Дорноговь аймгийн Сайншанд хотын орон нутгийг судлах музейд эзэн богд Чингэс хааны төрийн есөн хөлт цагаан тугийн дагуул найман тугийн нэг бий. Эзэн Чингис хаан хийгээд түүнийг залгамжлагч хаадууд харь улсыг дайлаар мордож, эзэнт улсаа төвхнүүлэн байхдаа Их сүлдний шүтээнийхээ дагуул тугаа улсынхаа хилийг дагуулан байршуулж, улс гэрээ хамгаалдаг байжээ.
Тэр тусмаа Манж чин гүрний ноёрхлын үед тулгар төрийн шүтээнийг чандлан нууцалж нэг нэгээр нь салган байршуулж байсан бөгөөд 1600-аад оны үед улсын зүүн өмнөд хил болох Хутаг уулын орчимд 100 орчим дагуулын хамт суурьшуулан тахиж байжээ. Эзэнт улсын шүтээн, төр улсын сүр сүлд оршсон, энэхүү цагаан тугийг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Сүлдэн хөх толгойд тахиж байсан бөгөөд сүүлчийн тугч Д.Дорж хэмээх хүн 1930-аад оны дунд үе хүртэл тахиж байсан авч хэлмэгдүүлэлт эхэлснээр тасарсан гэдэг.
Түүний үр удам 200 гаруй хүн эдүгээ “Тугч” овгийн удмыг залгаж байна. Энэ тухай одоогоос таван жилийн өмнө Улаанбаатар хотноо Дорноговь судлал-2012” эрдэм шинжилгээний III бага хурлаар эрдэмтэд хэлэлцсэн байдаг.
Тулгар төрийн цагаан туг сүлд шүтээний талаар МУИС-ийн багш хэл бичгийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам “Мэргэн вангийн хошуунд тахиж байсан Хангал Эхт Цагаан тугийн тахилга билэгдлийн тухай” маш сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн юм.Тэр бүү хэл дараа жилийн зуны дэлгэр цагт бичгийн эрдэмтэд Дорноговийг зорьж Хөвсгөл сумын төвөөр орж тугч Доржийн өргөмөл охин болох Бадамжав гуайн гэрт саатаж, эртний тахилгын тухай хөөрөлдөх үед үүнийг бичигч би бээр хамт явсан юм.
Тэр үед 85 насыг зооглоод байсан Бадамжав буурай бие хөнгөн, ухаан сэргэлэн хийгээд эрдэмтдийн эрдэм шинжилгээний ажилд тус болж мэдэх, санах бүхнээ хуучилсан. Түүний аав Дорж /1935 оны үед/ сэтэртэй шарга морио унаж цагаан тугийг хамгийн сүүлд тахиж байсан нь зургаан настай охины ой тоонд бат суужээ. Аав нь туг тахих талаар охиндоо битгий хэл хөндлөнгийн хэнбугайд ч хамаагүй үг цухуйлгадаггүй байсан аж. Цагаан тугийг тусад нь гэрт байрлуулдаг байсан төдийгүй тахилгын идээ шүүсийг тайж язгууртан хүн ээлжээр базаадаг байжээ.
Хүзүүнээс нь олон өнгийн даавуу намирсан эдэлгээ уяа нь цэгцэрч таарсан шарга морь дүүхэлзэж, тахилгын өглөө төрийн үйл хэрэг гүйцэлдүүлэхийг мэдсэн мэт хийморь золбоотой болдог байж. Цагаан тугийг Дорноговийн Сүлдэнэ хөх толгойд, баруун хязгаарт одоогийн Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Илжигэн халхын Лу жанжин гүний хошуунд, Говь Алтай аймгийн Тарган баатар вангийн хошуунд гэх зэргээр улсынхаа торгон хил дагуулан тахиж байжээ.
Харин Чингэс хааны Хар сүлдний хувьд Хурц ван Түдэнгийн хошуунд Хатгины, Эрдэнэ дүүрэгч вангийн хошуунд, Дорнод аймгийн Баян эрхт толгой дээр, Баруун хүрээнд, Эрдэнэзуугийн орчимд зэрэг тодорхой тоотой хэдэн газарт тахиж байжээ. Дулам багш цааш хэлэхдээ “Монгол нутгийн үүд хаалга болж байгаа газар. Жирийн үгээр хэлбэл дайсан цөмөрмөөр газрыг тосгуулж тугийн тахилгыг хийж байсан болов уу гэж санагддаг. Нөгөө талаас үзэхэд маш олон үе зуунаар улирч ирсэн сүлд тахилгатай газар сонгож тэр тугаа байршуулж байсан нь гарцаагүй” гэж байв. Их Монгол Улсын цагаан сүлд нь 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед устгагдсан бөгөөд түүний сэрээ болон ишинд байсан хамгаалагч баатар эрийн шүтээн, чүн чулуун сахиус нь нутгийн иргэдийн гарт үлдэж хоцорсныг хожим олж тугийг ном журмын дагуу дахин сэргээж Дорноговийн музейд байршуулаад байна.
Монголын их байлдан дагууллын үеийн түүхийг сонирхоё гэвэл Дорноговьд ирэхээс аргагүй. Эдүгээ энэхүү сүлд шүтээн нь аялал жуулчлалаар ирсэн хэн бүхний сонирхлыг татсан, түүхийн ховор нандин үзмэр, хосгүй өв болон хадгалагдаж байна.
Түлхүүр үгорон нутаг
Санал болгох мэдээ
Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа
Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …