Тонн улаан буудай ургуулахад тонн ус хэрэгтэй. Хагас килограмм цагаан будаа тариалахад гурван литр орчим ус шаардагдана. Түүнчлэн баячуудын зугаа болсон гольфод ч ус бас чухал. Учир нь гольфын талбайг услахын тулд дэлхийн хэмжээнд жилд 9.45 тэрбум литр ус зарцуулдаг аж.
Гэтэл дэлхий дахин дулаарлын нөлөөгөөр ган гачигт нэрвэгдэж байна. Чад нуур л гэхэд 50-хан жилийн дотор 95 хувь нь ширгэсэн байхад Лас-Вегасын усны гол эх үүсвэр гэгддэг Мид нуур 10 жилийн дараа огт үгүй болох нь. Хүн амын хүрээлэнгээс цэвэр усны эрэлт хэрэгцээ нийлүүлэлтийг 17 хувиар өсгөнө гэж анхааруулжээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын баталснаар 2030 он гэхэд дэлхийн хүн амын 47 хувь нь усны нөөцийн хомсдолтой бүсэд аж төрөх гэнэ. Харин “Transhumanity”-гийн шинжээч Хэнк Пелисье уснаас болж зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй есөн бүсийг жагсаасан байна.
1. Йемен: Өмнөдийнхөн ба умардынхан. Сана хот 2025 он гэхэд усны гүн хомсдолд орох төлөвтэй байна. Учир нь энэ хотын ундны усны 40 хувийг Сомалын дээрэмчдийн дуртай мансууруулах бодис болох кат тариалахад хэрэглэдэг байна.
2. Египет ба Этиоп:Египетийн ихэнх хүн ам Нил мөрний эргээр аж төрдөг. Гэвч энэ мөрний эх Египетийн өмнөд хилээс 6500 км-ын зайд байдаг аж. Энэ гол Египетэд хүрэх замдаа есөн орныг дайрч өнгөрдөг байна.
Садат, Мубарак нар нэг хэсэг энэ голын усыг улс орондоо чөлөөтэй нэвтрүүлэхийн тулд Этиопыг далан бариулахгүй хэмээн сүрдүүлж байсан удаатай. 2011 онд Этиоп улс “Мянганы аварга том далан” босгох төлөвлөгөөгөө танилцуулсан. Үүнээс болж Египетийн цэргийнхэн иргэдийнхээ анхаарлыг сарниулж, олон улсын зөрчил маргаан дэгдээж ч болзошгүй.
3. Энэтхэг ба Хятад: БНХАУ Брахмапутра голын дагуу 2900 км үргэлжилсэн 10 далан босгосон. Үүнээс гадна 18 далан барих шатандаа орчихоод байна. Ийнхүү Хятад улс төвийн болон зүүн бүсийн ган гачигт нэрвэгдсэн мужуудаа усжуулахаар зорьж байгаа аж. Учир нь, 2030 он гэхэд эдгээр хэсгийн 25 хувь нь усны хомсдолд орох төлөвтэй байна. Түүнчлэн Бээжин хот Төвөдийн өндөрлөгөөс эх аван урсдаг 8-10 том голыг далангаар хаахаар төлөвлөжээ. Гэвч Хятадын далангийн барилга гол мөрний урсгалын доод хэсэгт оршдог Энэтхэг, Бангладеш зэрэг улсад жинхэнэ аюул тарьж мэдэхээр байна.
4. Буркина-Фасо ба Гана улс: Энэ хоёр жижиг улс Вольта голыг хуваан эзэмшдэг аж. Ингэхдээ Вольта гол Буркина-Фасогоос Гана руу урсдаг байна. Гана улсын аж үйлдвэр энэ голоос бүрэн хамааралтай. Учир нь энэ гол дээр барьсан “Акосомбо” усан цахилгаан станц тус улсын эрчим хүчний 80 хувийг үйлдвэрлэдэг. Гэвч Буркина-Фасо улс усжуулалтаа сайжруулах зорилгоор өндөр далан барьж байна.
5. Таиланд, Лаос, Вьетнам, Камбож ба Хятад: 2015 он гэхэд Меконг гол болон түүний урсгалыг дагуулан 41 том далан босгохоор төлөвлөөд байгаа. Харин 2030 онд энэ тоо 71 болж нэмэгдэх аж. Үүнээс гадна Лаос улс Хятадын хөгжлийн загварыг хуулбарладаг учраас Усан цахилгаан станц эрчим хүчний хамгийн том эх сурвалж болох нь тодорхой.
6. Энэтхэг ба Пакистан: Хоёр улс кашмирын уснаас болж маргаан дэгдээх төлөвтэй байна. Тэд 1960 онд Инда сав газрын усыг хуваах тухай хэлэлцээр байгуулж, Инд, Желам, Чинаб голыг Пакистанд, Сатлеж, Биас, Рави голыг Энэтхэгт шилжүүлсэн юм. Гэсэн хэдий ч хагас гандуу Пакистан улс Энэтхэгийг голын усаа хууль бусаар даландаа авч үлдэн, сувгийн системээ урсгалаар нь явуулж байна гэж үздэг байна.
7. Турк, Сири, Ирак ба Иран: Энэ хэсгийн халуун маргааны сэдэв бол яах аргагүй Тигр, Евфрат мөрөн юм. Турк, Сири, Иранд барьсан далангууд болон усжуулах байгууламж нь урсгалын доод хэсэгт оршдог Иракт хангалттай хэмжээний ус хүрэхэд саад болжээ. Үүнээс гадна Ирак цэвэр усны хомсдолд орсон. Евфрат мөрний эхийн 98 хувь нь Туркт байдаг учраас бүх зүйл тус улсаас хамааралтай болсон аж.
8. Израиль ба Палестин: Израиль улс аюулгүй байдлаа бодолцож, Баруун эргийнхээ усны тавны нэг хэсгийг л гадагш нэвтрүүлдэг байна. Үлдсэн хэсгийг нь өөрсдөө ашигладаг. Палестин улс бүрэн автономит болсноор Израиль улс усны асуудлаар монопольчлох магадлалтай.
9. Дундад Ази: Энэ хэсгийнхэн Сырдарья, Амударья мөрний усыг ашиглах асуудлаас болж дайн ч дэгдээж болзошгүй байдалд оржээ. Казахстан, Туркменистан, Узбекистан хөвөн, улаан буудай, цагаан будааны тариалалтдаа их хэмжээний ус ашиглах сонирхолтой байхад Киргизстан, Тажикистан эдгээр голыг УЦС-даа ашиглахыг эрмэлздэг.
Энэхүү ашиг сонирхлын зөрчилд Афганистан ч нэмэгдэнэ. Учир нь энэ улс Амударья мөрний урсгалын доод хэсэгт оршдог юм.