АН төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хуулийг төслийг яагаад хойшлуулсаар байв

olloo_mn_1468892435_13717361_1063262653762758_7676262875699872013_o

-Магадгүй энэ хуулийн төслийг баталсан бол АН амаа барихгүй ч байсан юм билүү-

УИХ-ын хаврын чуулганыг завсарлуу­лахаас урьтаж, батлах ёстой хуулийн нэг нь Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай төсөл байлаа. Ерөнхийлөгчийн санаа­чилсан энэхүү хуулийн төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд хэлэлцэн гишүүдийн 83.3 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн ч дараагийн шатны хэлэлцүүлгийг хийлгүй удаашруулсаар чуулганы хуралдааныг завсарлуулсан. Уг нь төсөлд УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох тухай зохицуулалт туссан бөгөөд УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхээс түдгэлзүүлэх тухай заалт тусгасан байсан. Харамсалтай нь парламентын гишүүд өөрсдөдөө дэгээ тавьж, чөдөр тушчихгүйн тулд Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийг хойш тавьж, харин боломжит нөхцөлөөр энэ УИХ-д сонгогдоно гэсэн тооцоогоор Сонгуулийн тухай хуульд хэзээ хойно нь гар дүрсэн.
Уг нь Ерөнхийлөгч ухаалаг төрийн хүрээнд хариуцлагын тухай хэд, хэдэн хуулийн төслийг боловсруулсны нэг нь Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай байсан.
Хуулийн төслийг санаачлагч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хариуцлага гэдэг бол Ардчилсан нийгмийн хамгийн гол үзүүүлэлт. Тиймээс хариуцлага байхгүй бол Ардчилал байхгүй. Манай улс төрийн хуульд хүн томилох тухай заалт байдаг хэрнээ тухайн томилсон хүндээ хариуцлага тооцох тухай заалт огт байдаггүй. Эрх мэдэл бүхий албан тушаалтнууд санаатайгаар хариуцлагын тухай заалтыг орхигдуулдаг. Төрийн бага болон дунд албан тушаалтнуудад хариуцлага тооцдог хэдий ч өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцдоггүй. Хууль, ёс зүйн дүрмийг ноцтойгоор зөрчөөд албан тушаалаас нь огцруулах, эгүүлэн татах шийдвэр гарсан бол тухайн төрийн албан тушаалтан хоёр жилийн хугацаагаар тэр албан тушаалд эргэж томилогдох эрхийг нь хязгаарладаг ийм хэлбэр рүү оруулахгүй бол болохгүй байгаа” гэж байв.
Түүний хэлснээр хэрвээ батлагдсан бол төрийн сонгуульт болон томилгоот төрийн өндөр албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл, журам, хүлээлгэх хариуцлагын төрөл тодорхой болж, албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээх соёл төлөвших нөхцөл бүрдэх байсан.
Одоо үүнийхээ буюу хуулийн төслийг хойш тавьсныхаа горыг амсах нь уу гэмээр л үйл явц өрнөхөөр болж. УИХ дахь бүлгээ арай ядан байгуулсан АН-ынханы хувьд үзэл бодол, намдаа үнэнчээр бүгдээрээ атгасан гар шиг чанга байхгүй бол өмнөх парламентын МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг шиг задарвал АН-ын хувьд дахин сэхнэ гэдэг тун хэцүү. “Шударга ёс” бүлгийнхэн эхнээсээ үзэл бодлоосоо урваж, дөрөв дэх жилээсээ албан тушаалд дөрлүүлэн, эцэстээ бараг бүгдээрээ ямар нэгэн “давхар дээл” өмсөж байж, сая нэг санаа нь амран О.Баасанхүү гишүүнээр бүлгээ толгойлуулснаар арайхийн улс төрийн дөрвөн жилийг үдсэн нь саяхан.
Өнгөрсөн сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, парламентын 65 суудлыг авсан, Засгийн газраа байгуулчихлаа, албан тушаалуудаа хуваан авч байна, эдийн засгийн нөхцөл байдал муу байгаа, АН-ынхан улсын сангийн “хосыг нь шавхарчихаж” гэх агуулга бүхий мэдэгдэл хийлээ. Эдгээр нь ёстой л “унтаж байсан арсланг сэрээнэ” гэдэг шиг асуудал болж арайхийн ялагдлаа хүлээн зөвшөөрч байсан АН-ынханыг хөдөлгөөнд оруулж орхив. Арайхийн ялагдлаа хүлээн зөвшөөрч байсан тэдний хувьд Сангийн сайдын хийсэн мэдэгдэл хүндээр тусахаас аргагүй. Гэвч төрийн эрхийг бараг бүхэлдээ барьж МАН-ынхан ямар ч мэдэгдэл хийсэн АН-ынханы байрандаа л хоцорно.
Хэрвээ өнгөрсөн хаврын чуулганаар дээрх хуулийн төслийг баталчихсан бол МАН-д саналаа өгсөн сонгогчид Ардчилсан намтай, намгүй хуулийнхаа дагуу асуудлыг шийдээд, улстөрчид нь ч хариуцлагаа ухамсарлаад үндсэндээ улс төрийн хүрээнд соёлжчих байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хуулийн хэлэлцүүлгийг хийх явцад гишүүд бүгд зарчмын хувьд төслийг дэмжиж байгаа. Жирийн иргэн, энгийн албан хаагчдын хүрээнд хариуцлага ярьдаг хэрнээ ард иргэдийн төлөөлөл болсон сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнууд л төрийн “дархан” эрхтэй мэт үлддэг гэдэгт шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Тэр байтугай “1992 онд шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш 520 гаруй хууль баталлаа гэж ярьдаг. Гэтэл хууль тогтоогчид нь хуулиа хэрэгжүүлдэг үү гэдгийг бодох ёстой, ярилцах ёстой. Ялангуяа хариуцлагын асуудал нь хуулийн хэрэгжилттэй шууд холбоотой. Хуулиа хэрэгжүүлдэггүй орны төр мөхдөг. Дэлхийд ийм гашуун түүхүүд бий. Хууль хэнээс эхэлж хэрэгжихгүй болдог вэ гэхээр мөнгө, эрх мэдэлтэй хүмүүсээс эхэлж хэрэгжихээ больдог. Цаашлаад дунд албан тушаалтнуудад халдаж, төр нь сөнөх аюултай тулгардаг. Хүчтэй төртэй байя гэвэл батлагдсан хууль дүрмээ мөрдүүлэхийг бүх шатандаа шахаж ажиллах ёстой. Хариуцлагаас айх шаардлагагүй. Зохих журмынх нь дагуу ганц нэг зохицуулах зүйл байвал зохицуулаад хариуцлагын хуульд төрийн өндөр албан тушаалтан нь зайлшгүй захирагдах ёстой. Эх орондоо ирэхээр дүрэм журмаа биелүүлэхгүй болдог. Бид л хариуцлагатай болохгүй бол Монгол төр цаашдаа юу болох вэ, үүнийг бид ярих цаг нь болсон” гэж ярьсан гишүүн ч бий.
Тодорхой хэлбэл бусад орон шиг хариуцлага тооцдог үйл явцыг хуульчлахыг хүссэн гишүүн олон байсан гэсэн үг. Мэдээж төсөлд алдаа, оноо байсынг үгүйсгэхгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудал. Сонгосон хүний зөвшөөрөлгүйгээр тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох хэцүү. Ёс зүйн болон хариуцлагын сахилга байж болно. Татах эсэхийг нь ард түмэн УИХ-ын сонгуулиар шийднэ. Харин томилогдсон хүнд бол томилсон байгууллага нь хяналттай, хариуцлагатай хандах ёстой гэх зэргийн маргаан үүсч байсан. Мэдээж хэд, хэдэн удаагийн хэлэлцүүлгийн шатанд зэгсэн сайн хууль гарах боломж байсан.
Гэвч УИХ-д олонх биш ч олуулаа байх үедээ АН-ынхан дээрх хуулийн усыг сайтар шавхаад баталчихсан бол өдийд амандаа ус балгачихсан мэт “бүлтгэнэхгүй” л байсан байх. Хэзээний л манай улстөрчид хэлэх үг хийх үйлдэл нь байнга шахам зөрж байдаг. Тэр ч утгаараа ирэх жилүүдэд хэн, хэнтэй хэрхэн яаж хариуцлага тооцох вэ гэдэг асуудал гарна. Тэгтэл сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох боломж өнөөг хүртэл байхгүй. Нэг үгээр бол АН-ынхан МАН-ынханыг “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх” боломжийг нь л нээж өгчихөөд бууж дээ.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …