“Тавилан”, “Гурван долоо хоног”, “Чи нэг нь”, “Дурлалд тавтай морилно уу” зэрэг кинонуудаараа олон танигдсан жүжигчин бол Ч. Ундрал.
Тэрбээр 2010 онд “Hero” энтертайнментын бүтээсэн “Татаар ажиллагаа” кинонд гол дүрийн залуу болох Тайванаагийн эхнэр Хандаагийн дүрд тоглосныхоо дараа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалгасан билээ.
Жүжигчин бүсгүй “Би чамд хайртай-2” -2009 он, “Луйвар” -2014,“Тэртээх ертөнцийн хөгжимчин ” -2014, “Ээжээ надтай гэрлээч” -2014, “Урилга” -2016 зэрэг онуудад тоглосон юм.
Тэгвэл 2016 оноос хойш уран бүтээлээсээ түр хөндийрч нам жим амьдарсан МУСТА Ч. Ундрал Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Духан буюу Ан Жэмутай хамтран Монгол, Буриад, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The Woman” киноны гол дүрд тоглож эхэлжээ. “The Woman” киноны зураг авалт Ховд аймагт хийгдсэн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж өөрийн фэйсбүүк хуудаснаа ” Миний нутагт аав ээжийн минь шүтэж ирсэн овооны дэргэд Монгол, Солонгос, Буриад улсын хамтарсан “The Woman” нэртэй кино зураг авалт хийж байна. Солонгос шувуу судлаач Ан Жэму (Ким Духан) Монголд төөрч нөхөр нь өнгөрсөн, хадам самгантайгаа амьдардаг жирийн малчин эмэгтэй Ундралын гэрт золоор олж очин амь аврагдан амьдрахдаа Монгол эмэгтэйчүүдийн ёс заншил, жудаг, амьдрах ухаан, тэвчээр, хүнлэг сэтгэл, амьдралын төлөө зүтгэлийг биширч, нүүдэлч Монголчуудын өв соёлоо одоог хүртэл тээж явааг кинондоо харуулахыг зорьжээ. Баатархайрхан, Босгын овоо, Хавцлын нуур, Улиастай, Алтан тээлийн хөндий гайхалтай нутгийг минь олон улсын кино фестивальд сойх кинондоо оруулсан уран бүтээлчиддээ талархахын ялдамд амжилт хүсье” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.
Г.Нараа