УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2016.10.26/ хуралдаан 09.56 цагт гишүүдийн 57.9 ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол горимын санал гаргаж, Хог хаягдлын тухай хууль болон бусад холбогдох хуулийг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хойшлуулахыг хүсэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь дэмжсэнээр уг тогтоолын төсөл хэлэлцэхийг хойшлууллаа.
Үүний дараа Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэл болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны төсвийн танилцуулгыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, ХХААХҮ-ийн сайд Д.Сэргэлэн салбарынхаа ирэх оны төсвийн танилцуулгыг хийлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулгадаа салбарын сайдын 2017 оны төсвийн төслийг есөн хөтөлбөр, урсгал зардлыг 43,440.1, хөрөнгийн зардлыг 6,771.9, гадаадын зээл тусламжаас санхүүжих зардлыг 20,715.2 сая төгрөгөөр буюу нийт 70.927,2 сая төгрөгөөр төлөвлөсөн. Үүнийг 2016 оны төсөвтэй харьцуулахад 16,813.2 сая төгрөгөөр өссөн нь гадаадын зээл, тусламжаас хэрэгжих төсөл нэмэгдсэнтэй холбоотой хэмээн тайлбарлав.
Харин Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн салбарын 2017 оны төсвийн төсөл 130,9 тэрбум, нийт зарлага 182,7 тэрбум, төгрөгөөс улсын төсөвт буцаан төвлөрүүлэх зээл 76.0 төгрөгийг хасч 106.7 тэрбум төгрөгөөр тооцсон гэж танилцуулж байлаа.
Тэрбээр танилцуулгадаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2017 оны төсөвт газар тариалангийн салбарт анхдагч үрийн аж ахуйн хүчин чалыг нэмэгдүүлэх арга хэмжээнд таван тэрбум, бэлчээрийн доройтол болон тариалангийн газрын хөрсний үржил шим, тариалангийн бүс нутагт тархсан, хортон шавьжийн тандалт хийх арга хэмжээнд 500 сая төгрөг тусгах зайлшгүй шаардлагатай байгааг онцлов.
Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн М.Билэгт, Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг, А.Сүхбат, Б.Батзориг, Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва, Г.Мөнхцэцэг нарын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн олонхи нь монгол орны ой сибирийн хүр хорхойд идэгдэн сүйтгэгдэж, ойн талбайн хэмжээ жилээс жилд буурсаар байхад ойг нөхөх сэргээх, түймэр, хөнөөлт шавьжаас хамгаалахад таван тэрбум төгрөг төсөвлөсний учрыг ажлын хэсгийнхнээс илүүтэй сонирхож байлаа. Нийслэлийн ногоон бүс, 10 аймаг, Горхи -тэрэлжийн байгалийн цогцолбор газрын ой бүхий бүс нутаг дэвсгэр буюу улсын хэмжээнд 591.9 га талбайд тархсан хөнөөлт шавьжтай тэмцэхэд 12 тэрбум шаардлагатай. Гэсэн хэдий ч эдийн засгийн хүндрэлтэй үед эхний ээлжинд хортон шавьж ихээр голомтолсон хэсгийг устгахад гурван тэрбум, 1100 га талбайд ойжуулалт нөхөн сэргээлт хийх, 500 км тууш ойд түймрээс хамгаалах зурвас байгуулах, ойн менежментийг сайжруулах, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхэд хоёр тэрбум буюу нийт таван тэрбум төсөвлөсөн хэмээн ажлын хэсгийнхэн хариулж байлаа.
Түүнчлэн гишүүдийн хувьд малын гоц халдварт өвчин ихээр гарч, вакцин хийсэн бүсээс халдварт өвчин гараад байгаа шалтгаан, энэ тал дээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдаа салбарын яамнаас барих бодлого, төлөвлөлтийн талаар сонирхож байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва малын гоц халдварт өвчинтэй тэмцэхэд салбарын яамнаас онцгой ямар арга хэмжээ авч байгааг УИХ-ын гишүүн А.Сүхбат дотооддоо үйлдвэрлэсэн вакцины чанар муу байгааг, УИХ-ын гишүүн Б.Батзориг махны экспортын асуудал хэр байгаа талаар асууж байв.
Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн малын голц халдварт өвчинтэй тэмцэхийн тулд дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажлуулж, малын халдварт өвчин гарсан бүсээс мал мах худалдаж авсан, вакцинаа тарилгүй хөлдөөсөн зэрэг шат шатандаа ажлын хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлагыг нь тооцож байгаа. Хоёр сарын дотор эрчимтэй ажилласны хүчинд баруун бүсэд хорио цээрийн дэглэм тогтоож, вакцинжуулалт 98 хувьтай байгаа. Малыг эрүүжлжүүлэх чиглэлээр салбарын хэмжээнд бодлого гарган ажиллаж, мал эмнэлгийн тухай хууль, малын генетикийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хөрш орнуудтайгаа хамтран ажиллах зэргээр асуудлыг цогцоор шийдэхээр ажиллаж байна. Саяхан л гэхэд БНХАУ-ын Чанар хорио цээрийн хяналт, шалгалтын ерөнхий газартай ярилцаад төвийн бүсээс мах экспортлох талаар тохиролцсон. Махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын Хөх хотод монгол үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сурталтчилах арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа хэмээн хариулав.
Үүний дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн нарын гаргасан ойн хортон шавьж, тархалтын голомтыг устгахад есөн тэрбум нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын гаргасан газар тарилангийн мэдээллийн сан байгуулахад 350 сая, ургамал, хөрсний хортон шавьжийн тандалт судлагаа хийхэд 150 сая төгрөг нэмэгдүүлэх санал дэмжигдлээ.
Хуралдааны төгсгөлд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэхүү хуулийн төслүүдийн талаар үг хэлж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.