Зүүнхараачууд шүүхийн шинэтгэлд хуулийнхныг хуультай нь хамруулахыг захилаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар 2016.11.04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхэд ажиллаж, шүүгч ажилтнуудтай санал солилцож, иргэдтэй уулзалт хийв. Монголын 21 аймгийн шүүхээр тойрч, орон нутгийн иргэдтэй Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн бодлого, түүнийг эхлүүлэх болсон бодит шалтгаан, хэрэгжилт, үр дүнгийн талаар тайлбарлан таниулж санаа оноог нь сонсдог профессор Н.Лүндэндоржийн томилолт болгон нутаг орон, хүн зоны онцлог бүхий өрнөл дүүрэн, нүүр тулсан “амьд” болдгоороо үнэ цэнээ илтгэдэг.

Өнгөрсөн хавар баруун 5 аймгийн иргэдтэй хийсэн уулзалтууд шүүхийн шинэтгэл, шүүхийн үйлчилгээний талаарх эрэл хайгуул дүүрэн үнэтэй санал сэтгэгдлүүдээр цоргиж байв. Уртаас урт дараалал дахь иргэдийн амнаас шүүгч шүүхтэй холбоотой шүүмжлэл гараагүй. Харин шударга ёсыг эрэлхийлсэн ард иргэд шүүхээс бусад хуулийн байгууллагаа, хуулиа өөрчилж цогцоор нь шинэтгэхийг хүсч байв. Ялангуяа Ховд, Баян-Өлгий, Увсын шүүх ард түмнийхээ хурц хараа, хяналтан дунд ажил үүргээ гүйцэтгэдэг нь ялгарч байлаа.

Шүүх хөдөө орон нутагт шинэчлэгдэж чадаж байгаа эсэх, шүүгч ажилтнуудын ажилдаа хандах сэтгэл царай төрх, үүднээсээ хэр илэрч байгаа, түүнд нь иргэд ямар дүн тавьж байгааг шүүхийн захиргаа, шүүх, иргэд гэсэн 3 талаасаа нэг танхимд цуглаад ярьж байгаа нь шүүх эрх мэдлийн хувьд нүд, чих тавих үйл явдал.

1478483569_01

Энэ удаагийн томилолт Монголдоо томоохон сум болох 27000 хүн амтай Зүүн хараа хот буюу эрүүгийн нөхцөл байдал хэзээнээс адармаатай, хүнд, онц хүнд хүн амины болон дээрэм, танхайн хэрэг ихэвчлэн гардаг, Ноён уул, Бороо гоулд, Гачууртын алтны уурхайтай Ширхэнцэг хайрхны бэлд үргэлжлэв.

Иргэд нь хувиараа алт олборлож, самраа түүж, модоо бэлтгэж байгалийн баялагтаа туйлж амьдрахдаа хэрэг төвөгт ихээр орооцолддог нь шүүхийн ачааллын жинг дардаг аж. 1963 онд байгуулагдсан тус шүүх 40 жилийн турш нэг давхар дан байшинд байрлаж байгаад, 2000 онд банкны хуучин байранд орсон нь зай талбайн хувьд боломжийн ч дэд бүтцийн хувьд тулгамдалтайг тамгын газрын дарга Д.Батцэнгэл ярьсан юм.

1478483586_04

Шүүгч ажилтнуудтай хийсэн уулзалтанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж иргэдийг угтдаг харцаа чин сэтгэлийн байлгаарай, тэдэнд үйлчилдэг зай талбайгаа ахиу болгоорой, шинэ залуу шүүгчид хот хүрээ зүтгэлгүй ажилдаа эзний ёсоор хандаарай, оюун мэдлэгээ үргэлж хурцалж уншиж байгаарай гэхчилэн шүүхийн “гал тогооны” амин чухал асуудлуудыг нэг бүрчлэн хөндөөд, шүүхийн шинэтгэлээр хамтдаа бүтээсэн ололт амжилтуудыг дэлгэрэнгүй ярьж, энэхүү үр дүнг, иргэдийн итгэлийг бэхжүүлэн хамгаалах талаар хичээн ажиллахыг захилаа.

1478483565_05

Мандал сум дахь Сум дундын шүүх нь 4 шүүгч, 19 ажилтантай бөгөөд 2015 онд 139 эрүүгийн, 372 иргэний хэрэг шийдвэрлэсэн бол 2016 оны 3 дугаар улирлын байдлаар 76 эрүүгийн, 259 иргэний хэрэг тус тус шийдвэрлэсэн. Эвлэрүүлэн зуучлал амжилттай явагдаж байгаа бөгөөд цаашид иргэдийн хандлага өсөх хандлагатайг Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг онцолж байв.

1478484110_010Тэрбээр “Шүүхийн шинэтгэл манай орон нутагт амжилттай хэрэгжиж байна. Монголын бүх шүүх дагнан ажиллаж байхад алслагдмал 8 сум дундын шүүх дагналгүй ажиллаж байгаа. Дагнан ажиллах эн тэргүүний зорилт тавигдаж байгаагийн учир нь гаргасан шийдвэрийг маань давж заалдах шатны шүүхэд мэргэшсэн шүүгч хянаж байгаа. Шүүхийн шийдвэрийн магадлал өөрчлөгдөх зүйл гардаг. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад бид сум дундын шүүхэд шүүгчийн орон тоог нэмж өгч, шүүн таслах ажлын төрлөөр дагнан ажиллах боломжийг хангаж өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байна. Хоёрдугаарт, Тахарын албыг татан буулгасан явдал нь өмнөх шигээ шүүхийн аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй байгаа нь алхам тутам мэдрэгдэж байна. Энэ нь шүүхийн шинэтгэлээс ухарсан алхам боллоо. Өнөөдрийн байдлаар шүүхийн аюулгүй байдалд ноцтой асуудал үүсээгүй ч ажил үүрэг нь эзэнгүйдэх маяг орж байна. Шүүхийн цагдаа давхар алба үүрэг гүйцэтгэж, нийгмийн хэв журмыг сахиулах гээд шүүхийг орхиж явах хүндрэлүүд бий. Мөн шүүгчид томилолтоор ажиллахад бензиний зардлаас эхлээд төсөв санхүү хумигдмал байдалтай байна. Тиймээс газар дээр нь очиж шүүх нүүдэллэн ажиллах, иргэдтэй уулзах зэрэг ажлууд төсөвтөө захирагдан хумигдаж байгаа нь иргэдэд хүрч ажиллахад сөрөг нөлөөтэй. Шүүгч нар томилолтоор явахад томилолтын зардал авдаггүй, өөрсдөө зохицуулаад явдаг. Хэвтэрт байгаа шүүхэд ирж чадахгүй байгаа иргэдтэй очиж уулзах мэтээр зардал гардагт хүндрэлтэй боллоо” хэмээн ярьсан юм.

4 хүүхэдтэй эхэд одон олгох, мөн залуу гэр бүлд 500 мянган төгрөг олгосноос хуурамч гэрлэлт их болсныг цуцлуулах зэрэг шүүхэд улс төрийн амлалтаас үүдэлтэй хэрэг маргаан хэдэн жилийн дараа ийнхүү ачаалал үүсгэж байгаа аж.

800 гаруй ялтан хүмүүждэг чанга дэглэмтэй хоёр төвлөрсөн хорих ангитай, тэндээс гарсан хүмүүс эндээ суурьших хандлагатай тус сумын 500 иргэн шүүхийн талаарх уулзалтанд цуглав.

2 цаг үргэлжилсэн уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Өнөөдөр улсын төсөв хэлэлцэж байхад би ордонд шүүхийнхээ төсвийг хамгаалах гэж оролдоод сууж байх ёстой хүн. Гэвч та нартай уулзах гээд тэр бүхнээ орхиод ирсэн. Шүүхийн шинэтгэл бол хүн бүрийн амь амьдралын баталгаа байдаг учраас шүүхийн шинэтгэлийг сонирхдоггүй, хянаж манадаггүй байж болохгүй. Энэ бол бүх хүний үйл хэрэг юм гэдгийг заавал хэлэх ёстой гэж би зорьж ирлээ. Хоёрдугаарт, та бүхэнд хэлэх гол зүйл бол шүүхийн шинэтгэлийг амны зугаа болгож болохгүй. Энэ бол үргэлж хийж байдаг зүйл биш. Буугүй, цусгүй хувьсгал гэж олон улсад нэрлэж, хийхээс зайлшгүй нөхцөлд хийдэг. Монгол улсад шүүхэд итгэх иргэд, олон нийтийн итгэл олон жилийн өмнө алдарсан, шүүх ядуу тарчиг байсан. Шүүгч хүн хандив авсан мөнгөөрөө шүүхдээ сандал ширээ авдаг, сайн гэж тэр нь магтагддаг байсан. Шүүгчид нөлөөлж болохгүй гэж хуульдаа лоозон мэт заасан боловч нөлөөлсөөр ирсэн, нөлөөлвөл яах вэ гэдэг хариуцлага нь тодорхойгүй байсан. Үүнээс болоод эрх мэдэлтнүүд, мөнгөтэй хүмүүс шүүгчийг дуудаж болно гэсэн үзэлтэй байснаас шүүхийг шинэтгэх зайлшгүй шаардлага гарсан.

1478483587_07

Шударга шүүхгүй улсад хөгжил дэвшил ирдэггүй, иргэний амь амьдрал, өмч хөрөнгө, эрх чөлөө үргэлж хутганы ирмэг дээр байдаг. Улс эх орных нь тусгаар тогтнол, эрх ашиг хэврэгшдэг. Хариуцлагагүй шүүгчийн алхны цохилтоор бүхэл бүтэн газар нутаг нь өмөрч байдаг. Шударга шүүхээс бидний идэж байгаа талх, ууж байгаа сүү, ундаалж байгаа ус, алд биендээ зориулж байгаа бүхэн хамаарч байдаг. Шударга шүүхгүй улсад бидний эрүүл мэнд баталгаагүй байдаг. Тиймээс хяналтгүй орж ирсэн хүнс бидний элгэнд хавдар болж тусах жишээтэй. Идэж байгаа хиам ходоодонд өвчин болж ургадагийг иргэд ойлгодоггүй. Манай иргэд шүүхийн шинэтгэл бол хэдэн шүүгч, шүүхээр явдаг хүмүүстэй холбоотой гэж хараа хяналтныхаа гадна байлгах явдал бий. Энэ ойлголтоос бид бүгд салж байж, Монгол улсын шүүхийг шударга ариун болгохын төлөө хүн бүр хараа хяналтаа сайжруулж, хянаж манахгүй юм бол бидний амь амьдрал хэзээ ч баталгаатай байхгүй” хэмээн яриагаа эхэлсэн юм.

Шүүхийн шинэтгэлийн амин сүнс, үнэ цэнэ юу болох, урт удаан хугацаанд Монгол улсын шүүх хэрхэн “хямарч” ирсэн, тэдгээр завхралыг засч залруулахгүйгээр тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ямар бэрхшээл үүссэн, шүүхийн шинэтгэлээр бий болсон өөрчлөлт шинэчлэлтүүдийг гадаад дотоодын судалгаа хэрхэн үнэлсэн тухай онцгойлон дурьдав.

“Танай шүүхийн шүүгч нар надад Зүүнхараагийн хөрөнгө бэлтэй хүмүүс ирж, шүүхэд туслах, санхүүжүүлэх санал тавьдаг байсан. Одоо бол тэгж болохгүй, ирээд нэмэргүй гэдгээ мэддэг болсон тухай ярьсан. Энэ бол шүүхийн шинэтгэлээр олж авсан шүүхийн эдийн засгийн баталгаа” хэмээн шүүхийн эрх зүйн шинэчлэл, эвлэрүүлэн зуучлал, цахим нээлттэй шүүх, дагнасан шүүх, мэргэшсэн шүүгч, шүүхийн хүний нөөцийн шинэтгэл зэрэг шинэтгэлийн ололт амжилтуудыг тайлбарлаад “Шүүхийн шинэтгэлд хувь нэмрээ оруулж хянаж манаж ажиллахыг та бүхнээс хүсье. Бидэнд цаашид хийх ажил маш их бий. Олон том зорилтын нэг нь шүүгчийн хариуцлагыг сайжруулах явдал бидний хоолойд тулсан хамгийн чухал ажил юм” гэж яриагаа өндөрлөв.

1478483580_06

Мандал сумын иргэн “Өмнө нь шүүхийн ажлын дутагдалтай талууд ажиглагдаж байсан. Шүүхийн шинэтгэлээр олон ажлууд хийгдэж байгаад иргэн хүний хувьд их баяртай байгаа. Түүний нэг нь шүүх цахим хэлбэрт шилжсэнээр бидний цаг завыг их хэмнэж байна. Лавлагаа архивын материал авахад бас их чирэгдэлтэй байсан нь ард үлджээ.Шинэчлэлийн ажлуудаа орон нутгийн шүүх маань хэрэгжүүлж байгаад нь талархмаар байна. Шударга шүүхтэй болохын төлөө улам хичээж ажиллахыг Монголчуудынхаа өмнөөс хүсье” гэж сэтгэгдлээ илэрхийлсний дараа “Шүүх шинэчлэгдэж дууссан уу? Шүүгч мэргэшсэний баталгаа юу вэ” гэж асуулаа. “Шүүхийн шинэтгэл дуусах болоогүй. Тасралтгүй үргэлжлэх процесс, үйл явц, олон жил үргэлжилнэ. Тиймээс тийм амархан дуусгах хөнгөн хийсвэр ажил гэж би үзэхгүй байна. Та бүхэн минь ч гэсэн битгий тэгж үзээсэй. Шүүгч хүн мэргэшсэн үү гэдгийн тод шалгуур бол шийдвэр нь. Багш хүнийг шавиар нь, зохиолчийг номоор нь, өмгөөлөгчийг ур чадвараар нь шалгана. Тэгвэл шүүгчийг гаргасан шийдвэрээр нь дүгнэнэ. Монголын 500 гаруй шүүгчийн шийдвэрийг та нараар дүн тавиулах гэж ил тод байршуулж байгаа. Үүнээс өөр шалгуур байхгүй” хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хариулав.

1478483621_02

Тахарын алба цагдаад шилжсэнээр шүүхийн ажилд яаж нөлөөлж байна вэ, шүүгч болохын тулд ямар болзол шаардлага хангасан байх ёстой вэ, эвлэрүүлэн зуучлагчид хандахад шийдэх хугацаа хэр хурдан бэ, шүүхэд хандаад 2.5 жил боллоо, хэрэг шийдэгдээгүй байна, цаазын ялгүй болсон нь дахин хэрэг хийх юм шиг санагддаг, шүүх хуралдааныг үзэх боломжоор хангасан нь маш сайшаалтай байна, гэхдээ шүүхийн шинэчлэлээ хуулийн бусад бүх байгууллагатай нь хамт шинэчилвэл иргэд бид хожиж, Монгол улс хуулийн зөв гольдиролдоо орно.Шүүхийн шинэтгэлийг ирж тайлбарлан таниулж яваад баярлалаа, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй бол хулгайн хэргийг яагаад хэрэг гэж үздэггүй вэ зэргээр иргэд сонирхсон асуултдаа хариулт авч, санал сэтгэгдлээ илэрхийллээ.

1478484163_004Ахмад хуульч Ш.Цэдэн “Би 50 жил хуулийн салбарт ажиллаж байгаа хүн. Орон нутагт маань ирж шүүхийн шинэтгэлийг ярьж байгаад нийт Мандалчуудын өмнөөс баяр хүргэе. Шүүхийн шинэтгэл маш сайн хийгдэж, үр дүн гарч байна. Одоо хуулиа шинэчлээч ээ. Олон хууль буцаагдсаныг даруй анхааралдаа аваарай. Шүүхийн боловсон хүчнийг бэлтгэх ажил хуулийн дагуу явагддаг уу. Туслахууд гэж шүүгчээс дутахгүй ажил хийж яваа хүмүүсийг шүүгчийн шалгалтанд оруулахыг эргэн хараарай. Өмгөөллийн бүрхэг хуулиндаа бас анхаарал хандуулаарай. Прокурор, өмгөөлөгчид шүүгч болоод явчихаж байна. Туслахууд тэтгэвэрт гартлаа туслах хийлтэй биш. Манайд эвлэрүүлэн зуучлал маш сайн ажиллаж байгаа. Мандалын шүүхийн ажлыг, 4 шүүгч яаж ажилладагийг би сайн мэднэ. Тэднийг яаж ажилладагийг та бас судалж яваа байх. Орон тоог нь анхааралдаа авбал зүйтэй болов уу. Амжилт хүсье” гэж хэлэв.

1478484881_014Мандалчуудтай хийсэн шүүхийн шинэтгэлийн талаархи уулзалт тэдний зорин ирж хэлсэн олон санал, сэтгэгдлээр дүүрэн өндөрлөв. Хоттой ойр, төв суурин Зүүнхараагийн иргэд мэдээлэлд ойр төдийгүй шинэтгэлд хаяглаж буй саналууд нь шүүхээ өнгөц биш нухацтай “хардгаараа” сонор аж. МУ-ын Ерөнхийлөгч шүүхийн шинэтгэлийг иргэд мэдэрчихсэн, тиймээс ухраах боломжгүй гэж хэлсэн нь эндээс тод анзаарагдлаа. Олон нийт шинэтгэлийг шүүхээсээ давуулж, илүү өргөн хүрээнд хуулийн байгууллагуудаа цогцоор нь хамруулж шинэчлэхийг дахин давтан сануулж байна.

1478484710_013

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын ээлжит томилолт Дархан-уул, Орхон, Булган, Сэлэнгэ аймгийн шүүхүүдэд болон иргэдийн уулзалтаар үргэлжилнэ.

1478484702_012

Шүүхийн ерөнхий зөвлөл

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …