Сталины нийтлэгдээгүй нууц үг

download1941 оны тавдугаар сарын 5-нд цэргийн академи төгсөгчдөд зориулсан хүлээн авалт Кремльд болж, энэ үеэр Сталин үг хэлсэн бөгөөд хожим нь энэ үгийг нийтлээгүй байна.

Жолоодогчийн хүлээн авалт

Цэргийн элитүүдийн өмнө Сталины хэлсэн үг нь улс орон, армийн амьдралд ямагт чухал үйл явдал болж байжээ. Өмнө нь намын тэргүүн 1935 оны тавдугаар сарын 4-нд нэгэн зүйлийг хэлжээ.1941 ондолон хүн тэдний сэтгэлийг эзэмдэж байсан олон асуултад жолоодогчоос хариулт авна хэмээн найдаж байсан хэрэг. Энэ найдлага нь ч олон талаар биелжээ.

Сталин 40 минут орчим үг хэлсэн байна. Улс орны тэргүүн армийн асуудлыг сайн мэдэж, цэргийн техникийн асуудлыг ойлгож, цаас харалгүйгээр тоо, баримтыг чөлөөтэй дурдаж, их бууны калибр, их бууны сумны эхний хурд, танкны хуягны зузаан, сөнөөгч болон бөмбөгдөгч нисэх онгоцны нислэгийн хурдыг дурдаж байжээ. Сталин хэлсэн үг, бичсэн өгүүлэлдээ байнга харьцуулалт хийдэг байсан юм (манайд түрүүнд нь ямар байсан, одоо ийм болоод байна г.м.). Энэ удаа ч тэр бас л ийм харьцуулалт хийсэнбайна.

“…3-4 жилийн өмнө Улаан арми ямар байсан бэ? Цэргийн гол төрөл нь явган цэрэг байлаа. Тэд винтов буу, гар болон суурин пулемёт, гаубиц болон сум нь эхний үед секундэд 900 метрийн хурдтай байсан их буугаар зэвсэглэж байсан. Нисэх онгоцууд цагт 400-450 км хурдтай байлаа. Танкууд 37 мм-ийн их бууны сумыг тэсвэрлэж чадах нимгэн хуягтай байлаа. Манай нэг дивиз 18 мянга хүртэл цэрэгтэй байсан ч, энэ нь түүний хүчний үзүүлэлт бас биш байлаа…Урьд нь Улаан арми 120 дивизтэй байсан. Одоо манай арми 300 дивизтэй байна.

Дивизүүдийн бие бүрэлдэхүүний тоо цөөрч, харин хөдөлгөөнт байдал нь сайжирлаа. Нийт дивизээс 1/3 нь механикжуулсан дивиз байна. 100 дивизээс 2/3 нь танкийн, 1/3 нь моторжуулсан дивиз байна. Арми энэ жил 500 мянган трактор, ачааны машинтай болно. Фронтыг сэтлэх тэргүүн шугамын танкууд манайд бий. 2-3 дугаар эгнээний танк буюу явган цэргийг дагалдах танкууд байна. Танкуудын галын хүч нэмэгдлээ”.

Цааш нь Сталин их буу, нисэх хүчний тухай мөн л ийм харьцуулалт хийж ярьсан байна. Гэвч хэлсэн үгийнхээ энэ хэсэгт жолоодогч үнэн, худал мэдээллийг хольж хутгажээ. 1941 онд Улаан арми үнэхээр 303 дивизтэй байсан байна. Тэр энэ нууц тоог хэлснээр, академи төгсөгчдөд онцгой итгэж байгаагаа харуулсан хэрэг юм. 92 (1ОО биш) танкийн болон механикжуулсан дивиз байжээ.

Сталин сүүлийн жилүүдэд армид асар их өөрчлөлт гарсныг онцлон тэмдэглэхийг бодохдоо, байдлыг зарим талаар нэлээд будаж гоодсон байна. Жолоодогч орчин үеийн техник хангалттай бий гэж хэлэхдээ, Улаан армийн ялагдашгүй гэдгийг цугларагсдад итгүүлэхийг эрмэлзсэн хэрэг.

Үнэхээр зөвлөлтийн зохион бүтээгчид дэлхийд шилдэгт орох хүнд танкууд бүтээсэн бөгөөд эдгээрийг бөөнөөр нь үйлдвэрлэж эхэлсэн байна. Гэвч 1941 оны зургаадугаар сарын 1 гэхэд цэргийн ангиудад ийм танкууд ердөө 1861 байсан нь байлдааны 18691 нэгжтэй байсан танкийн нийт паркийн 10 хувь байжээ. Механикжуулсан корпусын 2/3 нь гуравдугаар сард л байгуулагдаж эхэлсэн бөгөөд шаардлагатай байлдааны техник авч, бие бүрэлдэхүүнээ сургаж амжаагүй байжээ.

Армийн тухай

Сталин хэлсэн үгийнхээ нэлээд хэсгийг Дэлхийн хоёрдугаар дайн эхэлснээс хойшхи Европын байдлыг тайлбарлахад зориулж, энэ мэдээллийг доод тушаалтнууддаа хүргэхийг “академийнханд” зөвлөж байжээ.

Германчууд Дэлхийн нэгдүгээр дайнд хүлээсэн ялагдлаасаа зөв дүгнэлт хийж, цэргийн шинжлэх ухааныг амжилттай хөгжүүлж, армиа шинэчлэн зэвсэглэж, дайн хийх шинэ арга эзэмшсэнд Германы цэргийн амжилтын шалтгаан оршиж байна гэж тэр хэлжээ.

Харин франц, англичууд 1918 оны ялалтынхаа дараа тайвширч, энэ хоёр орны арми төр, ард түмний дэмжлэг хүлээж байгаагүй нь 1940 онд цэргийн сүйрэлд хүрсэн гэж тэр үзсэн байна.

Хоёрдугаар фронт байгаагүйг Гитлер ялалт байгуулах нэг нэн чухал шалтгаан байсныг Сталин дурджээ. “1870 онд германчууд францчуудыг бутцохисон юм. Яагаад? Нэг фронтод байлдаж байснаас тэр. Германчууд 1916-17 онд ялагдал хүлээсэн. Яагаад? Хоёр фронтод байлдаж байснаас тэр.

Английг бүрэн бут цохих юмуу түүнтэй найрамдлын гэрээ байгуулах хүртэл Гитлер ЗСБНХУ-д халдаж зүрхлэхгүй байжээ гэсэн дүгнэлт зүй ёсоор гарч ирж байв. Учир нь 1941 он гэхэд Гитлер өөрийн бүх дайсныг төвөггүй бутцохисон бөгөөдянз бүрийн орны олон улс төрч, сэтгүүлч германы арми ялагдашгүй хэмээн ярьж эхэлсэн юм. “Германы арми үнэхээр ялагдашгүй юү?” гэж Сталин асуугаад, “Тийм биш” гэж өөрөө өөртөө хариулсан байна.

Дэлхийд ялагдашгүй арми гэж байхгүй, байгаа ч үгүй. Шилдэг, сайн болон сул арми гэж бий… Цэргийн үүднээс авч үзвэл, германы армид танк, их буу, нисэх хүчний аль алинд онцгой зүйл огт байхгүй. Үүнээс гадна, германы армид бардамнах, биеэ тоох, сайрхах бодол бий болсон юм”.

ЗХУ-ын баатар, армийн генерал Лященкогийн хэлснээр, ЗСБНХУ Германы түрэмгий үйл ажиллагааг буруушааж байгаа бөгөөд тус улсад стратегийн түүхий эд болон тариа нийлүүлэхээ зогсоосон нь бодит байдалд нийцээгүй юм гэж Сталин “академийнханд” тайлбарлажээ.

Гитлертэй дайтах нь гарцаагүй гэж Сталин дараа нь хэлээд, хэрвээ Молотов болон түүний ардын комиссарын газрын аппарат дайн эхлэхийг хоёр-гурван сараар хойшлуулж чадвал, бидний аз болох нь тэр.

Хэрвээ 1941 оны зун цэргийн мөргөлдөөн болохоос зайлсхийж чадвал, намрын шавар шавхай, хүйтэн өвөл болон хаврын муу замын нөхцөлд Оросын эсрэг дайн хийх асар их хүндрэлийг харгалзан үзсэнээр Гитлер ЗСБНХУ-д халдаж чадахгүй байсан нь мэдээж. Тиймээс дайн 1942 оны тавдугаар сар хүртэл шууд хойшлогдож, тэр үе гэхэд байлдааны шинэ техник авсан Улаан арми дайсныг бэлтгэлтэй угтах байсан хэрэг.

Дайны төлөө хундага өргөжээ

Албан ёсны хэсэг дууссаны дараа бүх оролцогчийг дайллагад орохыг урьсан байна. Боржин танхим, Георгийн болон бусад танхимд тус бүр нь 20 хүний суудалтай ширээ зассан байжээ. “Акамемичдын” зэрэгцээ ширээний булан болгонд НКВД-гийн офицер сууж, архи дарс эс ууж, харин бусдын ярихыг сонсож байсан байна. Ширээнүүдэд улаан болон хар түрс, хулд загасны мах,янз бүрийн тансаг идээ, салат өрсөн байжээ.

Хойно хойноос нь ерөөлийн хундага өргөж байжээ. Сталин сургууль ном дууссанд академи төгсөгчдөд баяр хүргээд, морьт цэрэг, нисэх хүчин, танкийн болон явган цэрэг, холбооныхны эрүүл мэндийн төлөө хэд хэдэн удаа хундага өргөсөн байна.

Бүх хүний сэтгэл санаа хөөрсөн шөнө дундаас хойшхон нэг генерал энх тайванч бодлогын төлөө, энэ бодлогыг боловсруулагч Сталины төлөө хундага өргөсөн байна.

Жолоодогч дургүйцсэн байдалтайгаар гараа савласан нь бүх хүний хувьд санаандгүй явдал болжээ. Бүгд л учраа олохгүй гайхацгаасан байна. Энэ дайллагад оролцогч Энвер Муратовын хагас зуун жилийн дараа дурсан ярьснаар, Сталин маш их уурлаж, бага зэрэг ээрч, түүний гүрж аялга маш тод сонсогдож байжээ.

“Энэ генерал юу ч ойлгосонгүй. Бид дайныг эсэргүүцэгчид биш, харин коммунистууд, би шударга бус дайн, империалист дайныг ямагт эсэргүүцэж, шударга дайн, эрх чөлөө, улс түмний тусгаар тогтнолын төлөө ямагт тэмцэж ирсэн.

Герман манай социалист улсыг устгаж, зөвлөлтийн сая сая хүн ардыг хөнөөж, харин амьд үлдсэнийг нь боол болгохоор санаархаж байна. Фашистын Германтай дайтаж, энэ дайнд ялснаар л манай эх орныг аварч чадна. Дайны төлөө, энэ дайнд ялахын төлөө уухыг би ерөөж байна”.

Сталин 1941 оны зун Германд халдах бодолтой байжээ гэдгийг зарим судлаач энэ үгнээс олж харжээ. Ийм тайлбарыг зөвшөөрөхгүй байх аргагүй юм. Долдугаар сард дайсанд халдахын тулд бүр тав-зургаадугаар сард бүх нийтийн дайчилгаа явуулж, дайснаас тооны хувьд давуу цэргийн давшилтын бүлэглэлийг баруун хилд байгуулж, давшилтын ажиллагааны нарийн төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй байжээ.

Эдгээр зорилтын нэг нь ч биелээгүй юм. Бүх нийтийн дайчилгаа явуулаагүй, хил орчмын тойргуудын цэрэг дайсныхаас бараг хоёр дахин цөөн (5,5 сая ба 2,9 сая) байсан ч, танк, нисэх онгоцоор давуу байжээ.

Төлөвлөгөө боловсруулах тухайд гэвэл, 1941 оны тавдугаар сарын 15-нд Жанжин штаб стратегийн төлөвлөгөөний ээлжит хувилбарыг засгийн газарт оруулж, германы дивизүүд хилийн ойролцоо бөөгнөрөн, ямар ч үед гэнэтийн цохилт өгч болохыг тэмдэглэсэн байна.

“Үүнээс сэрэмжлэхийн тулд германы командлалд үйл ажиллагаа явуулах шалтаг огт өгөхгүй байх хэрэгтэй хэмээн үзэж байна” гэж баримт бичигт дурджээ. Сталин сэрэмжлүүлэх цохилт өгөх санааг эрс няцаагаад, давшилтын ажиллагаанд шилжих саналыг Тимошенко тавихад: “дэлхийн бүх сонин хэвлэлд бичиж байгаачлан, германы армийн ялагдашгүй байдлын тухай биш, харин бидний ялалтын тухай бодохыг энд байгаа хүмүүст би хэлж байна” гэж тайлбарлажээ.

Бүх нийтийн дайчилгаа явуулж, хил орчмын тойргуудын цэргийг байлдлааны бэлэн байдалд оруулахыг Сталин хориглоод, “Хэрвээ та нар хил дээр германчуудыг оролдож, бидний зөвшөөрөлгүйгээр цэрэг хөдөлгөвөл, та нарын толгой мөрөн дээрээсээ үсэрнэ гэдгийг санаарай” хэмээн Тимощенко, Жуков хоёрт сануулжээ. Тийнхүү, цэргийнхний санал болгосон шаардлагатай арга хэмжээг огт аваагүй байна.

С.Инда

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …