Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээ энэ сарын 1-3-ны өдрүүдэд боллоо. Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчиллаа. Айлчлалын хоёр дахь өдөр/05.02/-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан Сөүл хотод байрлах Монгол сургуульд очин сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй нийслэлийн удирдлагууд БНСУ дахь Монгол сургууль, соёлын төвөөр зочилж сургуулийн үүсгэн байгуулагч, удирдлага, монгол хүүхдүүдтэйгээ уулзаж өөрийн биеэр талархлаа илэрхийлж буйд тун таатай байгаагаа илэрхийлж байсан юм.
“БНСУ-д ажиллаж амьдарч байгаа гучаад мянган монгол иргэний хувьд хамгийн чухал зүйл бол хүүхдүүдийн боловсролын асуудал юм. Анх энэ сургуулийг найман сурагчтай үүсгэн байгуулж байсан бол одоо 140 хүүхэд суралцаж дэлхийн хэмжээний боловсрол эзэмшиж байгаад баяртай байна. Монгол сургуулийн сурагч хүүхдүүдийнхээ урлагийн тоглолтыг үзээд манай монгол хүүхдүүд хоёр орны соёлыг эзэмшиж, сурч боловсорч байгааг хараад бахархаж суулаа. Энд суралцаж байгаа хүүхдүүд ирээдүйн монгол улсыг хөгжүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хотын дарга Э.Бат-Үүл онцолсон юм. Мөн энэ үеэр Сөүл хот дахь Монгол сургуулийн багш нарт “Нийслэлийн 375 жилийн ойн баярын хүндэт медаль”-ийг гардуулж, шилдэг сурагчдыг шагнаж урамшуулсан юм. Сөүл хот дахь Монгол сургуульд нийтдээ 140 хүүхэд суралцдаг бөгөөд сургууль нь дотуур байртай тул БНСУ-ын аль ч хотоос ирж суралцах боломжтой гэдгийг сургуулийн багш нар онцолж байсан юм. “БНСУ-д багшлах эх орондоо багшлах хоёр багагүй ялгаатай. Учир нь солонгос хэлээр яриад сурчихсан хүүхдүүдэд монгол хэл зааж, эх орныхоо түүх соёлыг таниулахад багагүй хүндрэл учирдаг. Манай сургууль бол Боловсрол шинжлэх ухааны яамнаас туслалцаа үзүүлэн хичээлийн сурах бичгийг үнэ төлбөргүй өгдөг. Хүүхдүүдэд эх хэлээ сайтар суралцах, түүх, соёл, уламжлалаа сурч монголоороо бахархах сэтгэлтэй хүн болгон төлөвшүүлэхэд багагүй анхаарч, чармайж ажиллаж байна” гэж тус сургуулийн багш Б.Мөнгөнцэцэг ярьж байлаа.
“Би наймдугаар ангиасаа Сөүл дахь Монгол сургуульд суралцаж эхэлсэн. Монгол сургуулийн тухайд зааж байгаа хичээлүүд, сургалтын орчин нь манай улсын Ерөнхий боловсролын сургуулиудтай тун ижил төстэй. Гадаадад амьдарч, суралцаж байгаа хүүхдүүдийг эх хэл, ёс заншил, урлаг, түүхээ мартах вий гэсэн айдас монголчуудад байдаг нь ташаа ойлголт юм гэдгийг хэлмээр байна. Учир нь бидний тухайд жил бүр “Монголын нууц товчоо”-г хэн сайн мэдэх вэ, бүжиг, дууны тэмцээн гээд цөөнгүй арга хэмжээг зохион байгуулдаг” гэж сургуулийн шилдэг сурагч Б.Мягмардулам гэсэн юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.