“Буянт-Ухаа 1” хорооллоос орон сууц захиалах гэсэн иргэдийн хөлд Төрийн орон сууцны корпораци / ТОСК / өчигдөр дарагдсан байв. Учир нь энэ сарын 03-наас эхэлж, захиалгаа авна гэж байсан ТОСК-ын цахим хуудас нь ажиллахгүй, нарийвчилсан журам нь хэзээ гарах нь тодорхойгүй байсан. Үүдний жижүүр нь иргэдэд “Энэ сарын 10-наас захиалга авч эхэлнэ.Нарийвчилсан журам нь өнөө маргаашгүй гарахаар сайт дээр тавина” гэж хэлээд буцааж байлаа.
Энэ талаар холбогдох албаны хүнээс нь тодруулахад, “Нийслэлийн иргэдийн эд хөрөнгийн болон хувийн мэдээлэл бүхий цахим бүртгэлийг ТҮЦ машинтай холбох ажлыг хийж байна. Ингэснээр орон сууц захиалах гэсэн иргэд уг машинаар ТОСК-ын цахим хуудаст шууд орж, регистрийн дугаараа оруулаад, захиалгын маягтыг бөглөнө. Хэрхэн яаж захиалгаа өгөх талаар нарийвчилсан журам энэ долоо хоногт гарахаар олон нийтэд мэдээлнэ” гэлээ.
Журамд тусгаснаар шалгуур хангаж, зарласан хугацаанд амжиж бүртгүүлсэн иргэдээс шалгаруулна гэсэн учир өчигдөр товлосон хугацаа нь болж, яарч, бүртгүүлэх гэсэн хүн олон байсан. Харин шалгаруулалт нь ямар журмаар яаж явах тухай нарийвчилсан журам нь гарч амжсангүй бололтой. Энэ талаар мэргэжилтнүүдээс тодруулга авах гэсэн ч, нарийвчилсан журам гарахаар мэдээлнэ, бид маш завгүй байна гээд тоймтой хариулах хүн олдоогүй. Гэхдээ зав муутай нь илт харагдах тус газрын ажилтнууд ганц, ганц асуулт тавьж явсаар дараах зүйлийг тодрууллаа.
Буянт-Ухаа 1 хорооллын бүртгэл яагаад товлосон хугацаандаа эхэлсэнгүй вэ. Иргэдийн дунд хүлээлт их байх шиг байна. Бүртгүүлэх гэж яарсан иргэд олон байна. Бүртгэл ямар хэлбэрээр явагдахаар болсон бэ?
-Ерөнхий журамд тусгаснаар шаардлага хангасан иргэд захиалгаа өгөх гэж яарч байх шиг байна. Маргааш гэхэд нарийвчилсан журам гарчих байх. Тэгэхээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим сайтаар дамжуулан олон нийтэд яг яаж бүртгүүлэх талаар мэдээллээ хүргэнэ. Одоо манай өөрийн http://www.occk. mn сайт, цахим үйлчилгээний төв буюу ТҮЦ машинтай бусад газрууд холбогдох ажил хийгдэж байна. Энэ сарын 10-аас захиалгаа авна. Мэдээж тодорхой хугацаанд.
Шалгуурын үр дүнгийн талаар иргэд ихээхэн горьдлого тээж байх шиг байна. Шалгуур нь зорилтод бүлэгтээ хэр уян хатан хүрч чадах вэ? Тухайлбал, танайд тэнцсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настанд банк зээл олгохдоо яаж харж үзэх юм бол?
-Төрийн албан хаагч болон зорилтод бүлгийн бүх иргэн цахим хэлбэрээр бүртгэлд хамрагдана. Нээлттэй байдлаар сонгох гэж байгаа учир танил тал энэ тэр гэсэн ойлголт байхгүй. Бүртгэлийн программ нь Монгол Улсын шинэчилсэн бүртгэлийн системтэй холбогдсон. Тэгэхээр иргэд ямар нэгэн байдлаар хуурамч бичиг баримт бүрдүүлэх, өмнөх Засгийн газрын зээлд хамрагдсан байдлаа нуун дарагдуулах зэрэг оролдлогууд гаргавал энэ нь илрэнэ гэсэн үг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд ах дүү, асран хамгаалагчидтайгаа нийлээд байр авах эдийн засгийн нөхцлөө бүрдүүлэхээр зааж өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс зээлийн хүүг зургаан хувь болгох, цаашлаад урьдчилгаа төлбөрийг багасгах хүсэлтүүд манай байгууллагад ирж байгаа. Бид Засгийн газрын батласан журамд өөрчлөлт оруулах эрх байхгүй. Одоо гарах нарийвчилсан журамд зөвхөн хэрхэн яаж, бүртгэл явуулах тухайд л зааварчилгаа өгнө л гэсэн үг. Ахмад настан гэсэн ангилалд 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэйчүүд багтаж байгаа. Журамд тухайн ахмад настан үр хүүхэд, хамаатан садантайгаа нийлж авах боломжит хэлбэрээр тусгагдсан.
Д.Үүлэн