Та бидний өдөр тутамдаа өмсөж зүүдэг хувцас хэрэглэлийн олонхыг хөвөн даавуу, хиймэл торго болон полиэфирийн мяндаснаас гаргаж авсан байдаг. Тэгвэл эдгээр материалыг чухам юу юунаас гаргаж авч болдог юм бол…?
Та бүхэндээ бөс даавуу гаргаж авдаг уламжлалт аргыг эвдэж санаанд оромгүй зүйлсээс даавуу, утас зэргийг хэрхэн гаргаж авсан талаарх сонирхолтой түүхүүдээс хуваалцъя.
Дарс
Австралийн эрдэмтэн Гари Касс, уран бүтээлч Донна Франклин нар лонхтой дарсыг даашинз болгож хувиргасан шинжлэх ухааны сонирхолтой нээлтийг хийжээ. “Micro’Be” хэмээн нэрийдсэн энэ төслийг 2007 онд эхлүүлсэн бөгөөд даавуу гаргаж авах санааг найзынхаа дарсны үйлдвэрээр зочилж явахдаа олжээ. Гари Кассын хэлснээр, тэрбээр торхтой дарсанд арьс шиг зүйл хөвж явахыг харсан нь дарсанд явагдсан микробын хэт эсэлдэлтээс үүссэн зүйл байсан юм.
Ингээд яагаад дарснаас даавуу гаргаж авч болохгүй гэж хэмээн ханцуй шамлан ажилдаа орсон ажээ. Дарснаас гаргаж авсан материал нь дарс шиг үнэртэй, нойтон үедээ шалбааг намаг шиг мэдрэгддэг ч хүний биеийн хоёрдогч арьс шиг та бидний бие махбодод гайхалтай сууж өгдөг гэнэ.
Шар буурцгийн шош
Энэ бол байгаль орчинд ээлтэй амин дэмээр баялаг, ашиг тус ихтэй хүнсний ногоонд тооцогддог бүтээгдэхүүн юм. Өдгөө шар буурцгийн шошноос гаргаж авсан маш олон төрлийн бөс материал байдаг бөгөөд БНХАУ, Европ даяар алдартай брэнд болтлоо өргөжжээ.
Шар буурцгийн шошийг хальснаас нь салгаж доторхыг нь дүфү хийхэд ашигладаг ба хаягдал хальсаар нь өдөр тутмын амьдралдаа өмсөж зүүхэд тохиромжтой хувцас, эд хэрэглэл хийдэг. Энэ нь маш зөөлөн бөгөөд хүнсний ногооноос гаргаж авсан ноолуур, торго (Soy Silk) ч гэж нэрлэх нь бий. Харамсалтай нь хөвөн даавуунаас бат бөх байж чаддаггүй учраас өөр материалтай хоршиж хувцас хэрэглэл үйлдвэрлэдэг ажээ.
Халгай
Халгайн хүний биед үзүүлэх ач холбогдол маш их билээ. Тухайлбал зүрхний үйл ажиллагаа болон цусны эргэлтийг сайжруулж, тамир тэнхээг нөхөхөд хэрэглэх нь гайхалтай үр дүнг үзүүлдэг. Тэгвэл Герман, Итали зэрэг оронд халгайнаас даавуу гаргаж аваад багагүй хугацаа өнгөрчээ. Саяхнаас Их Британид даавуу гаргаж эхэлсэн бөгөөд энэ үйлдвэрлэл хөгжлийнхөө эринд ирээд байгаа юм.
Учир нь халгайнаас гаргаж авсан даавуу нь хөвөн даавуунаас бат бөх, эдэлгээ сайтай учраас хамгийн эрэлттэй, чанартай материал болно гэж үздэг. Их Британий “The De Montfort University”-гийн эрдэмтэд халгайнаас гаргаж авсан бөс даавуугаа “STINGplus” гэж нэрлэсэн бөгөөд 100% нөхөн сэргээгдэх боломжтой, 75% ноосон бүтээгдэхүүн болжээ.
Хуванцар сав
Италийн “Filature Miroglio” нь хуванцар савыг дахин боловсруулж чанар сайтай оёдол ба нэхмэлийн утас гаргаж авдаг компани юм. Хуванцар савнаас гаргаж авсан бүтээгдэхүүнээ “NewLife Fabric” гэж нэрлэсэн ба энэ утсаар бүх төрлийн хувцас, тавилгын бүрээс зэргийг оёх боломжтой.
Байгаль орчинд ээлтэй “NewLife Fabric” утсаар дэлхийд алдартай Жоржио Армани брэндээс Италийн найруулагч Ливияд даашинз хүртэл урлаж өгчээ.
Кокос
Хүн төрөлхтний ахуйн хэрэглээнд олон талын ашигтай кокос жимснээс сүү, мах, тос гарган авдаг. Жил бүр 20 тэрбум гаруй кокос жимсийг хүнс, анагаах ухаан ба гоо сайхны салбарт саван гаргаж авахад хэрэглэдэг бөгөөд төдий хэмжээний хальс хог болж хаягддаг ажээ.
Тэгвэл АНУ-ын “Cocona Inc.” компаниас кокосын хаягдал хальснаас бөс материал гаргаж авах болсон ба агаар нэвтрүүлдэг, чийг татдаггүй, нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг, үнэр дарагчтай хувцас хэрэглэлийг үйлдвэрлэж Өмнөд Солонгос, Итали, Швед, Франц зэрэг маш олон улсын зах зээлд нийлүүлдэг ажээ.
Далайн ургамал
Далайн ургамлыг замаг, модны эдийн хамт эслэгжүүлж гаргаж авсан даавуугаар “SeaCell” нэртэй брэнд гарсан байдаг. Германы “Smartfiber AG” компаниас зах зээлд нийлүүлдэг энэ төрлийн хувцас, эд хэрэглэл нь далайн ургамлаас гаргаж авсан дэлхий дээрх цор ганц брэнд юм. Далайн ургамлаас гаргаж авсан материал нь хүний биед ямар ч хор нөлөөгүй бөгөөд эрдэс минералаар баялаг тул зөөлөн, дулаахан гэнэ. Түүнчлэн цусны эргэлтийг сайжруулж, арьсны эд эсийн нөхөн төлжилтөнд эерэг нөлөөтэй ба дотуур хувцас, ор хөнжлийн даавуу нь эрэлт ихтэй байдаг ажээ.
Эрдэнэшиш
АНУ-ын “NatureWork LLC.” компаниас “Ingeo” гэж нэрийдсэн бөс материалыг гаргадаг. 2005 оноос хойш үйлдвэрлэж байгаа энэ материалыг эрдэнэшишийн чихрээс гаргаж авдаг ба жилийн нийт ургацын маш бага буюу ердөө 0.04% тэнцэх хэмжээний эрдэнэшишийг даавуу гаргахад ашигладаг. Ор хөнжлийн цагаан хэрэглэл, хувцас хийхэд зөөлөн бас дулаахан энэ материал нь нилон болон полиэфирын мяндас гаргаж авахад зарцуулагддаг эрчим хүчнээс даруй 68 дахин бага энерги зарцуулдгаараа онцлогтой юм.
Кофены шаар
Нэг аяга кофеноос гарсан шаараар гурван футболк хийх бүрэн боломжтой хэмээн Тайваний “Singtex” компанийхан үзжээ. Энэ компани нь кофены шаараар хийсэн байгаль орчинд ээлтэй хувцас үйлдвэрлэдэг. Кофены шаар нь газарт булагдаж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд шаараар хийсэн хувцас нь эвгүй үнэрийг дардаг, хурдан хатдаг бас бат бөх байдаг гэнэ.
Мод
Ноолуур мэт зөөлөн, өвөл дааруулахгүй харин зун халууцуулдаггүй өвөрмөц нэгэн бөс даавуу, утсыг мөнх ногоон “White Fir” модноос гаргаж авдаг. Мөчир бүрийнх нь холцруу, газарт унасан эд эсээс нь түүж авсан эслэг нь ийнхүү даавуу, утас гаргаж авах боломжийг бүрдүүлж өгчээ. Энэ нь чийгийг сайн шингээж үнэрийг дардаг тул спорт хувцас хийхэд тохиромжтой материал болжээ.
Загасны салс
Далайн гүнд “Hagfish” гэдэг нэгэн зүйл загас амьдардаг бөгөөд энэ нь махчин загаснуудад олзлогдсон үедээ амиа аврах зорилгоор салс ялгаруулдаг. Канадын эрдэмтэн, судлаач Дуглас Фаж ба түүний багийнхны олж мэдсэнээр тэдний ялгаруулдаг салс залхаг нь нилоноос 10 дахин бат бөх байдаг гэнэ. Ингээд салснаас нь даавуу гаргаж авахаар ажиллаж байгаа ба эдийн засагт хэмнэлттэй байгалийн бүтээгдэхүүн болох ажээ.
Эх сурвалж: bunny.mn