“Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийн арга хэмжээнд Прокурор, Цагдаагийн байгууллагаас гадна тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Иргэний болон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа байгууллагууд, Замын цагдаагийн тасаг, Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн төлөөллүүд оролцсон юм.
“Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг Хан-Уул дүүргийн прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Ү.Содномцог нээж хүрэлцэн ирсэн ард иргэдийн төлөөлөлд талархал илэрхийлээд мэргэжлийн байгууллагуудаас өөрт тулгамдсан асуудлаараа чөлөөтэй ярилцаж хуулийн зөвлөгөө авахыг хүслээ.
2015-2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС
БОЛЖ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД 9.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРААД БАЙНА
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ОРЛОГЧ Б.НИНЖ
Өдөрлөгийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн иргэдийн зүгээс ямар асуудлаар зөвлөгөө авч байна.
Ихэвчлэн ямар нэг байдлаар бусдад эд зүйлээ алдсан талаар иргэд зөвлөгөө авч байна. Ер нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт сүүлийн үед эрс ихсэх хандлагатай байгаа учир Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйл ангид хамаарах Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйл болоод энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох зорилгоор 2015-2016 оны эхний хагас жилийн байдлаар судалгаа хийсэн юм.
Судалгааг тус прокурорын газрын хяналтын харьяа нутаг дэвсгэрт 2015 он, 2016 оны эхний хагас жилийн байдлаар үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шийдвэрлэсэн 249 хэргийг хамруулан явуулсан.
Дүүргийн хэмжээнд 2015 оны байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд зааснаар 120 эрүүгийн хэрэг үүсгэж, шалгасан байна. Энэ нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан нийт хэргийн 7.5 хувийг эзэлж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн 120 хэргийн шийдвэрлэлтийн байдлыг судлахад:
Яллах дүгнэлт үйлдэж 7 хэрэг буюу 5.8 хувийг шүүхэд шилжүүлсэн, 82 хэрэг буюу 68.3 хувийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 31 хэргийг нэгтгэж шалгасан байна.
2016 оны эхний хагас жилийн байдлаар 129 эрүүгийн хэрэг үүсгэж, шалгасан нь 13.8 хувийг эзэлж байна
Эдгээрээс 2 хэрэг буюу 1.5 хувийг шүүхэд шилжүүлсэн, 12 хэрэг буюу 9.3 хувийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 14 хэргийн ажиллагааг түдгэлзүүлсэн, 16 хэргийг нэгтгэн шалгаж, 85 хэрэг ажиллагаанд байна. Судалгаанд хамрагдсан дээрх залилангийн гэмт хэргийн улмаас 294хүнд нийт 9.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.
Бусдыг залилан мэхэлж хохироосон хүн ямар хариуцлагахүлээж байна вэ?
Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгчдэд шүүхээс оногдуулж буй ял шийтгэлийн байдлыг судлахад:
Судалгаанд хамрагдсан нийт 249 хэрэгт нийт 272 хүн холбогдож шалгагдсан, үүнээс 10 хүний гэм буруутай нь тогтоогдож, 2 хүн хорих ялаар, 8 хүн хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн, 19 хүнд холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Энэ төрлийн гэмт хэрэг гарахад ямар хүчин зүйл нөлөөлж байна.
Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн обьектив, субъектив хүчин зүйл, гэмт хэрэг үйлдэж буйаргыг нарийвчлан судлахад судалгаанд хамрагдсан хохирогч нарын 118 нь буюу 43.3 хувь нь өөрийнхөө илтэд хайнга байдлаас хохирсон, 151 буюу 56.6 хувь нь гэмт этгээдийн залилан мэхлэх идэвхитэй үйлдэл, залилан мэхлэх гэмт үйлдлийн аргад автсан байдал тогтоогдсон. Мөн хохирогч нь гэмт этгээдийг урьд нь таньдаг байсан тохиолдол 89 буюу 32.7 хувийг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх бас нэг арга бол гэрээний хэлбэрийг ашиглах, энэ аргаар нийт 17 хүнийг хохироосон байна.
Залилан мэхлэх гэмт хэргийг шалгах ажиллагаанд хяналт тавих явцад хүндрэлтэй асуудал юу байна.
-Залилан мэхлэх гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд гэрээний хэлбэрийг ашиглаж, гэмт хэрэг үйлдснийг иргэний эрх зүйн маргаанаас ялган зүйлчлэх, мөн залилан мэхлэгч нь олон дүүрэг дамжиж олон хүнийг хохироосон үйлдлүүдийг нэгтгэн шалгах, хохирогч нарт хохирлыг барагдуулах арга хэмжээ авсны дараа хэргийг хаах санал, шаардлага тавих, мэдүүлгээс буцах зэрэг хүндрэл бэрхшээл тулгарч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд дүүргийн төр захиргааны байгууллага болох хөрөнгийн бүртгэлийн байгууллагын ажилтны албан үүргээ биелүүлэх явцдаа санаатай болон санамсаргүй алдаа гаргах нь энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг учрах нөхцлийг бүрдүүлсэн тохиолдол гарсан байна. Иймд олон нийтэд эрх зүйн туслалцаа дэмжлэг үзүүлдэг байгууллага, эвлэрүүлэн зуучлах чиг үүрэг бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааг энэ чиглэлд анхаарлыг нь хандуулах шаардлагатай байна.
Эвлэрүүлэн жуучлалын төвийн байрлал Цагдаагийн хэлтсүүдийн орчимд байх нь тохиромжтой байна.
ГЭРЭЭГЭЭР ХАЛХАВЧЛАН ЗАЛИЛСАН ГЭХ ГОМДОЛ ӨСЧ БАЙНА
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 1 ДҮГЭЭР ХЭЛТСИЙН МӨРДӨН БАЙЦААХ ТАСГИЙН
АХЛАХ МӨРДӨН БАЙЦААГЧ, ЦАГДААГИЙН АХМАД Л.ЭНХМӨРӨН
Иргэд байгууллагаас ирүүлсэн Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудал юу байдаг вэ.
Аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс худалдах, худалдан авах үйл ажиллагаа болон, хөрөнгө оруулалт оруулж хамтран ажиллах тухай гэрээ байгуулан ажиллах явцдаа үүссэн маргаантай асуудлыг санаатай залилан мэхэлсэн буюу ЭХТА-н 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан гэж үзэн Цагдаагийн байгууллагад хандах болсон.Гэрээний үүрэг гүйцэтгэгч этгээд үүргээ биелүүлэхийн тулд тодорхой ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн болон гүйцэтгэж байгаа байдлаар халхавчлан үйл ажиллагаа явуулдаг идэвхитэй үйлдэл байдаг. Үүнийгээ тэд энэ гэмт хэргийг үйлдээгүй гэрээний үүргийг биелүүлэхээр ажиллаж байхад хууль хяналтын байгууллагаас санаатайгаар шалган дарамталж хэргийг удаан шалгаж байна гэсэн гомдлыг гаргадаг.
Иймээс гомдолд дурьдагдсан үйлдэл нь иргэний харилцаа эсхүл эрүүгийн гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг тогтооход ихээхэн төвөгтэй байдал үүсдэг. Гомдол мэдээлэл гаргагчаас иргэний шүүхэд хандахад нэхэмжлэлийн төлбөр шаардах, нотлох баримтыг өөрөө цуглуулж өгөх гээд удаашралтай явагддаг гэх мэт шалтгаануудын улмаас аль болох цагдаагийн байгууллагаар шуурхай шалгуулж холбогдогч этгээдээс хохирлоо богино хугацаанд гаргуулан авах сонирхол давамгайлсан байдаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг сурталчлан
ажиллаж байгаа алба хаагчидтай уулзаж ярилцлаа
ШШГЕГ-ЫН ХАРЪЯА БАРИВЧЛАХ 431-Р АНГИЙН ДАРГА Ч.ЭНХБААТАР
Өнөөдөр Прокурорын байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд ШШГЕГ-ын харъяа Баривчлах 431-р ангийн бие бүрэлдэхүүн оролцож байна. Манай байгууллагын хувьд 1-6 сарын баривчлах ялтай хүмүүсийн ялыг эдлүүлдэг. Прокурорын байгууллагаас хуулиар хүлээсэн үүрэг, чиглэлийн дагуу 7 хоногт 1-ээс доошгүй удаа ирж ял эдлүүлэх үйл ажиллагаанд тасралтгүй хяналтаа тавьж ажилладаг. Мөн тэнсэн суллах, магадланд орж байгаа ялтнуудыг материалыг нь үзэж хянаад шүүхэд уламжилж өгдөг.
“Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийн арга хэмжээнд ирж оролцож байгаа иргэдийн зүгээс манай байгууллагтай холбоотой олон асуудал дээр хариулт авч байгаагаас харахад маш хэрэгтэй, цаг үеэ олсон ажил боллоо гэж үзэж байна.
Өдөрлөгийн арга хэмжээнд Прокурор Цагдаа болон хамтран оролцсон байгууллагуудын 150 гаруй ажилтан, албан хаагчид 1500 гаруй иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч гарын авлага, материал тарааж ажиллаж байлаа.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 10-Р ХОРООНЫ ИРГЭН Д.ЧУЛУУНЦЭЦЭГ
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас санаачлан зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ миний хувьд маш их үр өгөөжтэй байна. Ер нь бол иргэд бидэнд хуулийн мэдлэг байдаггүй учраас бусдад хууртаж эд зүйлээ алдах асуудал их гардаг. Миний хувьд ч бас өнөөдөр өөрт тулгамдсан асуудлаараа зөвлөгөө авлаа. Учир нь Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн ажилтан С гэгч төсөл бичиж оруулж өгнө гэж надаас 3 сая төгрөг залилаж авсан юм.
Энэ асуудлаа би Цагдаагийн 2-р хэлтэсд шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан ч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гээд шийдвэрлэж өгөөгүй юм. Гэтэл өнөөдөр би энд ирж зохих хүмүүстэй нь уулзан тухайн хүнээсээ мөнгөө хэрхэн авах талаар маш хэрэгтэй зөвлөгөө авлаа.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 10-Р ХОРООНЫ ИРГЭН н.МААЯА
Би Хан-Уул дүүргийн 10-р хорооны хэсгийн ахлагчийн ажил хийдэг. Өнөөдрийн арга хэмжээнээс би өөрийн багт амьдардаг орон байрны асуудалтай иргэнийхээ төлөө зөвлөгөө авлаа.
Шүүх, прокурорын байгууллага шийдээд өгсөн ч тухайн хүн маань ах дүү, хамаатан садан байхгүй болохоор цаад хүн нь үл ойшоож байраа чөлөөлж гарч өгөхгүй байгаа асуудал юм. Мэргэжлийн байгууллагын хүмүүс надтай маш сайхан харьцаж хэрэгтэй зөвлөгөө өглөө. Энэ арга хэмжээны үеээр надаас өөр олон хүн тусламж авч байгаа гэдэгт найдаж байна.
prokuror.mn