Засгийн газрын ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргалаа

9296b5fb94cfff3b26670724190b8a8fТусгай зөвшөөрөл эзэмшигчийн сум, дүүргийн Засаг даргатай байгуулах гэрээний загварыг баталлаа

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасныг үндэслэн “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлыг тусгасан гэрээ”-г тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулах гэрээний загварыг баталлаа.

Нутгийн захиргааны байгууллагатай хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аль аль нь гэрээ байгуулж ажиллана. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай байгуулах гэрээний хугацааг талууд хоорондоо харилцан тохиролцож байхаар тусгажээ.

Стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь аймгийн аймгийн Засаг дарга гэрээ байгуулах бөгөөд энэ асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэхээр тусгажээ.

Энэхүү загвар гэрээ байгуулагдсанаар аймаг, сум, дүүргийн түвшинд янз бүрийн гэрээ хийдэг байсныг нэг мөр болгож, гэрээнд оролцогч талуудын үүрэг хариуцлага тодорхой болж байгаа юм. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчээс оруулж буй хөрөнгө оруулалт нь орон нутаг, хүн амын хөгжилд хэрхэн үр өгөөжтэй зарцуулж байгаа хийгээд ил тод шударга ойлгомжтой харилцааг хөрөнгө оруулагчид болон орон нутгийн иргэдэд бий болгох чухал ач холбогдолтой байх болно.

Гэрээний хэрэгжилттэй холбоотой төсөл хөтөлбөрийн ач холбогдлыг орон нутгийн иргэдэд таниулах, иргэдийн оролцоо бүхий хамтын ажиллагааны хороо ажиллуулж байх, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тухайн сум, дүүргийн иргэдийн санал, хүсэлтэд суурилсан, ИТХ-аар батлагдсан орон нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас сонгон төсөл хөтөлбөр хамтран боловсруулахаар  гэрээнд мөн тусгагджээ.

“Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталлаа

УИХ-ын 2013 оны тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталж, энд тусгагдсан төсөл, арга хэмжээг жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, концессын гэрээ байгуулах замаар болон бусад эх үүсвэрээр хэрэгжүүлж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарт даалгалаа.

Үйл ажиллагааны төлөвлөгөөг баталснаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий  төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, хотын доторх төрийн захиргаа, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн нэг төвт төвлөрлийг задалж, сарниулах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг салбар бүрт тэгш, хүртээмжтэй байдлаар шийдвэрлэн эрүүл мэнд, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлсэн хот бий болгох зорилго хэрэгжих юм.

Товч мэдээ

  • Гадаадын тусламж авах, удирдах, бүртгэх, тайлагнах журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт даалгаж, тус журмын хүрээнд төсөл хэрэгжүүлэгч байгууллага, нэгжүүдийн үйл ажиллагаанд мөрдөгдөх гэрээний загвар, маягтуудыг баталж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.
  • Дотоодын үйлдвэрлэлийг гадаад худалдаанаас учирч болох хохирлоос хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган батлан, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
  • Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2015 оны байдлаар 80,2 хувьтай гарлаа.
  • Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээний 2015 оны хэрэгжилтийн тухай хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д танилцуулахаар тогтлоо.
  • Засгийн газрын тухай хууль, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн тус тогтоолын хавсралтаар баталсан зарим барааны гаалийн албан татварын хувь хэмжээг хавсралтаар тогтоолоо.
  • 2015 онд иргэдээс төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 2015 онд төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 515740 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 503014 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж өгсөн нь 97,5 хувийн үзүүлэлттэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …