Дуулах нь бие махбодын болон сэтгэлзүйн маш олон талын ач холбогдолтой. Жишээ нь тархины үйл ажиллагаа болон ой тогтоолтыг сайжруулахаас гадна сөрөг бодлыг тань үргээнэ.
Мөн хоолой болон хамарт нян үржихээс сэргийлдэг бөгөөд уушигны үйл ажиллагааг сайжруулдаг ажээ. Тэгвэл эдгээрээс гадна олон гайхалтай ач холбогдол бий. Хамтдаа сонирхоцгооё.
Хүн эхийн хэвлийд байхаасаа дуулж эхэлдэг
The Emeritus Emporia State University – ийн профессор John Lennon – ийн үзэж байгаагаар хүн эхийнхээ хэвлийд байхаасаа л дуулдаг. Хөл хүнд ээжийн хувьд урагтаа хөгжмийн сонгодог аялгууг сонсгохоос эхлээд дуртай дуугаа хамт дуулах нь өсөлт хөгжил болон мэдрэмжид нь гайхалтай нөлөө үзүүлдэг ажээ.
Биеийн дархлааг сайжруулна
Франкфуртын Их Сургуулийн эрдэмтэд дуулах нь хүний биеийн дархлааг сайжруулдаг болохыг тогтоожээ. Судалгаандаа хотынхоо мэргэжлийн хоор дуулаачдыг хамруулсан ба Моцартын Requiem – ийг давтан эгшиглүүлж дуулахын өмнө болон дараах 60 минутын хугацаанд цусны бүтцэд нь гарсан өөрчлөлтийг харьцуулан ийм дүгнэлтэнд хүрчээ.
IQ болон ой санамжийг сайжруулна
Дуулах нь тархи мэдрэлийн тогтолцоог амраахаас гадна оюун ухааныг хөгжүүлж өгдөг. Аз жаргал сэтгэл ханамжийн даавар серотонин дуулах үеэр ялгардаг нь аливааг эерэгээр тунгааж илэрхийлэхэд чухал нөлөөтэй байдаг.
Өвчин намдааж стрессээс ангижруулна
Дуулах нь цусны даралтыг бууруулж зүрхний шигдээс болон цус харвалтаас сэргийлдэг. Энэ дүгнэлтийг Японы профессор Такеши Танигава 40 – 69 насны 19.400 орчим хүн дээр хийсэн судалгаанаасаа хийсэн юм. Мөн түүнчлэн өвдөлтийг намдааж стрессээс ангижруулдаг.
Жингээ барихад тусална
Дуулах үед нүүрний булчингууд идэвхитэй ажилладаг болохоор нүүрээрээ турах эерэг талтай гэж үздэг. Ганцхан дуулаад зогсохгүй дуртай дуундаа бие сэтгэлээрээ орж бүжиглэдэг учраас жингээ барих мөн хасахад тусалдаг ажээ.
Хэл зүгшрүүлж ярих чадварыг сайжруулна
Судалгаагаар дуулах нь бие махбодын хувьд 58% харин сэтгэлзүйн хувьд 75% эерэг нөлөө үзүүлдэг бол нийгмийн хүрээлэлд 85% эерэг хандлагыг бий болгодог. Мөн түүнчлэн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж илтгэх ярих чадварыг сайжруулдаг.
Сексийн дур хүслийг нэмэгдүүлнэ
Окситоцин бол хүний биеийн хүрэлцэх мэдрэхүйд чухал үүрэгтэй амар амгалангийн даавар юм. Энэ даавар дуулах үед тархинаас ялгарч бие организм болон сэрэл мэдрэхүйн таашаалыг өгдөг. Ялангуяа сэтгэлийг тань огшоосон дуртай дуугаа хэдхэн минут аялахад л ялгардаг гэнэ.
Дуулах нь анагаах шидтэй
Дуу хөгжимтэй холбоотой эмчилгээний олон аргыг нэвтрүүлж эхэлжээ. Тухайлбал тархины гэмтэл болон альцгеймер өвчтэй хүмүүст дуулах эмчилгээ хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ. Мөн түүнчлэн хагалгаанд орох гэж байгаа өвчтөнд хагалгааны үеэр дуу сонсгох нь сэтгэл санаа болон өвчний эдгэрэлтэнд эерэг нөлөөтэй байдаг юм.
Эрүүл аз жаргалтай амьдралыг бэлэглэнэ
Хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас сэтгэлээс гарсан хөг аялгуугаар тэтгэгдэж амьдардаг. Дуулах үед ялгардаг энфорфиний нөлөөгөөр үргэлж золбоолог эрч хүчтэй байдаг нь хөгшрөлтөөс ч гэсэн сэргийлдэг юм. Судалгаагаар ихэнх Америкчууд шүршүүрт бас машиндаа хамгийн их дуу аялдаг гэнэ.
Тэмдэглүүштэй
Манчестерийн Их Сургуулийн эрдэмтэд чихний гүнд байдаг Sacculus гэдэг жижигхэн эрхтнийг олж нээжээ. Энэ эрхтэн нь ихэвчлэн хөгжмийн тааламжтай аялгуунд хариу үйлдэл үзүүлж тархийг амраан сэтгэл санааг тайвшруулах үүргийг гүйцэтгэдэг нь тогтоогджээ.
Эх сурвалж: bunny.mn