Сүүлийн үед ус сайн уух хэрэгтэй гэсэн сурталчилгаа эмч, тамирчин гээд бараг хүн болгон ярьж ухуулах болсон. Харин саяхан Австралийн спортын эмч нар хосгүй туршилт явуулжээ. Туршилтын дүн “British Journal of Sports Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Энд бичсэнээр бол организмд ус дутагдсанаас биеийн хөдөлгөөнд саад учруулдаг гэдэг нь оргүй гэж дүгнэжээ.
Тэд дугуйчид биеийн жингийнхээ гурван хувьтай тэнцэх шингэнийг хөлс хэлбэрээр гаргасны дараа ямар байхыг судалжээ. Дүгнэлтийг а) шингэнээ дээд зэргээр алдсан
б) шингэнийг хоёр хувь алдсаны дараа сэргээсэн байдлаар
в) шингэн дээд зэргээр хангалттай байх үед гэсэн судалгаа хийжээ. Дээрхээс үзэхэд тамирчин онцын ялгаа мэдрээгүй. Өөрөөр хэлбэл шингэн алдагдалтай, шингэн хангалттай байх хоёрын хооронд тамирчин тэгтлээ онц ялгаа мэдээгүй. Үүнд гайхах хэрэггүй. Хүмүүс халуун нөхцөлд, говь цөлд ч зохицон ажиллахаар байгалиас заяагдсан байдаг гэж эмч нар дүгнэсэн байна. Зөвхөн ус л шингэн нөхнө. Харин кофе, цай, ундаа, хоол бол нөхөхгүй гэдэг нь хий хоосон сурталчилгаа болж байгаа бололтой. Мэдээж хэрэг ус арьсыг зөөллөж, тархины үйл ажиллагааг сайжруулж, бөөрөнд чулуу тогтохоос сэргийлнэ. Дээрх эмчилгээний үр дүнгээс гадна шингэн хэтрүүлэн хэрэглэх нь шээсний замын хавдар тусах магадлалтай гэж үзэх эмч нар байна.
Тэгэхээр өдөрт найман аяга ус уух зайлшгүй хэрэгтэй гэсэн сурталчилгаа цэвэр ус савладаг компаниудын сурталчилгаа болж байна уу. Үнэн хэрэгтээ дэлхийн ямар ч бүсэд амьдардаг хүнд өдөрт 6-8 аяга ус уух зайлшгүй шаардлага байхгүй. Биеийн жиндээ тохирсон шингэнийг хоол, цай, ундаа тэр байтугай шар айргаас хангалттай авна гэж ВВС-ийн “Надад итгээрэй-би эмч” нэвтрүүлгийн хөтлөгч эмч Крис ван Тюллекен хэлж байна. Найман аяга ус ууснаар жингээ хаядаг, танд ашигтай гэдэгт ямар ч нотолгоо байхгүй. Харин ч эсрэгээрээ сайхан мэдээ байна. Тэр тусмаа тамирчдад шингэний дутагдлын талаар санаа зовинох шаардлагагүй боллоо. Яагаад гэвэл хүний бие организм өөрөө бүгдийг автоматаар зохицуулах чадвартай. Хэрвээ та их шингэн уусан бол жорлон ойр ойрхон явна. Харин багадуулсан бол танаас шингэн уухыг шаардаж ам чинь хатна. Яг л амьсгал авч, гаргадаг шиг. Тэхээр их уус уухыг хэрэгтэй гэдэг нь амьсгалах агаар байхад хүчилтөрөгч нэхэхтэй л адилтгаж болох нь. Ердөө л амьдралын алтан дүрэм юуг ч хэтрүүлэхгүй байхад л болох нь.
эх сурвалж: mglradio.com