Энэ сарын 2-ны өдөр Төрийн тахилгат Өндөр Хөхий хайрханы гуравдахь удаагийн төрийн тахилгыг төрийн ёслолын өндөр дээд хэмжээнд ёслон үйлдэж өндөрлөв.
Нацагийн Багабанди Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа анх 2004 оны 3.30-ны 44 дугаар зарлиг гаргаж, энэ хайрханыг төрийн төхилгатай болгосон ба 2005 оны 7 сарын 6-7-ны өдрүүдэд шинээр сонгогдож тангаргаа өргөөд байсан Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Өндөр Хөхий уулын төрийн анхны их тахилгад хүрэлцэн ирж,энэхүү төрийн ёслол хүндэтгэлийг эхлэл үүтгэлийг тавьж байсан. Түүнээс хойш 2009 онд хоёрдахь удаагаа, өдгөө 2013 онд гуравдах удаагаа уг хайрхан уулын төрийн тайлга тахилгын ёслолыг үйлдэж байгаа юм.
Тогтсон ёсоор энэ удаагийн төрийн тахилгад Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож айлтгал, зарлигаа өргөв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд анх ерөнхийлөгчөөр сонгогдмогцоо Өндөр Хөхий уулын төрийн хоёр дахь тахилгад хүрэлцэн ирж байсан бол энэ удаа хоёр дахь удаагаа улиран сонгогдсон дариудаа бас л өсөж төрсөн Ховд нутгийнхаа Хайрхан уулыг тахих төрийн их ёслолд биеэр ирж оролцсон нь энэ юм.
Учир нь анх 2005 онд Өндөр Хөхий хайрханыг тахих төрийн ёслолыг үйлдэх тов, зарлиг нь улсын Ерөнхийлөгч сонгогдсоноос хэдхэн хоногийн дараа болж таарсан ба тайлга тахилгын мөчлөгийг дөрвөн жилд нэг удаа хийхээр зарлиг гарсан нь цаг хугацааны хувьд ийм хэвшлийг бий болгожээ.
Харин Энэ 2013 онд гарсан Ерөнхийлөгчийн зарлигаар уул хайрхадын төрийн тахилгыг үйлдэх ёслолыг 5 жилд нэг удаа хийж байхаар тогтоосон тул энэ уламжлал өөрчлөгдөж байгаа юм.
Энэ удаагийн тахилгад улсын Ерөнхийлөгчийг дагалдаж түүний төрийн ёслолын албаны хүмүүс, зөвлөхүүд, Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт болон холбогдох бусад хүмүүс оролцов. Төрийн ёслолыг зохион байгуулах гол ажлыг Ховд аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газар, Мянгад сумын Засаг дарга, түүний Тамгын газар хариуцаж ажиллаа.
Ёслолыг Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нээж үг хэлсэн бол Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уул хайрханы эзэд, дээд тэнгэрт хандан айлтгал өргөж, айлтгал зарлигыг тэнгэрт илгээх ёслол үйлдэв.
Монголын бурханы шашны тэргүүн Л.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд ном хурж, газар лусын холбогдолтой шашны зан үйлийг тогтсон ёсоороо гүйцэтгэв.
Өмнө нь төрийн тахилга үйлдэхдээ тайлга тахилгад зориулсан бэсрэг наадам хийж зон олныг баясгадаг байсан бол энэ удаад зөвхөн ёслолыг үйлдэж наадам хийлгүйгээр уг ажлыг зохион байгуулсан нь цаг хугацааны хувьд нэлээн тулгуу шийдвэр гарсантай холбоотой.
Түүнчлэн энэ удаагийн тайлга тахилгад оролцож буй оролцогсдын тоо ч харьцангуй цөөхөн цомхон байлаа. Тахилгыг ийнхүү цомхон, хийх нь зохимжтой юм шиг санагдсан. Тахилгад оролцсон ард иргэдтэй уулзаж санал солилцоход төрийн тахилгын учир холбогдол, ойрын үедээ болон хэтдээ гарах үр өгөөж, ач тусын талаар хүмүүсийн сэтгэлд хоногштол сэнхрүүлэн ойлгуулах явдал л их дутагалтай байна. Ер нь энэ талаар төрийн холбогдох хүмүүс маань ч юу мэддэг нь бүрхэгдүү санагддаг гэх мэтийн бодол санаатай хүмүүстэй байнга тааралдаж байсан. Ерөнхийлөгч заавал нисдэг тэрэг хөлөглөж энд буух шаардлага байгаа юм уу гэсэн хүмүүс ч олон байлаа. Хэтэрхий их үрэлгэн загнаж, дэмий зардал гаргаж, тахилга хүндлэл гэхээсээ илүү аархал сүр бадруулалтыг үзүүлсэн нь нэг л аятай санагдахгүй байна хэмээн тэд үгүүлцгээж байв.
Тахилгын үеэр Хамба лам тэргүүтнүүд бороо оруулах ном урьж байна хэмээн ном нушсан боловч бороо орох нь бүү хэл тахилгын ёслолын дараа салхи гарч, тэнгэр хуйсагнах төлөвтэй болсноос өөрийг үзсэнгүй. Гэвч тахилгын үеэр урьсан номын хүч удахгүй үйлчлэх бизээ гэж нутгийнхан горьдлого тээсээр байгаа ажээ.
Дашрамд дурьдахад энэ үеэр уул хайрхадын тайлга тахилгын учир холбогдлын тухай яруу найрагч, сэтгүүлч Г.Төрмөнх, эрдэмтэн судлаач А.Батсуурь нарын Дээр тэнгэрийн ахуй – дэргэд агчийн сэтгэл” хэмээх ном хэвлэгдсэн байсан ба Өндөр Хөхийн тахилгад оролцсон зарим хүмүүсийн гар дээр очсон. Эл номонд үгүүлснээр бол өдгөө бидний үйлдэж буй тайлга тахилгад зарим иргэдийн дээр хэлсэнчилэн учир начрыг нь ойлгоогүй, бүдэг бүрхэг, зөрчил дутагдалтай зүйлүүд ч олон байгаа аж. Тиймээс энэ талаар цаашид сайтар судлаж, үнэн мөн чанарыг эрэлхийлэх нь зүйтэй бололтой.
Тайлга тахилгыг Монгол улсын Ерөнхийлөгчийн Төрийн ёслолын алба болон Ховд аймгийн ИТХ, Засаг дарга түүний Тамгын газраас гаргасан хөтөлбөр, журмын дагуу үйлддэг тогтсон жаягтай ба энэ удаа ч мөн ийнхүү үйлдсэн юм.
Та бүхэнд төрийн тахилгын ёслол үйлдсэн хөтөлбөр журмыг толилуулж байна.
АЛТАН ХӨХИЙ УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН
ТАХИЛГЫН ЁСЛОЛЫН ХӨТӨЛБӨР
Алтан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын ажиллагаа 2013 оны 7 дугаар сарын 2 -ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын Өндөр Хөхийн овоонд болно.
05.00 – Ёслолыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн үйл ажиллагааг явуулах газарт очиж бэлтгэл хангана.
07.00 – Тахилга, өргөлийн ёслолыг Адуунчулуун дахь хувилбар овооны дэргэд үйлдэнэ.
“Ганжуур” их хөлгөн судар, Эрдэнийн бумба, Найман тахилыг тусгай бэлтгэсэн байршилд зална.
07.30 – Лам хуваргууд Итгэл, Ганданлхавжаа, Өлзийхутагийн хур буулгах
сан, Жигжид болон Өндөр хөхийн сан, уул лусын угаалга, Намдаг сан айлдана.
09.20 -Овооны хоёр талд Төрийн хүндэт харуул зогссон байна.
09.30 – Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж төрийн бэлэгдлийг илэрхийлж,
123 дугаар ангийн хүндэт харуулын 4 цэргээр хамгаалуулан УИХ, Засгийн газрын зарим
гишүүд, аймаг орон нутгийн удирдлага, хүндэт зочдын хамт тахилгат овооны ёслолын талбайд хүрэлцэн ирнэ.
– Энэ үед ёслолд оролцогсод сөгдөн сууж, хоёр гарын алгыг дээш харуулан,
нар зөв эргүүлэн хурайлж байна.
– Монгол Улсын Ерөнхийлөгч лам хуваргууд дундуур гарч “Ганжуур” их хөлгөн судраас адис авч, овооны өмнө малгайгаа авч зүүн гартаа барин баруун гараа духандаа хүргэн Өндөр Хөхийн ноён оргил болон овооны зүгт хандан гурвантаа мэхийн ёсолж, тэнгэрт хүндэтгэл илэрхийлэн тусгайлан зассан ширээний ард байраа эзлэн зогсоно.
– Алтан Хөхий уулын тэнгэрийг тайх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн айлтгалыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д. Дорлигжав, тэнгэрт илгээх сум, торгыг төрийн ёслолын албаны ахлах референт
Д. Нямбаяр тусгайлан зассан ширээнд хүндэтгэлтэйгээр зална.
09.40.1 – Монгол Улсын Төрийн далбаа, бүх цэргийн Их хар сүлдийн өрнийн Элч сүлд, Ховд,
Увс аймгийн туг болон төрийн долоон эрдэнийг цагаан морь унасан хүндэт харуулын
цэргүүд овооны сахиусны 2 талд залж байрлуулна.
09.43 – Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа ёслолын ажиллагааг нээж үг хэлнэ.
09.43 – Монгол улсын төрийн дуулал эгшиглэнэ.
09.44 – Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тахилгад оролцогч сүсэгтэн олонд хандаж үг хэлнэ.
09.50 – Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Д.Дорлигжав зарлигийн айлтгалыг ширээнээс авч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барина.
– Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигийн айлтгалаас адис авч, тэнгэрт сонсгон дуудуулахаар Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болдод өгнө.
– Алтан Хөхий уулын тэнгэрт хандсан зарлигийн айлтгалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд дуудан сонсгоно.
10.00 – Зарлигийн айлтгалыг сонсгож дуусангуут ёслолд оролцогч бүх хүмүүс сөгдөн сууж, хоёр гараа хавсран 9 удаа тэнгэрт мөргөн, Ерөнхийлөгчийн зарлигийн айлтгалыг таалан гүйцэлдүүлэхийг билэгшээж, уламжлалт зан заншлын дагуу “Төрийн минь сүлд ивгээ” хэмээн залбиран мөргөх ёс үйлдэнэ.
10.10 – Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд зарлигийн айлтгалыг, Төрийн ёслолын албаны ахлах референт Д. Нямбаяр торго хүжийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьж, тахилгын галын бурханд өргөн, тэнгэрт илгээнэ.
– Энэ үед Монгол Улсын гавъяат жүжигчин Н.Сэнгэдорж тэргүүтэй уран бүтээлчид уул усаа аргадан Алтайн магтаалыг хайлна.
10.25 – Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж овооны сорогшин модонд , Ховд, Увс аймгийн
Засаг дарга нар залам хэцэнд хадаг уяж, арц хүж уугиулан, сүү,
айраг, шимийн архиар цацал өргөн, идээ шүүс хөндөн дээжээ овоонд тавина.
– Монгол улсын Ерөнхийлөгчийг дагалдаж яваа албаны хүмүүс, ёслолд оролцогчид
өөрсдийн байрлаж буй газраасаа, цацлаа өргөж, идээний дээжээр тэнгэр дайлах ёсыг
гүйцэтгэнэ.
– Энэхүү ёслолыг хийж цацал өргөх үед Хөхий овооны цацлын үгийг хөтлөгч уянгалуулан уншина.
– Энэ ёсыг хийж дуусангуут хишигтэн олон өөрсдийн байранд гурвантаа сөгдөн сууж, 9 удаа мөргөнө.
10.35 – Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, тэнгэрт хүргэх сумыг хуяг дуулга бүхий мэргэн харваач, спортын мастер Ч. Түмэндэмбэрэлд өгч тэнгэрт сонсгох ёсыг үйлдүүлнэ.
10.40 – Монгол Улсын Ерөнхийлөгч Ховд, Увс аймгийн дарга нарын хамт овоог нар зөв тойроод Соёмбот овоонд очиж хүндэтгэл үзүүлнэ.
– Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан яваа албаны хүмүүс овооны залам хэцэнд хадаг уяж, идээний дээжээ тавьж, овоо тойроод сүү өргөнө.
10.50 – Монгол Улсын Ерөнхийлөгч Ховд аймгийн Мянгад сумын гахайт багийн малчин Ш. Түмэнжаргалын бор морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэж дэлэнд нь хадаг уяна.
– Сүсэгтэн олон зэлэм хэцэнд хадаг уяж овоог тойрон хүндэтгэл үзүүлнэ.
Үүгээр Алтан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын ажиллагаа өндөрлөнө.
Г.Мөнх
Ж.Гараг-Уул