Монгол Улсад шинэ цагийн шүүхийн тогтолцооны эхлэлийг Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамыг 1911 онд байгуулснаар тавьсан байна.
1921 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн Намын төв хороо, Ардын түр засгийн газрын хамтарсан хурлаар Цэргийн, Сангийн, Дотоод яам байгуулсан бөгөөд Дотоод явдлын яамны бүрэлдэхүүнд орж байсан Хууль цаазын хэлтэс нь Шүүх явдлын яам буй болох нөхцлийг бүрдүүлсэнээр 1921 оны 07 дугаар сард Монгол Ардын Засгийн Шүүх явдлын яам байгуулагдаж, Богд хаант Монгол Улсын Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамыг өртөөлөн авчээ.
Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсанаар шүхийн тогтолцоо харьцангуй бие даан төлөвшиж эхэлсэн ч нэг намын үзэл суртал, бодлогын хүрээнд төрийн захиргааны удирдлагын хэлбэр байдлаар хөгжиж ирсэн байна
Өнгөрсөн нийгэмд шүүх гэдэг хууль ёсыг сахиулдаг гэхээсээ илүү хорьдог, шийтгэдэг, залхаан цээрлүүлдэг байгууллага юм гэж ойлгогддог, шүүхэд хулгай зэлгий хийсэн социалист өмч хөрөнгийг идэж ашиглаж шамшигдуулсан болон дээрэм танхай, хүний биед гэмтэл учруулах зэрэг хэргүүд зонхилж, шүүхийн хаалга татах гэсэн хэлц үг нь эрхээ хамгаалуулах биш харин ямар нэгэн болох бүтэхгүй хүн л шүүхэд очдог гэж ойлгож шүүхээс цэрвэдэг, шүүхээс холуур явахыг боддог цаг үе байлаа.
Харин Монгол оронд өрнөсөн ардчилалын үр дүнд 1992 онд шинэ ардчилсан үндсэн хууль батлагдан гарсанаар Үндсэн хуулиар хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалаас хараат бус бие даасан шүүх эрх мэдлийг анх удаагаа тунхаглаж, шүүхийн хараат бус байдлыг хангах зорилгоор анх удаагаа Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдан ажиллах болсоноор шүүхийн түүхэнд шинэ эргэлт бий болсон юм.
Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалаас авч үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь шударга, хараат бус шүүх оршихуйн баталгаа буюу шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагааг хараат бус байлгах бүх талын баталгааг хангах,шүүхийн захиргааны удирдлага,зохион байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх бүрэн эрх бүхий Үндсэн хуулийн байнгын байгууллага юм.
Ийнхүү шинэ Үндсэн хууль батлагдан гарсанаар хүний эрхийг хамгаалах,зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль дэг, журмыг дээдлэх,шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх, хэн боловч олон улсын стандартад нийцсэн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад явдал Шүүхийн эрхэм зорилго болж хуульчлагдсан.
Хуучин өмчийн нэг хэлбэр, төлөвлөгөөт эдийн засаг, нэг намын тогтолцоо, социалист үзэл суртлаа дагаад шүүхээр хянан шийдвэрлэх хэрэг маргааны нэр төрөл цөөн, хуулийг тайлбарлан хэрэглэх талаар ойлголтгүй шахам явж ирсэн бол ардчилал, зах зээлийн нийгэмд шилжиж өмчийн олон хэлбэр бүхий зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр, шинэ нөхцөлд иргэд яах учраа мэдэхгүй болсон ардчиллын жилүүдэд шүүхээр эрх ашгаа хамгаалуулах иргэдийн хэрэгцээ шаардлага эрс нэмэгдсэн.
Нийгмийн нэг тогтолцооноос нөгөө тогтолцоонд шилжих шилжилтийн үед шудрага ёсны талаархи ойлголт бүрхэг, түүний үүрэг, ач холбогдолыг төдийлөн сайн ойлгодоггүй байсан бол ардчилалын замаар замнаж нийгмийн харилцаа ээдрээ түвэгтэй болох тусам ард түмэн шудрага ёс үнэтэй гэдгийг мэдэрч, түүнийг хамгаалж бэхжүүлэх эрмэлзэлтэй болсон.
Гэвч цаг хугацааны явцад ардчилалын үйл явц нийгмийн бүх салбарыг хамарч хүчтэй өрнөсөн ч шүүхийн үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулсан нэг хууль, хуучин байр ширээ сандал, хуучин сэтгэлгээтэйгээ анхаарлын гадна хоцорч ирсэн.
Засаглалын бусад салаа мөчрөөс шүүхийг ойлгох дэмжих талаар ямар нэгэн дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй явсаар ирсэн.
Энэ үед ардчилал хөгжсөн өндөр хөгжилтэй улс орнуудын байгууллагын Монголын хуулийн салбар тэр дундаа шүүхэд хэрэгжүүлсэн төслийн ач буянаар хууль хэрэглээний ойлголт сэтгэхүйд аажим аажмаар өөрчлөлт гарч социализмын үеийн сэтгэлгээнээс салж ангижрахад чухал хувь нэмэр оруулж байсан боловч дорвитой өрчлөгдөөгүй, шүүхэд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болсоныг эрдэмтэн судлаачид, энгийн ард иргэд хэлж ярих болсон.
Харин энэ бүх байдлыг мэдэрсэний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр боловсруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хэлэлцүүлж батлуулсанаар нийгэмд шударга ёсыг тогтооход шүүхийн байгууллагын гүйцэтгэх үүрэг чухал гэдгийг улам бүр баталгаажуулсан билээ.
Улмаар УИХ-аас Шүүхийн тухай багц хуулийг баталсан явдал нь монголчуудын сонгосон ардчилал, чөлөөт эдийн засгийн хөгжлийг баталгаажуулах, хуулийн засаглалыг бодит утгаар тогтоож, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой түүхэн шийдвэр болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулиудын үзэл баримтлал нь “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх замаар хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг тууштай хөгжүүлэх, шүүхийн шудрага, хариуцлагатай, бие даасан, нээлттэй, ил тод байдлыг зохистой хангах, ардчиллын үнэт зүйлсийг баталгаажуулж хамгаалахад” чиглэгдэж байлаа. Дээрх хуулиудыг баталсанаар зохион байгуулалтыг голчлон зохицуулсан ганц хуулиас шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг цогцоор зохицуулсан багц хуультай болж, шүүх эрх мэдлийн эрх зүйн үндэс анх удаа цогцоор бүрдлээ.
Шинэчлэлийн хүрээнд Үндсэн хуулийн заалт амжилттай хэрэгжиж шүүх бүхэлдээ шүүн таслах ажлын төрлөөр дагнаж, шүүгч мэргэших нөхцөл бүрэлдэж шүүхийн шийдвэрийн чанар сайжрах, үйлчлүүлэгчдийн хууль ёсны эрх ашиг, шударга шүүхээр шүүлгэх эрх илүү хамгаалагдах болсон нь үр дүнгээ өгч байна.
Мөн шинэтгэлийн хүрээнд шүүгч сонгон шалгаруулах шалгуурыг хуульчилж, хүнээс хамгийн бага хамааралтай шалгаруулах тогтолцоог бүрдүүлж, шүүгчдийн орон тоо 6 хувь нэмэгдэж, шүүхийн ачаалал буурснаар шийдвэрийн чанар сайжрах нөхцөл бүрдсэн.
Шүүн таслах ажлаас шүүхийн захиргааг салгаснаар шүүх бусад эрх мэдлээс хараат бус, бие даан ажиллах нөхцөл бүрдэж, шүүхийн захиргааны бие даасан загвар шинээр бүрэлдэн тогтож, шүүхэд үйлчлэх чиг үүргийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Урьд нь шүүхийн захиргаа, шүүн таслах ажиллагаа хоёр хутгалдсанаас болоод шүүхэд нэг ёсондоо босоо удирдлагын систем үүссэн байсаныг өөрчилж Ерөнхий шүүгч нарт байсан чиг үүргийг шүүхийн захиргаа буюу Шүүхийн ерөнхий зөвлөлд өгсөнөөр босоо удирдлага халагдсан нь зарчмын чухал өөрчлөлт болсон юм. Мөн Үндсэн хуулинд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал харилцан хамааралтай тэнцвэртэй байна гэсэн мөртлөө Улсын их хурал нь шүүгчдийнхээ цалинг тогтоож байсныг өөрчилсөнөөр шүүх, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиглэлд гарсан маш том ололт амжилт юм
Нийгэмд шудрага ёс, түүнийг хэрэгжүүлэхэд шүүхийн гүйцэтгэх үүрэг ач холбогдлын талаарх ойлголт хангалтгүй байсан бол шүүхийн шинэтгэл хэрэгжсэнээр шүүхийн талаарх иргэдийн ойлголт, шударга ёсны үнэлэмж дээшилж, улмаар нийгмийн харилцаа ээдрээ түвэгтэй болох тусам ард түмэн шудрага ёс үнэтэй гэдгийг мэдэрч ойлгох болсон нь чухал ач холбогдолтой.
Ийм учраас шүүхийг дэмждэг, шүүхэд итгэдэг, шүүх иргэдэд үйлчилдэг байгууллага гэдгийг иргэд нь ойлгож, түүнийг хамгаалж бэхжүүлэх эрмэлзэлтэй болсон Ийнхүү хүний эрх, эрх чөлөө, шудрага ёсны баталгаа болсон шүүхэд итгэх иргэдийн итгэл тасралтгүй дээшилж байгаа нь нийгэмд эрүүл саруул уур амьсгал оршин тогтноход үнэлж баршгүй ач холбогдолтой билээ.
Шүүхийн шинэтгэлийн хөтөлбөр батлагдсанаас хойш шинэтгэлийн үйл явц болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл явц огтхон ч тасалдан саатаагүй бөгөөд энэ 2 үйл явцын үр дүнг илэрхийлэх, үнэлэх бараг цорын ганц шалгуур үзүүлэлт бол шүүх засаглалд итгэх олон түмний итгэл юм.
Цаашид ч хүний эрх, эрх чөлөө, шудрага ёсыг хамгаалх институци маань ямар ч цаг үед хэвээр үлдэж үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байх учиртай.
Шүүх бол төрийн шүүх биш харин иргэдийн эрх ашгийг төрөөс хамгаалдаг, төр иргэн 2 хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг хэрэгжүүлдэг эрхэм дээд зорилготой билээ.
Цаашид хууль ёс, эрх зүйд захирагдах ёс, нийгмийн харилцааны суурь үнэлэмж болон төлөвших явдалд шүүхийн гүйцэтгэх үүрэг роль байнга өсөн нэмэгдсээр байх болно.
Хуульчид шинэтгэлийг манлайлдаг болсон цаг үед бид амьдарч байна. Үүний дотор шинэтгэлийг хэрэгжүүлэгч шүүгч, шүүхийн ажилтнууд тэргүүн эгнээнд явах ёстой.
Аливаа шинэтгэлийн хамгийн гол асуудал хүний сэтгэлгээ арга барилыг өөрчлөх байдаг, гэтэл хүн уугуул мөн чанараараа уламжлалт зүйлтэй зууралдах, түүнийгээ зөвтгөх хандлагатай байдаг.
Хууль хэрэглэнэ гэдэг нь уурхай ухахтай адил цаанаас нь далд далд санаа урган гарч байдаг өөрийн амин сүнстэй амьд организм юм. Иймд хуулийг тайлбарлан хэрэглэнэ гэдэг шүүгчийн ажлын маш том хариуцлага юм.
Хуучин сэтгэлгээ арга барилаа эвдэж, шүүгч хүн өөрийгөө хууль тайлбарлагч, эрх зүйг хөгжүүлэгч гэсэн итгэл үнэмшлийг бий болгож, хууль хэрэглэнэ гэдэг нь хуулийг тайлбарлахаас өөр зүйл биш гэдгийг ойлгож ажиллах нь шинэтгэлд оруулах чухал хувь нэмэр байх болно.
Шүүх нь Үндсэн хуульт ёс болон эрх мэдэл хуваарилах онол, сургаалын салшгүй нэг хэсэг болдог. Бие даасан хараат бус шүүх Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон ардчилсан дэг журмыг баталгаажуулж байдгаараа эрх зүйт ёсыг бий болгодог.
Үүгээрээ Монгол Улс бусад улс орны нэгэн адил шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд бататгаж өгсөн.
Жам ёсны эрх чөлөөт тогтолцоонд төр ердөө гурван гол үүрэг гүйцэтгэдэг, үүний нэг нь шудрага шүүхийн тогтолцоог бий болгох явдал байдаг. Мөн хууль тогтоохын дээд урлаг нь шүүх эрх мэдлийг л зөв зохион байгуулахад оршдог. Энэ бүхэн нь шүүх бол ардчилал, хүний эрх эрх чөлөө, чөлөөт эдийн засгийн хөгжлийн үндсэн чухал баталгаа гэдгийг илэрхийлж байгаа хэрэг юм. Түүнчлэн үе үеийн суут ухаантан, мэргэдүүд тухайлбал А.Токвиль “Шүүх, шүүгч хараат бус байдлаа алдвал зөвхөн “хуулийн засаглал төдийгүй бүгд найрамдах улсын ардчилалд аюул учирна”, А.Кант “Шударга ёс алдагдвал хүмүүсийн амьдрал утга учиргүй болно”, Эзэн Чингис хаан “Хууль дүрмийг чанд сахихгүй бол төрт улс бутран сарнина” гэж хэлсэн байдаг нь шүүх, шудрага ёс хоёр салшгүй холбоотой байдгийг баталж байна.
Мөн хэрэв тухайн оронд хууль, шүүхийн тогтолцоо нь үр ашиггүй, шудрага ёс хэрэгжиж чадахгүй байгаа бол нийт хөрөнгө оруулалтын 20 хувийг цааш үргээж, ажлын байрыг 20 хувиар бууруулдаг.
Сайн хууль, шударга шүүхийн тогтолцоо үйлчилдэг улс орны нэг хүнд ногдох орлого 1.9 хувиар өсдөг болохыг судалгаа харуулсан байдаг. Харин шударга бус шүүхтэй байх нь улс орны эдийн засгийн хөгжил нийгмийн ёс суртахуун, ард иргэдийн амьдрал ахуйд шууд сөргөөр нөлөөлдөг байна. Эдийн засгийн ямар ч сайхан төсөл түүнийг зохицуулсан хуулийн зөв системгүйгээр хэрэгжихгүй, үр дүнд хүрэхгүй. Ийм ч учраас хууль, эдийн засгийн интеграцийн тухай их ярьж бичих болсон нь үүний илэрхийлэл юм.
АНУ-ыг хуульчдын нийгэм буюу хуульчид эрх мэдлээ тогтоосон нийгэм гэж ярилцдаг нь зүгээр хоосон яриа биш юм. Энэ нь хуульчдын тусгай эрхийн тухай бус, харин Хууль ёс эрх зүйд захирагдах ёс тухайн улсад нийгмийн харилцааны суурь үнэлэмж болсныг илэрхийлж байгаа ажээ. Хуульчийн мэргэжлийн хэрэгцээ үнэлэмж ийнхүү өсөх хэрээр хуульчдаас илүү ихийг нийгэм шаардаж байна. Энэ дуудлага хуульчдыг хөгжүүлэх том дуудлага болж байна.
Одоогоос арав хүрэхгүй жилийн өмнө шүүхэд итгэх иргэдийн итгэл 20 хувьтай байжээ. Үүнийг дагаад иргэдийн зүгээс”Шүүх шударга үнэний талд биш, мөнгөтэй, эрх мэдэлтэй талд үйлчилдэг. Ядарсан иргэдийн хувьд шүүх бол давж болшгүй даваа юм байна” гэсэн гомдол, шүүмжлэл тасарддаггүй байлаа.
Харин өнөөдөр иргэдийн шүүхэд итгэх итгэл 50-60 хувьд хүрчээ. 2015 оны хавар ШЕЗ-өөс шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн дунд санал асуулга явуулахад шүүхэд итгэх иргэдийн итгэл 60 хувьд хүрсэн, харин шүүхээс үйлчилгээ аваагүй боловч дам мэдээлэл авсан хүмүүсийн 80 хувь нь шүүхэд итгэж байна гэсэн үр дүн гарсан байна.
Монголын шүүхийг судалж, хараат бус үнэлгээ дүгнэлт өгөхөөр ирсэн Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ/ шинжээчдийн баг Монгол Улсад Шүүхийн шинэчлэлт амжилттай хэрэгжиж бусад улс орноос түрүүлж явна гэсэн дүгнэлт хийсэн байна.
Шинэчлэлээ дагаад шүүхийн сургалт ч системтэй шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулагдах болж, шүүхэд оюун ухаан, эрдэм мэдлэгийг дээдэлсэн шүүгчдийн сэтгэхүйг өөрчлөхөд чиглэсэн гэгээн оюунлаг уур амьсгал хүч түрэн орж ирж байгаа нь өнөөдөр бид бүхэнд мэдрэгдэж шүүхийн ирээдүйг өөдрөг сайхнаар төсөөлж байна.
Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн