-Эмнэлэг байгуулагдаад арав гаруй жил болж байгаа байхаа?
-Тиймээ, манай эмнэлэг байгуулагдаад 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд бидний ажлыг үнэлсэн олон байнгын үйлчлүүлэгчтэй боллоо. Үүнээс гадна өдөр тутам шинэ хүмүүсээр хүрээгээ тэлсээр л байна. Ямартаа ч бидэнд итгэж ирээд сэтгэл хангалуун буцаж байгаа үйлчлүүлэгдээ харах бүртээ ажиллах урам зориг нэмэгддэг.
Манай эмнэлгийн хувьд арьсны өвчний оношлогоо эмчилгээ, эмчилгээний гоо сайхны үйлчилгээг үзүүлдэг.
-Арьсны өвчлөл улирлын чанартай ихсэж багасах гэж байх уу?
-Улирлын чанартай нэмэгдэх хандлага бий. Намар гэхэд хөдөө орон нутгаас ирсэн шинэ оюутан охид хацрын улаанаа, хөвгүүд нь батгашилтаар эмчлүүлэх жишээний. Харин өвөлдөө цаг уурын онцлогоос болоод арьсны өвчнүүдээс ялангуяа батга ихэсдэг. Хүмүүс гоо сайхан тал руу анхаараад байдаг. Гэтэл батга нь гадаад, дотоод олон хүчийн зүйлийн нөлөөн дор үүсдэг архаг явцтай өвчин юм. Архагших нь элбэг болохоор тухайн хүний биемахбодиос болоод улирлын чанартай сэдэрдэг. Ялангуяа эрс тэс уур амьсгалаас болоод өвлийн сэдрэлттэй батга ихэсдэг.
-Сүүлийн үед шинээр ямар эмчилгээг хийж байна вэ?
-Үйлчлүүлэгч нарын хүсэл сонирхолд нийцүүлэн нэмэгдэж байгаа шинэ үйлчилгээнүүд зөндөө байна. Манай эмнэлэг анх PRP эмчилгээг хийж байлаа. Харин өнөөдөр зөвхөн PRP-гаа тарьдаг байсан бол янз бүрийн хувилбараар хэрэглэдэг болсон. Ер нь дэлхий нийтээр эмчилгээний аргачлал, технологи сайжирч байна. Жишээлэхэд хүн төрөлхтөн олон жилийн туршид олгойгоо авахуулсаар ирсэн. Эхэндээ их том нээдэг байсан бол одоо хүндрээгүй бол нэг, хоёрхон см нээгээд л авчихдаг боллоо. Үүн шиг арьсны бүх төрлийн эмчилгээ илүү сайжраад л явна. Гэхдээ энд эмчилгээний суурь ухагдахуун өөрчлөгдөхгүй л дээ. Харин арга, аргачлалууд нь шинэчлэгдэж байгааг хүмүүсийг мэдээсэй гэж хүсдэг. Үнэндээ шинэ юм гэж сайтар мартагдсан хуучин зүйлийг хэлдэг гэдэг дээ. Өөрөөр хэлбэл нэг шинэ юм гарч ирж байгаа ч хуучин ололт амжилт дээр дөрөөлсөн байдаг юм. Гэтэл шинэ залуу зарим нэг эмч нар урдахаа хэт үгүйсгэж яриад байгаа нь ажиглагддаг. Энийг нь хэрэглэгчид урьд өмнө нь шинжлэх ухаанд байгаагүй мэтээр ойлгоод аймаар өндөр хүлээлт үүсгэх нь бий. Нөгөө талдаа зах зээлийн буруу хандлага үүсгээд байгаа юм. Уг нь хуучин ингэж хийдэг байсныг одоо ингэж хийдэг болсон. Үүгээрээ давуу талтай гэж ойлгуулах ёстой.
-PRP эмчилгээ нь манайхны “цус солих”-оос үүдэлтэй байх тийм үү?
-Тиймээ энэ бол урьд нь огт хийгдэж байгаагүй юм биш. Өмнө нь цус сэлбэх эмчилгээ явагдаж л байлаа. Манай ард түмэн ухаантай улс. Янз бүрийн шарх сорвин дээрээ элэг, дэлүү нааддаг байсан нь үүний эртний хэлбэр гэж болохоор. Өвөг дээдэс маань цусны тэргүүлэх чадварыг мэддэг байсан учраас ийнхүү хэрэглэж ирсэн байна.
Энэ эмчилгээний үндсэн суурь нь ялтсан эс буюу тромбоцитыг шаардлагатай хэсгүүдэд нь тарьж өгч байгаа юм. Ганцхан гоо засалд ч биш анагаах ухааны бүх салбарт хэрэглэж байна. Ялангуяа мэс засал тэр дундаа мэдрэлийн мэс заслын салбарт маш их хэрэглэдэг. Арьсны гүн давхраанд хөгшрөлт явагдаад байгаагийн шалтгаан нь эд, эсийн нөхөн төлжилтийн үйл явц удаашралд орчихоод байгаа юм. Тэрийг тромбоцит эсэд агуулагдаж байгаа өсөлтийн хүчин зүйлүүд өдөөж сэдээхээр эмгэг өөрчлөлтүүд засардаг механизмыг ашигласан эмчилгээ байгаа юм. Манай эмнэлэгт эдгэрэлт удаантай болон улаан, ягаан батганд хэрэглэдэг. Ер нь батганы явцаас хамаараад удаан хугацааны эмчилгээ шаарддаг байсан PRP гарснаар харьцангуй хурдан эмчлэгддэг болсон. Мөн удаан эдгэрэлттэй сэвх, толбо, сорвижилтын эмчилгээг PRP-тай хавсарч хийх нь илүү үр дүнтэй. Тэрнээс ганцхан PRP бүх асуудлыг шийднэ гэж ойлговол эндүүрэл болно.
-Танай эмнэлэг хэдэн жилийн өмнө С витамины массажаар хүүхнүүдийг байлдан дагуулж байлаа. Гоо сайхны эмчилгээ үйлчилгээнд өндрөө авах үе байдаг бололтой. Өнөөдөр гэхэд PRP, гиалурон гээд л “моод” болоод байна шүү дээ?
-Энэ нь мэдээллийн тархацаас болоод байх шиг байгаа юм. Мэдээж гиалуроны хүчил бол сайн. Гэхдээ хүн болгонд ижил үр дүн үзүүлдэггүй. Өөрөөр хэлбэл заримд нь PRP нь сайн байхад нөгөөд нь гиалурон илүү таарах жишээний. Бүүр хамтад нь хэрэглэх ч тохиолдол байдаг. Ер нь арьсны эмчилгээнд хамтад нь хийхэд нэг нь нөгөөдөө сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харин хамтад нь уу, хэд хоногийн зайтайн байх уу гэхчилэн ялгаа байж болно. Арьс бол арьсны гурван давхаргатай. Үүнээс эпидермс давхарга гэхэд таван давхраанаас бүрдэнэ. Тэгэхээр арьсан дээр үүссэн асуудал аль давхаргад асуудал үүссэнээсээ эмчилгээний үр дүн өөр өөр гардаг.
-Аль давхарга асуудал үүссэнийг яаж мэдэх үү?
-Энэ нь эмч бидний ажил. Гэтэл манай хүүхнүүд мэдлэг дутуу байдгаас жишээ нь миний нүүрэн дээр сэвх, батга гараад байна танайх эмчлэх үү гэдэг. Уг нь сэвхийг нүдээр үзэхээс өөрөөр таних боломж их бага л даа. Сэвх дотроо их олон янз байдаг. Батга ч ялгаагүй. Тэр батга гүн байна уу% өнгөц байна уу, хар уу, цагаан уу, идээтэй нэвчдэстэй юу гэхчилэн олон зүйлээс шалтгаалан эмчилгээ өөр өөр байна.
-Манайхан гоо сайхны салон, эмнэлэг хоёрыг ялгахгүй байх шиг санагддаг?
-Магадгүй ээ. Уг нь тоног төхөөрөмжөөсөө эхлээд ялгаатай шүү дээ. Статусын хувьд ч шаал өөр хоёр түвшний эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг. Магадгүй үйлчлүүлэгч мэдэхгүй байж болно. Тийм тохиолдолд үйлчилгээ үзүүлж хүн шударга байх хэрэгтэй болчихоод байгаа юм. Гэтэл энгийн салонд батга шахах нь байтугай юмыг хийчихдэг. Энэ мэт буруу чигт яваад байгаад жоохон эмзэглэдэг. Яахав яваандаа зүгшрэх байлгүй дээ.
-Өнөөдрийн энэ хөгжлийг дагаад олон шинэ өвчин гарч байна. Арьсанд ч цаг үеэс шалтгаалсан шинэ өвчин гэж гарч байна уу?
-Хүн төрөлхтөнд 100 жилийн өмнө арьсны харшил гэж байсангүй. Гэтэл өнөөдөр толгой дараалан арьсны эмзэгшилтэй болчихож. Энэ нь агаар ус, техник технологийн хөгжил, ажлын их ачаалал, стресс ядаргаа, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй. Бүүр гэрийн тэжээвэл нохой муур ч харшилтай болчихсон. Яагаад гэхээр бид амьдрах орчиндоо оруулаад нөгөөдөхийг чинь угааж арчаад ийм асуудал үүсгээд байгаа юм. Нөгөөтэйгүүр манайххан гоо сайхны бүтээгдэхүүний буруу хэрэглээ ч нөлөөлж байна.
-Ботоксийг удаан хийлгэхээр “муухай” болдог гэж хүүхнүүд ярьдаг. Хэр үнэний ортой вэ?
-Өнөөдөр хүмүүс эмчид итгэхээсээ илүү хов живэнд итгэдэг. Энд нийгмийн хандлага нөлөөлөөд байх шиг байгаа юм. Бүүр яаж ч магадгүй луйварчин сууж байгаа юм хандах хүмүүс ч байна гээч. Уг нь манай эмч нар шударга ажилладаг гэдэгт би итгэдэг.
Энийг гоо сайхны хэт өндөр хэрэглээтэй хүмүүсээр хараад байх шиг байна. Холливудын тэр аймаар аймаар болчихсон одод бол нэг талаасаа донтолтонд орчихсон улс шүү дээ. Тэгэхээр гоо сайхны хэт өндөр хэрэглээтэй хүмүүсийг жирийн хэрэглээтэй улстай харьцуулж болохгүй. Хэрвээ илүү муухай болдог байсан бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хориглоно шүү дээ. Зөв зохистой хэрэглэж байхад гоо сайхан алдагдахгүй, харин ч сайжирна. Уг нь санаагаар болдогсон бол хүний нүүрний нэг талд ботоксоо тариад, нөгөө талыг нь жамаар нь харуулмаар байгаа юм. Даанч боломжгүй шүү дээ. Гэхдээ ижил насны хүмүүсийг хэрэглэдэг, үгүйгээр нь харахад анзаарагдана. Мэдээж янз бүрийн юм турших дургүй улс байж болно шүү дээ. Байгалиараа яваад дуусна гэсэн нэг хэсэг байхад зөвхөн эрүүл хооллолтоор залуу насаа авч үлдэнэ гэсэн улс ч байна. Гэхдээ наснаас хамааран бодисын солилцооны эрчим буурч байгаа учраас хөгшрөлт явагдаж байгаа юм. Тэгэхээр ганцхан хоолоор зохицуулна гэхэд хэцүү. Яахав тодорхой хэмжээгээр нөлөөлөх ч хөгшрөлтийн эсрэг цогц арга хэмжээний нэг нь л юм.
-Сүүлийн үед мэсгүйгээр хамар өндөрлөж, уруул томсгох болж. Энэ нь ямар хугацаатай байдаг юм бэ? Ямар нэгэн сөрөг нөлөө байх уу?
-Энэ нь зургаан сараас нэг жилийн хугацаатай. Хамар өндөрлөлөө гэхэд гурав, дөрвөн мм л өндөр болдог. Харин элдэв өө сэвийг их сайн засдаг. Уруул ч их гоё болно гээч. Яваандаа шимэгдээд дуусдаг болохоор айх зүйлгүй. Гэхдээ зөв шимэгдэх ёстой л доо.
-Зун боллоо. Охид бүсгүйчүүд энэ улиралд харлахаас их айдаг?
-Харлахаас урьдчилан сэргийлэх болно шүү дээ. Нарны хамгаалалтын тосыг зааврын дагуу түрхэж байх ёстой. Даанч манайхан хоёр цаг тутамд хэрэглэхгүй, өглөө нэг түрхээд л хаячихдаг. Дахин дахин түрхэхээс төвөгшөөдөг шиг байгаа юм. Манай эмнэлэгт бол массаж, тарилга эмчилгээг хийж цайруулж байна.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
А.ДӨЛ
PHOTONEWS.MN