Хотын дарга нийслэлийн цахилгаан, дулаан хангамжийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК дээр ажиллаж, нийслэлийн өвлийн цахилгаан болон дулаан хангамжийн нөхцөл байдалтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ.

0b17d03c3dd0336761d8cbd6c6edd307

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очирын танилцуулснаар 2016 оны зуны засварын батлагдсан графикаар 15 магистраль шугамыг 5 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 25-ны хооронд 12 хэсэгт хуваан, хуваарийн дагуу 12 зогсолт хийгдэж дууссан. Их засвар, шинэчлэлт, урсгал засварын ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн байна. Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон 2663 хэрэглэгчтэй ДЭХ худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тэдгээрийн 9200 гаруй барилга, обьектын халаалтыг залгаж, жигдрүүлжээ. Энэ оны 10 дугаар сарын 30-ны байдлаар 93.63 Гкал/ц-ийн ачаалалтай 147 хэрэглэгчийн барилга обьектыг шинээр холбож, ДЭХ-ээр хангасан байна. Мөн компанийн санхүүгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг дуулгалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангагдсан, дулаан хангамжийн ажил хэвийн явагдаж байгааг сонслоо. Нэг үеэ бодвол нийслэлийн дулаан хангамжид ахиц гарсан. Энэ нь Амгалан дулааны станц ашиглалтад орсон, дулааны станцуудын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдсэн, улс, нийслэлийн төсөв хөрөнгөөр дулааны шугамын шинэчлэлтийн ажлыг эрчимтэй хийсэн, барилгын компаниуд дулааны норм стандартыг хангаж ажиллаж байгаа зэрэг асуудлуудтай холбоотой гэж харж байна. Гэхдээ өнөөдөр дулаан хангамж хэвийн байгаа ч нийслэл хот өдрөөс өдөрт өргөжин, тэлж байгаа учраас миний хувьд дулааны 5-р цахилгаан станцыг барих хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа” гэлээ. Мөн тулгамдсан асуудал юу байгааг асуусан юм.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир “Зайсан орчмын хэрэглэгчдийн асуудлыг шийдэхээр ажиллаж байгааг хотын даргад хэллээ. Бурхан багшийн хөшөөний орчимд 1990-ээд онд ашиглалтад орсон ганц ЦТП-тэй. Тэндээс бүгд дулаанаа авдаг. Хүрэлцдэггүй хүндрэл байгаа. Үүнийг заавал шийдэх шаардлага байна” гэлээ. Үүнээс гадна Баянхошуу дэд төвийг төвлөрсөн хангамжид холбох уу, тусгай төв байгуулах уу гэсэн асуудлыг ярилцаад төвлөрсөн хангамжид холбох нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг дарга үүний дараа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК дээр ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус комданийн хувьд нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. 2016 оны 10 дугаар сарын байдлаар 345 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна. Цаашид нийслэлийн усан хангамжийг сайжруулах төслөөр гүйцэтгэсэн Булаг дэд станцруу нэвтрэхэд Туул голын дээгүүр гүүр барих, Улаанбаатар хотын гэр хорооллын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах цахилгаан хангамжийн асуудлыг нийслэлийн төсөвт сууглгах шаардлагатай байгааг хотын даргад дуулгалаа.

Хотын дарга “Улаанбаатар хотын цахилгаан дамжуулж байгаа шугамуудын насжилт их. Гэр хороололд хүчдэлийн уналт их байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнхантай ярилцлаа” гэлээ. Мөн  Улаанбаатар хотод жилд 30 мянга орчим хүн шилжиж ирдэг. Нэг өрх дунджаар 3-5 хүнтэй гэж үзвэл төдий тооны өрх шинээр нэмэгдэж байна. Ингээд хотын цахилгаан хангамжийг хэвийн байлгах, айл өрхүүдийг цахилгаанаар хэвийн хангахад хүндрэл учирдаг. Тиймээс Улаанбаатар хотын суурьшлын бүсийг шинээр тогтоох шаардлагатай гэж үзэж байгаагаа хотын дарга хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …