Хөдөлмөрийн яамнаас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүрэг, аймгийн төвүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Бизнес инкубатор төв”-ийг байгуулсан билээ. Дээрх төвүүд нь шинээр бизнес эрхлэж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй түрээсийн байрнаас эхлээд бизнесээ эхлүүлэх, сургалт суртачилгааг хоёр жил хүртэлх хугацаанд явуулдаг юм байна.
Өнгөрөгч баасан гарагт Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга, ЖДҮ-ийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан нар Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Бизнес инкубатор төв нь бизнес эрхлэх нөхцлийг бүрдүүлдэг
Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төвийн захирал С.Энхтайвантай ярилцлаа.
Танай төвд одоогийн байдлаар хэчнээн бизнес эрхлэгчид бойжиж байна вэ?
-Бизнес инкубатор төв нь бизнес эрхлэх сонирхолтой иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг шинэ жижиг бизнест эрхлэхэд тулгардаг хөгжлийн эмзэг болон төвөгтэй эхний үе шатуудыг даван туулах, цаашдын тогтвортой үйл ажиллагаа явуулах хүртэл бойжуулах, үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах замаар ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой.
Энэ хүрээнд аж ахуй эрхлэх сургалт, мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг зохион байгуулахаас гадна бизнес инкубацийн үйлчилгээг үзүүлэн, арга зүйгээр хангаж, бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай түрээсийн байр болон тоног төхөөрөмжийн тусламж үзүүлдэг.
Манай төвөөс бойжигчдоо хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах байрыг 40-80 хувийн хөнгөлөлтөөс эхлэн шатлан нэмэх байдлаар түрээслүүлэхээс гадна, ЖДҮ-ийн зээл авахад арга зүйгээр туслах гэх мэт өргөн хүрээтэй ажлыг гүйцэтгэдэг. Өнөөдрийн байдлаар инкубатор төвд маань 19 бойжигч, нийт 60 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Ер нь сургалт суртчилгааны хувьд дүүргийн хэмжээнд хувиараа үйл ажиллагаа эрхлэж буй иргэд аж ахуй нэгжийг хамруулах боломжтой.
Та бизнес инкубатор төвөөр дамжсан бизнес эрхлэгчдийн давуу талыг юу гэж харж байна вэ?
-Иргэд аж ахуйн нэгжүүд маань өөр өөрийн гэсэн санаа, зорилготойгоор бизнес инкубатор төвд хандана. Харин бид тэрхүү санааг хэрхэн яаж бизнес болгох вэ гэдэгт бүх талаас нь дэмжлэг үзүүлнэ. Нөгөө талаасаа юм хийх гээд бизнесийн зээл хөөцөлдөж буй хүмүүс нэгдсэн сүлжээнд орж байгаа гэхэд болно.
Тодруулбал нэг дүүрэгт 1000 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч байна гэж бодоход бүгдэд нь түрээсийн байрны дэмжлэг үзүүлж чадахгүй ч гэсэн бусад дэмжлэгийг үзүүлэх боломжтой. Тэгэхээр жижиг дундын зээлээс хэн юуны төслөөр авах гэж байгааг мэргэжлийн байгууллагууд нь мэддэг болно. Тиймээс зээлийг зориулалтын бус ашиглаж байна, ар өврийн хаалга орчихлоо гэх мэт асуудлууд байхгүй болно гэсэн үг.
Танай төвөөс гарсан бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүд байна уу?
-Байгаа. Хамгийн ойрын жишээ гэвэл манай төвийн төгсөгч гурван залуу “Монгол ташуур” гэдэг компанийг байгуулаад, барилгын хуурай, нунтаг хольцын үйлдвэрийнхээ нээлтийг хийж байна. Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид орохдоо 40-үүлээ ороод тэр ангиас 20 гаруйхан хүүхэд л 11-р ангиа төгсдөгтэй адил манай төвийн бойжигчидоос бизнесээ амжилттай аваад явах, нэг хүн байхад хямд юман дээр ирчихсэн гээд түрээсийн байраа цоожлоод яваад байгаа нөхдүүдийг аав ээж шиг нь араас нь хөөцөлдөөд байх шаардлагагүй. Дараагийнх нь хүнийг авч бойжуулах ажил хийгддэг.
Үндэсний үйлдвэр нэгээр нэмэгдэв
Ийнхүү Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараагаар тус төвөөс “төрсөн” “Монгол ташуур” компанийн барилгын хуурай, нунтаг хольцын үйлдвэрийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.
“Монгол ташуур” компани нь ЖДҮ-ийн сангаас 70 сая төгрөгийн зээл авч, өөрийн нөөц хөрөнгө дээр тулгуурлан орчин үеийн стандартад нийцсэн үйлдвэрийг байгуулсан байна.
Тус компаний захирал Д.Батмөнх хэлэхдээ “Миний хувьд Ерөнхий сайдыг хөдөлмөрийн салбарт ажиллах үеэр гурван сарын дотор үйлдвэрээ барьж, үйл ажиллагаагаа эхлүүлэх үүрэг амлалт аваад байсан. Амласан хугацаандаа үйлдвэрээ ашиглалтад оруулж, 25 ажилтантайгаар үйл ажиллагаагаа өргөтгөн явуулж байгаадаа таатай байна.
Бид үйлдвэрийнхээ ихэнх хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэсэн ч 100-гаад сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байсан. Тэгээд Хөдөлмөрийн яамны харъяа Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээлийн асуудлыг хурдан хугацаанд шийдэж өгсөн учраас манай компанийн үйл ажиллагаа урагштай байна” гэлээ.
Тус компани нь барилгын дагалдах материалыг эх орондоо үйлдвэрлэх, ханган нийлүүлэх зорилготойгоор өдөрт 30-60 тонны хүчин чадалтайгаар барилгын дотор болон гадна фасадны торны цавуу, плитаны чигжээс, цавуу зэргийг үйлдвэрлэж байгаа ажээ. Нэгэнт импортын бүтээгдэхүүнийг орлох үйлдвэр байгуулагдаж байгаа болохоор Хөдөлмөрийн яамны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэдгийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга хэллээ.
Харин “Монгол ташуур” компанийн үйлдвэр өнөөдрийн байдлаар 20 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бол бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл 50-иад хүнийг ажлын байраар хангах боломжтой гэдгийг салбар яамныханд уламжлалаа.
Энэ жил жижиг, дунд үйлдвэрлэлд улсын төсвөөс мөнгө өгөөгүй
Жижиг дунд үйлдвэрлэлийн өнөөгийн байдлын талаар хөдөлмөрийн яамны ЖДҮ-ийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалангаас дараах зүйлийг тодрууллаа.
Жижиг дунд үйлдвэрлэлийг төрөөс дэмжээд багагүй хугацаа өнгөрч байна. Өрхийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд цаашид юу хийх шаардлагатай байна вэ?
-Төрийн бодлогын уялдаа холбоо сайн байвал өрхийн орлого нэмэгдэх юм. Зөвхөн зөгийн балыг аваад үзэхэд нэг өрх 10 мянган зөгийтэй байхад өрхийн хэрэгцээгээ хангаад илүүг нь зах зээлд борлуулах боломжтой. Харин төрийн зүгээс хүний эрүүл мэндэд гэм хоргүй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэдэг сурталчилгааг нь сайн хийж өгөх жишээтэй.
Манай яамны зүгээс НҮБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран бага дунд орлоготой иргэдийн амьжиргааг дээшлүүлэх олон улсын ижил төстэй бизнес төслүүдийг хөдөө орон нутагт, бүс нутгийн хэмжээнд хэрхэн хөгжүүлэх талаар уулзалт зөвөлгөөнийг зохион байгуулах гэж байна.
Мөн Европын холбооны улсуудын төслийг хэрэгжүүлж байгаа төлөөлөгч нартай уулзана. Энэ мэт тал талаас нь авч үзээд боломжийг нь л бий болгож өгөхийн төлөө ажиллаж байна.
Энэ жил жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлд хэдэн төгрөг тавигдсан вэ?
-Улсын төсөв дээр энэ жил тавигдсан мөнгө байхгүй. Өнгөрсөн жилийн төсөв батлахдаа 2007 оноос хойш олгосон жижиг, дунд үйлдвэрлэлийн эргэн төлөлтөөс 39.1 тэрбум төгрөг орж ирэх ёстой гэж үзсэн. Энэ оны 1, 2 дугаар улиралд орж ирсэн 14.2 тэрбум төгрөгийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт тус бүр 500 сая төгрөгийг тусгаж өгсөн.
Оны эцсээр эргэн төлөлтөөр орж ирэх мөнгийг аймаг орон нутаг, бүс нутгийн хөгжлийг хангах зориулалтаар олгоно гэсэн бодлогыг барьж ажиллана.