Ж. Батзориг: Багш нарын цалин нэмэх асуудлыг шийдвэрлэхгүй бол хугацаагүй ажил хаяна

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр багш нарын цалинг нэмэх асуудлаар хийгдэж буй ажил, үйл явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр тус холбооны дарга Ж.Батзоригтой цөөн хором ярилцлаа.
– Багшийн цалин нэмүүлэх хороо зарим талаар учир дутагдалтай байна гэж та хэллээ. Энэ ямар учиртай вэ?

– Өнгөрсөн сарын 28-ны өдөр Багш нарын онц их хурал хийхтэй холбоотой зардлыг манай холбооноос гаргуулах хүсэлт “Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос” гаргасан юм. Бид хариуд нь гүйцэтгэх хорооны хурлаа хийгээд холбооноос багш нарын онц их хуралд оролцох хүсэлтэй байгааг мэдэгдэж, зардлыг гаргах боломжгүй байгаагаа илэрхийлсэн. Яагаад гэвэл холбооны үйл ажиллагаа, болон санхүүгийн төлөвлөлт жилээр батлагддаг. Гүйцэтгэх хороо нь гүйцэтгэх зөвлөлөөс батлагдсан төсвийн дагуу зарцуулах шийдвэр гаргадаг болохоо танилцуулсан. Гэтэл багш нарын цалин нэмүүлэх түр хорооны зүгээс ҮЭ-ийн байгууллыг үгүйсгэх, олон нийтийг төөрөгдүүлэх, хутган үймүүлэх, зорилготой худал мэдээллийг нийгэмд түгээж байгаа учраас салбарын ҮЭ-ны зүгээс буруушааж зохисгүй үйлдэл гэж үзэж байна.

– Багш нарын цалин нэмүүлэх явц одоо ямар шатанд явж байна вэ?

– Салбарын багш нарын цалинг нэмүүлэх асуудлаар МҮЭ-ийн холбоо болон салбарын ҮЭ-ийн холбооноос хамтын маргааныг хуулийн хүрээнд үүсгээд уг асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө тууштай явж байна. Шаардлагатай тохиолдолд ҮЭ-ийн гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хамгаалахын төлөө хууль ёсны тэмцлийг ҮЭ-ийн байгууллагад хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд зохион байгуулна. Одоогоор хамтын маргаан үүсгэсэн. Бид удаа дараа шаардлага хүргүүлэхэд засгийн газар нэг ч удаа нааштай хариу ирүүлээгүй. Багш нарын цалин нэмэх асуудал өнөөдөр зуучлах, томилох шатанд явж байна. Цаашдаа бид Арбитрын шүүхэд шилжинэ гэсэн бодолтой байна.

– Хэрэв засгийн газраас  хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхгүй тохиолдолд юу хийх вэ?

– Зөвхөн багш нар төдийгүй нийт төрийн албан хаагчид, багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчны хувьд өнөөдрийн байдлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрээр зохицуулдаг. Энэ зохицуулалтыг манай улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд орсон үеэс буюу сүүлийн 25 жил мөрдөөд явж байгаа. Одоо мөрдөж байгаа 2017-2018 оны Улсын хэлэлцээрт цалин нэмүүлэх асуудлыг 2018 оны төсвийг УИХ-д оруулахаас өмнө нэмэлт хэлэлцээр хийж шийдвэрлэхээр шинээр байгуулагдсан Засгийн газартай энэ оны нэгдүгээр сард тохирсон. Хөдөлмөрийн хуульд заасан хамтын маргааныг шийдвэрлэх журмын дагуу зуучлагчийн шатаар маргаан орохоор явж байна. Хэрэв хамтын маргааныг талууд хэлэлцэн тохиролцож шийдвэрлэж чадахгүй бол энэ сарын сүүлчээр хугацаагүй ажил хаялтыг хуулийн дагуу цалин хөлсөө алдахгүйгээр зарлах эрх үүснэ. Тиймээс бид хугацаагүй ажил хаялтад шилжинэ гэдгийг хэлмээр байна.

– Засгийн газраас багш нарын цалинг шууд нэмэхгүй гэдгээ илэрхийлсэн. Та бүхний зүгээс цалин нэмэх боломжтой гэж харж байна уу?

– Үйлдвэрчний эвлэлийн холбоо хоёр зүйлд хүлээлттэй хандсан. Нэгдүгээрт хамтын маргаан үүсгэх, хоёрдугаарт хамтын маргааныг шийдвэрлэх тал дээр хүлээлттэй байна. Улс орны эдийн засгийн байдал хүнд байна гэдэг асуудлыг сүүлийн гурван жил манай холбоонд ирүүлсэн. Бид засгийн газраас ирсэн хариуг хүлээж аваад цаашдын асуудлыг тохиролцох гээд хичээгээд явж байна. Гэтэл өнөөдөр яалт ч үгүй багш нар, ард иргэдийн амьдрал хүндэрч байгаа учраас төр засгийханд бид хэлэхээс өөр арга байхгүй. Дундаж төвшинд амьдарч байгаа багш нарыг ядуусын эгнээ рүү гулсуулахгүй байхын төлөө л ажиллаж байна. Цаашид ҮЭ-ийн зүгээс хамтын маргааныг амжилттай шийдвэрлүүлэхийн төлөө тууштай ажиллаж, хууль ёсны тэмцлийг зохион байгуулах болно.

– Ярилцсанд баярлалаа.

Э.Ариун 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …