- Аньсага
Гуравдагч аньсага гэгддэг энэ эрхтэн нулимсны сувгийн хажууд байдаг. Өөхөн давхарга бүхий энэхүү салст бүрхэвч нь нүдэнд орсон бохирдлыг гадагшлуулах үүрэгтэй байж болох юм. Тэрнээс биш тийм ч хэрэгтэй эрхтэн биш гэнэ.
- Дарвины товруу
Эволюцийн онолыг үндэслэгч, натуралист Чарлз Дарвины (1809 – 1882) олж мэдсэнээр дэлхийн хүн амын 10% нь чихнийхээ дээд хэсэгт жижигхэн гүвдрүүтэй байдаг. Чихний бүтцийн энэхүү сонирхолтой хэсгийг “Darwin’s Tubercle” гэж нэрлэдэг. Энэ нь чихний нугаламны хэсэгт байдаг Дарвины товруут булчин юм.
- Биеийн үс
Та бидний бие махбодыг таван сая орчим үс бүрхэж байдаг. Үс нь хүний биеийг хамгаалах зориулалттай гэдэг ч төдийлөн хэрэгтэй эрхтэн биш юм. Эрчүүдийн хувьд хөмсөг, сахал, цээж зэрэг биеийн тодорхой нэг хэсгийн үс нь тэднийг тачаангуй харагдахад нөлөөлдөг. Гэвч эмэгтэйчүүдийн хувьд гоо сайхан харагдахын тулд илүүдэл үсээ авдаг шүү дээ. Тэгэхээр яалт ч үгүй хүний биеийн илүү хэсэг юм.
- Vomeronasal Organ
Данийн мэс засалч Людвиг Левин Якобсоны (1783 – 1843) олж мэдсэн хамрын хөндийн энэ эрхтэн хүн төрөлхтнөөс гадна маш олон амьтанд байдаг. Ямар ч үйл ажиллагаагүй мөртлөө хамгийн мэдрэг энэ эрхтнийг Якобсоны эрхтэн ч гэж нэрлэдэг. Эрдэмтэд энэ эрхтний тусламжтайгаар феромон дааврыг үнэрлэдэг байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм.
Феромон нь хүн ба амьтны аль алинд байдаг бөгөөд феромоны нөлөөгөөр амьтад биесээ харилцан татаж, аюулыг дамжуулах, төрлөө ялгах, төлөвөө өөрчилдөг гэнэ. Тэгвэл хүний хувьд эсрэг хүйстнийхээ сэрлийг төрүүлж сэтгэлийг татахад нөлөөлөх нь гарцаагүй. Хэрэв энэ үнэн бол харин ч хамгийн хэрэгтэй эрхтнүүдийн нэг болох нь дамжиггүй.
- Агт араа
Амны хөндийн хамгийн арын буюу гуравдугаар их араа шүдийг агт араа гэж нэрлэдэг бөгөөд гол төлөв 17 нас – 25 насанд ургадаг. Энэ нь 32 шүдний хамгийн сүүлд ургаж байгаа шүд нь боловч өнөө цагт ихэнх хүмүүсийн эрүүнд 32 шүд багтдаггүй учир дээд тал нь 28 шүдтэй байх нь бий. Судалгаагаар хүмүүсийн 35% нь агт араагаа авахуулсан байдаг бөгөөд хамгийн хэрэггүй эрхтний жагсаалтад ч нэрлээд авчээ.
- Чихний булчин
Зарим хүмүүс чихээ хүссэнээрээ хөдөлгөж чаддаг. Энэ боломжийг чихний булчингууд олгодог ч чихээ байнга сортолзуулж хөдөлгөх шаардлага байхгүй учраас эдгээр булчингийн үүрэг ч бараг үгүй билээ.
- Ахар сүүл
Хүн төрөлхтний эртний удамд сүүлтэй төрдөг хүмүүс цөөнгүй байдаг байжээ. Хувьслын явцад энэ нь ахар сүүл болж өөрчлөгдсөн бөгөөд 1884 оноос хойш сүүлтэй төрсөн хүмүүсийн тоо 23 – 100 орчим бүртгэгдсэн гэнэ. Сүүн тэжээлтэн амьтдын хувьд сүүл нь тэнцвэрээ хадгалахад хэрэгтэй ч хүний хувьд бол эсрэгээрээ юм.
- Үсний булчин
Хүний биеийн шар үсийг босгодог энэ булчин нь үсний уутанцартай ойрхон байрладаг. Сүүн тэжээлтэй маш олон амьтанд үсний булчин байдаг бөгөөд ямар ч зорилго, үүрэггүй эрхтнээр нэрлэгддэг.
- Мухар олгой
Хоол боловсруулалтад төдийлөн оролцдоггүй энэ эрхтэн бүдүүн ба нарийн гэдэсний зааг дээр оршдог. Нарийн гэдсийг бүдүүн гэдэсний нянгаас хамгаалахад зориулагдсан гэж үздэг ч мухар олгойгоо авахуулсан 20 хүн тутмын нэг нь ч авахуулсандаа харамсдаггүй гэнэ. Хэрвээ хүнсэндээ байнга навчит ногоон ургамал хэрэглэвэл мухар олгой нь эсрэгээрээ хамгийн хэрэгтэй эрхтэн болох магадлалтай юм.
- Эрэгтэй хүний хөхний товч
Энэ таныг гайхшруулж болох ч хамгийн хэрэггүй эрхтний нэгээр нэрлэжээ. Хүн бүр эхийн хэвлийд бүрэлдэхдээ эмэгтэй хүйсийнх байдаг. Өөрөөр хэлбэл хүйс нь тодорхойлогдохоос өмнө ураг хөхний толгойтой байна гэсэн үг юм. Ингээд тестостерон дааврын нөлөөгөөр эрэгтэй хүйсийг олж мэндэлдэг. Хөхний товч нь эрэгтэй хүний хувьд ямар ч зорилгогүй эрхтэн бөгөөд маш ховор тохиолдолд сүү ялгаруулна. Зүгээр л эрэгтэй хүний цээжийг чимдэг зүйл гэнэ.
Б.Учрал
эх сурвалж: undesten.mn