Кино урлаг өнгөрсөн зууны хориод он гэхэд дэлхий нийтийг хамарсан үзэгдэл болжээ. Аль XIX зууны эцсээр Япон, Шанхай, Хонконг өөрийн кино үйлдвэрүүдтэй болсон байна. Монголын кино үйлдвэрлэл бүр хожим 1935 оноос эхлэлээ тавьсан боловч кино үзвэр зууны эхээр нэвтэрсэн. 1903 оноос Богд , дараахан нь Сайн ноёнхан Намнансүрэн нар гаднаас оруулж ирсэн кино гэртээ үздэг байжээ. Хориод оны үеэс анхны театртай болж кино нийтийн үзмэр болов. Киногоо Хаалган хотоос түрээсээр авчирч үзүүлнэ. Голдуу америк, хятад кино. Тэр үеийн кино дуугүй байсан болохоор ойлгоход амар. Гэхдээ танхимд төгөлдөр хуур дарж ая оруулдаг байсан, төгөлдөр хуурыг нэгэн нигер хөгжимчин тоглуулдаг байсан гэх. 1928 онд гадаадын хөрөнгө оруулагчид, худалдаачид, амьдран суугчдыг бүгдийг хөөж гаргаснаар гадаад киноноос монгол үзэгчид нэгмөсөн салав. Зөвхөн зөвлөлт кино үзвэр л дагналаа. Зөвхөн нарыг үлдээнэ гэсэн уриа бодлоготой болсон болохоор аргагүй.
1935 оноос эх орны кино нийтэд гарч ирснээр төрөл зүйлээр баяжсан. Гэхдээ Монгол кино 1990 он хүртэл жилдээ 5-7 кино хийдэг байсан. Далаад оны үзүүлэлтээр 10 мянган хүнд ноогдох кино үзэлтээр дэлхийд дээгүүрт ордог байсан гэдэг. Зөвхөн зөвлөлтийн кино орчуулгагүй орос хэлээр гаргадаг байсан болохоор монголчууд мундаг киночид байжээ. Тавиад оны үеэс Хятадын хувьсгалч кино дэлгэцнээ гарах болсон. “Буурал үст бүсгүй” хэмээх нэгэн хувьсгалч киног тэр үеийнхэн одоо ч дурсдаг. Жар далаад оноос Зүүн Европын коммунист орнуудын кино Зөвлөлтөөс дамжин орос орчуулгатайгаар мөн нэвтэрч эхэлсэн юм. Ялангуяа зурагттай болсноос хойш ах дүү социалст орны баярын өдрөөр тэр улсын үзэл сурталд таарахуйц киног үзүүлдэг боллоо. Хойд Сологос, Вьетнамын кино ч гарна.
Хэвлэл мэдээлийг хянах газар гэж Нийгмийг аюулаас хамгаалах яамны харъяа газар байлаа. Тэд бүх мэдээлэл, хэвлэл, ном, болон кино жүжгийг хянан тохинуулж нийтэд гарахыг зөвшөөрөх буюу хориглох эрхтэй. Тайзны бүтээлийг хянагчдын зэрэгцээ Улс төрийн товчооноос хэн нэг нь томилогдон давхар хянаж саналаа хэлнэ. Харин гадаад киноны хяналт Соёлын яамны кино танхимл болно. Сонирхолтой сэдэв учир томоохон дарга нар ирж суун давхар хяналцана. Их том дарга бол заримдаа гэр бүлээ дагуулаад ирэх тохиолдол бий. Гадаад кино гэдэг нь Зөвлөлтөд орчуулагдан нийтэд үзүүлдэг “хөрөнгөт ертөнцийн” кинонууд. Цаад орноос нь зөвшөөрөл лиценз аваагүй ч Зөвлөлтөд гарсан бол “хор хөнөөл” багатай гэж үздэг байсан бололтой. Гэвч Зөвлөлтийн хяналт Монголд багадах тул энд дахин хянаж зөвлөлддөг. 20-30 киноноос ганц нэг нь Монголын хаалгаар орж ирнэ, бусдыг нь өөрснөө үзчихээд нааш нэвтрүүлэхгүй.
Далаад оны эхээр гурван “хөрөнгөтөн” кино нэвтрээд ороод ирлээ. Стэнли Кубрикийн “Спартак” (1960), Франц-Италийг “Фантомас” (1964), Японы “Зуурдын сэтгэл”(1969)! Спартак бол монгол хүүхдийн бага ангиасаа сурах бичгээс танилцаж эхэлсэн баатар. Боолын нийгмийг эсэргүүцэж Ромын хөрөнгөтнүүдтэй тэмцэж байсан үлгэр жишээ. Фантомас бол хөрөнгөт нийгмийг шүүмжилсэн туульс.
Харин Япон кино саадыг давж орж ирсэн нь хачирхалтай. Энэ мюзикэл кино Зөвлөлтөд маш их алдаршиж бараг 30 сая хүн үзсэн аж. Рок поп урлаг хориотой байснаа коммунист засаг аяндаа “Вокально-инструментальный амсамбель” гэсэн зөвхөн зөвлөлтөд хэрэглэдэг албан ёсны хачирхалтай нэр өгөөд юутай ч “төмөр хөшгөөрөө” давуулан оруулж ирэв. Аяндаа зөвлөлт үзэл суртал алхам алхамаар ялагдан, “Весёлые ребята”, “Голубые гитары” зэрэг рок маягийн даруухан чуулгууд зөвшөөрөгдөж, 1970 оноос пянз хүртэл гаргаж эхэлсэн. Чухам ийм шалтгаанаар Зөвлөлтөд Японы рок мюзикл киног зөвшөөрсөн байх.
Зөвлөлтийн рок халдвар Монголд ч нэвтэрсэн юм. Битлзийг монгол залуус мэддэг, нууцаар сонсдог, дуурайж тарпиз өмд өмсөн үсээ ургуулдаг байв. Битлз маяг дуурайсан “орцны хамтлагууд” бий болж эвлэлийн хэнхэгүүдэд матуулан, цагдаа нарт хөөгдөж байсан цаг. Үсээ ургуулсан залуусыг нийгмээс гадуурхаж, үсийг нь хүчээр хайчилж, өргөн өмдийг нь гудамжинд ч хамаагүй баривчлан тайраад хаячихана. Үзэл суртлын талаас Монголын залуучуудын эвлэл толгойлон кампанит ажил зохионо. Рокийн эсрэг дайн Зөвлөлтөд суларсны буянд “зуурдын сэтгэл” Монголд зуурдаар шурган орж ирсэн байх. Нөгөө талаас Монгол-Япон хоёр 1972 он хүртэл албан ёсоор дайны бадалтай байлаа. Энэ нь 1945 онд Монгол улс Японд дайн заралсан нь тэр хүртэл цуцлагдаагүй явсан хэрэг. Гэвч аль 1950-иад оны сүүлчээс хоёр тал харилцаа тогтоох гэж оролдож эхэлсэн ч Зөвлөлтийн хоригт байлаа. Худалдааны харилцаа эхлэлийн байдалтай, энх тайвны гэх мэтийн уулзалт хуралд оролцох төлөөлөгч солилцох хэмжээнд. Харин соёлын харилцаа байсангүй. Зуурдын сэтгэлээр соёлын харилцаа бий болсон нь нэг талаас эл киног Японоос аваагүй, Зөвлөлтөөр дамжуулж авсан, тэгээд ч ямар ч оюуны өмч, лиценз зөвшөөрөл байхгүй. Гэвч олон жил дайсагнасан харилцаат байсан Японтой монголчууд эерэг талаас нь танилцсан маш том алхам болсон юм. Зуурдын боловч хожмын үүрдийн холбооны хаалга ингэж бага багаар нээгдлээ.
Киноны үйл явдал тун энгийн. Нэг хүүхэн явдаг залуутайгаа муудалцаад замын машинд дайгдан зугтана. Жолооч хархүүтэй танилцан дурлалцана. Тэр залуу баян айлын охинтой сүй тавьсан, эцгийнх нь компанид ажилладаг юмсанж. Сүйт хархүү нь өөр хүүхэнтэй холбогдсоныг мэдсэн баян хүүхэн мань эрд эсвэл ажлаасаа гарч далд ор, эсвэл наад хүүхнээсээ сал гэжээ. Хархүү шинэ амрагаасаа салав. Харин хүүхэн хуучин залуу дээрээ иргэж ирнэ. Ингээд л болоо.
Киноны гол дүрийг бүтээсэн Нами Эцүко. 1950 онд төрсөн, балетчин мэргэжилтэн, Японы авъяаслаг жүжигчин эмэгтэй. 1967 онд анхны кинондоо тоглосон. 1969 онд “Зуурдын сэтгэл” киноны гол дүрийг бүтээжээ. Хөөрхөн хүүхэн. Дайсан япон хүүхний зураг ч үзээгүй тэр үеийн монгол залуусын зуурдын сэтгэлийг хөдөлгөж чадсан. Монголд уг кино ихэд алдаршсаны нэг шалтгаан энэ.
Кино далимд нь Японы өндөр хөгжил, орчин үежсөн Япон орныг харууллаа. Энэ бол хөрөнгөт ертөнцийн чөлөөт байдал, урлагийн төвшин, техник технологийн амжилтыг далдуур сурталчилсэн хэрэг юм. Ер нь тэр үед хөрөнгөтний үзэл санаа, “бодит байдал”, худал хуурмагийг үзүүлсэн Зөвлөлтийн баримтат киног ялангуяа залуучууд нэлээд үздэг байв. Кино дүрсэд өнгөцхөн гараад өнгөрөх Нью Йоркийн тэнгэр баганадсан барилга, үсээ ургуулсан барууны залуучууд, неон гэрэл, барууны урт хөлтэй гоолиг хүүхнүүд, хүмүүс нь эрх чөлөөтэй алхлах гудамж талбай зэргийг зэрвэсхэн хараад өнгөрөхийн тулд шүү дээ.
Гээд киноны үзэгчдийг хуйлруулан татсан гол сэдэл нь тэр үед Японд ихэд алдаршсан Pinky & Killers хэмээх рок чуулгын дуулсан Koino Kisetsu (Зуурдын сэтгэл) дуу байлаа. Энэ дуу Японд 12 долоо хоногийн турш хит жагсаалтад тэргүүлж байсан гэдэг. Кинонд үзүүлснээр уг чуулга ч одоогийнхтой харьцуулбал нэн даруу, ерөнхийдөө дуучид хоёр тийшээ найгасхийгээд, нэг хэмнэлээр хааяа хөлөө солбин нааш цааш хөдлөнө. Алдарт Битлз ч томоотой нь аргагүй даруухан дуулдаг байсан үе шүү дээ.
Дууг амилуулсан хүн нь Япон даяар алдартай Ёко Кон. Тэрээр 1968 онд Pinky & Killers чуулгыг байгуулсан эмэгтэй. Зуурдын сэтгэл сингл нь анхны жилдээ 2.4 сая бордлогдож бараг рекорд тогтоож байв. Чухамдаа энэхүү эгшин зуур алдаршсан рок поп дуунд тулгуурлаж адил нэрээр кино бүтээжээ. Киноны ачаар дуу Монголд түрэн орж ирсэн юм. Дуу ч мөн Монголд тэр даруй хит боллоо. Гадаад битгий хэл монгол дуу ч урьд хожид ингэж бүхнийг хамарсан хит болж байсан түүх үгүй. Ялангуяа хүүхэд залуус сонсголоороо тогтоосноороо энэ дууг япон хэлээр дуулна. Аль зэрэг зөв хэлж байсныг мэдэхгүй, юутай ч “ко ино кэсэцү” гэсэн дахилтыг бүгд тогтоосон байсан. Хүүхдийн урлагийн үзлэгт энэ дуу их дуулагдана. Хөрөнгөтний дуу дууллаа гэсэн хэрүүл матаас гарч байсангүй.
1972 онд хоёр орон дайны байдлаа цуцалж дипломат харилцаа тогтоолоо. Тэр онд Японы нэрд гарсан зохиолч Рётару Шиба Монголд зочилжээ. Монгол залуус Зуурдын сэтгэл хөгжмийн дор бүжиглэж байгааг харсан тэрээр мэл гайхсан тухайгаа бичсэн байдаг. Намзасаг япон дуутай эвлэрсэн гэсэн үг. Рок поп хөгжим гэхийг зөвлөлт хэлнээс зориуд өөрчлөн орчуулж “хөнгөн хөгжим” гэж нэрлэхээр шийдлээ. “Хөнгөн” байхдаа ч яахав, хөнгөн явдалтай залууст хамаатай гэсэн санаа юм болов уу? Юутай ч намзасаг Зуурдын сэтгэлийн нөлөөгөөр ерөөс “хөнгөн хөгжимтэй” эвлэрч өөрийн “хөнгөн чуулгатай” болохыг зөвшөөрснөөр 1972 онд “Соёл Эрдэнэ” гэх рок поп чуулга байгуулагдав. Удалгүй тэдэнд намзасаг Яамаха компаний хөгжмийн зэмсэг Японоос худалдан авч бэлэглэв. Тэрбайтугай тэдэнд үсээ ургуулах, өргөн өмд өвсөхийг зөвшөөрсөн гээ! Улсын филармонд харъяалагддаг байсан соёл эрдэнэчүүд тус байгууллагын хамаг орлогыг олж өгнө.
Булган сүүлтэй “Соёл эрдэнэ” араасаа олон рок чуулга төрүүлэв. Яам албан газрууд өөрийн харъяаллын рок попуудтай болов. Гэвч нам засаг тэднийг дураар нь дургиулахгүйн тулд “улстөрийн дууны чуулга” гэсэн нэр өгч үгийг нь нарийн хянах болов. Залуус намзасгаасаа ухаантай болохоор аргыг нь олноо. Английн Christie чуулгын дэлхий даяар хит болсон Yellow River дууг Польш ардын дуу “Сайхнаа чи минь” нэртэйгээр өөрсдийн зохиосон үгээр монголоор дуулах жишээтэй. Намзасаг Кристиг ямар мэдэх биш дээ.
Зуурдын сэтгэл Монголд маш их нөлөө үзүүлсэн. Нэг талаас Японы тухай эерэг сэтгэгдэл нийтэд бий болгосон, нөгөө талаас Монголд рок урлаг төрөн бий болоход голлох түлхэц үзүүлсэн. Ер нь Зуурдын сэтгэл бол Монголд түгсэн анхны япон дуу биш. Хориод оны үеэс “Хүмүүн төрлөхтөн” хэмээх хувьсгалч, бас феминист дуу нийтэд дэлгэрч, хөгжимд нь шогшоо маягийн бүжиг таанцлах болов. Энэ дууны ая нь Японы төмөр замын үйлдвэрчний эвлэлийн сүлд дууных. Японы коммунист намыг үндэслэгч Сэн Катаяама 1924 онд Монголд ирэхдээ аяыг дэлгэрүүлсэн байж магадгүй. Учир нь, тэрээр мөн Японы төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийг үүсгэн байгуулсан нэгэн. Үгийг эмэгтэйчүүдийн хороон дарга Цэрэнлхам зохиожээ.
1972 оноос Японтой ойлголцох соёлын харилцаа нэлээд чөлөөтэй болов. Зөвлөлтөд маш их алдартай япон жүжигчин Курихара хэмээх гоо үзэсгэлэнт хүүхний гэрэл зураг залуусын ажил гэрт хадаатай байх нь элбэг. Тэрээр Зөвлөлтийн сайн найз, “Москва миний хайр”, ”Цагаан шөнийн уянга”, ”Экипаж”, “Алхам” зэрэг зөвлөлт кинонд тоглосон. Аугаа Акита Курасоватай ч монгол үзэгчид социализмын үед танилцсан. “Гени джудо” (орос нэр нь, уг нь Санширо Сугата),”Додэскадэн”, ”Долоон самурай” гэх мэт. Бас “Дэрсү Узала” байна.
Энэ бүхнийг эргэж дурсахад таатай байлаа.
2022.8.14.