АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Германд байрлаж байгаа АНУ-ын цэргүүдийн тоог цөөлөх шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг Ангела Меркел болон Д.Трамп нарын зөрчилтэй холбоогүй гэж албаны хүн мэдээлж байна. Харин Польшийн ерөнхий сайд энэ завшааныг ашиглан өөрийн газар нутаг дахь АНУ-ын цэргийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп Германд байрлаж байгаа АНУ-ын цэргийн гуравны нэг орчмыг буюу 9,500 цэргийг тус улсаас гаргах тушаал өгчээ. Одоогоор Герман улсад АНУ-ын 34,500 цэрэг байрладаг ба дээрх шийдвэр хэрэгжвэл 25,000 болж буурах юм. Энэхүү шийдвэр нь Пентагоны удирдлагуудын олон сар гүйцэтгэсэн ажлын үр дүн, харин Дональд Трамп, Ангела Меркель нарын зөрчил маргаантай холбоогүй гэж АНУ-ын албаны хүн мэдээлжээ.
Дональд Трамп энэ жилийн Их Долоогийн уулзалтыг зургадугаар сард зохион байгуулахаар анх төлөвлөж байгаад сүүлд есдүгээр сард болгон хойшлуулсан юм. Харин Германы канцлерь Ангела Меркель цар тахлын нөхцөл байдал сайжрахгүй бол Их Долоогийн уулзалтад биеэр оролцохгүй гэсэн хариу өгсөн нь Цагаан ордны эзнийг нэлээд бухимдуулсан гэх мэдээлэл бий.
Үүнээс гадна Дональд Трамп NATO-гийн гишүүн орнууд батлан хамгаалах зардлыг тэгш хуваалцахгүй байгааг байнга шүүмжилдэг бөгөөд энэ шүүмжлэл гол нь Герман улс руу чиглэдэг юм. Мөн Герман улс Оросоос эрчим хүч худалдаж авдаг явдлыг АНУ-ын засаг захиргаа байнга шүүмжилж, дарамт шахалт үзүүлдэг. Германаас гарч байгаа 9,500 цэргийн зарим нь Польш руу, эсвэл аль нэг холбоотон улс руу шилжиж, зарим нь нутаг буцах магадлалтайг өөр нэг албаны эх сурвалж мэдээлжээ.
Германд АНУ-ын цэргүүдээс гадна 17,000 орчим энгийн албан хаагч ажилладаг. Мөн АНУ-ын цөмийн цэнэгт хошуунууд Германд хадгалагддаг юм. Трампын шийдвэрийг Германд янз бүрээр хүлээн авч байна. Зарим улс төрчид үүнийг NATO-гийн задралын эхлэл гэж үзээд Европын орнууд АНУ-д найдалгүйгээр өөрөө өөрийгөө батлан хамгаалах чадвартай болох цаг ирснийг анхааруулжээ.
Нөгөө нэг хэсэг нь Германд АНУ-ын цэрэг байх шаардлагагүй болсон, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх сайхан боломж гэж үзэж байна. Харин Польш улсын ерөнхий сайд Матеуш Моравецки энэ боломжийг ашиглан өөрийн газар нутаг дахь АНУ-ын цэргийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа Бямба гарагт мэдэгджээ.
Тус улс өөрийн үндэсний аюулгүй байдлын гол баталгааг АНУ-ын цэргийн бааз гэж үздэг. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд ОХУ-ын эрх баригчид Гүрж, Украин зэрэг улсын газар нутгийг эзлэн түрэмгийлэх бодлого явуулж ирсэн нь Польш улсад АНУ-ын цэргийн хүчийг нэмэгдүүлэх гол шалтгаан гэж тус улсын улс төрчид тайлбарладаг юм. Одоогоор Польшид АНУ-ын 5,500 цэрэг байрлаж байна.