Гэмт хэргийн газраас хурууны хээ олох нь мөрдөгч, шинжээчдийн хувьд хамгийн чухал мэдээлэл болдог. Учир нь хурууны хээгээр гэмт хэрэгтнийг олж, хэрэг үйлдсэнийг нотлох боломжтой. Гэхдээ мэргэжилтнүүд хурууны хээний эзнийг олж илрүүлэхийн тулд түм буман өгөгдөл дундаас аль тохирохыг нь хайх хэрэгтэй болно. Хамгийн гол нь, гэмт хэрэгтний хурууны хээ Цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдсэн эсэх нь бас эргэлзээтэй.
Харин химичид энэ эрэл хайгуулын цар хүрээг багасгах нэгэн технологийг санал болгож байна. Тэд хурууны хээгээр хүний хүйсийг тодорхойлох арга боловсруулжээ.
Эмэгтэй хүний хөлс эрчүүдийг бодвол 2 дахин их хүчиллэг байдаг нь энэ технологийн үндэс болж өгчээ. Химийн шинжлэх ухааны доцент Ян Халамекийн удирдсан Олбанийн их сургуулийн эрдэмтдийн баг эр эм хүмүүсийн энэхүү биологийн ялгааг ашиглан гэмт хэрэгтнийг тодорхойлох шинэ төхөөрөмж бүтээхээр ажиллаж байна.
Хурууны хээг хальсан туузан дээр авч хадгалсны дараа давсны хүчлийн уусмалд хийж халаана. Ингэж химийн урвалд оруулснаар хүчлийн уусмал дахь амино хүчлийн шилжилт хөдөлгөөнийг хянана. Амино хүчлийн түвшингээр тухайн хүний хүйсийг тогтоох юм.
Эхний туршилтууд амжилттай болж, хүйс тодорхойлох арга 99% үнэн бодит хариу өгсөн байна. “Энэ төслийн гол зорилго бол хурууны хээний дүрсэнд найдах бус, харин химийн найрлагад түшиглэх явдал” гэж Халамек ярьжээ. Тэрээр мөн “Бид хүний ДНК-ийн шинжилгээтэй өрсөлдөх гээгүй. Зөвхөн гэмт хэрэгтнийг хайх хугацааг багасгах, боломжийг нэмэгдүүлэхээр зорьсон. Ялангуяа хурууны хээ хэт бүдэг гарсан, эсвэл Цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тохиолдолд энэ их чухал арга юм” гэжээ.
Эрдэмтдийн баг цаашид энэ технологио улам боловсронгуй болгохоор зорьж байгаа бөгөөд хурууны хээгээр ч хязгаарлагдахгүй гэдгээ мэдэгджээ.
Туршилтын үр дүнг Analytical Chemistry сэтгүүлд нийтэлсэн байна.
Орчуулсан: ОЮУНГЭРЭЛ ДЭЛГЭРСАЙХАН