”Лусын анд”-ын урам хайрласан дүгнэлт Саяхан би нутагтаа очиж 3 хоноод ирлээ. Энэ удаад амарч зугаалж, алиалж наадаж явсангүй. Хэдэн жилийн өмнөөс бодоод байсан нэгэн санаагаа бодот ажил болгох боломжтой эсэхийг судалсан юм. Нэн шинэхэн мэдээгээр 2017 онд л гэхэд Монголд минь 344 гол горхи, 391 нуур цөөрөм, 760 булаг шанд ширгэсэн байна.
Төр нь гадаад, дотоодын хэдхэн шуналтнуудад зориулсан мэт уул уурхайг хэт шүтсэн харалган бодлоготой, нутгийн ардууд нь нутаг усаа хайрлах, хамгаалах мэдлэг чадваргүй, өөриймсөг сэтгэлгүй байсаар байвал нэг л мэдэхэд Монгол эх орон минь гол горхигүй, нуур цөөрөмгүй, булаг шандгүй болон хуурайшихад ойрхон болсныг энэ гамшигт мэдээ сануулж байна. Миний эртнээс бодсон бодол юу вэ гэвэл Өүлэн хатан ижийн удам судрын Олхонууд түмэн хэдэн зуун жил шүтэн хүртсэн, Их Монгол улсын түүхэнд хоёронтоо нэрээрээ гардаг ариун усан-Хөвхөрийн голоо ширгээхгүй байх арга, боломж байна уу гэсэн бодол, эрэл хайгуул билээ.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутгийн нэгэн амин судас болсон бөгөөд “Монголын нууц товчоо”-нд Сэнгүүр горхи нэрээр гардаг Цэнхэрийн гол дээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн засаг дарга асан Балдандорж нарын санаачилгаар хийсэн далан, тэнд тогтсон хөөрхөн нуур, Цэнхэрийн голын урсац эрс нэмэгдсэн сайхан үр дүнг харснаар Хөвхөр гол дээрээ, Булганы хавцлыг түшиглэн хаалт хийх, нуур бий болгох, ингэснээрээ голынхоо урсацыг нэмэгдүүлэх санаа төрсөөр бас ч хэдэн жил болжээ.
Зөв санааг санасан бол ярьж, бичээд суухынхаа оронд санаагаа ажил болгохын төлөө өөрөө түүчээлэн зүтгэх хэрэгтэйг ухаарсан болохоор алмайран алдсан он жилүүддээ харамсан халаглахыг орхиод, Балдандорж гуайн зөвлөснөөр Л.Хорлий гэх эрхэмтэй уулзсан билээ. Энэ хүн бол бидний үеийн сэхээтэн агаад хуучин ЗХУ-ын Ташкент хотноо усны инженерийн мэргэжил эзэмшсэн, сүүлийн үед миний хийх санаатай адил ажлуудыг захиалгаар хийж дадлагажиж яваа том мэргэжилтэн юм.
Ингээд бид хоёр 2018 оны 6 сарын 20-ны өдөр нийтийн тээврийн урт хөх автобусаар нутгийн зүг гарч өглөө. Явдал дундаа зуур нэг хоноод нутагтаа 21-ний өдрийн бага үдэд ирлээ. Нагац хөгшин ааваараа төрөлсдөг Л.Ядамсүрэн дүүгээ хүлээж аваад унаагаараа үйлчлээд өгөөрэй гэж урьдчилан захисан тул тэр маань бэлэн зогсож байна. Хүү Я.Алтангэрэлийнд нь ирж цай, хоолоор дайлуулаад Д.Балдиржамц, Ш.Сум-Очир хоёрыг дуудан тавуул болж аваад Хөвхөр голоо судлах ажилдаа шууд орлоо. Үүний тулд голынхоо зүүн талд гарч аваад өөдөө өгссөн юм.
Би ч, нутгийн нөгөө гурван нөхөр минь ч мэддэггүй байсан нэгэн сайхан зүйлийг нээсэн маань Хөвхөр голд минь 19 булаг нийлдэг болохыг мэдсэн явдал юм. Булгуудын нэрийг нь мэдэхийг нэрээр нь, мэдэхгүйг тоогоор дугаарласан зураглал хийж авлаа. Голын баруун талаас Дугуй булаг, Бөөр булаг, Рашааны булаг, Эрдмийн овооны булаг(энэ нэрийг бид өгсөн болно), Гармын булаг, 1, 2, 3, 4 дүгээр булаг(нэрийг нь мэдэхгүй тул тоогоор дугаарлав), Дотор хөх толгойн булаг, Гурван булаг, Дашинчилэнгийн ар булаг, Дашинчилэнгийн өвөр булаг гэх 13 булаг, зүүн талаас Хөндлөн булаг, Өндөр бургасны булаг, Цагаан суваргын булаг, Голын эхний 1, 2, 3 дугаар булаг(нэрийг нь мэдэхгүй тул тоогоор дугаарлав) гэсэн 6 булаг Хөвхөр гол ээжээ тэжээн тэтгэдэг нь гайхалтай. Сумын төвөөс нилээн хойноос эх авдаг Хөдөө булаг л голоосоо “нүүр буруулдаг” аж. Л.Хорлий маань “Эдгээр олон булгийн эхийг бод мал гишгэхээс хамгаалаад цөөн мод, бут тарьчих юм бол танай Хөвхөр гол хэзээ ч ширгэхгүй” гэсэн сайхан санаа хэлэв. Тэр даруйд сэтгэлд минь “Булаг бүрийг хүмүүс ахан дүүсээрээ юм уу анги бүлгээрээ хариуцан хамгаалж болох юм” гэсэн мэргэн санаа тарснийг Ш.Сум-Очир багш их л сайшаан дэмжиж байлаа.
Сумаа маань надад төгсөгчдийнхөө гол гол хүний нэрийг гаргаж өгөхөөр амлав. Мод, бут борооны ус, цасыг ихээр хуримтлуулан барьдаг тул булгийн усыг сайн дэмждэг гэнэ. Аавын минь ойрын хамаатан шар Пүрэв жаажаагийн охин Бямбаа эмчийн хүү Хуягбаатар намайг нутагтаа ирснийг дуулаад аймгаас мэнд мэдэн утсаар ярихад нь булгуудаа хэрхэн хамгаалах талаар санаа бодлоо хэлэхэд минь “Бид өвөө, эмээгийнхээ нутаглаж байсан Хөндлөн булгийг таны хэлснээр хамгаална” хэмээн амлаж байна. Энэчлэн булгуудаа хамгаалах сайн санаатан гараад ирэх бололтой байгаад ихэд баярлав. Булгуудын эхийг сая ч хүрэхгүй мөнгөөр маш сайн хамгаалж, 20 орчим мод тарих боломжтой юм. Булганы хавцлыг үзээд “лусын анд” Л.Хорлий маань чухам хааханд нь юу хийхээ баримжаалж авав бололтой тун итгэлтэйгээр “Хавцлын эхний хоёр хадан хошууны хооронд 5 м орчим өндөртэй төмөр бетон зүрхэвчтэй, чулуун бэхжүүлэлттэй хаалт хийхэд их тохиромжтой юм байна. Ингэхэд ойролцоогоор 300-400 м урттай, 100 м орчим өргөнтэй хөөрхөн нуур үүснэ, яг хаалтны гол хэсэгт 5-6 м орчим гүнтэй болох тул хүн, мал осолдохоос хамгаалах торон хамгаалалт хийж таарна” гэж хэллээ. Энэ бол миний хүсч байсан зүйл яг мөн билээ. Хамгаалах тороо нуурынхаа захаас 4-5 м дотуур хийвэл хүн, мал осолдохгүйн дээр тэр 300-400 м урттай, 4-5 м өргөнтэй усанд хүүхэд залуус орох, сэлэх, улмаар усан спорт хөгжүүлэх боломж.
Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Довдонгийн Данзан