“Эрдэнэт”-ийн наймаа хэний эрх ашгийг хөндөв
-Улс төрийн намуудын шахалт шаардлагаар хооллож тэтгэдэг албан тушаалтан, ураг төрлийн холбоо сүлбээ, авлига хахуулийн үнэ цэнээр ажилд томилдог “журам” тэнд үйлчилдэг. Энэ утгаараа төрийн өмчит үйлдвэрийн буянаар таргалж бүдүүрсэн хүмүүсийн хилэн хөдлөх нь аргагүй-
…Хөлөө дэвслэн, хөмхийгөө зуун бухимдаж харагдана, хэсэг бүлэг нөхөд. Өрсөлдөгчид хийгээд өрсөлдөөнт зах зээлийн талаар өчүүхэн төдий хардалт төрүүлээгүй олон жилийн бизнест нь гэнэтийн саад уул мэт урд нь босоод ирсэнд уурсаж байгаа нь энэ. “Эрдэнэт” хэмээх шавхраагүй их баялгаар түнтийж бүдүүрсэн дэлгээтэй хэтэвчинд хуруу шургуулан олз хамах эрхгүй болсонд хорсон байж дэвсэлж байгаа нь үнэндээ өнөө цагийн Монголын нэг цөхрөл, доройтол юм.
ОХУ-ын “Ростех” төрийн өмчит корпораци Монгол, Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиа Монголын талд, Монгол Улсад бүртгэлтэй хувийн хэвшилд зохих журмынх нь дагуу худалдсан. Ийн аварга үйлдвэр бүхэлдээ Монголынх, манайх, биднийх болсон. Гэвч онцгой энэ үйл явдал болохтой зэрэгцээд түүхэн хэлцлийн утгыг өөрчилж, улгүй сэрдэх төлөвлөгөөт ажил өрнөж эхлэв. Сонсох бүү хэл, бичихээс залхмаар мөнөөх л “…төрийн өмчийг луйвардлаа, ард түмнийг төөрөгдүүллээ” гэх холбоо үгс цахим ертөнцөөр ёс мэт нисэж харагдана.
Ингэхэд “Эрдэнэт” үйлдвэр Монголоор овоглосон корпораци, бүр тодорхой хэлбэл монгол хүний мэдэлд очсонд дургүйцэх шалтгаан бий гэж үү. Угтаа ард түмэн үүнийг ойлгон сайшааж, хүндэтгэн бэлгэшээж байгаа. Бизнесийн хатуу зарчим, компанийн засаглал, хараа хяналт, менежментийн ур чадварын ач тусыг ухаж ойлгосон хувийн хэвшлийнхэн төдийгүй эдийн засагчид толгой дохин зөвшөөрч байна. Цаашлаад олон улсын зах зээлд Монголоор овоглосон бас нэг хувьцааг дэлхийд санал болгон арилжих том боломж бидэнд олдож байгаа бус уу. Ирээдүйтэй хэлцэл, зөв алхмын хэтийн эерэг төлөв эндээс улбаалах учиртай.
Харамсалтай нь, уурссан нөхөд ийн харсангүй. Өөрсдийн ашгийг гүйцээхийн тулд түмний тархийг угааж байна. Цаашлаад улс төрийн намуудын эрх ашгийн учгийг хөндөх гэсэн сэрэл сэдлийг төрүүлж эхлэв. XX зууны хэллэгээр бол мань эсэргүүнүүдийг тааж цөхөх юмгүй. Монгол хийгээд Оросын төрийн төлөөлөл бүхий удирдлага доор цоорч сэмэрсэн халааснаас нь сугалж шүүрдэж, чимхэж шимэж амьдарсан олон салаа мөчирний тухай энд хөндөгдөнө. Чанар, үнэ, хугацааг умартан хэдэн жилээр нь бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг шахааны бизнес бас хамаатай. Тэрчлэн улс төрийн намуудын шахалт шаардлагаар хооллож тэтгэдэг албан тушаалтан, ураг төрлийн холбоо сүлбээ, авлига хахуулийн үнэ цэнээр ажилд томилдог “журам” тэнд үйлчилдэг. Энэ утгаараа төрийн өмчит үйлдвэрийн буянаар таргалж бүдүүрсэн хүмүүсийн хилэн хөдлөх нь аргагүй.
Үнэндээ дээрх “журам” хувийн өмчид шилжиж, өөрчлөгдсөнөөр наад зах нь боловсон хүчний бодлого илүү тодорхой, оновчтой болно. Хэтдээ энэ нь тус үйлдвэрийн дэлхийд өрсөлдөх чадвар, чансаа нь хүртэл ахиж дээшлэх хөшүүрэг байх нь мэдээж. Яг одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн өртөг, зардал улам нэмэгдэж, баяжмалын агуулга багасч, илүү гүнд олборлолт явуулах шаардлага тулгараад байгаа. Угтаа бол компанийн хариуцлагыг утгаар нь ойлгож хэрэгжүүлэх, зөв менежментийг чадварлаг баг авч явахаас “Эрдэнэт”-ийн ирээдүй шалтгаална. Чухам ийм үед хусмаа чамласан хүүхэд аятай хөл жийн уцаарлаж, хошуу цорвойн унжиганах эрх тэдэнд байхгүй.
Ард түмний нэрийг урдаа барин шантааж, шахааны бизнесээ явуулаад гаршчихсан эдгээр нөхөд урьдын дадлаараа “Эрдэнэт”-ийг түмний өмч байх ёстой хэмээн хоолой мэдэн орилцгоох нь бүр ч инээдтэй. “Эрдэнэт” гэдэг энэ их айл хана туурга хамаг бүхэнтэйгээ аль хэдийнэ түмний мэдэлд ирчихсэн байгаа. Гэтэл том шахааны бизнесээ хамгаалж ядахдаа уриа лоозон барьж, шүлсээ үсчүүлэн чичрэх нь Монголын ганц саалийн үнээг өөрсдөдөө зориулаад төхөөрчих гэсэн өчүүхэн эрх ашгийнх нь үнэн төрхийг илчилж байна. Хэрэв тэд хэрээс хэтэрч, монголчууд бидний нийтлэг эрх ашгийг хөндөх дээрээ тулвал, маскны ард нуугдсан луйварчдын бодит нэрсийг нь илчлэхийн төлөө ариун дайн зарлах эрх ч бас бидэнд бий.