Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БХИС хамтран “Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх зарим арга зам” сэдэвт онол-практикийн бага хурлыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгууллаа. Уг хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ:
“Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас улсын батлан хамгаалах бодлогын эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхаарч, Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс“ баримт бичиг, Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит бус чуулганаар батлан хамгаалахын багц хуулийг батлуулан мөрдүүлж эхэлсэн билээ.
Өнөөдөр дэлхийн улс орнуудад өрнөж байгаа үйл явдлаас харахад аль ч улсын цэрэг арми нэгдмэл, тэр байтугай хууль сахиулах байгууллагууд нь нэг зорилгын төлөө нэгдэн ажиллаж чаддаг болсныг бид харж байна. Хамтарч байж бүтдэг, нэгдэж байж даван туулдаг хүндрэл бэрхшээлүүд цаашид ч нэмэгдэх чиг хандлагатай энэ цаг үед эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэхийн тулд төрийн цэргийн байгууллага, төв орон нутгийн захиргааны байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлага урган гарч байна.
Манай Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байна” гэдгийг хуульчлан баталгаажуулж өгсөн.
Монгол Улсын төрийн цэргийн байгууллагуудын үйл ажиллагаа, гүйцэтгэх чиг үүрэг нь харилцан адилгүй ч эрх зүйн хэм хэмжээ, цэргийн дүрэм, стандарт, цэргийн цол хэрэглэх олгох журам, цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт, террорист үйлдлийн эсрэг сөрөг тусгай ажиллагаа, улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюултай тэмцэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл болж чадсан нь сайн үр дүн өгч байна. Үүнийг цаашид улам боловсронгуй болгож батлан хамгаалах чадамжийг нэмэгдүүлэх нь зүйтэй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр төрийн цэргийн байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнтэй ажлын уулзалт хийж, тодорхой санал, санаачилга дэвшүүлснийг хэрхэн ажил болгох талаар өнөөдөр Та бүхэн хэлэлцэхээр хурлын хөтөлбөрт тусгасан. Өөрөөр хэлбэл цэргийнхэн 1000 өдөр завгүй байх, 1000 өдөр улс эх орондоо хэрэгтэй байх тийм ажил хийх эрх зүйн орчин бүрдсэн тул энэ удаагийн онол-практикийн бага хурлаас олон ажил хэрэгч санал санаачилга гарч хэрэгжинэ гэдэгт итгэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн санал, санаачилгыг хэрэгжүүлэх талаар цэргийн мэргэжлийн эрдэмтэн, судлаачид тусгайлан судлан үзэж, санал санаачилгын ерөнхий үзэл санаа нь Батлан хамгаалах багц хуулийн үзэл баримтлалтай уялдуулан зохицуулах аргачлалыг гарган хэлэлцүүлж байгаад талархаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас эх орноо хамгаалахад иргэдийг бэлтгэх талаар тусгайлсан санаачилга дэвшүүлснийг бодлого болгон хэрэгжүүлэх, Төрийн цэргийн байгууллагууд тайван цагт эх орон, ард түмнийхээ өмнө олон талт үүрэг хүлээж, цэрэг-ард түмний хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгт тулгуурлан хийж бүтээх их ажил хүлээгдэж байгааг дахин хэлэх байна.
Батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, ялангуяа иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалтыг бүрдүүлэх, эх орноо хамгаалах иргэдийг бэлтгэх ажлын арга замыг зөв, оновчтой тодорхойлж ажиллах нь чухал юм. Үүний тулд эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд санал, бодлоо хуваалцаж нэгтгэх боломжийг энэ удаагийн онол-практикийн бага хурал олгож байгаагаараа онцлог юм.
Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.
Онол-практикийн бага хурлын үеэр ЕТГ-ын ахлах референт Ж.Амгалан болон БХИС-ийн эрдэмтэн, багш, судлаачид Монгол Улсын батлан хамгаалах бодлогын орчин үеийн төлөв байдал, хэрэгжилт, цаашдын зорилтын талаар илтгэл хэлэлцүүллээ.