Өмнөговь аймгийн зарим сумдаар сүүлийн хоёр жилд зундаа хур бороо бага, өвөлдөө цас ороогүйн улмаас уулын болон талын туруутан амьтад усгүйдэн харангатаж, энэ өвөл Номгон, Хүрмэн, Ханбогд, Гурвантэс сумын нутагт 26 янгир хорогдсон байна.
Аймгийн Байгаль орчны газраас эдгээр сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад биотехникийн арга хэмжээ авах санал тавьснаар Дун-Юань ХХК аргаль янгирын амьдардаг газрын ойролцоо, Номгон сумын Алтны ам болон Алтны голд 10 тонн мөс, Чин Хуа Мак ХХК Гурвантэс сумын Тостын нурууны Аргалын ам, Саарагчийн ам, Хармагтай, Хүргэр хайрханы өвөр бэлээр 40 тонн мөс, МАК ХХК Гурвантэс сумын Тостын нурууны орчимд 25 тонн мөс, South govi sands ХХК Гурвантэс сумын 3 газарт 10 тонн мөсийг хагалж, тараан байрлуулжээ.
Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 02 дугаар сарын 14-ний А-43 тоот тушаалаар гүний худаг байгуулах хөрөнгийг шийдвэрлэж, БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А-37 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Одоогоор Өмнөговь аймгийн Говийн бага дархан цаазат газар нутагт сэргээгдэх эрчим хүчийг ашигласан хоёр ширхэг гүний худаг гаргах ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Биотехникийн арга хэмжээ авсны үр дүнд дахин амьтан хорогдоогүй бөгөөд аймгийн Байгаль орчны газар, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас туруутан амьтад нутагладаг газруудад хиймэл нуур байгуулж, ус зөөвөрлөх ажлыг хийж байна.
Д.Амар