Утга зохиолын шүүмжлэгч, Доктор П. Батхуяг бичиж байна.
Өнөөгийн сэтгүүлзүйн хамгийн түгээмэл бичлэгийн зүйл бол ярилцлага юм. Сэтгүүлзүйн сүүлийн үеийн бичлэгийн чиг хандлагаас ажиглахад ярилцлага нь төрөл зүйлийн хувьд нийлэгжин”эрлийзжих”замаар бичлэг, зохиомжийн хувьд ч өөрчлөгдөж байна. Товчхондоо сэтгүүлч, ярилцагч, хүлээн авагч гэсэн гурвал холбоонд ярилцлагчаас дутуугүй сэтгүүлчийн эзлэх хувь ихээхэн нэмэгджээ. Энэ үзэгдэл өнөөгийн Монголын сэтгүүлзүйд, тодорхой сэтгүүлчдийн бүтээлээс илэрхий ажиглагдаж байна. Энэхүү нийлэгжих үзэгдэл асуудал дэвшүүлсэн, хөрөг, баримт мэдээллийн ярилцлагаас гадна сурвалжилсан-ярилцлага, нийтлэл- уран сайхны ярилцлага гэсэн харьцангуй “шинэ” төрөл ч бий болжээ.
Үндэсний сэтгүүлзүйн хөгжил, мөн сэтгүүлзүйн бичлэгийн нэг төрөл зүйл дагнан давамгайлах үзэгдэл нийгэм-түүхийн шалтгаан нөхцөлөөс гадна тухайн үндэстний сэтгэлгээний өвөрмөц онцлогоос шалтгаалдаг тал байна. Үзэгдлийн хувьд олон хүчин зүйлсээс нөхцөлдөж байгаа нь сонирхол татсан төдийгүй “Ярилцлагын тухай ярилцахад” хүргэсэн болно.
Өнөөгийн Монголын сэтгүүлзүйн бичлэгийн төрөлд ярилцлага “элбэгшиж”, бичлэгийн төрөл зүйл “эрлийзжих” үзэгдэлд юу нөлөөлөв. Бидний ажиглалтаар
Нэгдүгээрт: -МЭДЭЭЛЭЛ-ТЕХНОЛОГИЙН ХУРД
Хоёрдугаарт: – ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ӨӨРЧЛӨЛТ
Гуравдугаарт:-СЭТГҮҮЛЗҮЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ШИНЭЧЛЭЛ гэсэн бодот хүчин зүйлс нөлөөлсөн байна.
Сэтгүүлзүйн онолын сэтгэлгээнд ч “ҮЗЭЛ СУРТАЛГҮЙ” чөлөөт эрэлхийллүүдийг чухалчлах болсон нь бичлэгийн “шинэ” өвөрмөц төрлүүд үүсч хөгжих тодорхой нөхцөлийг бүрдүүлжээ. Нөгөө талаар төрөл зүйлүүдийн нийлэгжих /genre hybridization/ үзэгдэл ч сэтгүүлзүйн бүтээлүүдэд тэртусмаа ярилцлагын төрөлд илүүтэй анзаарагдаж байна. Юмс үзэгдэл тодорхой хувьслын шатанд нийлэгжих/эрлийзжих/ замаар шинэ төлөв, хувьсал, дүр төрх бүтээж байдаг. Нийгэм, урлагт ч, техник технологийн орчинд ч энэ үзэгдэл явагддаг.
Хүснэгт-1. Юмс үзэгдлийн нийлэгжих үзэгдлийн жишээ
Нийгэм | Урлаг | Техник- технологи |
Үнэт зүйлсийн нийлэгжих үзэгдэл | Төрөл зүйлийн нийлэгжилт | Нийлэгжих аргаар бүтээгдэх |
Жишээ | ||
Үнэт зүйлс судлалд нийлэгжих үзэгдэл нийгэм-түүхийн шалтгаантай гэж үздэг. Нийгэм шинжлэлд “ТӨР” үнэт зүйл, “ЗАСАГЛАЛ” мөн үнэт зүйлтэй нийлэгжих явцад “ТӨР ЗАСАГ” гэх үнэт зүйлс бүрддэг гэж үздэг. | Ж.Р.Р.Толкейны”Хоббитүүд” зохиолыг уран зохиолын төрөл зүйлийн эрлийзжилтийн жишээ болгодог. Уран сэтгэмжит-домогзүйн-үлгэрийн эсээ бичлэгтэй роман гэсэн тодорхойлолт судлаачид өгсөн байдаг. | Автомашин үйлдвэрлэлийн түүхэнд “hybridcars”бол эрлийзжилтийн тодорхой жишээ гэж үздэг. Түлш болон цахилгаан хөдөлгүүр хосолсон технологи |
Харьцангуй тогтолцоонд оруулсан дээрх зүй ёсны мэт санагдах “зүй тогтол” ч сэтгүүлзүйд нэгэнт тодорхой үзэгдэл болжээ. Хувьсан өөрчлөгдөж байгаа цаг үед сэтгүүлзүйн харилцаанд ч олон өөрчлөлтүүд явагдаж байна. Энэ талаар судлаач “Сэтгүүлзүйн бас нэгэн хандлага нь нэг талаас хэвлэмэл болоод цахим ОНМХ-ийн төрөл зүйл улам өргөжихийн хэрээр ялгарч, нөгөөтэйгүүр эдийн засгийн хувьд тэсэн үлдэхийн үүднээс интеграцид орж байна. /В.В. Ворошилов “Дэлхийн сэтгүүлзүйн түүхээс” 2001, 20/ гэсэн нь өнөөгийн сэтгүүлзүйн дотоод үзэгдлээс илэрхий харагдаж байна.
Тухайлбал, сэтгүүлч Х.Болормаагийн “Барилгын компаниуд иргэдэд зарсан орон сууцныхаа талбайгаас2-17 ам метрийг хумсалжээ” нэртэй БАЛДОРЖ шагналын шилдэгээр шалгарсан сурвалжлага байна. Сонирхолтой нь энэхүү бүтээл сурвалжлагаар эхэлж, баримтат нийтлэлийн хэлбэрээр үргэлжилж, ярилцлагаар төгсөж байна. Бүтцийг нарийн ажиглавал сурвалжлагын төгсгөлд “Редакцийн уулзалт” зурвас гарчгийн дор “ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар, хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч К.Жаркынбек, БХБЯ-ны Зураг төсөл, эрдэм шинжилгээний институтын дэд захирал Д.Чинзолбоо, Стандартчилал хэмжил зүйн газрын Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсийн дарга С.Соронзонболд, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч А.Мягмаржав нарыг редакцдаа урьж…” /Х.Болормаа “Барилгын компаниуд иргэдэд зарсан орон сууцныхаа талбайгаас 2-17 ам метрийг хумсалжээ”/ хэлэлцүүлэг ярилцлага хийсэн байна. Энэ нөхцөлд сэтгүүлч Х.Болормаагийн бүтээлийг сэтгүүлзүйн тодорхой бичлэгийн төрлөөр шууд оноон нэрлэхэд хэцүү болж байна.
Сэтгүүлч төрөл зүйлийн хувьд бүтээлээ “баялаг” зохиомжилсон, мэдээллийн эх сурвалжийг бүрэн судалсан зэрэг нь сайшаалтай ч бичлэг хэт нуршуу, сунжруу болж товч тодорхой байх сэтгүүлзүйн үндсэн чухал шаардлага зөрчигджээ. Түүнчлин сэтгүүлч Б.Цэцэгдэлгэрийн “Дүүгээ аврахын тулд 7 настай охин голоо тасартал тэмцжээ” нэртэй БАЛДОРЖ шагналын шилдэгээр шалгарсан сурвалжлага мөн л сурвалжилсан тэмдэглэл хэлбэрээр эхэлж, бичлэгийн явцад сурвалжлага, ярилцлага хосолсон байдлаар өрнөж, ярилцлагаар төгссөн байна. Даанч бичлэгийн төгсгөлд үр хүүхдээ алдсан эцэгтэй хийсэн ярилцлагад тавьсан асуултууд ямар ч логик дараалал байхгүй болсон үйл явдлын дарааллыг энд тэндээс нь хэсэг бусаг” байдлаар асуужээ.
Дээрх хоёр жишээ сэтгүүлзүйн бичлэгт “зохиомж”-ийн шинэ хэлбэрүүд бүрэлдэж буйг харуулна. Энэ тухай судлаач ” Зарим бичлэгийн төрөл устаж үгүй болж, зарим бичлэгийн төрөл, зүйл болон тэдний дотоод хэлбэрүүд баяжиж, шинээр бий болох хандлага ажиглагдаж байна.” /М.Зулькафиль” Сэтгүүлчийн ур чадвар”2009, 276/ хэмээн тэмдэглэжээ.
ЯРИЛЦЛАГЫН ТУХАЙ ЯРИЛЦАХУЙ-I
2009 оны БАЛДОРЖ шагналыг сэтгүүлч Б.Ганчимэг “Асашёору: Ээж аав, нутаг ус, эх орон, элэг зүрхэнд л минь эгшиж байдаг юм шүү дээ” ярилцлагаараа хүртжээ. Бүтээл төрөл зүйлийн хувьд тодорхой. Ярилцлагын бие даасан үндсэн “сонгодог ” хэлбэр. Онцлог нь чөлөөт хэлбэрийг сонгосон. Б.Ганчимэгийн ярилцлагуудаас шууд анзаарагддаг “илэн далангүй” байдал энэ бүтээлээс ч мэдрэгдэнэ. Зохиомжийн хувьд тусгай шугам байхгүй. Нэг үгээр албадмал чиглүүлсэн урьдчилсан “төлөвлөгөө” байхгүйгээр ярилцсан байна. Хариултаас дараагийн асуултыг ургуулсан бүтэцтэй. Судалгаа хийсэн ч тэр нь эмпирик түвшний л мэдээллүүд байсан учир зарим талаараа сэтгүүлчийн асуулт ярилцагчийнхаа хариултанд “жижигдэх” тал байна. Жишээ авъя.
Асуулт “… тэр бүхэн таны сэтгэлзүйн хувьд өөртөө өгч байгаа ташуур уу. эсвэл ердийн рефлекс юм уу?
Хариулт: – Рефлекс биш юм, аа. Энэ ерөөсөө миний тэр хүнтэй барилдах чин зүрхний илэрхийлэл. Би сая хэлсэн шүү дээ. Би энэнээс дутуу шүү гэж… Ойлгож байна уу. Ингэж би…
Асуулт: – Өөрийгөө уурлуулдаг гэж үү?
Хариулт: -Уурладаг биш. Ирлэдэг, шатаадаг…/ Б.Ганчимэг “Асашёору: Ээж аав, нутаг ус, эх орон, элэг зүрхэнд л минь эгшиж байдаг юм шүү дээ”/ Сэтгүүл зүйн БАЛДОРЖ ШАГНАЛ шилдэг бүтээлүүд 2009-2012 он” УБ, 2013, 19/ гэсэн ярилцлагын хэсгийг анзаарна уу? “Өөрийгөө уурлуулдаг гэж үү? хэмээх гэнэн асуулт их энгийн ярилцах гэж хичээсний алдаа юу, эсвэл тамирчдын сэтгэл зүйн талаар бага судалснаас шалтгаалав уу?
Б.Ганчимэг сэтгүүлчийн ур чадварыг мэргэжлийн судлаач ийнхүү үнэлжээ. Үнэхээр зоригтой том дүгнэлт. ” Сэтгүүлч Б.Ганчимэг бол монголын орчин үеийн сэтгүүл зүйн ярилцлагын нэрт мастер, бичлэгийн энэ төрөл зүйлд шинэчлэл хийсэн уран бүтээлч мөн.” /М.Зулькафиль”Сэтгүүлчийн ур чадвар” 2009,109/ гэсэн байдаг. Хоёр зүйлд санаа нийлэвч нэг зүйлд үнэхээр эргэлзэж байна. Б.Ганчимэг бол өнөөгийн монголын сэтгүүлзүйн томоохон төлөөлөгч мөн. Ярилцлагын төрөлд мэргэшсэн МАСТЕР ч мөн. Харин “шинэчлэгч” гэдэг тодорхойлолт эргэлзээтэй. Гүнсэнгийн Донид, Нанжаагийн Лхагва нарын “Сэтгэлийн есөн тайлал”/1990/ ном орчин цагийн ярилцлагын төрөлд “шинэчлэл” биш юмаа гэхэд ямар нэгэн “шинэ эхлэл” байсан гэдгийг сэтгүүлзүйн түүх санадаг гэдэгт итгэнэ. Ярилцлагын олон сонирхолтой эхлэл тэр түүвэрт буй. Үнэндээ Б.Ганчимэгийн “эхлэл” ч тэр гурван цуврал номонд бий.
Ярилцлагад “НЭЭХҮЙ” гэдэг салшгүй ойлголт байдаг. Нэг үгээр сэтгүүлч ярилцагчийнхаа “ДОТООД ЕРТӨНЦ”-ийг нээн харуулахад зорилго нь чиглэнэ. Тэр тусмаа хөрөг ярилцлагад илүү хамааралтай шинж юм. Эрх мэдэл, нэр алдар, цол гуншингийн халхавчаас давж, ярилцагчийнхаа үнэн төрхийн нээн харуулахыг Б.Ганчимэг ярилцлагууддаа эрмэлздэг. Түүний 2011 онд БАЛДОРЖ шагналын шилдэг 10-т шалгарсан“Х.Баянмөнх: Аатай омогтой, алдаатай хиймортой залуу насны явдлыг байгаагаар нь хайрлая л гэж хэлэх гэсэн. Мөөеө ирээгүй.”, 2010 онд мөн шалгарсан “Эрүүл болсон цагт бол эр хүний замын хүзүү урт гэдэг дээ”, 2012 онд шалгарсан “Хязгааргүй тийш…” ярилцлагуудад “эгэл” чанарыг эрэлхийлсэн өвөрмөц талууд нь байна. Харин хэлбэр зохиомжийн талаас “ижилсэх”, “адил төстэй” болох тал ажиглагдана. Магадгүй түүнийг “даган дуурайгч” олон Ганчимэгүүд монголын сэтгүүл зүйд “ярилцлага” хийж байна. Энэ бол байдаг л үзэгдэл. Тэгээд ч судлаачийн дурдсанаар “Сүүлийн хэдэн жилийн нийтлэл нэвтрүүлгээс ажихад монголд “Ярилцлагын сэтгүүл зүй” гэж нэрлэж болох нэгэн шинэ чиглэл бие даан гарч ирлээ. /Х.Цэвлээ”Миний сэтгүүл зүй ” 2004,170/ гэсэнтэй санал нийлнэ.
ЯРИЛЦЛАГЫН ТУХАЙ ЯРИЛЦАХУЙ-II
2012 оны БАЛДОРЖ шагналын шилдэгт багтсан сэтгүүлч Ж.Нарангэрэлийн “Бодит амьдралаас сэдэвлэв”цуврал бүтээлийг бичлэгийн төрөл зүйлийн хувьд НИЙТЛЭЛ гэж үзэхэд хэцүү. Бичлэгийн ерөнхий суурь нь ярилцлагыг ДАХИН НАЙРУУЛАН БОЛОВСРУУЛСАН шинжтэй. Анхны бичвэр нь бол ярилцлага. Суурь бичлэг нь ярилцлага гэсэн үг. Харин дахин боловсруулахдаа нийтлэлийн хэлбэрт зохицуулсан байна. Ийм хэлбэр сүүлийн үед сэтгүүлзүйд их анзаарагдах болжээ. Тиймээс НИЙТЛЭЛ УРАН САЙХНЫ ЯРИЛЦЛАГА” гэж тодорхойлсон юм. Яг оносон, зөв нэршил гэж үзэхгүй байгаа ч төрөл зүйлүүд нийлэгжих үзэгдлийн нэг хэлбэр гэдэг нь тодорхой. Нөгөө талдаа“…сэтгүүлч өөрөө тухайн баримтыг судалсны үр дүнд ийм дүгнэлт гаргаж байгаа хэлбэрээр бичиж болно”/Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хэрхэн ашиглах вэ? ” 1996,13/ гэжээ. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйд ярилцлага олон талаараа зохицон нийцэж байна. Тогтсон загварт бичлэгээс зайлсхийх хандлага олон сэтгүүлчийн ярилцлагаас харагдана. Жишээ авъя.
2012 онд БАЛДОРЖ шагналын шилдэгт шалгарсан сэтгүүлч Д.Заяабатын” А.Цэенпил: Найзыгаа алчихлаа гэж айхдаа хөвчид дөрвөн жил шахам бүгсэн” бүтээл “нийтлэл- ярилцлага” гэж оноон нэрлээд байгаа төрөлд бүрэн нийцнэ. Зохиомж нь сонирхолтой. Үйл явдлын эхлэлийг нийтлэл хэлбэрийн хүүрнэх аясаар бичжээ. Харин эрчимжих төгсгөл хэсгийг гол баатартайгаа ярилцах хэлбэрээр өрнүүлсэн байна. Ийм хавсарсан зохиомж нь “та хүүхэд насныхаа тухай яриач”, “таны спортын замнал яаж эхлэв” зэргээр тогтсон хэдхэн асуултаар ярилцлагаа эхэлдэг ХЭВ ЗАГВАРААС огт ондоо харьцангуй “шинэлэг болсон юм. Сэтгүүлч Д.Заяабат, залуу сэтгүүлч Ж.Нарангэрэл хоёрын ярилцлагад суурилсан бичлэгийн ялгаа нь Д.Заяабат нийтлэлдээ ярилцлагыг ХАВСРАН оруулсан хэлбэртэй бол Ж.Нарангэрэл ярилцлагыг ДАХИН НАЙРУУЛАН” бичсэн шинжтэйд оршино. Эндээс нийтлэл- уран сайхны ярилцлагад НИЙТЛЭЛ- ЯРИЛЦЛАГА ХАВСАРСАН, нөгөө нь ЯРИЛЦЛАГЫГ ДАХИН НАЙРУУЛАН БОЛОВСРУУЛСАН” шинжтэй зохиомжийн өвөрмөц хэлбэрүүд тогтоод байна.
Мөн “Асуултын дараалал, логик холбоо ч чухал ач холбогдолтой байдаг. Ярианы өнгө аяс өмгөөлж дэмжсэн царайчилсан, эсвэл дайрч давшилсан байх нь зохимгүй. /М.Зулькафиль “Сэтгүүлзүйн онолын үндэс” 2004,392/ гэсэн судлаачийн дүгнэлтийг бодолцох шаардлагатай. Балдорж шагналын шилдэгт багтсан зарим сэтгүүлчийн ярилцлага тодорхой судалгаагүй, шинэлэг эрэлхийлэл байхгүй. Хэл найруулга ядмаг, учир шалтгаангүй, зорилго эргэлзээтэй, логик дараалалгүй, чөлөөт харьцаа үүсгэж чадаагүй дулимаг болжээ. Сэтгүүлч Ж. Батмөнх, Г.Баярсайхан нарын ” Баяд ястан, Баянмөнх аваргын хүү болж төрсөн нь”миний буруу” нэртэй 2009 оны БАЛДОРЖ шагналын шилдэгт багтсан ярилцлага байна. Тогтсон загварт баригдсан, судалгаа муутай, ярилцагчийн хувийн асуудлыг ярилцлагынхаа гол “ЦӨМ” болгосон байх жишээтэй. Тэгвэл сэтгүүлч Н.Гантулгын 2012 онд БАЛДОРЖ шагналын шилдэгт шалгарсан “Владимир Жанибеков: тавхан удаа л сансарт ниссэндээ харамсдаг” ярилцлага урьдчилан бэлдээгүй “гэнэтийн” тохиолдолд хийсэн ярилцлага байх магадлалтай. Учир нь асуултууд нь ямар ч логик дараалал байхгүй. Сансарын нисэгчээс“харь гарагийн нисдэг таваг харав уу” гэх зэрэг “хачирхалтай” байж болох асуултууд асуусан байна. Ер нь судлаач Н.Түмэнбаярын анхааруулсан “олны нүдэнд байнга ил байх сонирхолтой” /Н.Түмэнбаяр” Сэтгүүл зүйн ёс зүй” 2005, 49/ нийгмийн цөөнх хэсгээс “тойрч” ярилцлага авдаг явцуу байдал өнөөгийн сэтгүүлзүйн шүүмжлэлтэй тал. 2009-2014 оны хооронд 4-5 бөхийн ярилцлага шилдэгт шалгарсан байгаагаас харахад тодорхой.
ЯРИЛЦЛАГЫН ТУХАЙ ЯРИЛЦАХУЙ-III
2015 оны БАЛДОРЖ шагналын тэргүүн шилдэгээр шалгарсан сэтгүүлч Э. Хүрэлбаатарын “Би монгол улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог” буюу Хануйн сургуулийн сурагчид“, ” Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна” хоёр бүтээлээс эрэн сурвалжлах сэтгүүлзүйн онцлогоос шалтгаалсан байх үндэстэй “сурвалжлага- ярилцлага”, “ярилцлага- сурвалжлага” хосолсон бичлэгийн “шинэ” хэлбэрийг харж болно. Жишээ авъя.
“4А ангийн дарга М.Мягмарсамбуу хичээлдээ онц сурдаг байна. Өнгөрсөн жил аймагт болсон математикийн олимпиадад оролцоод, хүрэл медаль хүртээд иржээ. Хануй багийн бага сургуулийн шилдэг сурагч аж. Түүнтэй хэсэг зуур хөөрөлдлөө.
-Аймгийн олимпиадад оролцоод хүрэл медаль авч, сургуулийнхаа шилдэг сурагч болсонд баяр хүргэе. Чи ямар хичээлдээ илүү дуртай вэ?
-Баярлалаа, ахаа. Би математик, монгол хэл, ер нь л бүгдэд нь дуртай…
Бид хоёрыг ийн ярилцаж байтал хажуугаас Б.Гантөгс хүү “Ахаа, би ч гэсэн хичээлдээ сайн шдээ. Миний дэвтрийг үзэх үү” гээд цүнхээ уудаллаа. Монгол хэл, математикийн дэвтрээ үзүүлэв. М.Мягмарсамбуу, Б.Гантөгс нар үнэхээр цэвэрхэн бичдэг юм байна. Дэвтэр дээр нь нэг ч алдаа байхгүй юм. Хуудас бүр А гэсэн үнэлгээтэй. Б.Гантөгс Хануй багтаа хурдан морь унадаг хүүхдүүдийн хамгийн сайн нь гэсэн. Өнгөрсөн зуны багийнхаа наадамд их морь, шүдлэн насны морьдоо дөрөвт давхиулж, даагаа айрагдуулаад хязаалангаа 10-т давхиулжээ.“/Э.Хүрэлбаатар” Би монгол улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог” буюу Хануйн сургуулийн сурагчид” www. baldorjsan.mongolnews.mn/ хэсгээс сурвалжилсан бичлэгийн хэлбэрээс урган гарсан ярилцлага, мөн ярилцлагаас урган гарсан сурвалжлага “сүлэлдсэн” онцлог зохиомж байна. Сэтгүүлч Э.Хүрэлбаатарын бичлэгээс мэдээллийн шуурхай чанар, яг тухайн “нөхцөл байдлаас” эх сурвалжаа олж боловсруулсан тал, зоримог чанар мэдрэгдэнэ. Сурвалжлагын хамгийн чухал чанар нь судлаачийн тэмдэглэснээр” Тухайн үйл явдал, үзэгдлийн талаар харьцангуй шуурхай мэдээлэл өгөх зорилго агуулдаг “/ М.Зулькафиль”Сэтгүүл зүйн тайлбар толь” 2005, 151/ гэж үзвэл Э.Хүрэлбаатарын бичлэгүүд “СУРВАЛЖИЛСАН- ЯРИЛЦЛАГА” шинжийг агуулж байна.
Шилдэгт шалгарсан ярилцлагуудаас сэтгүүлч З.Боргилмаагийн ” Х.Баттулга: ҮЗХ дүгнэх биз” ярилцлага зохиомжийн хувьд гойд зүйлгүй ч бусад бүтээлүүдээс чиглэсэн зорилго буюу нэг шугам барьсан талаараа ялгарна. “Ажил хэргийн ярилцлага” гэж тодорхойлж болно. Хувийн амьдралын талаарх мэдээлэлгүй, дурсамж, нулимс байхгүй энэ ярилцлага улс төр, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлуудыг тойрсон “НЭГ ШУГАМ” барьсан байна. Үлгэр болгож авсан жишээ болоод тэдгэрээс урган гарсан таамаглалууд сэтгүүлзүйн мэргэжлийн судлаачийн хийсэн тодорхойлолттой зөрчилдөж байна. Судлаачийн “Эцэст нь тэмдэглэхэд эвлүүлсэн, сөөлжүүлсэн, харьцуулсан, эчнээ, өөрөө өөртэйгээ хийсэн ярилцлагын хэлбэрүүд нь үнэн чанартаа ярилцлага биш бөгөөд харин ярилцлагын хэлбэрээр бичигдсэн өгүүлэл, нийтлэл төдий л юм гэдгийг ойлгож байх нь чухал” / Д.Норовсүрэн Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл, зүйл” 2008,86/ гэсэн томоохон “зааварчилгаатай” тулгарна. Яагаад СУРВАЛЖЛАГА- ЯРИЛЦЛАГА хоёрыг сүлэлдүүлээд биччихсэн ЭХ-ийг ярилцлага, сурвалжлагын нийлмэл хэлбэр биш “ярилцлагын хэлбэрээр бичигдсэн… төдий л юм” гэж ойлгох ёстойг ойлгохгүйд хүрнэ. Асуулт хариулт /question, answer/ бол ярилцлагын үндсэн хэлбэр. Гэтэл яалт ч үгүй асуулт хариултын хэлбэрээр бичигдсэн сэтгүүл зүйн бичвэрийг огт өөр зохиомж хэлбэртэй НИЙТЛЭЛ гэж бодохыг шаардах нь том “эр зориг” төдийгүй сэтгэлгээний “давчдал” мэт санагдана. Судлаачийнхаар бол 2012 оны БАЛДОРЖ шагналын шилдэгт багтсан сэтгүүлч Ү. Цолмонгийн “Нулимсан дундах Афган” цуврал нийтлэлийн хэсэг болох “Дуулгандаа суманд оногдсон анхны монгол цэрэг” ярилцлага, ярилцлага биш харин өгүүлэл юм уу, нийтлэл төдий зүйл гэж нүдээ аниад итгэхээс аргагүй болно. Анхнаасаа ийм эргэлзээтэй томьёологдсон, хэт хатуу ангилагдсан сэтгүүлзүйн бичлэгийн төрөл, зүйлүүд сэтгэлгээний шинэ загварчлалтай тулгарахаар онолын ойлголтууд нь олон талаараа эргэлзээтэй болж байгаа юм.
Сэтгүүл зүйн шинэ хэлбэрүүд “шинэ үнэт зүйлс, үзэл санаа, арга барил, шинэ ёс зүйн хэм хэмжээг сэтгүүлчдээс шаардаж байна./”New values as ethical standarts” www.owenspencer-thomas.com/ гэжээ. Тиймээс л “нийтлэл-уран сайхны ярилцлага, сурвалжилсан ярилцлага” гэсэн сэтгүүлзүйн бичлэгийн шинэ зүйл бүрэлдэж бий болжээ хэмээн таамаглах үндэслэл байна. Асуудал нь шинэ хандлагуудыг хуучин онолын сэтгэлгээгээр тайлбарлаж болохгүй байгаад оршиж байна.
Ярилцлага яагаад “элбэгшив” хэмээх урьдач асуултанд сэтгүүлзүйн мэргэжлийн судлаач ийн хариулжээ.“Манай сонинуудын ихэнх зайг ярилцлага эзэлдэг нь бичих боловсруулахад сэтгүүлчээс нарийн хүч хөдөлмөр шаардахгүй бусад төрлөөс харьцангуй амар хялбар байдагтай холбоотой юм” /Ж.Батбаатар “Сэтгүүл зүй” 2007,61/ хэмээжээ. Судлаачийн дүгнэлтээс үзвэл амар хялбар бичлэг учраас олшроод байгаа болж таарах нь. Ямар нэг хэмжээгээр “үнэний” ор байхыг үгүйсгэхгүй. Гэвч ЯРИЛЦЛАГА нарийн судалгаа, нүүр тулсан харилцаа, орчин, тухайн өдрийн сэтгэл зүйн байдал, үүссэн нөхцөл байдал, уур амьсгал, ойлголцол, асуудлыг оновчтой тодорхойлохоос эхлээд сэтгүүлчээс мэргэжлийн нарийн ур чадвар шаарддаг төрөл байлтай. Сэтгүүлзүйн судлалд дээрх шиг асар зоригтой дүгнэлтүүд элбэг байна. Тийм дүгнэлтүүдээс шалтгаалаад залуу сэтгүүлчид “ярилцлага бол хамгийн амархан зүйл” гэж шууд ойлгоход хүргэнэ. Тэгээд ярилцлага мэтийн “амар хялбар” бичлэгээр бусад бичлэгийн төрөл нийлэгжиж, /эрлийзжих/ сэтгүүл зүйн нарийн төвөгтэй бичлэг “хялбарчлагдаж” байна гэсэн “санаа” урган гарна. Энэ бүхэнтэй огт санал нийлэхгүй. Нийлэхгүй байгаагийн учир шалтгаан нь сэтгүүлзүйн бичлэгүүд хялбарчлагдаж бус харин интеграцлагдаж байна.
Дүгнэлт
Зөвхөн асуулт ба хариултаар зохиомжилсон ЯРИЛЦЛАГЫН уламжлалт хэлбэрээс гадна бичлэгийн төрөл зүйлүүд нийлэгжих үзэгдлийн явцад “нийтлэл-уран сайхны бичлэг бүхий ярилцлага” төлөвшиж байна. Бичлэгийн онцлог нь бичвэрээ анхлан ярилцлага хэлбэрээр бэлдээд, дахин найруулан бичихдээ нийтлэлийн хэлбэрт шилжүүлнэ. Тэгвэл сурвалжилсан- ярилцлагын хэлбэрийн ялгарах онцлог нь сурвалжлага-ярилцлага хавсарсан эсвэл сүлэлдэж бичигдсэн шинжтэй. Нэг үгээр бичвэр текст, бичвэр сүлжилдээний онцлог бүхий зохиомжтой байна.
Ярилцлагын хамгийн чухал онцлог нь судлаачийн үзснээр “хэн нэгэн танд өөрийнхөө тухай бичихийг зөвшөөрч байна гэдэг бол тэрбээр танд өөрийнхөө амьдралыг нээж байна гэсэн үг”/Мелвин Менчер “Сэтгүүл зүйн бичлэгийн үндэс” /Тавь дахь хэвлэл- 256 х/ гэжээ. Ийм нээлттэй харилцааг олон шинжлэх ухааны заагт судлах шаардлагатай.