С.Батболд: Улаанбаатар хотын механик хөдөлгөөн зогссон

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус II хуралдаан өнөөдөр Хангарди ордонд хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан тогтоолын дагуу “Нийслэлийн 2018 оны төсөв батлах тухай”, “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2018 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” хэлэлцсэн юм. Төлөөлөгчдөөс санал оруулсны дагуу нэмэлтээр, нэгдүгээрт Агаар, орчны бохирдлыг бууруулах бодлого чиглэлийн тухай хэлэлцэж дараах асуудлын хүрээнд ярилцлаа. Энэ үеэр НИТХ-ын хурлын төлөөлөгчидийн асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд мэдээлэл өгөв.

– Автомашины худалдааны төвийн ажил ямархуу байна вэ?

-Авто худалдааны төвийн ажил хэвийн явагдаж байна. Цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангахын тулд 23 тэрбум төгрөг шаардлагатай. Би нэгэнтээ нүүлгэх асуудлыг санаачилсан тул нүүлгэх асуудлыг шахаж захирамж илгээж байна. Гэхдээ өнөө маргаашдаа 23 тэрбум төгрөгөөр цахилгааны асуудлыг шийднэ гэж байхгүй. Хамгийн эхэнд шаардлагатай ажлуудыг хиймээр байна. Цахилгаан шугамд холбогдохын тулд таван тэрбум төгрөгийг  гаргах чадал надад алга.

-Хотын шилжилт хөдөлгөөний асуудал цаашид үргэлжлэх үү?

-Шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан захирамжийн хэрэгжилт үргэлжилнэ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 8000 орчим хүн шилжиж ирээд 8000 орчим хүн явсан. Улаанбаатар хотын механик хөдөлгөөн зогссон. Төрийн албан хаагчийн ажилд томилогдохоор ирсэн хөдөө орон нутгийн иргэдэд шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн санал ирсэн. Бидний зүгээс гамшгийн нөхцөл байдал арилаагүй учир энэ шийдвэрийг цаашид үргэлжлүүлнэ гэж бодож байна.

-Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун: 2017 онд нийтдээ 45 халаалтын зуухыг буулгаж төвийн эрчим хүчний системд холбосон. Үүний хүрээнд 59 тонн нүүрс хэрэглэхгүй. Эрчим хүчний шөнийн тарифтай холбогдуулан 70 орчим мегаваттаар ачаалал нэмэгдэж байна. 15 мянган айл өрх халаалтын системд холбогдож байна. Цахилгаан халаагуурын тухайд цаанаас баталсан төсвийн хүрээнд 390 өрх хамрагдсан. Үүнд зорилтот бүлгийн иргэд хамрагдсан. Зорилтот бүлгийн иргэдийг сайжруулсан түлшээр хангахад чиглэсэн 1600 өрхийг хамруулан явж байгаа.

-НИТХ-ын төлөөлөгч О.Мөнгөншагай: Улаанбаатар хотын дэд бүтцэт анхаарал тавьж ажилламаар байна. Өнгөрсөн жил манай улс, гадны байгууллагатай хамтран машины хорт хийн судалгааг нийслэл хотод хийсэн. Дэлхийн стандартын дагуу утаанд агуулагддаг хар тугалганы хэмжээ 2.3 децилитр гэсэн хэмжигдэхүүнтэй байсан. Манай нийслэлд 14.5 децилитр хар тугалгатай гэсэн хариу гарсан. Тухайлбал Да Хүрээ, гэр хорооллын алслагдсан дүүргүүдэд судалгаа явуулахад хотын төвд амьдарч буй хүүхдүүдээс хоёр гурав дахин илүү үзүүлэлттэй гарсан. Хамгийн аюултай нь хар тугалга ихээр ялгарснаас хүүхдүүдийн сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг. Хэрэв бид нар энэ байдлаар удаан явбал хойч ирээдүй болсон хүүхдүүд оюун ухааны хомстолтой болох эрсдэлтэй бодит аюул тулгарч байна. Гэр хороололд стандарт тогтоох хэрэгтэй. Мөн дээрээс нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй авто засварын асуудлыг цэгцлэх ёстой.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …