Дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийг өмсдөг одууд ч хувцаслалтандаа алдаа гаргадаг. Шинэ жилийн үдэшлэгтээ очихдоо гоёмсог даашинзаа буруу, хайнга, мэдлэг, мэдээлэлгүй өмссөнөөс болж “халуухан” байдалд орж олны “шившиг” болох нь энүүхэнд. Та ийм байдалд орж байгаагүй гэж “мэлзэх” л байх. Гэхдээ гоёлын даашинз өмсөхөд гаргадаг нийтлэг алдаа тэдгээрийг хэрхэн засах тухай өгүүлье.
Хөхний даруулгын алдаа–
Даашинзан дотроо даруулга буруу сонгох нь түгээмэл алдаануудын нэг. Нуруу ил гарсан даашинзанд нуруун дунд хэсгээр явсан даруулгын арыг харагдуулахгүй материал холбох хэрэгтэй.
Мөн урд хэсгээрээ ил даашинзанд наалддаг мөргүй, аргүй даруулга зүүх ёстой бөгөөд 12 цагийн турш тогтмол наалдах учиртай. Гэрэлтдэг энгэртэй, сул том энгэртэй даашинзан дээр даруулга аль болох харагдахгүй байх ёстой. Ийм даруулга, наалт, хөхний толгой дарагч, хөх өргөгч зэрэг нь дотуур хувцасны дэлгүүрүүдэд бэлэн байгаа бөгөөд мэдээлэл сайн аваагүйгээсээ болон гаргадаг алдаанаас та ч бас зайлсхийгээрээ.
Бариу даашинз доторхи “эмээ” бандааш– Хэт бариу эсвэл хэт оноо өндөртэй /дээр оноотой/ даашинзан дотор ямар дотоож өмсөхөө мэдэхгүйгээсээ болж алдаа их гаргадаг. Та хэт оноо өндөртэй даашинз сонгосон бол дотоож аль болох нарийн бэлхүүстэй, торгомсог хийцтэй, гэрэлтдэггүй материалтай байх ёстой. Аюулгүй байдлын үүднээс ийм төрлийн дотоожийг эрвээхэй хэлбэрийнх яг зохино гэж үздэг.
Харин хэт бариу даашинз өмсөхөөр бол зөөлөн силкэн материалтай, мэдрэгддэггүй, оёдолгүй, биеийн хэмжээгээр сунадаг дотоожийг сонгох ёстой болно. Хэрэв сарын тэмдэг ирсэн үед торгомсог даашинз өмсөж таарвал заавал тампон хэрэглэх ёстой.
Та санаа зовох зүйлгүй дотуур хувцасны дэлгүүрт очин зөвлөгөө авах ёстой ба шинэ жилийн даашинзаа өмсөхдөө таарсан, тааруулсан дотуур хувцасаа өмнө нь заавал өмсөж үзээрэй. Ингэж байж та тав тухтай байдал, хөдөлгөөн, орчин нөхцөлдөө хэрхэн биеэ чөлөөтэй байлгах тал дээрээ дүгнэлт хийнэ шүү дээ. Танд амжилт хүсье.
Б.Саран