёстой гэж бодоод нутгийнхаа талаар гэрэл зургийн цомог гаргахаар болсон.
–Увс аймаг Байгалийн үзэсгэлэнт газар олонтой үнэхээр сайхан нутаг шүү?
-Бориг дэлийн элс, Хяргасын тал, Өмнөговийн тал, Хан хөхийн нуруу, Алтан хөхийн нуруу, Хархираа Түргэний уулс, Увс, Хяргас, Ачит, Шаазгай, Хар-Ус нуур, гээд тэр чигээрээ говь, хангайн бүс, мөнх цаст уул гээд ер нь байгалийн бүх бүс бүслүүр бүгд байдаг иж бүрэн байгалийн сайхан цогцолсон нутаг да.
Нутгаараа явж байхдаа ирвэс гэдэг амьтныг олж харсан. Тэгээд л ирвэсийн хойноос болон Увс аймгийн тухай гэрэл зургийн цомог гаргах гэж 3 жил явсан аялал, амьдрал, ажлынхаа мөрөөр Увс аймгийн тухай “Гурван жил ганц агшин” гэдэг баримтад киног хийсэн. Ард иргэд, нутаг усныхан маань минь үзсэн байх.
Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар гишүүн Д.Дорлигжав дарга, Ч.Бямбаа ах, дэд сайд асан Д.Нямхүү гээд маш олон хүмүүс л надад “баярлалаа” гэж хэлсэн. Надад өнөөдөр улс төр хамаагүй. Нутгийн хүмүүс надруу яриад баяр хүргэхэд нь би маш их баярласан. Хүний сэтгэл гэдэг чухал. Хүмүүс биеэ биш сэтгэлээ үнэлж сураасай гэж боддог.
–Гурван жил нутгаараа явж байхад нутгийнхан чинь сайхан хүлээж авч байгаа биз?
Нутгийнхаа тухай номыг хийх гээд тэнэж явахдаа машинтайгаа онхолдсон. Гэтэл машиныг маань намайг танихгүй нутгийн иргэд маань янзалж өгсөн. Энэ мэтээр надад туслаж байсан нутгийн ардын сэтгэлээс л би ухаарлыг олж харсан. Би ирвэсийн хойноос явж байхдаа дахин давтагдахгүй байгалийг харж байлаа. Голын зэрлэг гахайг зурган дээрээс л харж байсан. Гэтэл уулын зэрлэг гахай, хойлог, тас шувууг хажуунаас нь харлаа. Аргал янгирын зургийг дэргэдээс нь авч байлаа. Аргалыг цааш явж байхад нь байгаль хамгаалагч Р.Мандах гээд хүн хойноос нь яг аргал шиг майлаад л зогсоочихно. Тэр үед би зургийг нь дарсан. Ямаатын савдаг гээд хочтой Б.Эрдэнэбаатар гэж байгаль хамгаалагч хүн бий. Тэр “Би ирвэс рүү мессеж биччихсэн өнөөдөр ирвэсээ харна” гээд хэлж байсан. Үнэхээр мөрийг нь дагаж явж байгаад, зурганд буулгасан. Баяндүүрэн гээд нэг ах маань байна. 3 жил Увс аймгаар явахдаа танилцсан миний хуурай ах минь. Тэр хүний сэтгэл гэж. Өөрөөсөө харамлан байж намайг ирлээ гээд бөөн баяр хөөр болон машины түлшний сав дүүргээд өгнө. Заавал гэртээ хонуулна. Гэргий нь гэж миний ээжтэй минь адил намайг асран хооллон, хоймрийнхоо орыг засаад өгнө. Энэ мэт агуу сэтгэлтэй хүмүүс их байдаг юм байна лээ. Нутгийнхаа төлөө явж байгаа миний сэтгэлийг ойлгоод нутаг усныхан маань маш их тусалж байсан. Гурван жилийн хугацаанд Увсын бүх сумаар явсныг хүчинд цомог бэлэн болсон байгаа.
–Олон үндэстний нутаг шүү. Тухайн нутгийн ард түмэн үндэстнийхээ эд зүйлсийг хэрэглэж байх юм уу?
-Нутгийн өв соёл ёс заншлыг харуулсан зураг бараг авч чадаагүй. Үндэсний хувцастай хүмүүс бараг байхгүй болсон юм билээ. Тэс суманд баяд айлд очсон. Настай эмээ хүртэл үндэстнийхээ хувцасыг өмсөөгүй байсан. Баядын дөрвөн суманд наадам хийж соёлыг нь сэргээе гэсэн. Даанч чадаагүй. Би дөрвөд хүн. Тиймээс үндэс угсаагаа сэргээх зүйл хийе гэж бодсон.
Хэлээ түүхээ соёлоо мартсан хүмүүс сөнөсөнтэй адилхан. Энэ тухайгаа хүмүүстэй ярилцаад явахад Увс аймгийн хөгжимт драмын театрын Лхагва гэж хүнтэй учирсан. Лхагва ах тэгтэл энд “Хөгсүү” Төрийн бус байгууллага байдаг юм бидний сэтгэл зүрхтэй хэдэн хүн нийлж байгулсан юм гээд Санжсүрэн Норов Лийлаа гэсэн хүмүүстэй уулзуулсан.
Тэдгээр хүмүүстэй хамтраад “Ойрд Монголын холбоо” байгуулсан. Нэрээ авах гээд Ц.Нямдорж сайдын өрөөнд орлоо. Тэр үед Ц.Нямдорж сайд Хууль зүйн сайд хийж байсан болхоор хурдхан бүртгүүлэх гэж л уулзаж ярилцсан юм. Ер нь Ц.Нямдорж сайд бодитоор юм хийгээд явж байгаад хүнийг дэмждэг хүн юм байна лээ. Увсын төлөө юм хийгээд явахад Ц.Нямдорж сайд анх дэмжсэн хүн. Тэгсэн Ц.Нямдорж сайд Ойрад Монголын холбоог Баянаа аварга байгуулаад ерөнхийлөгчөөр ажилладаг, тэгхээр нэр давхардахгүй үүднээс өөр нэр тодотгоод өг гэсэн. Тэгээд л Ойрад Монголын “Их хөгсүү” холбоо гэж нэрлэсэн.
Таны хувьд үндэсний Бий биелгээг Геннисийн номонд бүртгүүлэх талаар их ярьж, хэлж байгаа шүү дээ. Энэ талаараа яриач?
Монголын агуу урлаг, ёс заншил, өв соёл, түүхтэй Монгол улсын иргэн болсноороо, Монгол хүн болж хорвоод мэндэлснээрээ, энэхүү Монголын язгуур урлаг өв соёлоос суралцсан сургалтанд хамрагдагсад азтай хүмүүстээ Монгол гэсэн бахархам, Монгол гэсэн омогшил, “Би агуу Монгол улсын, гайхамшигт Монгол хүмүүн” гэсэн итгэл сэтгэлийг би хүмүүст өгөхийг зорьдог.
Монгол улсыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд МУ-ын Засгын газрын 2012-2013 оны төлөвлөгөөнд тусгагдсан ССАЖЯ, БШУЯ-аас хамтран хэрэгжүүлж буй, Ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгаас удирдан, зохион байгуулсан Ардын өв соёл, ёс заншил, язгуур урлагийн тухай ерөнхий ойлголт өгөх зорилготой “Бий биелгээний шавь сургалт“-ыг Монгол улсын 21 аймаг 315 сум, Нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгүүдийн 15347 хүн, хүүхдэд үнэ төлбөргүйгээр зааж сургалаа. Аливаа улсын өв, соёл, хэл, үндэсний хувцас, үндэсний урлаг мартагдаж устаж үгүй болбол тухайн улс орныг сөнөсөнтэй адил гэж үздэг шүү дээ.
- Хүүхэд, залуучууд гадаадыг тахин шүтэж, монголынхоо өв соёлыг мартагнаад байх шиг санагддаг?
Одоогийн нийгэмд залуу хойч үе маань Монголынхоо өв соёлыг мартаж, гадны өв соёлыг тахин шүтэж байгаа нь улс орны тусгаар тогтнолын асуудалд аюул занал учруулах хэмжээнд хүрч байгаа тул хүүхдүүдэд Монгол гэсэн омогшил, Монгол гэсэн бахархал төрүүлэх, Монголын өв соёл, ёс заншил, үндэсний хувцас, ардын язгуур урлаг ямар гайхамшигтай гэдгийг таниулах, ухааруулах, ойлгуулах зайлшгүй шаардлагатай байгаа учраас энэхүү шавь сургалтыг үр дүнтэй зохион байгууллаа. Ардын урлаг нь хүүхдийг төлөв томоотой, хүнлэг, энэрэнгүй, эх оронч үзэл сургаж, ахас дээдсээ сонсож, хүндлэх ардын ухааныг төлөвшүүлдэг агуу эрдэм ухаан тул хүүхэд багачууддаа зөв ойлголт өгч, ардын урлагаар хичээллэх дур сонирхолыг нь өдөөж өгөхөд тодорхой хувь нэмрээ оруулсан гэдэгт итгэлтэй байна.
“Бий биелгээний шавь сургалт“-ыг явуулсан зорилго хэр бүтэмжтэй байна вэ?
Зорилго амжилттай хэрэгжиж, сургалтын үр дүнд Төв, Увс, Баянхонгор, Дорнод, Өвөрхангай, Дархан-Уул аймгууд аймгийнхаа баяр наадмаар тус бүр 1000 бийлээч бэлдэж оролцуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Баянхонгор, Увс зэрэг аймгууд өглөө бүр аймгийнхаа хөдөлмөрчдийн дунд 30 минутын гимнастик дасгалын оронд Бий бийлгээ хийлгэж хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө, ардын язгуур урлагаа хадгалан хамгаалахын төлөө, өв соёлоосоо суралцахын төлөө тусгай хөтөлбөр гарган ажиллаж байгаад сэтгэл хангалуун байна.
Улсын хэмжээнд 40 гаруй сургууль хичээлийн эхэнд болон их завсарлага, хичээл тарах үеэрээ хүүхдүүдээ 15 минут бий бийлгээ хийлгэж эхэлсэн нь энэхүү сургалтын бас нэг онцлог давуу тал байлаа.
Ер нь гимнастик хийхэд 2000 орчим хөдөлгөөн шаардагддаг бол бий бийлгээ хийхэд 4000 орчим хөдөлгөөн ордог тул дээрхи арга хэмжээг бүх сургууль, албан байгууллагаар хийж хэвших уриалга санал гаргахаар төлөвлөж байна.
–Бий биелгээг Геннисийн номонд хэзээ бүртгүүлэх вэ?
-Сургалтанд хамрагдагсдаас болон ардын авъяастнуудаас шигшэн Улсын баяр наадмын нээлтийн арга хэмжээнд 5000 бий биелээчид оролцсон бийлгээний цоморлиг бүхий урлагийн тоглолт зохион байгуулах бөгөөд энэхүү арга хэмжээгээ Гиннесийн номонд бүртгүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Гиннесийн номонд Бий бийлгээг бүртгүүлсэнээр Монгол улсаа гадаад орнуудад сурталчлах, гадны жуулчдыг татах, бий бийлгээг залуу хойч үедээ зөвөөр ойлгуулж, таниулж, хичээллэх урам зориг өгөх ач холбогдолтой юм.
–Буриадууд “Алтаргана” наадмыг олон жил сайхан зохион байгуулж байна. Өв уламжлал, түүх соёлын хувьд маш том үйл ажиллагаа шүү?
-Буриадууд нэг л ястан. Харин Ойрад Монголчууд маань 13 ястантай. Ойрад чинь Буриадаас илүү өвтэй соёлтой, ёс заншилтай, түүхтэй ард түмэн. Тийм том үндэстэн байж өөрсдийн гэсэн наадмыг хийж яагаад болохгүй гэж.
Ингээд 2010 онд 500 гаруй хүн цуглуулаад Ойрад Түмний урлаг соёлын анхдугаар наадмаа хийсэн. Гэтэл хүмүүс Өнөрөө “Их хөгсүү”-гээр далимдуулж улс төрд орж байна гэж харсан. Би улс төр сонирхдоггүй гэдгээ хэлсэн хэн ч итгээгүй. Улс төр гэж харж байсан болохоор бүх хүмүүс энэ арга хэмжэээнд орохоос зугтсан. Сүүлдээ Ц.Нямдорж дарга руу ярихад “Би эмнэлэгт хэвтэж байна. Нутгийн зөвлөлийн даргын ажлаа Чойжилсүрэнд өгчихсөн байгаа. Түүн рүү ярь, би хэлээдхье” гэсэн. Харин яг наадмын үеэр Чойжилсүрэн гишүүн ирчихсэн ойрад түмний нэг нь болоод зогсож байсанд баярласан. Наадам ч сайхан болсон бүх зүйл дууссаны дараа хүн болгон өөрөөр харсан. Ийм зүйл хийх байсан бол би оролцох байсан гэж олон хүн хэлсэн дээ.
–Тэр наадмыг зохион байгуулахад чамгүй л мөнгө ордог байх. Та хаанаас санхүүгээ босгов?
-Анхны наадмаа би байраа зараад хийсэн юм. Яахав тэр үед надад хүн туслаагүй ч би зорьсоноо хийж чадсан. Одоо “Их хөгсүү” холбооноос ардын язгуурын бий биелгээний сургалтыг улс орны хэмжээнд явууллаа. Үүнийг хамгийн түрүүнд дэмжсэн хүн бол Л.Гантөмөр сайд, Ц.Оюунгэрэл сайд. Одоо би Монгол улсынхаа төлөө юм хийе гэж бодож байна.
–Төрөөс таны ажлыг дэмжиж байна гэсэн үг үү?
-Дэмжиж байна аа. Ц.Оюунгэрэл сайдад хандсан “бүх зүйлээр дэмжинэ” гэдгээ хэлсэн. Тийм болохоор итгэл аваад юм хийж эхэлсэн.
13-р зууны дээлийг би таван жилийн өмнө эрдэмтэн хүнээр судлуулаад хийлгэж Дээлтэй монгол наадамд анх өмсөж байлаа. Тэр цагаас хойш хүмүүс хийлгэж өмсдөг болсонд би баяртай байдаг юм. Хүмүүс “Та энэ дээлээ патентжуулаач ээ, өөр хүмүүсийн нэрээр нэрлэгдээд таныг анхлан хийсэн гэж хэн ч мэдэхгүй байна ш дээ” гэсэн. Уул нь анхлан сэргээсэн, хийлгэж олны хүртээл болгосон хүн нь би боловч Монголчуудын маань үндэсний дээл болохоос миний болон өөр хэн нэгний өмч бишээ л гэсэн.
Сүүлд суран малгайг анхлан сэргээж хийлгэж өмсөж байна даа. Суран малгайг хэн ч өмсдөггүй байсан. Нүүдэлчин ард түмэн малаа маллаад, малынхаа арьс ширээр дээлээ хийж өмсдөг бүх юмаа хэрэглэдэг байсан. Гэтэл хүмүүс намайг ”Толгой дээрээ сур тавиад тэнэг юмуу” гэж олон хүн намайг доромжилсон. Хамаагүй, харин ч тэр хүмүүс Монголынхоо өв соёлыг мэдэхгүйдээ надаас тэнэг байгаа байхгүй юу даа. Суран бүс гэж бий. Гэхдээ одоогийн хэрэглэж байгаа суран бүс биш. Ямар ч төмөр оруулахгүйгээр суран бүс хийлгэсэн.
–Ер нь үндэсний өв соёл алдагдсан. Гэхдээ нэг үеэ бодвол сэргээх гэсэн хүн олон болж?
-Аргагүй шүү дээ. Юнескод биет бус Монголын найман өв бүртгэгдсэн гэдгийг дунд сургуулийн дуу хөгжмийнх нь багш хүртэл мэдэхгүй байна. Гэтэл шүтээд байгаа тэр Америкад ямар ч бахархал алга. Польшд болсон олон улсын их наадамд оролцоход бидний өмссөн хувцасыг бүгд шагширч байсан. Хаанаас ирсэн хүмүүс бэ, ямар гоё хувцас вэ гээд барьж үзэж байна. Харин одоо би Монголын төлөө нэг том гайхамшигтай зүйл хийж байгаа. Юун Хятадын Цагаан хэрэм. Дэлхийн долоо гайхамшигаас ч илүү зүйл. Гэхдээ үүнийг би нууцална. –Монголчуудын хэлдгээр “зөв үйл” хийж яваа хүн байна. Эцэст нь асуухад таны хэлэх дуртай үг.
-Одоо цагт хүмүүс бүх талаар бие үнэлдэг болжээ. Сэтгэлийн үнэ цэнийг мэдэрдэг ойлгодог хүн бараг алгуу даа гэж бодогддог. Өөрт л ашиггүй бол юуг ч хайхрахаа больсон юм шиг санагддаг. Уул нь сэтгэл байвал бусад нь болдог доо. Даанч…. тийм болохоор би хүмүүст “Хүмүүсээ бие бус сэтгэлээ үнэл”…. гэж л захимаар байна. Бас бусдыг хүндэл, дандаа инээж яв гэж л хэлэх байна даа.