Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси төрийн тэргүүнээр ажиллаад яг нэг жил боллоо. Энэ хугацаанд тус улсад олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээ нэмэгдэж, түүнийг огцрохыг шаардах болов. Өнөөдөр хэмжээлшгүй эрхт Мубаракийг засгийн эрхээс буусанд баярлаж байсан ардчилсан үзэлтэй египетчүүд тэр цаг үеэ ч эргэн санахад хүнд болжээ.
Харамсалтай нь Ерөнхийлөгчийг дэмжиж байсан “Muslim Brotherhood” буюу “Лалын шашинт ахан дүүс”-ийн байдал ч тун таагүй байна. Тэд гудамжинд хэдэн арван мянгаараа гарч жагссан ч Мурсиг шантрахгүй байх хэмээн таамаглаж байв.
Ер нь Мурсигийн улстөрийн намтрыг харахад үнэхээр ард олондоо хүлээн зөвшөөрөгдөх Ерөнхийлөгч байж чадахааргүй аж.
Мухаммед Мурси ялалт байгуулаагүй
Мухаммед Мурси Исса эль-Аят нь 1952 оны наймдугаар сарын 20-нд Шаркия мужид төрсөн. Түүний блиц анкетаас үзэхэд Каирын их сургуульд инженерийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, Өмнөд Калифорнийн их сургуульд техникийн шинжлэх ухааны доктор болжээ. Мурси улстөрийн карьераа Сионизмыг эсэргүүцэх комиссын гишүүнээр эхэлж байсан аж. Тэрбээр 2000 онд Египетийн “Лалын шашинт ахан дүүс” цуглааны гишүүнээр сонгогдож, улмаар 2005 онд болсон хамгийн сүүлчийн Ардын хурлын сонгуулиар олонхын санал авсан ч хоёр дахь шатны дараа өрсөлдөгчдөө нам тавиулсан байна.
2000-2005 онд Мухаммед Мурси парламентын хамгийн идэвхтэй гишүүнд тооцогдож байв. “Лалын шашинт ах дүүс” хөдөлгөөнд багтдаг Эрх чөлөө, шударга ёс нам 2012 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Хайрат-эль-Шатерыг нэр дэвшүүлсэн. Гэсэн ч 2012 оны дөрөвдүгээр сарын 7-нд Мурси түүний “нөөц” болжээ. Энэ бол эль-Шатерт хууль зүйн ямар нэгэн саад тотгор үүсвэл нөөц хүч гэсэн үг. 2012 оны дөрөвдүгээр сарын 17-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн хороо эль-Шатерыг бусад есөн нэр дэвшигчийн хамт Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээс хассан.
Ингээд л Мохаммед Мурси Эрх чөлөө, шударга ёс намын үндсэн бөгөөд бүрэн эрхт нэр дэвшигч болжээ. Энэ дашрамд тэмдэглэхэд Мурси бусад хамтран зүтгэгчээ бодвол олон жил шоронд хоригдоогүй, мөрдлөг, тэмцлийн бай болж байгаагүй аж.
Мурсигийн ямар ч буулт хийдэггүй байдал намаа амжилт гаргахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Анх 40 байгууллагаас улстөрийн эвсэл бүрдэж байсан ч Мурси Эрх чөлөө, шударга ёс намын гишүүд олонхын суудал авсан гэж зүтгэсээр эвслийг нураасан. Үүний үр дүнд тэрбээр парламентын суудлын 47 хувьд ялалт байгуулж чаджээ.
Мэдээж Ерөнхийлөгчийн кампанит ажлын үеэр Мурси лалын тэргүүнүүд, хувьсгалч залуучуудтай өргөн хүрээг хамарсан уулзалт хийж, эмэгтэйчүүдийг “Засгийн газарт удирдах албан тушаалд томилно, хамтдаа засгийг удирдана” хэмээн амлаж байв. Гэвч Мурси сонгогдсон даруйдаа лалын хууль зүйтэй холбоотой зөвлөхүүдээр өөрийгөө хүрээлж, үзэл бодол нийлдэг хүмүүсээрээ кабинетаа дүүргэжээ.
Төр барих нэг жилийн хугацаанд юу хийв
Мурсиг дэмжиж байсан египетчүүд ардчилсан байдлаар сонгосон Ерөнхийлөгчөө олонхын үзэл санааг дэмжинэ гэж найдаж байв. Гэтэл Мухаммед Мурси нэг жил төр удирдахад амлалтаа биелүүлэх шинжгүй нь харагдаж байна. Түүний нам нас барсан эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орохыг хуульчлахыг оролдсон. “Лалын шашинт ахан дүүс”-ийнхэн хүний үндсэн эрхийг дээдэлнэ гэж мэдэгдэж байсан ч сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө эр нөхрүүдийг эхнэрээ нас барснаас хойш зургаан цагийн дотор цогцостой нь сексдэж болно гэсэн хууль гаргах гэж байв. Үнэхээр итгэмээргүй байгаа биз.
Мурсигийн нам Израилийг дэмжинэ гэж байв. Гэтэл Мухаммед Мурси сонгогдсоныхоо дараахан олны өмнө Ираны Ерөнхийлөгч, палестинчуудтай тааламжтай нь аргагүй гар барьж харагдсан. Түүнчлэн ардчиллыг хангаж, Засгийн газрыг шүүмжлэх эрхтэй гэсэн мөртлөө өнөөгийн дэглэмийг шог байдлаар илэрхийлсэн хошин шогийн жүжигчнийг баривчилсан, Египетийн эдийн засгийг тогтворжуулна гэсэн ч сонгогдсоных нь дараа улс орон даяар түлш, цахилгааны хомсдолд орж, барааны үнэ, ажилгүйдэл нэмэгдсэн гээд яривал урт түүх болно.
Мурси сонгуульд 51.7 хувийн ялалт байгуулж, төрийн тэргүүний суудалд залармагцаа наймдугаар сард цэргийнхний бүрэн эрхийг нэмэгдүүлж, Хосни Мубаракийн дэглэм унасны дараа төрийн тэргүүнд тооцогдож байсан фельдмаршал Хусейн Тантауиг улс орноосоо шахаж гаргасан.
Арванхоёдугаар сард Үүсгэн байгуулах хурал шинэ Үндсэн хуулийн төсөл танилцуулж, үүнийгээ олон нийтийн санал асуулгаар батлуулахыг хүссэн. Гэтэл сонгогчдын ирц хүрэлцээгүй, Египетэд улстөрийн хямрал нүүрлэсэн юм. 2013 оны нэгдүгээр сард бослогын хоёр жилийн ойн өмнө жагсагчид, цагдаа нарын дунд мөргөлдөөн гарч, 60 хүн амиа алджээ. Энэ оны тавдугаар сард сөрөг хүчнийхний шаардлагаар сайд нарын танхимын ажил зогссон. Зургаадугаар сард Египетийн Дээд шүүх хууль журмын дагуу ажиллаж байсан парламент дахь лалын олонхыг хүчингүйд тооцсон.
Ерөнхийлөгч Мурси ч шинэ нэр дэвшигчид сонгогдтол Засгийн газар бүрэн эрхийнхээ дагуу ажиллана мэдэгдсэн. Үүний улмаас хэдэн арван мянган лалын шашинтан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Өнгөрсөн сарын 30-нд болсон жагсаалаар л гэхэд 22 сая хүн Мурсиг огцруулж, шинэ сонгууль явуулахыг шаардсан бичигт гарын үсэг зурсан байна.
Эсэргүүцэл цаашид хэрхэх бол
Гэтэл Мурси хэвлэлийн нарийн бичгийн даргаараа дамжуулан огцрох бодолгүй байгаагаа мэдэгджээ. Энэ мэдээг сонссон лалын шашинтнууд өнгөрсөн ням гарагт Каирын гудамж, талбайг дүүргэж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Гэхдээ тэд өмнөх шигээ тэмцлийн аргаар бус, хүүхдүүдээ дагуулан, төрийн далбаагаа намируулж, бөмбөр нүдэн дуулж, бүжиглэж, Ерөнхийлөгчийн ордны дэргэд амрах майхан босгож жагсчээ. Эсэргүүцэгчид гай болсон Ерөнхийлөгчөө огцортол гудамжинд амьдрах гэнэ.
Мурси ч энэ жагсаалаас сүртэй юм болохгүй нь гэж найдаж байлаа. Гэтэл тэгсэнгүй. Шөнө дундын үед хэдэн арван залуус нийлж, “Лалын шашинт ахан дүүс”-ийн оффисын барилга руу халдав. Тэд шатах, тэсрэх бодистой сав барилга руу шидэж эхэлсэн байна. Харин оффис дотор байсан хүмүүс халдлага үйлдэгсэд рүү буудсанаар дөрвөн хүн амиа алджээ. Ингээд жагсагчид, аюулгүйн хүчнийхний дунд мөргөлдөөн үүссэн байна. Египетийн ЭМЯ-ны мэдээлснээр энэ мөргөлдөөний үеэр 600 хүн шархдаж, долоо нь амиа алджээ.
Энэ мөргөлдөөн цаашид хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулах биз ээ.