Г.Оюунтөгс: “Монгол тулгатны 100” эрхэм нэвтрүүлэг түүхийн үнэт бүтээл болж үлдэнэ
“Монгол тулгатны 100” эрхэм нэвтрүүлэг цацагдаад гурван жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд төр, нийгмийн 30 гаруй зүтгэлтнүүдийн талаар хөрөг нэвтрүүлэг бэлтгэн, олон нийтэд хүргээд байна.
“Hero” энтертайнментын ерөнхий менежер Г.Оюунтөгстэй “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн тайзны ард ямар амьдрал буцалж байдаг талаар ярилцсан юм.
-Танай нэвтрүүлгийн талаар мэдэхгүй хүн үгүй. Ер нь анх яагаад ийм нэвтрүүлэг хийхээр шийдэв. Төслийг хэн санаачилсан бэ?
-Манай “Hero” энтертайнментын залуус өнгөрсөн 2011 оноос “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг бэлтгэж, анх эфирт цацсан. Нэвтрүүлгийн маань гол зорилго ХХ, XXI зууны эхэн үед Монголын түүхийг бичилцсэн нэр алдартай хүмүүсийн амьдралын түүхийг залуу үеийнхэндээ хэлж, ойлгуулан үлдээхийн тулд уг нэвтрүүлгийг бодож, төлөвлөж хийсэн.
-Анхны нэвтрүүлгийн тулгын чулууг тавилцсан хүмүүсийг танилцуулаач?
-“Монгол тулгатны 100” эрхэм нэвтрүүлгийг санаачилсан П.Анужин хөтлөгч, продюссероор одоог хүртэл ажиллаж байна. Мөн ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн тус нэвтрүүлгийн нэгэн өнгө төрх болсон. Найруулагч, оператор Л.Баатар, Ц.Жамъяансүрэн гэсэн хүмүүс байгаа.
-Нэвтрүүлгээ хэзээнээс тогтмол явуулж эхэлсэн бэ?
-Анх 2011 онд нэлээд хэдэн дугаар явсан. Гэхдээ тухайн үед зуны улирал таарсан учир ихэнх хүмүүс хөдөө, гадаа амралтаар явчихсан байсан.
Хэсэг завсарлаад өнгөрсөн оны есдүгээр сараас “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг тогтмол цацагдаж эхэлсэн байгаа. Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 30 гаруй хүний бичлэг хийж дуусгаснаас эфирт 25, 26 нь гараад байна.
-Нэвтрүүлэгт оролцох хүмүүсийг ямар шалгуураар баталдаг вэ?
-Маш олон хүн захидал, сэтгэгдлээр өөрсдийн байр сууриа илэрхийлдэг. Олон хүн тус нэвтрүүлэгт оролцуулах хүсэлтэй хөдөлмөрийн баатар, мундаг хүн, мянгат малчин гээд хүмүүсийг санал болгодог.
Гэвч түүнийг хэдхэн хүн хоорондоо ярилцаад шийдвэрлэдэггүй. Нэвтрүүлэгт ямар хүн оролцуулах вэ гэдгийг хэлэлцдэг зөвлөл гэж бий. Уг зөвлөлөөр дамжиж тухайн хүний баримт, материал орж ирдэг. Шавь нар, үр хүүхэд, найз нөхөд нь санал тавьсны үндсэн дээр зөвлөл хэлэлцээд үнэхээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцох боломжтой гэж үзвэл баталдаг гэдгийг хэлэх ёстой. Эхний ээлжинд нэвтрүүлгийн дэргэдэх зөвлөл 50 хүнийг батлаад, гаргачихсан. Эхнээсээ нэвтрүүлэгт оролцоод явж байгаа.
-Яагаад “Монгол тулгатны 100 эрхэм” гэж нэрлэсэн бэ?
-Монголын нөлөө бүхий эрхэм хүмүүсийг онцолж байгаа учраас ийм нэр өгсөн. Бид мундаг, чадалтай хүмүүсээ эрхэмлэж, дээдэлдэг. Бас нөгөө талаар монгол хүн бүр л эрхэм шүү дээ. Харин тэр дундаа эрхмийн эрхэм гэдэг утгаараа уг нэвтрүүлгээ “Монгол тулгатны 100 эрхэм” гэж нэрлэсэн. Эдгээр хүмүүс маань салбар бүртээ манлайлагч байж, урлаг, спорт, улстөр, бизнесийн чиглэлээр амжилт гаргасан байдаг.
-Ямар хүч хөдөлмөрөөр бүтэж байна вэ?
-Эфирт гарах хугацаа нь дээд тал нь хоёр, багадаа нэг цаг байдаг. Нэг цагийн нэвтрүүлэг бол яахав дээ л гэсэн дүгнэлт авдаг. Яалт ч үгүй нэг цаг гуч юм уу хоёр цагийн хугацаа шаардлагатай болдог. Тэгж байж тухайн хүнийхээ зүйлсийг гаргаж өгөх боломж нээлттэй болно. Оролцогчид маань ажил амьдралын маш их баялагтай байдаг тул түүний бүх намтрыг гаргахыг хичээнэ.
Нэвтрүүлгийн үнэ өртөг гээд байх зүйл байхгүй. Энэ бол цэвэр залуусын хийж бүтээх гэсэн сэтгэл байгаа. Бид оролцогчдоосоо мөнгө авдаггүй. Мөн бид 10 телевизтэй хамтарч ажилладаг. Тэд биднээс нэг төгрөг ч авдаггүй. Тийм гэрээтэй. Манай энтертайнментын хамт олонд хамгийн ахмад нь би. Бусад нь бүгд залуучууд.
-Түүхэн нэвтрүүлэг бэлтгэж байгаа залуусын хөдөлмөрийг хараар будах явдал сүүлийн үед нэлээд яригдах боллоо?
-Тийм ээ. Ид сайхан хөдөлмөрлөх хүсэлдээ хөтлөгдсөн залуучуудын урмыг нь хугалахаар ууцыг нь хугална гэдэг шиг нэг нэвтрүүлгийн араас залгуулаад л маш их хэл ам дагуулдаг. Нэг их том тоо зохиогоод, оролцогчоос тэдэн төгрөг авсан гэхчлэн хар PR цацдаг муухай зүйл ажиглагддаг. Дугаар бүрт ямар нэгэн сөрөг мэдээлэл явдаг. Гэхдээ идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэдэгчлэн тэр бүхэнд бид ач холбогдол өгдөггүй. Эхэндээ энэ бүхнийг маш их бодож, гомддог байлаа. Чин сэтгэлээсээ бүтээл туурвиж буй залуусыг юуны учир мөнгө, төгрөгтэй холбох болов гэхчлэн олон зүйл бодогддог байсан. Харин сүүлийн үед тухайн хэл аманд төдийлөн нервтээд байхаа больсон. Дасан зохицсон гэх үүдээ.
-Хүмүүс тус нэвтрүүлгийг маш үнэтэй хийгддэг гэсэн ойлголтоос улбаалж оролцогчдоос мөнгө авдаг гэж ярьдаг байх. Санхүүжилт хаанаас ирдэг вэ?
-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг бүтээхэд анхны дугаараас эхлэн маш том туслалцаа үзүүлсэн “Мобиком” корпорацид хамт олныхоо өмнөөс чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Яагаад гэвэл тус нэвтрүүлгийн нэг дугаар гэхэд хөдөө, гадаа явахаас эхлээд маш их зардал гаргадаг. Бид оролцогчоосоо зүгээр л студид суулгаад яриа авбал бас нэг өөр хэрэг. Болж өгвөл нутаг оронд нь очоод чанартай дүрс авахыг зорьдог. Ажил амьдралын гараагаа эхлүүлж байсан газарт нь ярилцах шаардлага тулгардаг гэхчлэн маш их хөдөлмөр шаарддаг. Жишээ нь Ж.Гүррагчаа гуайн нэвтрүүлгийг бэлтгэхэд ОХУ-ын Москва хот руу явсан. Энэ бүх зардлыг “Мобиком” корпораци гаргасаар ирсэн. Бид “Мобиком” корпорацитай хамтарч ажилладаг гэдгийг олон нийтэд хэлмээр байна.
-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс гадна “Чухал 100 сэдэв” нэвтрүүлэг цацагдаж эхэллээ. Энэ нэвтрүүлгийн үндсэн зорилго юу вэ?
-Хамгийн анхны дугаарт УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцсон. Бид Азийн хөгжилтэй дөрвөн улсаар зорчиж, тэдгээр орны хөгжлийн талаар сонирхсон л доо. Энэ дугаарыг онцолж байгаа учир нь бид бусад оронтой адилхан хэрнээ яагаад хөгжихгүй байна вэ гэхчлэн олон асуулттай хилийн чанадыг зорьсон. Харийн оронд байгаа шиг боломж манайд байхгүй гэж үү. Эсвэл бид тэр боломжийг олж харахгүй байна уу. Хөгжил гэж юу болох, бид хөгжлийг юу гэж дүгнэдэг вэ гэхчлэн нэлээд өргөн сэдвийг хөндсөн нэвтрүүлэг бэлтгэсэн. Энэ нэвтрүүлэг олонд хүрсний дараа хүмүүс маш ам сайтай байсан. Түүнээс улбаалж зөвхөн хөгжлийн талаар бус олон сэдвээр хийгээрэй гэж хүмүүс урам өгсөн. Бид ч өөрсдөө тийм л зорилготой байлаа. Ингээд дараа дараагийн сэдвүүд гарч ирсэн.
-Паркийн сэдэв маш их хэл ам дагуулсан?
-Бид тухайн нэвтрүүлгээр аль аль өнцгийг тэгш барихыг эрмэлзсэн. Паркийн газрыг тухайн үед нь захирамжаар нь аваад, хувийн өмч болчихсон зүйлийг булааж авна гэж ярих хэцүү. Паркийн газрыг төр ба төрийн бус байгууллага, газрыг худалдаж авсан компаниудын хооронд асуудлыг хэрхэн эерэгээр шийдвэрлэх вэ гэсэн асуудлыг ярилцах ёстой юм шиг байгаа юм. Тийм ч учраас бид уг сэдвийг сонгож авсан. Тийм болохоор бидэнд нэвтрүүлэг хийхэд ямар нэгэн өөр зорилго байгаагүй. Бид “Паркаа аваръя” хөдөлгөөний тэргүүн А.Мөнхбатаас, “Бодь” групп, “MCS” зэрэг парктай холбогдоод буй бүх хүмүүсийг урьсан. Зарим нэг нь тодруулбал, “Мон Уран”-ы Б.Наранхүүг нэлээд олон удаа урьсан ч ирээгүй. Мөн “Сөүл” рестораны Болор гэх эмэгтэйг “парктай холбоотой нэвтрүүлэг хийж байна оролцооч” гэсэн ч тодорхойгүй шалтгаанаар бидэнтэй холбоо бариагүй.
Ингээд нэвтрүүлэгт оролцохоор ирсэн хүмүүстэй ярилцлага өрнүүллээ. Би нэг зүйлийг хэлэх ёстой. Нэвтрүүлэгт орсон хүмүүсийн аль нэг талд бид орохыг хүсээгүй. Хэн нэгний дуу хоолой болохдоо гол нь биш. Энэ асуудал юунаас улбаатай юм бэ. Өдийг хүртэл ямар маргаан яваад байгаа вэ гэхчлэн олон зүйлийг ил болгох үүднээс нэвтрүүлгийг хийсэн.
-Хүмүүс асуудалд хандахдаа улстөржсөн өнцгөөс хараад байх шиг?
-Би өөрөө залуучуудын байгууллагад олон жил ажилласан. Энэ байгууллагын жаргал, зовлонг мэддэг. Өөрөө тэр байгууллагын тогоонд чанагдаж байсан хүний хувьд тэднийг буцаагаад муулах ёс зүй надад байхгүй. Байгаа байдлыг бодитоор нь гаргах зорилгоор нэвтрүүлгийг хийсэн. Гэхдээ А.Мөнхбат өөрөө байр сууриа тийм ч мундаг сайн хамгаалж чадаагүй. Түүндээ бухимдаж хэвлэлийн бага хурал зарлаад, хэл ам гаргасан байсан. Гэлээ ч паркийн асуудал цаашдаа яригдаад явах л байх.
-“Чухал 100 сэдэв” дараагийн нэвтрүүлэгтээ ямар сэдэв хөндөх вэ?
-Хүүхэд, залуучуудын ёс зүй. Энэ бол нийгэмд тавигдах ёстой маш чухал сэдэв. Энд бид дуу хоолойгоо нэмэрлэх ёстой гэж бодож байгаа. Хүүхдийн талаар олон зүйл хийсэн, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийг урьж оролцуулахаар яригдаж байна.
-Хэдийгээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг олны дунд хэл ам дагуулдаг ч гэлээ тус нэвтрүүлэг нийгэмд нэлээд хүлээлт үүсгэдэг болжээ. Тэгвэл дараагийн эрхэм хэн байх вэ?
-Бид олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт нэвтрүүлэгт маань орооч гэсэн хүсэлтийг нэлээд дээр тавьсан. Тухайн үед аварга гэмтэл, бэртэлтэй байсан учир цаг гараагүй. Харин одоо Н.Түвшинбаяр аварга нэвтрүүлэгт оролцоод, дүрс бичлэгийн шатандаа явж байгаа.
-Саяхан ард түмний найрагч Б.Лхагвасүрэн гуай хэвлэлийн бага хурал зарласан. Тухайн үед бид хоёрын ярьж буй уг сэдвээр тайлбар өгсөн. Мөн Архивын төв газарт “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн оролцогчдыг багтаасан дүрстэй баримтыг хүлээлгэн өгсөн. Энэ ямар ач холбогдолтой вэ?
-Нэг үгээр хэлэхэд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн оролцогч бүрийн материал түүхийн үнэт бүтээл болж үлдэнэ. Манай нэвтрүүлгийн анхны дугаарт Б.Норовсамбуу гуай оролцсон. Нэвтрүүлэг хийж байхад түүний талаар бүх баримтыг архивуудаас хайж үзсэн. Залуу үеийнх нь дүр төрхийг дүрсжүүлээд, нэвтрүүлэгтээ шингээхээр зорьсон юм. Гэвч архивт эдгээр хүмүүсийн баримтууд тун ховор юм билээ. Байлаа гэхэд дуу, дүрсний шаардлага хангахгүй байх жишээтэй. Ингээд бид Архивын төв газартай хамтран гэрээ байгуулж, хадгалагдаж буй дүрсүүдийг нь давгүй тоног төхөөрөмжөөр хөрвүүлээд чанартай болгохоор бас нэгэн ажил хийж байна.
Түүхэн бүтээл гэдэг үүднээс Архивын төв газарт буцаагаад “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн оролцогчдын дүрсийг, хар материалтай нь хүлээлгэж өгч байгаа. Тэр баримтыг 30, 40 жилийн дараа бас нэгэн залуу уран бүтээлч сөхөөд, өөр хүмүүсийн тухай уран бүтээл хийхэд 2013 оны үед Монгол орны ард, иргэдийн аж, амьдрал ийм байсан юм байна гэхчлэн дүрстэй баримт үлдээж байгаа юм.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцсон дугаар олны хэл аманд өртсөн. Сонгуулийн үеэр PR цацлаа гэхчлэн яригдаж байсан?
-Бид Ерөнхийлөгчид нэлээд дээр урилга өгсөн байсан. Тухайн үед гадаад, дотоодод айлчлал ихтэй байсан учир урилга хүлээн авсан ч оролцох цаг зав маш хомс байгаа гэдгээ учирласан. Ингээд завыг нь тааруулж байгаад энэ оны нэгдүгээр сараас зураг авалтаа эхлүүлсэн юм.
Нэвтрүүлэг хийхэд хөдөө авах дүрсээс эхлээд маш их цаг авдаг. Хэд хонож байгаад гэрт нь очиж яриа авах жишээтэй. Тухайн нэвтрүүлгийн зураг авалт хэр хол очиж бичигдэхээс хугацаа нь хамаарах зүйл байдаг. Тухайлбал, Д.Дагвадорж аваргын нэвтрүүлгийг хийхэд Өвөрхангай аймгийн гурван суманд очиж, зураг авсан.
Эх сурвалж: