“Эрдэнэт үйлдвэр”-ийн шинээр ашиглах талбайн 15-20 га-г ойжуулна

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2013 ОНЫ 8 ДУГААР САРЫН МЭДЭЭ

1.Онцлог ажлууд:
–  “Эко хороолол”-ын инженерийн шугамын ажил дуусах шатандаа буюу 90 гаруй хувьтай явагдаж байна. Тус ажил нь 2.0 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд бохир усны 7.9 км, цэвэр усны 4.5 км, дулааны 8.8 км шугам татагдсан байна. Одоогоор загварын буюу олон нийтэд үзүүлэх гурван байшинг барьж байгаа ба энэ ондоо багтаан 200 айлын орон сууцыг барьж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

– Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэн бүх нийтээр мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баян-Өндөр ууланд “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн шинээр ашиглах талбайгаас нийтдээ 15-20 га газарт мод шилжүүлэн суулгах, тарих ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

– Аймгийн хэмжээнд согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнд нийт 29 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

2. Удирдлага, зохион байгуулалт, эдийн засгийн бодлогын хүрээнд:

-Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 3000 гаруй иргэн үйлчлүүлсэн ба “Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах төв”-ийн “Иргэдээ сонсож байна” 70353511 утсанд 380 иргэнээс гомдол, санал, хүсэлт ирснээс 195-ийг шийдвэрлэж, 185 гомдол, саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилсан ба шийдвэрлэх шатандаа явж байна.

-Төрийн албан хаагчийн гэр бүлээс их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх журмын дагуу нийт 259 суралцагчийн гэрээг сунгаж Сургалтын төрийн санд хүргүүллээ.

-8 сарын 30-ны байдлаар аймгийн төсөвт 23.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, төсвийн гүйцэтгэл 97.5 хувьтай байна. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймгийн орон нутгийн хөгжлийн санд 4.4 тэрбум төгрөг орохоос 8-р сарын 30-ны байдлаар 3.3 тэрбум төгрөг орж, санхүүжилт 1.1 тэрбум төгрөгөөр дутуу байна. Орон нутгийн орлогоос Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 2.0 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ.

-Төсвийн байгууллагуудын эхний хагас жилийн санхүүгийн тайлангийн нэгтгэлийг Сангийн яаманд хүргүүлсэн ба 2013 оны төсвийн гүйцэтгэл, 2014 оны төсөв, 2015-2016 оны төсвийн төслийг урьдчилсан байдлаар хянууллаа.

3. Xууль, эрх зүйн бодлогын хүрээнд: 

-Хууль зүйн яамтай хамтран эрх зүйн шинэтгэлийн хүрээнд боловсруулагдаж буй хуулийн төслүүдийн үзэл баримтлалын талаарх төвийн бүсийн сургалт зөвлөгөөнийг 9 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг  хангаж байна.

-Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэд, олон улсын болон төрийн бус байгууллагуудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

-Цагдаагийн газрын мэдээгээр 8 сарын эхний байдлаар 358 хэрэгт 282 хүн холбогдон шалгагдаж, хэргийн илрүүлэлт 51.5 хувьтай байна. Нийт бүртгэгдсэн хэргийн 46.1 хувь нь бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй хэрэг, 34.6 хувь нь согтуугаар үйлдэгдсэн хэрэг, 6.7 хувь нь хүнд, онц хүнд хэрэг байгаа ба өнгөрсөн оны мөн үеэс согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 0.8 хувиар, хүнд, онц хүнд хэрэг 42.9 хувиар буурч, харин бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй хэрэг 38.7 хувиар нэмэгджээ.

үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …