Хөжлийн болон арилжааны банкууд ажлаа түргэвчлэх шаардлагатай байна

Даваа гараг бүр болдог Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-ийн өчигдрийн хурлыг Шадар сайд Д.Тэрбишдагва даргалан хийлгэв. Өчигдрөөс ажилдаа орсон Ерөнхий сайд болон яамдын сайд нар энэ удаагийн “Бүтээн байгуулалтын цаг”-т үзэгдсэнгүй. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирсэн энэ удаагийн хуралд уламжлал ёсоор ганцхан эмэгтэй дэд сайд хүрэлцэн ирсэн нь Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа байв. Энэ удаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан Шадар сайд Д.Тэрбишдагвын асуултад хариулж, дэлгэрэнгүй мэдээлэл хийснийг хүргэж байна.

-Өнгөрсөн долоо хоногийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар танай яамны мэдээллийг сонсож, дараагийн хуралд тодорхой мэдээлэл хийх үүрэг өгсөн. Энэ үүрэг, даалгаврын дагуу долоо хоногт ямар ажил хийж амжуулснаа тодорхой тайлбарлана уу?

-Түрүүчийн   хурал дээр Ша­дар сайдын зүгээс манай яамны цаг үеийн ажлаас гадна “Чингис бонд”-оор санхүү­жүүлэгдэж бай­гаа төслүүдийн явц,  үр  ашгийн талаар дараа­гийн ху­рал дээр тодорхой мэдээлэл хийх үүрэг өгсөн. Үүний дагуу мэдээлэл хийе. Засгийн газрын энэ оны 126, 141 дүгээр тогтоолуудаар манай салбарт нийтдээ 172.4 сая ам.долларын санхүүжилтийг таван чиглэлийн үйлдвэрлэлд зориулан “Чин­гис бонд”-оос олгох шийдвэр гаргасан. Тодруулбал ноо­лууран бүтээгдэхүүний үйлд­вэрлэлд 68.8 сая, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 27.7 сая, өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулахад зориулж 17.4 сая, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45 сая, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 13.5 сая ам долларын хөрөнгийг тухайн  үйлдвэрлэлүүдийн  тоног төхөөрөмж, бусад шаардлагатай материалыг худалдан авахад зориулан шийдвэрлэсэн. Эдийн засгийн хөгжлийн сай­дын 2013 оны 29 дүгээр ту­шаалаар баталсан “Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төс­лийг хэрэгжүүлэхэд баримт­лах журам”-ын дагуу манай яаман дээр дээрх таван төслийн нэгжүүдийг  байгуулан ажил­лаж байна.

-Өнгөрсөн хугацаанд ажил­даа орсон төслийн нэгжүүд чинь ямар ажил амжуулаад бай­гааг салбар салбараар нь дэс дараатай танилцуулах бо­ломж байна уу?

-За. Ноолууран бүтээг­дэхүү­ний төслийн нэгж нь “Чингис бонд”-оос тоног төхөөрөмжийн зээл авах хүсэлт гаргасан 40 гаруй компанийн үйл ажиллагаатай танилцаад одоогийн байдлаар шаардлага хангасан 15  үйлдвэрийн төс­­­­лийг шалгаруулан Хөгж­лийн банкинд материалыг нь хүр­гүүлээд байгаа. Ноосон  бү­тээг­дэхүүний үйлдвэрлэлийн төслийн нэгж нь “Монгол ноосон даавуу” төслийн сонгон шалгаруулалтад материалаа ирүүл­сэн 70 гаруй компанийн тө­­сөлтэй танилцаад өнөөдрийн байдлаар 32 төслийг шаардлага хангасан гэж үзэн Хөгжлийн банкинд хүргүүлээд байна. Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах төслийн нэгж нь “Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх тухай ТШ-13” төсөл сонгон шалгаруулалтаа зарлаж, үүний дагуу Улаанбаатарт 17, орон нутагт 9, нийтдээ 26 аж ахуйн нэгжийн төслийн нэгжийг хүлээж авсан. Мөн хүлэмжийн аж ахуйгаар Ев­ропод тэргүүлэгч, Голландын ком­паниудтай холбоо тогтоон ажил эхлээд явж байгаа. Гол­ландын эхний компанийн төлөөлөгчид монголд ирээд ажлаа эхлээд байна. Удахгүй энэ төсөлд хамрагдсан манай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Голландад очиж туршлага судлахаар явна.

Оёмол бүтээгдэхүүн үйлд­вэрлэлийн төслийн нэгж нь хамрагдсан компаниудынхаа төслийг авч бүрэн танилцсан. Тэдгээрээс 10 аж ахуйн нэгжийн төслийг сонгон шалгаруулаад Хөгжлийн банкинд хүр­гүүлсэн байгаа. Сүү, сүүн бүтээг­дэхүү­ний үйлдвэрлэлийн төс­лийн нэгжийн ажил дотроо гурван хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээрт сүү хүлээн авч бо­ловсруулах томоохон үйлд­вэрүүд хамрагдана. Дараа нь сумдын түвшинд малчдын сүүг хүлээж авах бага оврын үйлдвэр цех, гуравдугаарт нь өндөр ашиг шимтэй үхэр сүрэг гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа юм. Эцэст нь боловсруулах үйлдвэрийн чиглэлээр “Поли­ком”, “Хаан ембүү”, “Хаан сүү” гэсэн төслүүдийг сонгон шал­­гаруулаад Хөгжлийн банкинд хүргүүлээд байна. Одоо­­­гоор Хөгж­лийн банк эд­гээр төслөөс хамгийн үр ашиг­тай, тогтвортой үргэлжлэх нь сон­гон шалгаруулах шатандаа явж бай­гаа гэсэн мэдээллийг манайд өгсөн.

-Өндөр ашиг шимтэй үхэр сүрэгтэй болох төслийнхөө та­лаар арай дэлгэрэнгүй мэ­дээлэл өгөөч?   

-Сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн үнээний фермийн цог­цолбор байгуулахад дэмжлэг үзүүлэх “ТШ-1305” дугаартай тендерийн сонгон шалгаруулалт зарласан. Үүнд 36 аж ахуйн нэгж төслөө ирүүлснийг хүлээн авч одоогийн байдлаар аж ахуй нэг бүрээр нь төслийн нэгж үнэлгээ хийн шалгаруулж байгаа. Энэ ажилд сүүний фермерийн аж ахуй эрхэлдэг төв холбоотой нягт хамтран ажиллаж бай­на. Сумдын түвшинд сүү боловс­руулах цех байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “ТШ-1306” тендерийн сонгон шалгаруулалт явуулж дууссан. 2013 оны зургаадугаар сарын 15-наас найман сарын 15-ны хооронд төслүүдээ хүлээн авахаар зарласны дагуу  тэд­гээрийг  хүлээн авч байгаа. Мөн сүүний үнээ, үйлдвэр, цехийн тоног төхөөрөмж ний­лүүлэхээр саналаа ирүүлсэн ОХУ, Украйн, Франц, ХБНГУ, Голланд, Япон зэрэг улсуудын аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтоон тоног төхөөрөмжийн болон үнийн саналыг нь хүлээн аваад судалж байна.

-Эдгээр төслүүдийн сан­хүүжилтийн өнөөдрийн байдал ямархуу байгаа вэ?

-“Чингис бонд”-оос сан­хүү­жүүлэх эдгээр төсөл хөрөнгө мөнгөний бэрхшээлтэй тулгарч байгаа дутагдал бол байгаа. Яагаад  гэвэл “Чингис бонд”-оос гарах санхүүжилт ам.дол­лараар батлагдсан. Тэр нь то­дорхой хувийн хүүтэй. Манай хөдөө аж ахуйн салбарын хувьд маш олон зээлдэгчтэй. Энэ нь өнөө олон фермер, жижиг дунд үйлдвэр, газар тариалан эрхэлж байгаа тариаланчдаа хэлээд байгаа хэрэг л дээ. Ингээд зайлшгүй мэргэжлийн хол­боодтой харилцах асуудал тулгардаг болохоор Хөгжлийн банкныхан энэ ажилд ихээхэн цаг зав, судалгаа зарцуулж, үүнтэй уялдан тодорхой хугацаа алдаж байгаа тал бий. Мөн зарим эргэн төлөгдөх зээлийг арилжааны банкаар явуулах шийдвэрийг Ерөнхий сайд өгсөн. Харин арилжааны банкууд  “Чингис бонд”-оос аж ахуйн нэгжүүдэд тавих хүүгээ нэлээд өндөр  тогтоогооод байгаа учир бид тэдэнтэй хэл амаа ололцох гэж багагүй цаг алдаж байна. Иймэрхүү тодорхой шалт­гаануудын улмаас эдгээр ажлын санхүүжилт тодорхой хэмжээгээр удаашраад байгаа боловч ерөнхий дүнгээрээ  дав­гүй үзүүлэлттэй урагшилж байгаа гэж дүгнэж болно. Бас анх удаа улс орныг хамарсан ийм томоохон үйлдвэржилт, бүтээн байгуулалтын ажил өр­нөж байгаа болохоор туршлага дутах, мэдэхгүй чадахгүй зүйл тохиолдох бэрхшээл тулгарч байгааг хэлэх хэрэгтэй.

-Газар тариалангийн өнөөд­рийн байдал ямархуу янзтай явж байна?

-Энэ жил газар тариалангийн гол бүс нутгуудаар хур бороо элбэг, газрын чийг сайн бай­гаа. Харин гол хүндрэл нь энэ зуны хувьд шөнөдөө +13 градусаас дээш температуртай хонохгүй байгаа тул ялангуяа улаан буудайн болцны асуудал жаахан сэтгэл зовоож байгаа. Одоогоор тариан түрүү нэлээн намхан байна. Гэхдээ цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ наймдугаар сарын эхний 15 хоног нэлээд халуун байх төлөвтэй  нь улаан буудайн бол­цод эерэгээр нөлөөлөх байх гэсэн дүгнэлт хийж байгаа. Газар тариалангийн бусад ур­гамал, хүнсний ногооны хувьд ямарваа хүндрэлгүй байна. Төмс, хүнсний ногооны хувьд энэ жил дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой.

-Засгийн газраас шийдээд өгсөн 253 тэрбум төгрөгийн санхүүжилт бүрэн хийгдэхгүй байгаа хариуцлагыг танай яам хүлээх юм уу, Хөгжлийн болон арилжааны банкууд хүлээх хэрэг үү? 

-Манай яамны хувьд Засгийн газраас батлаад өгсөн мөнгийг тухайн салбаруудад нь яаралтай шийдэн өгч, урин дулааны улиралд бүтээн байгуулалтын ажилд нэг өдөр ч алдахгүй байх бодлогыг хатуу баримтлан ажиллаж байгаа. Товчхондоо тухайн мөнгийг  гаргаж өгөх ёстой банкууд манай яамны ажлаас шалтгаалан нэг өдөр ч алгуурлах нөхцөл байхгүй. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хийх ёстой ажлаа хийсэн. Одоо харин Хөжлийн болон арилжааны банкууд л ажлаа түргэвчлэх шаардлагатай бо­лоод байна.

images (1)

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …