Хоногт 2000 хүний хөлд дарагддаг газар

20160107TUNT2Нийслэлийн үйл­чил­гээний нэгдсэн төв Дүнжингарав худал­дааны төвийн байранд үйл ажиллагаагаа эхлүүлээд сар болоогүй ч олны хөлд дарагд­жээ. Нийслэлийн үйлчилгээний 27 байгууллагын 240 гаруй үйлчилгээг нэг дор нэгтгэж, иргэдэд төрийн үйлчилгээг чирэг­дэлгүй үзүүлэхийн зэрэг­цээ цаг зав хийгээд эдийн засгийг нь хэмнэх зорилго­тойгоор үйл ажиллагаа явуулж байгаа уг төвийн үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгааг сурвал­жиллаа. Бид тус төв дээр 08:30 цагийн орчимд очиход үйлчилгээний ажилтнууд аль хэдийнэ иргэдэд үйлчлээд эхэлсэн байв. Учир нь тус төв салбар төвүүдээ нээгдэх хүртэл иргэдэд ажлын өдөр уртасгасан цагаар буюу 08:00-20:00, бямба гарагт 10:00-16:00 цаг хүртэл харьяалал харгалзахгүйгээр үйлчилж байгаа юм байна.
Бид 73 дугаар үйлчилгээний хэсэгт зогсож байсан Хан-Уул дүүргийн VI хорооны иргэн Б.Туяатай уулзаж, төрийн үйлчилгээ үнэхээр шуурхай, нэг дор төвлөрч чадсан эсэхийг  лавлахад, “Газрын гэрчилгээгээ хүүгийнхээ нэр дээр шилжүү­лэхээр ирээд бичиг баримттай холбоотой бүх үйлчилгээг нэг дороос аваад сэтгэл үнэхээр хангалуун байна. Өмнө нь цөөнгүй газраар орж, хэд хэдэн лавлагаа, баримт цуглуулж, хэд хоног хүлээж байж арайхийн шилжүүлж байсан тохиолдол байгаа учраас түүн шигээ ажил болно гэж бодоод өглөө эртлэн ирсэн юм. Гэтэл ажилтан бүсгүй “Таны бичиг баримт 32 минутын дараа бэлэн болно. Та өөртөө үйлчлэх хэсэгт очоод түр хүлээж байгаарай”  гэж байна. Хүсэлтээ өгөөд л миний өмнөөс бүгдийг ийм богино хугацаанд амжуулж байна гэхээр итгэл төрөхгүй шахам сууж байна” хэмээн ярив. Үйлчилгээний 73 дугаар хэсгийн хажууханд Цахим угтах үйлчилгээ гэсэн хэсэгт гурван хүн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэнтэй цахимаар шууд холбогдон, өөрсдөдөө тулгарсан асуудлыг ярьж, хэрхэн шийдвэрлэж болох талаар зөвлөж байв. Тэдэнтэй уулзахад “Бид амралтын газар болон караоке ажиллуулах зөв­шөөрөл авахаар холбогдох мэргэ­жилтэнтэй шууд холбогд­лоо. Нэгдсэн төвийн мэргэжилт­нүүдээс мэдээлэл авахын зэрэгцээ хариуцсан хүнтэй нь ажлын байрыг нь хайж, уулзах цаг аваад эндээс шууд холбогдоод асуудлаа танилцуулчихлаа. Биднийг шаард­лагатай бичиг, баримтаа бүрдүүлээд үйлчилгээний мэргэжилтэнд бүрэн эсэхийг шалгуулаад үлдээ гэж байна.  Өмнө нь нэг найз маань амралтын газрын эрх авах гэж гурван сар гаруй хугацаанд хөөцөлдөж байж арай гэж бичиг баримтаа бүрдүүлж байсан юм. Харин бид хоёр өдрийн дотор материалаа шилжүүлж байна. Хотын удирдлагууд цаг зав хэмнэсэн, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэл, зардалгүй хүргэх зөв үйлчилгээний төв нээжээ” гэв. Тэдний нэг нь эзэмшигчийн материал бүрдүүлэлтэд цээж зураг өгөх хэрэгтэй болоход үйлчилгээний ажилтан “Үйлч­лүүлэгчдийн өөртөө үйлчлэх хэсэгт цээж зураг авах автомат төхөөрөмж бий. Тэнд үнэ төл­бөргүй хэвлэж байгаа. Зургаа авахуулаад хүрээд ир” гэв. Цээж зургаа авахуулахаар автомат төхөөрөмжийн ойролцоо ду­гаар­ласан хүмүүсийн дэргэд зогсож байтал хажууд нь байрлуулсан даралтын аппа­ратаар хөгшчүүл даралтаа үзэж, массажны сандал дээр нэг нь сууж харагдав.
Бид тус төвийн дарга О.Мөнх-Оргилтой уулзаж, үйл ажиллагааных нь талаар тодрууллаа.
olloo_mn_1452132399_vilchilgee1-“Нийслэлийн үйлчилгээ­ний нэгдсэн төв” үйлчлүүлэгч олонтой байна. Ачаалал их байна уу?
-Манай төв нээлтээ хийгээд сар орчим, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлээд 16 хонож байна. Энэ хугацаанд 40 орчим мянган иргэнд үйлчилсэн тоо гарсан.  Нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллагын 240 гаруй үйлчилгээг нэг дороос үзүүлж байна. Ажлын өдөр 2000-2800, амралтын буюу бямба гарагт 1200 орчим иргэн манай төвөөр үйлчлүүлж байна. Дийлэнх нь татвар, халамж, газартай холбоотой асуудлаар хандаж, үйлчлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний иргэн, өрхийн асуудлыг бид нэг цэгийн үйлчилгээгээр, богино хугацаанд, шуурхай шийдэж өгч байна. Одоогоор манай төв иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчилж байгаа. Үүнээс гадна үйлчлүүлэгчдийн тав тухтай орчинд үйлчлүүлэх эрхэд нийцүүлж, өөртөө үйлчлэх хэсэгт хүүхдийн тоглоомын талбай, кофе шоп, амралтын сандал зэргийг тохижуулсан байгаа. Иргэд албан бичиг, шаард­лагатай зөвшөөрлөө авах­даа хүүхдээ тоглоомын талбайд түр үлдээгээд өөрөө мэргэ­жилтэнд хандах боломжтой гэсэн үг. Энэ мэтээр төрийн үйл­чилгээг иргэдэд хувийн хэвшлийнхэнтэй өрсөл­дөхүйц соёлтой, боловсон, тав тухтай орчинд үзүүлж байна.
-Иргэдэд шаардлагатай бүх үйлчилгээг нэг дор төвлө­рүү­лэхээс гадна үйлчилгээний хугацаа шуурхай болсонд иргэд таатай байна. Өмнө нь гурван сар гаруй хугацаанд хөөцөлдөөд авч чадаагүй зөвшөөрлөө хоёр хоногт авч байна гэх мэтээр ярьж байна. Энэ үнэн үү?
-Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулсан зо­рилго нь төрийн бүх үйлчил­гээг иргэдэд байж болох богино хугацаанд, шуурхай, нэг дороос үзүүлэх. Үүнийгээ биелүүлэхийн тулд бид хичээж ажиллаж байна. Үүний тулд үйлчилгээний шат дамж­лага бүрийн хугацааг богиносгож, тодорхой болгосон. Үйлчлүү­лэг­чдэдээ бид хүсэлтээс нь хамаарч улаан, ногоон, шар гэсэн гурван хуудас бөглүү­лэхээр зэхэж байна. Энэ хуудсыг бөглүүлснээр үйлчилгээ улам шуурхай, иргэдэд тодорхой болно. Тодруулбал, тухайн иргэний авах үйлчилгээний төрлөөс шалтгаалж ногоон, улаан, шар хуудсын аль нэгийг бөглүүлнэ. Ногоон хуудсыг бөглөсөн бол таны асуудал хэдхэн минутын дотор шийдэгдэнэ гэсэн үг. Шар бол 24 цагийн дотор бэлэн болно. Улаан бол 24 цагаас дээш хугацааны дараа шийдэгдэнэ. Эдгээр хуудсууд зүгээр ч нэг өнгийн хуудас биш. Дээр нь тухайн хөөцөлдөж буй асуудлынх нь дагуу бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтуудын жагсаалт, үүнд хэчнээн төгрөг зарцуулах, хэдэн шат дамжлагаар, хэчнээн хугацааны дараа бэлэн болох тухай бүх мэдээллийг багтаасан байгаа. Хуудаст заасан хугацааны дагуу иргэд хариугаа мэргэжилтнээс хүсэх, шаардах эрхтэй. Энэ мэт үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, цаг зав, мөнгийг хэмнэсэн үйлчилгээ бий болгон ажиллаж байна.
-Энд хэчнээн ажилтан, албан хаагч ажиллаж бай­гаа вэ. Нийслэлийн үйлчил­гээний нэгдсэн төвийн салбар төвүүдийг нээхээр зэхэж байгаа гэсэн үү. Шинэ төвүүдийн боловсон хүчний асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
-Уртасгасан цагаар 200 гаруй албан хаагч ажиллаж байна. Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд төрийн захир­гааны байгууллагуудын мэргэ­жилтнүүдийг ажлын байран дээрээс нь компьютер, хэрэгсэл­тэй нь энд авчраад байгаа. Одоогоор Нийслэлийн үйл­чилгээний нэгдсэн төв байгуулснаар үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудад орон тоо нэмсэн асуудал байхгүй. Харин салбар төвүүд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр боловсон хүчний асуудалд сайтар анхаарч, нэмэг­дүүлэх шаардлага гарна. Ирэх дөрөвдүгээр сарын сүүлчээр Хан-Уул дүүргийн “Мишээл экспо” төвд, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төвд салбар төвүүдээ нээхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна.
Бид ийн ярьж, үйлчил­гээний танхимтай танилцаж явтал 50 орчим насны эрэгтэй “Энд жолоочийн хариуц­лагын даатгал хийж байгаа болов уу. Аль хэсэгт очих вэ” хэмээн лавлав. Түүнд “Одоогоор даатгалын байгуул­ла­гууд манайд ирээгүй байгаа. Удахгүй ирэх байх” гэв. Тэрбээр үргэлжлүүлэн “Цаашдаа үйлчилгээний тоо, төрөл нэмэгдэнэ. Сайн дурын даатгал, тамганы үйлдвэр гэх мэт дагалдах үйлчилгээг бид удахгүй дэргэдээ авна. Мөн Зас­­гийн газар, яам, агентлагийн үйлчилгээг манай төвөөс үзүү­лэхээр бэлтгэж байна. Одоо­гоор нийслэлийн захир­гааны байгууллагуудаас гадна бүх төрлийн банк, төрийн үйл­чил­гээний ТҮЦ машин, нота­риатын үйлчилгээ үзүүлж байна” гэв.
Түүнээс “Иргэд ямар нэг зөвшөөрөл авах, эсвэл бичиг баримт гаргуулахын тулд хэн нэг танилаа хайх, эсвэл үйлчилгээний ажилтанд их, бага хэмжээний авлига өгөх маягаар асуудлаа шийдүүлдэг нь худал зүйл биш. Нэг цэгийн энэхүү үйлчилгээ бий болсноор төрийн үйлчилгээний хүнд суртал, авлигыг устгаж байгаа гэж ойлгож болох уу” гэхэд “Ажлаа бүтээхийн тулд албан хаагчдад авлига өгдөг, ах дүү, хамаатан саднаа хайдаг гэх мэт яриа байдаг. Бид төрийн албан хаагчийг ажлаа үр дүнтэй, чанартай, ашиг сонирхлын зөрчилгүйгээр хийж гүйцэтгэх нөхцөлийг бий болгохыг зорьж байгаа. Биелж ч байгаа гэж бодож байна. Тухайлбал, үйлчлүүлэгч бичиг баримт, хүсэлтээ харьяаллын дагуух мэргэжилтэндээ өгнө. Мэргэжилтэн түүнийг тухайн асуудлыг хариуцсан албаны­ханд хүлээлгэж өгнө. Тэд асуудлыг тухай бүрт шийдэх зарчмаар ажиллаж байна. Үйлч­лүүлэгч мэргэжилтнээс өөр хэн нэг дарга, даамалтай уулзах ямар ч шаардлагагүй. Ийм байхад авлига, ах дүүгийн холбооны шаардлагагүй биз дээ” гэв.
Бид Хүндэтгэл ёслолын танхимын үүдэнд ирэхэд “Зас­гийн газрын хоёр дахь хуралдааныг манай төвд Цагаан сараас өмнө хийхээр болсон. Аймгуудын Засаг дарга нартай эндээс шууд холбогдох юм. Цаашдаа аймгуудад ч үйлчилгээний нэгдсэн төв байгуулахаар төлөвлөж байгаа” гэв.  Түүнчлэн уг төвийн Цахим угтах үйлчилгээний төвөөр дамжуулан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ё.Гэрэлчулуун нартай шууд холбогдох боломжтой аж. Мөн ЗДТГ-ын өрөө, угтах өрөөнд бусад байгууллагын дарга нар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс холбогдож буй иргэдтэй цахим уулзалт хийх боломжтой юм байна. Өнгөрсөн өдрүүдэд иргэд ихэвчлэн татварын буцаан олголт, газрын асуудлаар нийслэлийн удирдлагуудтай хол­богдож, санал хүсэлтээ илэр­хийлж, олонх нь асуудлаа газар дээр нь шийдвэрлүүлсэн аж.
Бид Нийслэлийн татварын газар төвлөрч буй 33-40 тоот лавлагааны хэсэгт очлоо. Тэнд дугаарласан иргэдийн дийлэнх нь орон сууцны татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхтэй холбоотой асуудлаар хандаж байв. Тэдний хажууханд зогсож байсан нэгэн биднээс “Барилга барих зөвшөөрлийг хаанаас ямар хугацаанд авах вэ” гэхэд “18-23 дугаар үйлчилгээний ажилтанд хандаарай. Бичиг баримтаа бүрэн бүрдүүлсэн бол ажлын есөн цагт багтаж, зөвшөөрөл нь гарч байгаа” гэв. Өмнө нь уг зөвшөөрөл хамгийн багадаа 14 хоногт гардаг байсан аж.
Нийслэлийн хэмжээнд тө­­рөөс үзүүлж буй бүх төрлийн үйл­­чилгээг нэг дор төвлө­­рүүл­­сэн энэхүү төв төрийн үйлчил­гээг иргэдэд супермаркетын адил тав тухтай орчинд чирэгдэл­­гүй, шуурхай хүргэж чадаж бай­­гааг үйлч­лүүлэгчид ярьж байв.
Б.Энхмарт

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …