Дэлхийн хөдөлмөрчдийн их багш, аугаа их удирдагч, зөвлөлт төрийг үүсгэн байгуулагч Владимир Ильич Ленин бол орсуудын тахин шүтэж ирсэн амьд шүтээн билээ. Их багш Ленинд Монголчууд хүртэл хайртай. Тийм байхад орсууд бүр ярих юм байхгүй. Гэхдээ л түүнийг үзэн яддаг хүмүүс мэр сэр байжээ. Тухайлбал амьдад нь Каплан гэдэг хүүхэн Ленинийг буудан шархдуулж байсан бол нас бараад бунханд нойрссон байхад нь хүртэл өчнөөн олон удаа халдаж байгаа юм
Ингээд их багш Владимир Ильич Ленинийг өнгөрсний дараа бунхнийг нь онгичсон хачирхалтай баримтуудаас хүргэе.
1. Лениний шарилыг Москва хотын Улаан талбай дахь Мавзолейд 1924 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр байрлуулсан юм. Үүнээс яг 10 жилийн дараа 1934 оны гуравдугаар сарын 19-ний өдөр түүний цогцос руу хамгийн анх удаа халдсан хэрэг гарчээ.
Уг хэргийг Москвагийн ойролцоох “Прогресс” хамтралын ажилчин Митрофан Никитин гэгч шарилыг “Наган” буугаар буудахыг оролдсон байна. Харин хамгаалалтынхан түүнийг баривчлах гэсэн ч Никитин өөрийгөө буудаж амиа хорложээ. Түүний дараа биеэс дараах захидал олдсон байна. “1934 оны энэ хавар халдварт өвчин, өлсгөлөнгөөр дахиад л өчнөөн олон хүн нас барах нь ээ. Ард түмэн ийм амьдрал хүсээгүй, тэгээд ч үүнийг даван туулах тэнхэлгүй болсныг Кремлийнхэн харахыг ч хүсэхгүй байна. Би ард түмнийхээ төлөө баяртайгаар үхэж байна. Би 13 наснаасаа эхлээд ажилласан, олонтойгоо хүн болохоор тэднийхээ төлөө юу ч хийхэд бэлэн байна. Энэ бүхнийг би удаан бодсон, яаж амьдарснаа ч бодсон. Та нар юу хийж байгаагаа мэдэж байна уу, энэ улс орон ард түмнийг хааш нь жолоодож явна вэ. Бүх зүйл уруугаа явж ард түмэн үгээгүй ядуурч байгааг харж байна уу” гэжээ
2. 1960 оны долдугаар сард Фрунзе хотын иргэн Татарин Минибаев бас л хашлага дээрээс үсэрч, шарил хадгалсан шилэн хоргыг хутгаар цөмлөхийг оролдход шил цуурч хэлтэрхий нь Лениний занданшуулсан шарилын арьсыг гэмтээжээ. Энэ бүхнийг сэргээн засах гэж Мавзолейг хэдэн сараар хаасан гэдэг. Мөрдөн байцаалтын явцад Минибаев Лениний шарилд халдах гэж 1949 оноос бэлтгэн хэргээ гүйцэлдүүлэх гэж Москвад нисч ирсэн гэдгээ хүлээсэн байна.
3. 1962 оны дөрөвдүгээр сарын 24-нд Сталины шарилыг Лениний бунхнаас гаргачихаад байхад Москва орчмын Павловскийн нягтлан бодогч байгаад тэтгэвэрт гарсан Лютиков мөн л шилэн хорго руу чулуу шидсэн ч хагалж чадаагүй байна. Тэрээр мөрдөн байцалтын явцад зөвлөлтийн эсрэг захидал бичиж хэвлэлүүдэд болон гадаад орнуудын ЭСЯ-нд илгээн, лениний цогцост халдахаар хоёр жил бэлтгэсэн гэжээ.
4. 1967 оны есдүгээр сард Каунасын оршин суугч Крысанов яг Мавзолейн дэргэд өөрийгөө дэлбэлж хоморгондоо хэдэн хүний амийг бүрэлгэжээ. Нүдээр үзсэн гэрэл зурагчин “Бүх зүйл яах ийхийн зуургүй л болоод өнгөрсөн. Хүмүүс бужигнаад л, дэргэдүүр минь нэг залуу өмдөө дээш өргөөд гүйхэд хөл рүү нь цус урсч харагдсан, цэрэг хувцастай хүн хөл нь бараг тасарсан охин өргөөд явж байлаа. Мавзолейн орох хаалганы дэргэд нэг эрэгтэй хэвтэж байсан. Шархадсан хүмүүс ч олон байлаа. Би зураг авч эхэлсэн” гэсэн байдаг.
5. Гэтэл Ардчиллын үед ч ийм эсэргүүцэл бас л гарч байжээ. 2010 оны гуравдугаар сард Москва орчмын оршин суугч Сергей Крапецов Мавзолейн индэр рүү гүйн гарч, Лениний шарилыг зайлуулж, Мавзолейг эвдэхийг уриалан хашгирсан байна. Тэр цагдаагийнханд эсэргүүцэл үзүүлсэн ч удалгүй баривчлагдсан юм. Мөрдөн байцаалтын явцад Крапецов дээрмийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан нь тодорхой болсон юм.
эх сурвалж: асса.мн