АХИЛЛЫН ӨСГИЙ

Очирбатын-Алтансүх Манайхан сайн мэдэх байх. Трой гээд Холливүүдийн алдартай бүтээлийг. Кинонд Бред Питт чадварлаг амилуулсан Ахилл (Achilles)-ийн талаар өгүүлж, энэ удаагийн яриагаа эхлүүлье.

Эртний Грекийн сохор дууч гэгддэг Хомерийн Иллионы туульст өгүүлсэнээр охин тэнгэр Фетида хэмээх бурхан ба хүчирхэг баатар Пелей гэгч жирийн хүн хоёрын дундаас Ахилл төржээ. Өөрөөр хэлбэл бурхан хүн хоёрын “эрлийз”. Тэр цагаас хойш хүмүүс бурхантай “ураг барилдаагүй” тул энэ нь хүн төрлөхтний хувьд хамгийн сүүлийн тохиолдол болсон гэнэ. Ахиллыг нялх байхад нь Фетида хүүгээ юунд ч үл дийлдэх сүр хүчтэй болгохоор шийдэж домогт Стикс голын усанд булхуулжээ. Фетида Ахиллыг усанд булхуулахдаа хөлийнх  өсгийнөөс барьсан тул өсгий нь голын шидэт усанд хүрээгүй гэнэ. Ийнхүү юунд ч үл дийлдэх Ахиллын үхэх цэг нь ариун голын усанд хүрээгүй түүний өсгий болсон гэсэн домогтой.

Аливаа зүйлийн сул талыг Ахиллын өсгийгөөр төлөөлүүлэн бичих нь өрнөдийн сэтгэлгээний бүтээлд түгээмэл байдаг хэлбэр л дээ. Би ч энэ удаад ардчилалын онолын сул талыг хөндөхөөр шийдсэн тул нийтлэлээ ийнхүү нэрлэв. Өөрөөр хэлбэл ардчилалын онолын сул тал, цаашдаа Монголын ардчилалд “гай тарьж мэдэх” тэр зүйлийн талаар хөндөх болно.

Ардчилсан дэглэм амьдралд хэрэгжихдээ цаг үеийн нөлөө, тухайн улсын хөгжлийн түвшин, сонгогчдын боловсролоос хамаарч, өвөрмөц хэлбэр дүрийг олдог. Америкийн ардчилал, посткоммунист дэглэмийн дараах ардчилал, тэр бүү хэл Оросын ардчилал, Монголын ардчилал гээд тус тусдаа өөр өнгөтэй.

Ер нь ардчилалын онол амьдралд анх туршигдсан эртний Грекийн сонгодог хэлбэрээсээ хөгжлийн явцад олон удаа “ялимгүй” хазайж байжээ. Гэхдээ олонхиор шийдүүлж, иргэдээр төрийн үйл хэргийг хянуулах, тэдэнд тэгш эрх олгох гэсэн амин чухал санаанууд нь “үл гээгдсэн” билээ.

Ардчилалын онолын “амьдралд туршигдсан” анхны хэлбэр бол Афины бүгд найрамдах төр улс гэсэн дээ. Афины сонгодог ардчилалын үзэл санаа нь удирдагч Периклын үед буюу манай тооллын өмнөх 5 дугаар зууны орчимд цэцэглэн хөгжжээ. Тэр үеийн Афины бүгд найрамдах улс нь Полис хэмээх жижиг хот улсын нэгдэл хэлбэртэй байв.

Афины сэргэн мандлын үед нэг полиси дунджаар 30 гаруй мянган иргэдтэй байсан гэж түүхэнд тэмдэглэгджээ. Полисийн хүн амын тоо, хотын зохион байгуулалт зэрэг нь  бүгдээрээ гудамжиндаа гарч зогсоод тулгамдсан асуудлаа шийдэх боломжийг олгож байж. Сонгодог ардчилал хөгжих сайхан хөрс. Гэвч энэ үед олноороо шийдсэн шийдвэр нь дандаа зөв байгаагүй нь хүмүүсийг гайхруулж байсан гэдэг. Сайн гэж шийдсэн шийдвэр нь хэн нэгний амьдралд сөргөөр тусаж байсан гэх. Асуудал хуримтлагдсаар, ардчилсан шийдвэрт итгэх иргэдийн итгэл анхных шигээ оргилуун биш болж байлаа.

Өсөлт хөгжлийнхөө оргил үедээ Спарттай хийсэн Пелопонесийн дайнд Грек улс ялагдал хүлээв. Гадаад аян дайнд ялагдсантай нь зэрэгцээд дотоодын улс төрийн замбараагүй байдал Грекийн төр улсыг туйлдуулж эхэлжээ. Эрх мэдлийн төлөө тэмцэл газар авч улс төрчид иргэдэд мөнгө өгч, олонхийг худалдан авах замаар шийдвэрийг өөртэй болон өөрийн бүлэгт ашигтайгаар гаргуулах болжээ. Афины ардчилал мөхлөө. Энэ лут том улс хэдхэн үеийнхний нүдэн дээр бүрэн мөхсөн хэмээн түүхчид харуусан дурссан байдаг.

Олонхийг хэт өргөмжилсөн сонгодог ардчилалын үзэл санаа ийнхүү шүтэн дээдэлдэг олонхийнхоо гараар түүхэнд анхны томоохон ялагдалыг хүлээв. Энэ цагаас хүн төрлөхтөн ардчилалын үзэл санаанд байнга шахам “эргэлзэж” байлаа. Өөрөөр хэлбэл ардчилал нь хүний гараар, тэр тусмаа олонхийн шийдвэрээр мөхөх “нигуур”-тай байдаг ажээ.

Ардчилалын амин сүнс болсон олонхийн шийдвэр нь “гайхамшигт” ардчилалаа “өөрөө нугаслах” хор хөнөөлийг дотроо тээж явдаг. Агуу хорон үйлт Гитлер хүртэл ардчилсан сонгуулиар “төрсөн” гэж бодохоор бүх эрх мэдлийг гартаа барьсан иргэд ерөөсөө сургамж авдаггүй бололтой. Афины ардчилалыг мөхөөсөн тэр л хүчин зүйл өнөөдрийг хүртэл амь бөхтэй оршсоор байгаа юм. Энэ бол ардчилсан дэглэмийн сул тал, ахиллын өсгий.

Урт удаан туршилтын дараа дэлхийн улсуудын бараг 90 хувь нь ардчилал дээрээ “эргэн ирлээ”. Одоо ардчилалыг хамгаалах, түүний алдааг засах нь нэг улсын биш, хүн төрлөхтний өмнөх томоохон зорилт болсон гэж болно.

Чухамдаа ардчилалын сул тал буюу ахиллын өсгий бол олонхийн шийдвэрийг хэт өргөмжлөх тэр л хандлага. Афины сонгодог ардчилалаас хойш олонхийн хэт туйлширсан хандлагыг засах гэж онолчид ихээхэн оролдсон байдаг. Ийнхүү олон удаагийн оролдлогын эцэст төлөөллийн ардчилалын үзэл санааг оллоо.

Шийдвэр гаргах эрхийг ард түмэнд нь хадгалуулж, харин тэднээс санал хурааж олонхийн дэмжлэг авсан хүнд нь иргэдийг төлөөлөх мандатыг олгох энгийн зарчмийг төлөөллийн ардчилал гэнэ. Манай УИХ-ын байгуулагддаг зарчим.

Энэ нь ард түмнээс сонгогдсон чадварлаг цөөнхөд илүү найдаж байгаа хэрэг юм даа. Ардчилал хөгжсөн ямар ч нийгэм энэхүү энгийн зарчмыг мөрддөг. Тэр хэрээр туйлшилрамтгай чанартай олонхийн шийдвэрийг төлөөллийн ардчилалаар хамгаалуулдаг. Чухамдаа олонхи сэтгэл хөдлөлөөр аливааг шийддэг тул төлөөллийн ардчилал үүнийг “засварлах” ёстой гэсэн онолын гаргалгаа.

Энэ зарчим улс бүрт янз бүрийн байдлаар хэрэгжиж байгаа. Харин Монголд ямар байгаа вэ?

Саяхан би төсвийн асуудлыг иргэдээр хэлэлцүүлж, энэ зарчмийг хуульчилах ёстой гэж “албан ёсоор” ярьж байгаа сайдтай твийтерт тааралдсан юм.

Түүнийхээр татвараас хураасан хэдэн төгрөгийг хаана, хэзээ, юунд, хэрхэн зарцуулах асуудлыг иргэдээр хэлэлцүүлэх гэнэ. Үүнийг нь Ерөнхийлөгчийн санаачилсан иргэний танхим гүйцэтгэх ба түүнийг албан ёсоор хуульчилж баталгаажуулах ёстой юм байх. Юу ярьчихав аа. Галзуураагүй биз.

Би түүнд ардчилалын хамгийн сул талыг ингэж өрдөх нь ардчилалын бат бэх байдалд жинхэнэ гай болно гэсэн болов ч надтай дахиж яриа өрнүүлэхгүйгээр “хохироож” билээ.

Би олонхиор шийддэг ардчилалын зарчмыг үгүйсгээгүй. Харин ч бэхжүүлэх санаагаа түүнд хэлсэн. Дэлхий даяараа ийм л зарчимтай байгаа. Үндсэн хуулийн зарчмыг хатуу мөрдөх нь ардчилалыг хамгаалах гол механизм. Маш энгийн тодорхой зарчим. Түүнээс биш цаг үеийн удирдагч бүр ардчилалыг өөрийнхөөрөө засаад, тайлбарлаад байж таарахгүй. Энэ хандлагаас үндсэн хууль хамгаалдаг.

Ярилцсаныхаа дараа Стандфордыг дүүргэсэн гэх түүний боловсролд үл итгэснээ нуугаад яахав. Ямар ч агуу сургалтын систем, “хөлдүү тархи”-ийг засварлаж чаддаггүй гэдгийн сонгодог жишээ юм даа.

Манай улс ардчилсан дэглэмээ төлөөллийн зарчмаар баталгаажуулсан. Ард түмний өмнөөс дуугардаг эрхтэй субьект УИХ болон Ерөнхийлөгч л байдаг. Өөр хэн ч ард түмнийг төлөөлөх эрх байхгүй.

Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог ч хууль батлах эрхийг олгоогүй. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч хууль баталдаг субьект биш. Энэ бол манай үндсэн хуулийн гаргалгаа. Тэгэхээр иргэний танхим байгуулж түүгээрээ дамжуулан хууль тогтоох эрхтэй УИХ-д “тулгах” эрх хэнд ч байхгүй. Ямар ч Ерөнхийлөгч хуульд хориг тавьдаг, саналаа илэрхийлдэг, хууль санаачилдаг тэр эрхээ л эдлэх ёстой.

Энэ зарчмаа сайн барьвал хамтын ардчилыг илүү хөгжүүлж, илүү хамгаална. Дэлхий ингэж л ажилладаг. Харин иргэд маань л шийднэ, энэ орон ганцхан намтай тэр нь Монгол орон өөрөө гэсэн цогтой үгсээрээ ард түмнээс оноо авч болно. Энэ бол тухайн улс төрчийн асуудал.

Харин бидний ардчилалыг сахин хамгаалдаг төлөөллийн зарчмыг үнэгүйдүүлэх эрх хэнд ч байхгүй.

Харин түүний өнөөдөр яриад байгаа шууд ардчилалын зарчмыг гэгчийг нь хуулинд иргэдийн нийтийн хурал гэсэн агуулгаар зааж өгсөн байгаа. Баг, хорооны иргэд нэгнийдээ цуглангаа санал солилцож байх санаа шүү дээ. Түүнээс биш тэд бас “том”-роод хууль санаачлах, төсөв хэлэлцэх УИХ-ын эрхэнд халдах эрхгүй.

Ямар ч “том” иргэдийн нийтийн хуралд ард түмнээрээ сонгочихсон Улсын их хурлын өмнүүр дайрах эрх байхгүй. Үндсэн хууль ингэж зааглаж өгсөн. Энэ хэм хэмжээрүү дайрвал ардчилалын ирээдүй бүрхэг болно.

Ард түмнээсээ сонгогдсон их хурлын дэргэд хэдэн нөхөр цугласан иргэний танхим гэгч бол үнэндээ юу ч биш. Улсын их хурлын гишүүд үүнийг хатуу ойлгох ёстой. Учир нь та нар бол өнөөгийн Монголын ардчилалын баталгаа. Сайн ч бай, муу ч бай та нар л энэ санаархлын эсрэг “том дуугарч” чадна. Тийм эрхийг ард түмэн та нарт өгсөн. Ийм засаглалыг Монгол байгуулсан. Үүнд засвар хийж, тайлбарлах эрх хэнд ч байхгүй.

Иргэдэд таалагдах гэхдээ бүх эрхийг иргэдэд өгч байгаа мэт “харагдаж”, байлдаж олсон ардчилалынхаа Ахиллын өсгийрүү байнга дайрч суугаа ардчилалын хараацайг Монголын ардчилалыг сөнөөгч болон хувирч байгаа гэхээс өөр хэлэх зүйл алга.

Түүх бас нэг удаа биднээр даажигнаж байгаа хэрэг юм болов уу даа?

Улс төр судлаач Очирбатын Алтансүх 

Санал болгох мэдээ

Нийслэлийн иргэн та хувийн хэрэгцээндээ автомашин худалдан авах боломж улсын дугаараар “хязгаарлагдана”

Нийслэлийн Засаг захиргааны мэдээллийг хүргэдэг Улаанбаатар.мн сайтын санал асуулгын хэсэгт  “Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын …