Иргэний хөдөлгөөний намын уриалга

logo_12013 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙД:

2013 оны 6 сарын 26-нд Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно.

Иргэний Хөдөлгөөний нам нь улс төрийн хүчний хувьд энэ удаагийн сонгуульд оролцож байгаа аль ч намыг дэмжихгүй гэдгээ Мэдэгдэж байна.

Учир нь Монгол Улсын иргэн “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн зарчим алдагдах, иргэнийг үзэл бодол, боловсрол, улс төр, нийгэм, эдийн засгийн байдлаар нь алагчлан хүний эрхийг бүдүүлгээр зөрчих явдал улам газар авлаа. Засаглалын чухал институц болох улс төрийн намыг хувийн амбиц, бизнесийн эрх ашгийг хамгаалсан бүлэглэл болгож, улмаар төрийн тогтолцоог зөвхөн эдгээр сонирхлыг хангахад ашиглаж байна. Олонхийн шийдвэр хамтын удирдлагын ардчилсан зарчим мөн боловч “цөөнхийн эрх ашиг”, “оролцоо”, “төлөөлөл”, “иргэний нийгэм” зэрэг ардчилсан засаглалын үнэт зүйлс, хэм хэмжээг үл ойшоох нь манай орны засгийг 1917 оны Улаан Октябрийн хувьсгалаар бий болсон засагтай төрөл нэг болгох аюул нүүрлэж байна.

Гэхдээ ИХ Нам ардчилсан үзэл, хүний эрхийг хамгийн дээдэд эрхэмлэж, гишүүд, дэмжигчидийнхээ өөрийн итгэл, үнэмшлээр улс төрийн сонголтоо хийх иргэний салшгүй эрхийг ямагт хүндэтгэхээ мэдээлж байна.

Хүний эрхийн хамгаалагчид, эмэгтэй нэр дэвшигчдийнхээ нинжин сэтгэлийг өөртөө шингээсэн ИХ Нам өөрийн гишүүд, дэмжигчид болон нийт сонгогчид хандан дараах зүйлийг харгалзахыг уриалж байна:

1. ЗӨВ хүнийг сонгох нь: “Сайн улс төрч” гэгчийг эн тэргүүнд “зөв хүн”, “багаар ажиллах чадвар” зэргээр тодорхойлдог байна. Багаар ажиллах нь бусдыг хүндэлдэг, сонсдог, санаа бодлыг нь үнэлдэг мөн л зөв хүний шинж чанар. Олноос ялгарах онцлогтой, томоохон ололт амжилтанд хүрсэн ч төлөв, түвшин, даруу зан чанар нь эрхэм ажээ. Ийм байж л ахуй төрийг алд биеэсээ дээрд үзэж бусдыг аливаа зальхай арга ухаанаар бус, харин өөрийн итгэл үнэмшил, ёс суртахуунч байдлаар урагшаа дуудна. Өөртөө итгэлтэй зөв хүн л жам ёсны хүндэтгэл хүлээж, ийнхүү хүндэтгэлийн ачаар нам хороондын ялгаа, заагийг зохицуулж, хүч чадлыг нь нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхэд чиглүүлж чадна.

2. СӨРӨГ хүчинтэй байх нь: Төрийн эрхийн дээд байгууллага буюу хууль тогтоох Улсын Их хурал дахь улс төрийн хүчнүүдийг тэнцвэржүүлэх асуудал хурцаар тавигдаж байна. Сөрөг хүчин байх ёсоор байж дүгнэлт, саналаа гаргах нь, түүнийг хүлээж авах нь төрийн удирдлагын чанар, ардчилсан ёсыг баталгаажуулдаг механизм. Мөн Үндсэн хуульд тунхагласан засаглалын хуваарийн зармыг хэрэгжүүлэх амин чухал хүчин зүйл. Чадавхитай сөрөг хүчингүй бол орчин үеийн сайн засаглал, улс төрийн ардчилсан тогтолцоо байхгүй.

3. ХӨГЖИЛ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ чухалчилах нь: ИХ Нам нь 2012 оны сонгуулийн хөтөлбөртөө ядуурлыг бууруулах нь төрийн үйл ажиллагааны зорилго ба үр дүн мөн гэж тодорхойлсон. Хүн ам ядуурч, нийгмийн баялгийн хуваарилалт тэгш бус байх нь эдийн засгийн хүчин чадлын асуудал биш, харин гагцхүү улс төрийн ухамсар, хариуцлагын асуудал гэдгийг дэлхий даяар мэднэ. Ядуурал, тэгш бус байдал, байгаль орчны доройтол, бэлчээр, ус зэрэг хөрөнгө нөөцийн хомсдол нийгмийн эв нэгдлийг бусниулж дотоодын мөргөлдөөн, дайнд хүргэдгийг ч хаа сайгүй мэднэ. Монопольт бизнесийн эрхшээлд орсон авлигч улс төрчид, төрийн үйл ажиллагаа эдгээр үзэгдлийг гааруулж улс орны хөгжил, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Ерөнхийлөгч нь үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлыг хамгаалах үүргээ чандлан биелүүлэх ухамсартай, дээрх асуудлуудыг урьтал болгон шийдвэрлэхэд намын, хөндлөнгийн аливаа дарамтыг сөрөн зогсох, бүх хүчнийг нэгтгэх чадалтай, зангарагтай байх хэрэгтэй байна.

4. ИРГЭНИЙ ЭРХээ хамгаалах нь: 2012 оны сонгуулиудын сурталчилгаа явуулах, санал хураах, тоолох, зарлах явцад олон зөрчил гарч, уршиг нь одоо хүртэл үргэлжилсээр байгааг бид мэднэ. Одоо ч мөнгө тараах, өрсөлдөгч болон нэр дэвшүүлэгч намын нэр хүндэд харшлах мэдээлэл цацах, шуугиан дуулиантай асуудал дэгдээх, элдэв амлалт, түүний дотор Ерөнхийлөгчийн эрх мэдлээс гадуурх асуудлаар амлалт гаргах зэргээр Ардчиллын хэм хэмжээ, Монгол Улсын хуулийг эрээ цээрээгүй зөрчиж байгаа нь хэвлэл мэдээллээс илт харагдаж байна.

Тиймээс Сонгуулийн тухай хуулийг чандлан сахиж сурталчилгаа явуулах, санал хураах, тоолох үед гарсан зөрчлийг тэр дор нь таслан зогсоох, засахыг байнга шаардаж төрт, хуульт ёсыг хамгаалах иргэний үүргээ биелүүлэх нэн шаардлагатай байна.

5. ЭВ НЭГДЛИЙГ ХАНГАХ нь: Улс төрийн намууд монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахдаа иргэдийг намчирхсан талцалд хуваах, ажил, мэрэгшил нэгтэй олныг хагалан бутаргахад чиглүүлж буй нь ардчилсан сонгууль болон төрийн удирдлагын тогтолцоонд ард иргэдийн маань итгэх итгэл алдарч оролцоо нь дахин санал хураалт явуултал буурч ирсэн гашуун туршлагаас сургамж авах хүсэлгүй байгааг харуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч намаас нэр дэвшдэг ч тухайн намын гишүүд, дэмжигчдийн явцуу сонирхлыг хангагч этгээд бус, харин монгол ХҮН БҮРИЙН Ерөнхийлөгч, төрийнх нь ТЭРГҮҮН юм. Даяаршил өрнөж буй үед дэлхийн бусад улс орны төрийн удирдагч нартай мөр зэрэгцэн алхаж, эх орноо хөгжлийн шинэ өндөрлөгт гаргах хүнийг сонгох хэрэгтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль улсын маань тусгаар тогтнол, эв нэгдэл, иргэн хүний сонгох эрхийг аливаа байдлаар зөрчихгүй, Үндсэн хуулиар зарласан ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг жинхэнэ утгаар нь байгуулахад тус нэмэртэй сонгууль болгохын төлөө чармайн ажиллахыг Сонгуулийн Ерөнхий хороо, улс төрийн намуудад Уриалж байна.

Улаанбаатар
2013 оны 6 сарын 22

Иргэний хөдөлгөөний нам

Санал болгох мэдээ

Ц.Элбэгдоржид Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар баяр хүргэлээ

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Цахиагийн Элбэгдорж сонгогчидын 50.23 хувийн саналаар ялалт …