Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Тангадын Галсанг “Өглөөний зочин”-оор урилаа. Ардын Уран Зохиолчийн өөрийн ертөнц болоод Монголын утга зохиолын сонин хачин, сод бүтээлүүдийн талаар хөөрөлдөн ярилцах сонсголонтой байв.
-Ууган зохиолч Д.Нацагдорж, билигүн номч Б.Ринчений ууган шагналтан, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Тангадын Галсан гэдэг хүнийг та өөрөө нэг тодорхойлж өгөөч?
-Монгол Улс өнөөдөр 3.2 сая хүнтэй болжээ. Улсын маань хүн бүхэн нь Тангад гэдэг өөлд аав, Дагий гэдэг халх ээжээс гарсан тэр хүү шиг байж чадах юм бол миний Монгол хүн төрөлхтний доог болохгүй, хөгжил дэвшлийн ёроолд унахгүй юм байна гэж өдий насныхаа өндөрлөгөөс эргээд харахад бардамнах сэтгэл төрж байна. Яагаад гэхээр бүхэл бүтэн социалист ертөнц, коммунист дэглэмийн эсрэг тэмцэж явсан олон сайхан эх орончдын нэг нь би. Дэглэмд бялдуучлан, угаадаснаас нь долоолддог амьтны нэг байгаагүй.
Тэгээд ч тийм эх оронч, шударга хэлмэгдэгсдийг дэлхий дээрх сэхээтнүүдийг тамын ёроол руу шидсэн, амьдаар нь булсан. Гэвч нэг нь ч толгой гудайж бууж өгөөгүйгээр үл барам тамыг энхжин болтол сайхан хөдөлмөрлөж, зүтгэж, тэр хэрээрээ ард түмэнд хүн явахын үлгэр дуурайлал болж чадаж байсан. Жишээ нь, энэ жил 100 жилийнх нь ой тохиож байгаа Дарамын Төмөр-Очир гэж 30-хан настайдаа гүн ухааны эрдэмтэн, 32 настайдаа их багштан, профессор, 36 настай гүн ухааны анхны сартваахь болсон агуу хүнийг 1962 онд улс төрийн “хүчирхийлэл”-ээр унагаж, одоогийн Баянхонгор аймгийн нутагт барилгачнаар цөлсөн. Гэсэн ч Дарамын Төмөр-Очир нэг барилгачингүй, нэг тоосгогүй, нэг хүрзгүй газар Баянхонгор хотыг байгуулжээ.Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэснийх нь төлөө эсэргүү нэр зүүж л дээ. Ингэж амьдралыг өөд татаж явсан, хэзээ ч бууж өгөөгүй, өстний бахыг хангаж, үзэл санаанаасаа урваагүй хүмүүсийн нэг, өчүүхэн төлөөллийн хувьд би эх орондоо хэрэг болох юм бол сум нь болж чадах, хэрэм барихад нэг сайн тоосго нь байж чадах хэрэгтэй хүний нэг байж ирсэн, байж ч байгаа. Энэ бол хүн шиг хүн явахын шүншиг юм. Би өнөөдөр 119 ном, 60 гаруй кино ард түмэндээ өгчээ. Цаана нь түүнээс их навтраг байгааг чи харж байгаа биз. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа төрийн дуулалд “Өндөр төрийн минь сүлд ивээж, Өргөн түмний минь заяа түшиж, Үндэс язгуур, хэл соёлоо, Үрийн үрд өвлөн бадраая” хэмээх бадгийг оруулсан юм, би. Залуу бол намайг онгироо, сагсуу гэх ч өвгөн болсон насандаа би гэдэг чинь хэн бэ гээд бодоход энэ хариултын эзэн болжээ. |
-Та өөрийгөө ганц мэргэжлээр тодорхойлбол. Яруу найрагч уу, утга зүйч үү, орчуулагч уу, зохиолч уу, туульч уу, соён гэгээрүүлэгч үү?
-Тийм тодорхойлолтыг түүх, ард түмэн хэлдэг юм. Хүн өөрөө хэлдэггүй юм шүү дээ. Монгол үндэстний нэрийн өмнөөс хангал дэлхийд үгээ хэлж чадаж уу, анх цагийн явдал, энх цагийн явдал, мөнх цагийн ачааны хүндэд дайгдан хойч үед хүрч чадах уу, үгүй юу гэдгээр найрагч байсан уу, авьяастан байсан уу, алдар шагналд дарагдаад юу ч хийгээгүй хэн ч биш байсан уу гэдэг нь тодордог жамтай. Би Монгол Улсын Ардын Уран Зохиолч тэмдгээ зүүж явах дуртай. Ерөнхийлөгч асан Н.Багабанди нууж яв гэж энэ тэмдгийг надад өгөөгүй. Зүүж яв гэж өгсөн. Хуйвалдаанаар аваагүй, хулгайлж аваагүй. Одоо бол Хөдөлмөрийн хүндэт медалийн ч гавьяагүй хүн Хөдөлмөрийн баатар болж байна. “Оюуны өв нь хаана байна, тэнд тэр улс нь байдаг” гэсэн сургаал буй. И.В.Сталин “Жангар”-ыг манайх гээд халимагийн жангаруудыг бөөгнүүлээд эхэлсэн. Мао Зэдун багш соёлын хувьсгал нэрийн дор бүх соёлыг устгасныхаа дараа монголчуудыг “Зөвхөн Жангараа л хэвлүүл, өөр юм хэрэггүй” гэжээ. Өндөр өвгөдөөсөө өвлөсөн сонгодог “Монгол Жангар”-ыг би ард түмэндээ өгсөн.
Дуулийн төрөлд Д.Цоодолын өмнө гишгэх хөл байхгүй
Их Монгол Улсаа байгуулсны 800 жилийн ойгоор оюуны шилдгийн шилдэг бүтээлээр “Монгол Жангар”-ыг тунхаглаж, төрийн хойморт залсан. Гадаадын судлаачид “Жангар”-ын олон янзын хувилбар байдаг ч тэдгээр нь олдворууд юм шүү дээ. Нөхөр Галсангийнх нь харин сонгодог монгол “Жангар” гэж үнэлдэг. Энэ бол монхор Галсангийн бүтээл биш Монголын ард түмний оюуны бүтээл, тус бүтээлийг гаргаж ирж байгааг бодоход тархиндаа жаахан гэгээтэй байж таарна аа. Эхийн умайнаас монгол нутагтаа мэндлэхээс эхлээд энэ ертөнцөөс буцах хүртэлх бүх тохиолдолд хэлдэг бэлгэ үгийг хоёр ботиор гаргав. Одоо Монгол “Ертөнцийн гурав”-ын таван боть бэлэн болж байна.
Зөвхөн “А” тэргүүтэн нь нэг боть болж байгаа шүү дээ. Энэ их бүтээлийг энүүхэн хонхроос бус дэлхий дээрх бүх Монголоос цуглуулсан. Энэ бүгдийг хийснээ бодохоор чиний асуугаад байгаа соён гэгээрүүлэгч нь арай биш байгаа даа гэж бас бодогдоно. Гэхдээ тэрийг цаг, түүх л харуулна даа. Эрдэмтэн Л.Түдэв, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Галбаатар нар “Ардын их өв соёлын алтан эрдэнэсийн сангийн түлхүүрийг баригч” гэж намайг цоллосон байдаг. XXI зуунд түүний өмнө гишгэх хүн байхгүй гэсэн магтаалд нь би бялуурч байгаа юм биш. Тэд санамсаргүй үг хэлэх хүмүүс биш. Олон удаагийн онгоц, машины осол, дөрвөн удаагийн шарлалт, хоёр удаагийн буудуулах энэ мэтээс үхээгүй минь хийлгэх ёстой юмаа хийлгэх гэж л эрлэг намайг амьд үлдээгээд байгаа цаг хугацааны шагнал байх.
энд дарж уншаараай