“Элгээрээ хэвтээд” буй эдийн засгийг өөд нь татах гэж шинэ Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна. Хэмнэлтийн горимд шилжих болсонтой холбогдуулан Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг бууруулсан юм. Тодруулбал, нэг сарын цалин хөлс нь 5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулахаар болсон юм. Мөн эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдоо үр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоосон. Түүнчлэн энэ шийдвэртэй холбогдуулан цалин, урамшуулал, гадаад дотоод томилолт, тавилга эд хогшил худалдан авах зэрэг одоо зарцуулагдаагүй байгаа зардлуудыг төрийн сан руу татаж авахаар болсон билээ.
Тэгвэл иймэрхүү хэмнэлтийн горимд шилжиж дарга нарыг төдийгүй ард иргэдээ ч бүсээ чангалахыг уриалж буй Засгийн газар удахгүй томилогдохоор зэхэж буй Төрийн нарийн бичгийн дарга гэх албан тушаалаас татгалзаж яагаад болохгүй гэж. Хэдийгээр иргэдийн төсөөлж ч байгаагүй цалин хангамжийг авч байсан дарга нарыг хэмнэлтийн горимд оруулж цалинг нь бууруулсан ч гэлээ өдрөөс өдөрт ядуурч байгаа иргэдийнхээ бүсийг чангалахгүйгээр зарим нэг томилгоог хязгаарлах хэрэгтэйг эдийн засагчид ч анхааруулж буй юм. Ер нь эрх мэдэлтнүүд яагаад ТНБД болох гэж хэн нэгэн даргын үүдийг өдөр шөнөгүй сахиж хэд гурван төгрөг халаасанд хавчуулж энэ албан тушаалд очдог вэ гэх асуултад хариулах гээд оролдоё. Уг албан тушаал нь яамныхаа сайдаас илүү эрх ямбыг эдэлж бүх төсөв, тендер, боловсон хүчин гээд олон зүйлийг хариуцдаг учраас энэ албан тушаалд очихыг хүсдэг хэрэг.
Угтаа бол хэн нэгэн дарга өөрийн халаасны хүнээ томилохын тулд эртнээс тухайн хүнд нь тохируулан ажлын байрны тодорхойлтыг нь төрийн албаны зөвлөлөөр бэлдүүлж шалгаруулалт зарладаг ч аль хэдийнэ очих хүн нь тодорсон байдаг билээ. Уг нь яам болгонд байдаг Төрийн захиргаа удирдлагын газар ТНБД-ынхаа ажлыг хийгээд явчихдаг. Өөрөөр хэлбэл, албан тушаалын чиг үүрэг нь адилхан гэсэн үг. Мэдээж бүхэл бүтэн яамны эрх мэдлийг гартаа төвлөрүүлж буй ТНБД-д цалин чухал биш нь ойлгомжтой. Үнэхээр л тэвчих ёстой зардлуудаа тэвчиж, танах гээд байгаа юм бол иргэдийн хоолны мөнгөнөөс хумсалж, хүүхдийн мөнгөнөөс хасах бус эрх ямба нь ихэдсэн өндөр албан тушаалтнуудаасаа хэмнэлтээ эхэлсэн бол гоё харагдах байлаа.
Яг үнэндээ ТНБД нар дэргэдээ зөвлөхтэй, туслахтай, жолоочтой. Утас, унааны зардал, туслах, зөвлөх, жолоочийнхоо цалин гэсэн зардлуудаа улсаас даалгадаг гээд олон зардлууд гарч байна. Тиймээс л хаана байна тэр төсвийн хэмнэлт чинь гэж асуумаар. Хэн их мөнгөтэй нь өндөр албан тушаалд очно, мэдлэг, туршлага огт хамаагүй гэдэг зарчим МАН дотор үйлчилж буй гэдгийг олон нийт хийгээд намынхан нь нөхдүүд ил тодоор хэлэх болсон. Тухайлбал, уг албан тушаалын сунгаад оролцогчдоос намдаа хамгийн их хандив өгсөн сонгуулийн үеэр эдийн засгийн болоод бусад зүйлээр ихэд тусалсан хүмүүсийг сонгохоор болсон гэх мэдээлэл ч чих дэлсэж байсан. Тиймээс л МАН-ынхан хэн нэгэн даргын халаасны мөнгийг бэлдэж өгдөг ТНБД гэх албан тушаалаасаа энэ удаад татгалзвал яасан юм бэ. Тэртэй тэргүй тэд нарын ажлыг өлхөн хийгээд явчих дэд сайд нар томилогдчихоод байхад одоо цагт энэхүү албан тушаалыг ад үзэх хүн захаас олон буйг хэлэх хэрэгтэй байх.
Эх сурвалж: