Хүн төрөлхтнийг бүхэлд нь устгаж болох аймшигтай туршилтууд хийгдэж байсныг түүх гэрчилнэ. Тэдгээрийн заримаас сонирхуулъя…
Хүмүүсийн аж амьдралыг улам сайн сайхан болгох зорилгоор эрдэмтэд төрөл бүрийн шинэ технологийг бий болгодог. Гэвч бүх зүйл тэдний санаснаар болохгүй, огт өөр үр дагавартай байх нь цөөнгүй. Хүн төрөлхтнийг бүхэлд нь устгаж болох аюултай туршилтууд хийгдэж байсныг түүх гэрчилнэ. Тэдгээрийн заримаас сонирхуулъя.
Колийн цооног
1970 онд Зөвлөлтөд газрын хэвлийг маш гүн өрөмдөж, урьд өмнө нь хүрч байгаагүй хөрсний давхаргуудыг судлах туршилт явуулжээ. Энэ зорилгоор Колийн хойг дээр 12 км гүн, өргөн нь газар дор 30-50 км-ийн хооронд тэлсэн асар том цооног ухсан байна. Онцгой нээлт хийж чадаагүй боловч, газар хөдлөлтийн аюул болон халуун лав хяналтгүй урсах гамшгийн байдалд дөхөж очсон тул туршилтыг зогсоожээ.
Гэхдээ энэ нь дэлхий дахиныг айлган түгшээсэн гол шалтгаан биш байлаа. Өрмийн хошуу 12 км-ийн гүнд хүрэхэд цооногийн температур Цельсийн 220 градуст хүрчээ. Гайхсан эрдэмтэд нүх рүү микрофон буулгаж үзэхэд ямар нэгэн геологийн процессийн чимээ биш, харин тарчлан ёолж буй хүмүүсийн дуу хоолой сонсогджээ. Үүний дараа аймшигтай хүрхрэлт сонсогдоод дараа нь дэлбэрэлт болсон байна. Энэ явдлын дараа бүх ажиллагааг шууд зогсоож, төслийг хаажээ. Колийн цооногийг ч битүүлсэн юм.
“Seal” төсөл
Цэргийнхэн, эрдэмтэд хамтран 1944-1945 оны үед хиймэл цунами үүсгэх туршилт хийсэн байна. Үүний тулд усан дотор тэсрэх бөмбөг хаяж, хүчтэй давалгаа болон цунами үүсгэх ёстой байлаа. 1000 гаруй удаагийн дэлбэрэлтийн дараа хүссэн үр дүнд хүрээгүй учраас туршилтыг зогсоожээ. Энэ ажиллагаа үр дүнтэй болсон бол байгаль орчинд нөхөж баршгүй гай гамшиг учруулах байсан нь тодорхой. Мөн хэдий тооны хүн амь насаа алдах байсныг таахын аргагүй.
Хар салхийг жолоодох туршилт
1940 оны эцсээр АНУ-д хуурай мөсний тусламжтайгаар хар салхины чиглэлийг өөрчлөх туршилт хийгджээ. Атлантын далайн зүүн хэсгийг чиглэсэн шуурганы төв рүү 81 кг хуурай мөс хийснээр шуурга санаандгүй чиглэлээ өөрчилж Жорж мужийн Саванна хот руу чиглэжээ. Үүний улмаас нэг хүн нас барж, 200 сая долларын хохирол учирсан гэдэг. Энэ явдлын дараа НҮБ-ын тусгай хуралдаан болж, ялангуяа цэрэг дайны зорилгоор байгальд төрөл бүрийн туршилт хийхийг хатуу хориглосон байна.
Үй олноор хөнөөх зэвсэг
1987-1992 онд оросууд газрын хөрсний тектоник хавтангууд болон цахилгаан соронзон талбайн байрлалыг өөрчлөх зорилгоор газар дор цөмийн зэвсэг дэлбэлж байжээ. “Меркурий”, “Вулкан” зэрэг төслийн хүрээнд ийм дэлбэрэлтүүдийг ашиглан үй олноор хөнөөх хүчирхэг зэвсэг бий болгох төлөвлөгөөтэй байв. 4 удаагийн оролдлого хийгдсэн ч аз болж бүтээгүй байна. Иймэрхүү туршилтууд хөрсний тектоник хавтангийн ердийн хөдөлгөөнийг эвдэж, цахилгаан соронзон талбайг тогтворгүйжүүлэхэд хүрэх юм. Үүний улмаас гарах сөрөг үр дагавар Дэлхий гарагийн хувьд эргэж буцалтгүй сүйрэл авчирч болохсон билээ.
Аюулт бактерууд
1970-аад оны дунд үеэр General Electric R&D компаний эрдэмтэн Ананда Чакрабарти нь Pseudomonas гэх аюулт бактерийг нээн олсон патент авчээ. Энэ бактер нь нүүрс устөрөгчийг боловсруулж чаддаг болохыг илрүүлсэн эрдэмтэн нефть олборлох явцад гардаг бохирдлоос дэлхийг аварна хэмээн тооцоолж байжээ. Гэтэл эдгээр бактер нь замдаа тааралдсан бүхнийг, түүний дотор Дэлхий дээрх бүх амьд биет, ашигтай бактеруудыг “залгиж” магадгүй гэсэн таамаглал гарчээ. Ингээд Pseudomonas бактерийг цаашид хөгжүүлэх төсөл хаагдсан байна.
Коллайдерын аюул
АНУ-ын Нью-Йорк хотод Хүнд Ионы Релятивист Коллайдерыг (Их тэсрэлт болж Ертөнц үүссэн үеийнхтэй ойролцоо нөхцөл үүсгэх туршилтын төхөөрөмж) туршихын өмнө зарим мэргэжилтнүүд туршилтын явцад хянах аргагүй хар нүх бий болж магадгүй хэмээн болгоомжилж байв. 1999 онд Америкийн бүхий л хэвлэлд Дэлхийг сөнөөж болох коллайдерын талаар шуугицгааж байлаа. Энэ төхөөрөмж хар нүх үүсгэх хэмжээний их энергитэй биш ч, тодорхой хэмжээний аюултай гэдгийг эрдэмтэд 2000 онд л хүлээн зөвшөөрсөн юм. Орчин үед илүү боловсронгуй Их Адроны Коллайдерыг хэрэглэж байна.
Биологийн зэвсэг
Буудай болон цагаан будаа үгүй болбол газар тариаланд баримжаалахын аргагүй их сүйрэл учирна. Magnaporthe grisea төрлийн мөөг нь үр тариаг гэмтээж, хэдэн мянган спор ялгаруулан ихээхэн хэмжээний тариа буудайг сүйтгэдэг ажээ. Дэлхийн 80 гаруй оронд тархсан энэ мөөг 1996 онд АНУ-д бий болжээ. АНУ хүйтэн дайны үеэр энэ мөөгийг биологийн зэвсэг болгохоор туршилтанд ашиглаж байсан гэнэ. Үнэхээр энэ улс Magnaporthe grisea мөөгийг дэлхий даяар тараасан эсэх нь тодорхойгүй ч, энэ байдал хяналтаас гарвал улаан буудай, цагаан будаа огт үгүй болж, хаа хаагүй өлсгөлөн нүүрлэх аюултай.
Цөмийн зэвсгийн туршилт
Дэлхийн соронзон талбайн гадна цөмийн бөмбөг турших нь тийм ч ухаалаг санаа биш баймаар. Гэвч АНУ бүр цаашилж 1962 онд “Fishbowl” ажиллагааны хүрээнд 6 ширхэг цөмийн бөмбөгийг маш өндөрт дэлбэлжээ. Энэ нь Дэлхийн соронзон талбайд ихээр нөлөөлж магадгүй байлаа. Азаар тэр үед дэлхийн соронзон талбай гэмтэлгүй өнгөрчээ. Хэрэв соронзон талбай өөрчлөгдсөн бол бид нарны цацраг идэвхт бодисоос хамгаалах хамгаалалтгүй болох байлаа. Тэгээд ч ийм өөрчлөлт газар хөдлөлт болон тивүүдийн байршил өөрчлөгдөх зэрэг байгалийн гамшиг дагуулах байв.
Үхлийн зэвсэг-тахал
14-р зуунд тахал Европын хүн амын 60%-ийг үгүй хийсэн гэдэг. Гэтэл өнгөрсөн зууны 80-аад онд Зөвлөлтөд тахлын нянтай бөмбөг бүтээж үй олноор хөнөөх зэвсэг болгон хэрэглэхээр завдаж байв. Берлиний хана үгүй болсны дараа дээрх бөмбөгийг бүтээх хөтөлбөрийн захирал Владимир Пасечник энэ ажиллагааг илчилсэн юм. Тахлын савханцрыг нийлэг капсул дотор байрлуулсан энэ аюулт бөмбөгийг дэлхийн олон нийтийн мэдэж буйгаар хэн ч, хаана ч хэрэглээгүй билээ.
Эх сурвалж: yoyo.mn